Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0134/З |
Дугаар | 221/МА2023/0308 |
Огноо | 2023-05-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2023/0308
“Р Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Н.М,
Нэхэмжлэгч: “Р Н” ХХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаар актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, П.С, хариуцагч Н.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Я.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 128/2022/0134/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Р Н” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаар актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 47 дугаар зүйлийн 47.10, 47.18-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаар актыг шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н.М шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т зааснаар татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ ирүүлсэн харьяалах татварын албаны хянаж шалган, баталгаажуулсан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэх нь хариуцагчид хуулиар олгосон бүрэн эрх байна” гэж дүгнэсэн. Ийнхүү “татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг баталгаажуулах эрхтэй” гэж дүгнэсэн атлаа “өмнөх хяналт шалгалтаар татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны тогтоол хүчинтэй байхад дахин нөхөн татвар ногдуулсан нь хууль зөрчсөн” гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийжээ.
3.2. Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчид “Р Н” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 дэх заалтыг зөрчиж “чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж, илүү төлөлтийг өсгөсөн” гэж зөрчилд тооцон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0295632 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэнийг Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 007 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Уг тогтоолоор зөвхөн татварын улсын байцаагчийн иж бүрэн хяналт шалгалтын үр дүнгээр үйлдсэн “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосон ба энэ нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан хяналт шалгалт гэж ойлгох боломжгүй. Дээрх үйл баримтын дараагаар маргааны үндэслэл болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Н, С.Д нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 250000003 тоот актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасан журмын дагуу сaналaa Том татвар төлөгчийн газар хүргүүлсэн. Уг саналын дагуу Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг удирдлага болгон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.М, Б.У нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянан баталгаажуулах шалгалтыг гүйцэтгэн шалгалтын үр дүнгээр татварын улсын байцаагчийн 2020 оны 2119000210 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.
3.3. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Татвар төлөгч энэ хуулийн 45.2-т заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол энэ хуулийн 46.1-д заасан Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэл болгосон боловч Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ”, 47.5.2-т “том татвар төлөгч хариуцсан нэгжид харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл” гэж заасны дагуу маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21121000210 дугаар “Нэмэгдсэн өтгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт”-ын талаар “Р Н” ХХК-ийн гаргасан гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор 2010-2018 онд хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан 56,878,578.94 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5,687,857.89 төгрөгийн нөхөн төлбөрийг бууруулж, татварын төлбөрөөс 40,189,785.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,018,978.59 төгрөгийн 4,719,981,444.89 төгрөгийн төлбөрийг хэвээр шийдвэрлэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь хуульд заасан дэс дараалал, процесс ажиллагааны хүрээнд хийгдсэн байхад шүүхээс уг маргаанд хамааралгүй Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 07 тоот тогтоолыг холбогдуулан тайлбарлаж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байна.
3.4. “Р Н” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2007 оны 12 дугаар сарын 03- ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн хяналт шалгалтыг энэхүү 2 хяналт шалгалт нь хамрах цаг хугацааны хувьд болон хууль хэрэглээний хувьд ялгаатай болохыг анхан шатны шүүх анхаараагүй, түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ зөвхөн Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслэн шийдвэр гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах нөхцөл байдал үүсээгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ямарваа нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй атал дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна.
3.5. Yйл баримтын тухайд “Р Н” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу нэмж мэдүүлсэн тайлан гаргасан бөгөөд орон сууц, спорт цогцолборын барилгыг барихтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг “нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт” хэсэгт тайлагнаж, борлуулалтын орлогыг татварын тайланд тайлагнаж, албан татвараа ногдуулаагүй бөгөөд санхүүгийн тайланд “урьдчилж төлсөн зардал”, “Дансны өглөг”, “бараа материал” дансанд бүртгэж, 4,807,768,226.44 төгрөгийн албан татварын илүү төлөлтийг үүсгэсэн.
3.6. “Р Н” ХХК нь татварын тайлангаар тайлагнаагүй байсан орон сууц, спорт цогцолборыг барьсан орлогыг 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж албан татвараа чөлөөлүүлсэн. Дээрх үйлдэл нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно”, мөн хуулийг хэрэгжүүлэх журмын 6.3-д “Хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх санхүү, татварын тайлангийн алдагдлын хэмжээг өсгөх, улс, орон нутгийн төсвөөс авлага үүсгэх, татварын ногдол, илүү, дутуу үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдуулах орлогыг бууруулахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй.
