Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 22

 

            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш.Б ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г , иргэдийн төлөөлөгч Н.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь аймгийн Засаг даргын орлогчоор 2 жил гаруй хугацаанд ажилласан ба ажиллах хугацаандаа ажил цалгардуулсан, хууль зөрчсөн зүйл байхгүй. Б.Д  нь аймгийн Засаг даргаар томилогдож, үндэслэлгүй захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга нь намайг Эрүүл мэндийн даатгалын албаны даргын ажилд томилно гэж амлалт өгч, ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш би 3 сарын хугацаанд хүлээсэн боловч томилоогүй бөгөөд миний нийгмийн даатгал төлөлт, ажилласан жил тасарч, эдийн засгийн хувьд хохирч байна. Би дээрх нөхцөл байдлуудыг Засаг даргад хэлсэн боловч таны эрхэлж буй ажил улс төрийн албан тушаал учраас халж байна гээд намайг ажлаас халсан. Аймгийн Засаг дарга нь 2 орлогчтой ажиллаж байсан, одоо ч бас 2 орлогчтой ажиллаж байгаа. Ингээд миний эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд хандсан. Би аймгийн Засаг даргатай уулзаж, ажилд томилж өгөхийг гуйж удаа дараа хүссэн боловч томилоогүй. Эрүүл мэндийн албаны даргаар томилох боломжгүй гэх хариуг дээд газраас нь ирүүлсэн байсан.

Иймд шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан хуулийн шаардлагыг аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамж хангаагүй.

Нэхэмжлэгч Ш.Б ийг анх аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилохдоо Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргын 2016 оны Б/25 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргын ажилд томилсон байдаг.

Гэтэл түүнийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөөгүй, дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргадаг. Уг тогтоол нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар батлагддаг. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Т.Ж ыг Засаг даргын орлогчоор томилохыг дэмжиж тогтоол гаргасан байх боловч нэхэмжлэгч Ш.Б ийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, тухайн асуудал Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдээгүй байдаг.

Иймд Т.Ж ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн тогтоолыг үндэслэж гарсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны акт гарах болсон бодит нөхцөлийг заана гэх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд одоо ажиллаж байгаа эсэх, тэтгэмж авсан эсэх нь өнөөдрийн маргаанд хамааралгүй гэж үзэж байна.

Шүүхээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчдийг гэрчээр асуухад Ш.Б ийг ажлаас чөлөөлөх талаар зөвшилцөөгүй гэдгийг мэдүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахаар хуульд заасан. Гуравдагч этгээд Т.Ж ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн тогтоол гарсан байх бөгөөд энэ тохиолдолд Ш.Б ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн тогтоол гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т аймгийн Засаг даргын орлогчийг төрийн улс төрийн албан хаагчид хамаарна гэж заасан. Төрийн улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн үр дүнд томилолтын дагуу ажилладаг, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөр нь үйлчлэх албан тушаал юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөж, томилж чөлөөлнө гэж заасан. Дээрх хуулийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн Ш.Б ийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн болно.

Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ш.Б ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг баримталсан. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол гарсан байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засаг дарга 2 орлогчтой байх ёстой.

Аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ш.Б ийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж, Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаар албан бичгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад мэдэгдсэн байдаг. Энд зөвшилцөх гэдгийг хэрхэн ойлгох талаар яригдах ёстой. Зөвшилцөх гэдэг нь санал солилцохыг ойлгох бөгөөд энд ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргахыг шаарддаггүй. Энд заавал Ш.Б ийг чөлөөлж, Т.Ж ыг томилох тогтоол гаргахыг шаардахгүй. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоол гараагүй байна гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны акт нь тухайн нэг асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг бөгөөд эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэг. Нэхэмжлэгчийг чөлөөлөх эрх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа тохиолдолд Ш.Бг чөлөөлсүгэй гэх шийдвэр гарч болно. Харин зөвшилцөх, санал солилцох асуудал дээр заавал тогтоол гарахыг шаарддаггүй. Зөвшилцөх гэдэг нь мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх асуудал бөгөөд энэ үүргээ аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 04 дүгээр тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг хуралдаан дээр шинээр Засаг даргын орлогч томилох асуудал яригддаг ба агуулгын хувьд хуучин ажиллаж байсан орлогч нь чөлөөлөгдөж байгаа юм.

Мөн дээрх хуралдааны тэмдэглэлд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П ийн санал тусгагдсан байгаа. Энд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа орлогч Ш.Б ийг дараагийн ажилд томилох асуудлыг аймгийн Засаг дарга, шинээр томилогдож байгаа орлогч Т.Ж  нарт үүрэг болгосон байдаг. Эндээс үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан дээр нэхэмжлэгчийн асуудал яригдсан.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өөрөө нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр үүрэг болгосон нь хэрэгт авагдсан байгаа. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон бөгөөд нэхэмжлэгчийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нутгийн удирдлагын хэлтсийн даргаар томилон ажиллуулж байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд улс төрийн албан тушаалтныг нэрлэн заасан бөгөөд аймгийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалд хамаарна. Иймд Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх харилцаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зөвшилцөх гэх агуулга байдаг болохоос биш захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх асуудал яригдахгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга 2-оос илүүгүй орлогчтой байхаар заасан. Аймгийн Засаг даргын орлогч Б.У  орлогчоороо хэвээрээ ажиллаж,

Т.Ж ыг орлогчоор томилогдож байгаа тохиолдолд Ш.Б  нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид бүгд мэдэж байсан. Ш.Б  нь улс төрийн албан хаагч учраас улс төрийн шийдвэр гарсан байхыг шаардах бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд хуралдсан Ховд аймгийн МАН-ын 38 дугаар бага хурал дээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Б  нь намын хорооны гишүүн сонгох үеэр Э.Г  гэх хүнд “...аймгийн намын хорооны гишүүн болгож өгье, харин намын даргад Б.А ыг дэмжээрэй” гээд 500.000 төгрөгийн авлига өгсөн болохыг тухайн хурал дээр Э.Г  нь хэлж, энэ асуудал нь МАН-ын ёс зүйн хороонд очиж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт уламжилсан бичгүүд ирсэн байдаг. Үүний дагуу МАН-ын хяналтын хороо болон МАН-ын хорооны тэргүүлэгчид 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар Ш.Б  нь ёс зүйн асуудал гаргасан тул түүнийг улс төрийн албан тушаалтны хувьд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга нарт үүрэг болгосон байгаа. Энд улс төрийн шийдвэр гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б  нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Б ийн захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэрийг хангасан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэлэлцэх үндэстэй байна.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Т.Ж ыг Засаг даргын орлогчоор томилохыг дэмжиж тогтоол гаргасан байх боловч нэхэмжлэгч Ш.Б ийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан хуулийн шаардлагыг аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамж хангаагүй...” гэж,

Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга орлогчтой байнх бөгөөд орлогчийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан ба Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаар албан бичгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад мэдэгдсэн, зөвшилцөх гэдэг нь санал солилцохыг ойлгох бөгөөд энд ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргахыг шаарддаггүй, Т.Ж ыг орлогчоор томилогдож байгаа тохиолдолд Ш.Б  нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид бүгд мэдэж байсан, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд хуралдсан Ховд аймгийн МАН-ын 38 дугаар бага хурал дээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Б   нь намын хорооны гишүүн сонгох үеэр Э.Г гэх хүнд “...аймгийн намын хорооны гишүүн болгож өгье, харин намын даргад Б.А ыг дэмжээрэй” гээд 500.000 төгрөгийн авлига өгсөн болохыг тухайн хурал дээр Э.Г  нь хэлж, үүний дагуу МАН-ын хяналтын хороо болон МАН-ын хорооны тэргүүлэгчид 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар Ш.Б  нь ёс зүйн асуудал гаргасан тул түүнийг улс төрийн албан тушаалтны хувьд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга нарт үүрэг болгосон байгаа...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Б  нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Ховд аймгийн Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар “Ш.Б ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б ийг Ховд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гээд 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаас үзвэл аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу томилж чөлөөлөхөөр байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заажээ.

Хуульд заасан “зөвшилцөх” гэдэг үгийг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд “... Хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол албан тушаалд томилох саналыг зөвшилцөх албан тушаалд нэр дэвшүүлэх хүнийхээ тухай саналыг бичгээр хүргүүлж, хуульд заасан байгууллага албан тушаалтантай санал солилцож, албан бичгээр хариу авч, санал солилцох журмаар бичгээр танилцуулан, түүний саналыг бичгээр авахыг ойлгоно...” гэж тайлбарлажээ.

Ховд аймгийн Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаартай албан бичгээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан орлогчийн асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр санал хүргүүлж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанд аймгийн Засаг даргын орлогчийн асуудлыг аймгийн Засаг дарга Б.Д  “...Т.Ж ыг Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар  томилох саналыг тавьж байна” гэж танилцуулсан бөгөөд хурлын тэргүүлэгчдээс Т.Ж ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилуулах саналыг дэмжсэн тогтоолын төслийг баталж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар “Санал дэмжих тухай” тогтоол баталж, Ховд аймгийн Засаг дарга нь дээрх тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Б ийг аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан байхад Ховд аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ш.Б ийг ажлаас чөлөөлөх тухай тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлээгүй, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нартай зөвшилцөөгүй болох нь:

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,

Гэрч Б.Б ийн “...Ш.Б ийг уг албан тушаалаас чөлөөлөх асуудлаар зөвшилцсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.П ийн “...тус өдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн, түүний нэг нь аймгийн Засаг даргын саналаар Засаг даргын орлогчоор Т.Ж ыг томилуулах тухай зөвшилцөх санал ирүүлсэн. Засаг даргаас ирүүлсэн саналд Т.Ж ыг орлогчоор томилж өгнө үү гэсэн байсан. Тус өдрийн хуралдаанаар Ш.Б ийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.С ийн “... Ш.Б ийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлаар зөвшилцөх бичиг ирээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ю.А ын “...Ш.Б ийг орлогч даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, энэ талаар амаар болон бичгээр зөвшилцөөгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Д ны “...Ш.Б ийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд надтай зөвшилцөөгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ц ын “...тэр өдрийн хуралдаанаар Т.Ж ыг Засаг даргын орлогчоор томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, Ш.Б ийг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй тул хэлэлцээгүй, надтай зөвшилцөөгүй...” гэх мэдүүлэг,

М.Г ийн “... Т.Ж ыг томилох асуудлыг хэлэлцсэн, Ш.Б ийг чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, надтай зөвшилцөөгүй...” гэх мэдүүлэг,

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/370 дугаар “... Ш.Б ийг аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөхөөр зөвшилцөх санал ирүүлээгүй...” гэх албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар “Ш.Б ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Б ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША

                                    ШҮҮГЧ                                                            С.ЕРКЕШ

                                    ШҮҮГЧ                                                            Г.СОНИНБОЛОР