3.7. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтын дагуу чөлөөлөгдсөн орлогод хамаарах худалдан авалтад төлсөн албан татварыг худалдан авалтын хасалт хэсэгт тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж заасанд нийцэхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-т “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж зохицуулсныг зөрчиж худалдан авалтын хасалт хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн татварын жилийн орлого олохтой хамааралгүй өөр хугацаанд хамаарах үйл ажиллагааны зардлыг худалдан авалтын зардал хэсэгт тусгасныг зөрчлөөр тооцсон.
3.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21121000210 дугаар “Нэмэгдсэн өтгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх хариуцагч Н.Мгийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, З.Т нар “Р Н” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар 46,015,628,927.44 төгрөгийн зөрчил илрүүлж, 4,601,562,892.8 төгрөгийн нөхөн татвар, 562,218.2 төгрөгийн торгууль, 350,812.0 төгрөгийн алданги, нийт 4,602,439,923.1 төгрөгийн төлбөр ногдуулсан, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг өөрчилсөн, уг шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд, Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар тушаалаар 007 дугаар тогтоолыг баталгаажуулсны дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичгээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлт гаргасан,
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ж.Н нар “Р Н” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 250000003 дугаар актаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 4,803,427,388.3 төгрөгөөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан,
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21191000110 дугаар томилолтоор “Р Н” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийх томилолтын дагуу улсын байцаагч Б.У, Н.М нар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаар актаар 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, “Р Н” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөгөөр баталгаажуулсан,
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 47,240,004,234.84 төгрөгийн зөрчилд ногдох нийт 4,724,000,423.48 төгрөгийн төлбөрөөс 40,189,785.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,018,978.59 төгрөгийн төлбөрийг бууруулж, 47,199,814,448.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,719,981,444.89 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.
3.2. Дээрхээс үзвэл “Р Н” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 0295632 дугаар шийтгэлийн хуудсыг, 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 250000003 дугаар актуудыг гаргасан байна.
3.3. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий 21191000110 дугаар актаар дээрх хугацааны зөрчлийг 2010, 2011 зэрэг онуудын зөрчилтэй хольж татвар ногдуулан татварыг баталгаажуулсан байна.
3.4. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д Маргаан таслах зөвлөл татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байхаар, 47.18-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчлөхөөр хуульчилсан.
3.5. 007 дугаар тогтоолоор “... “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, авлагын үлдэгдэл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдэж болон хасагдаж өөрчлөгдөөгүй байна, тус компанид чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцсон нь буруу, 45,998,088,320.17 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг өсгөсөн зөрчилд 4,599,808,832.1 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн дүнг өөрчилж 4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байхад маргаан бүхий актад хүчингүй болгосон нөхөн татварыг дахин ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.6. Харин улсын байцаагч нар 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамруулан хэсэгчилсэн шалгалт хийсэн байх бөгөөд өмнө нь шалгагдаж тогтоогдсон хугацааны зөрчлийг хасаж, үлдэх хугацааны зөрчилд шийтгэл ногдуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулах эсэх нь улсын байцаагч нарын эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 21191000210 дугаар актаар ногдуулсан төлбөрийн дүнг бүхэлд нь буруу гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй юм.
3.7. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлж, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн уг саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэхээр хуульчилсан, 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамруулан хэсэгчилсэн шалгалт хийж маргаан бүхий актыг гаргасан, шүүх уг актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн зэргээс үзвэл хариуцагч нарт 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.8. Хэдийгээр хариуцагчаас “... бид өмнө нь бүрэн шалгасан, дахин шинээр шалгаж шинэ акт гаргах шаардлагагүй” гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” нөхцөл байдал бий болсон, тодруулбал, хариуцагч нар “Р Н” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлтийг өмнө нь шалгагдаж тогтоогдсон зөрчил болон шалгалтад хамрагдаагүй хугацааны зөрчлийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй, энэ нь татварын улсын байцаагч нарт хуулиар олгосон эрх хэмжээ байна.
3.9. Түүнчлэн маргаан бүхий актад “... Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох заалтыг тус тус зөрчсөн” гээд татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэрлэн заасан атлаа 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар болон 007 дугаар тогтоолоор дүгнэсэн зөрчлүүдийг хэрхэн хамааруулж үзсэн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу санхүү, татварын тайланг гаргасныг хэрхэн үнэлсэн талаар болон мөн хуулийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой тусгаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахдаа дээрхийг анхаарвал зохино.
4. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН