Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 262

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цогт-Уулын 12-12 тоот хаягт оршин суух  Баатар овогт Чойжамцын Даваачимэг /РД:ИТ87101801/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цогт-Уулын 12-12 тоот хаягт оршин суух  Боржигон овогт Мөнхбаатарын Мөнхдөл /РД:ХЙ84110718/-д  холбогдох

гэрлэлт цуцлуулж,  хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгож, 6 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч Ч.Даваачимэг,

            хариуцагч М.Мөнхдөл,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Мөнгөнтуяа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мөнхдөл бид хоёр 2009 онд айл гэр болсон. Гэр бүл болсноос хойш жилийн дараагаас М.Мөнхдөл архи ууж, намайг зоддог болсон. Тэгээд би 2010 онд нутаг руугаа явсан. М.Мөнхдөл  “дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж над руу болон ах дүү нар луу залгаж уучлалт гуйсан учир би уучилж эргэн гэртээ ирсэн. Одоогоо бодвол гайгүй байсан гэхдээ л байнга архи ууж,  намайг хөөж туудаг байсан. Би өөр нутгийн хүн учир энд орох газар, ах дүү нар гэж байхгүй. М.Мөнхдөл 3 жилийн өмнө намайг зодож, хөөгөөд би хүүхдээ авч хээр хоноод гэр лүүгээ явж байсан.

Архи уусан үедээ гар хүрдэг, хэл амаар доромж, дарамталж, ажил тайван хийлгэхгүй,  араас байнга утастдаг, өөр хүнтэй ч утсаар тайван яриулдаггүй,  байнга харддаг. Мөн М.Мөнхөл 2017 оны 01 сард жижүүр багш хийгээд ажлаа тараад даараад байж байтал архи уусан байна гээд кордороор намайг үснээс чирээд орон дээр дарж унагаад хоолой боосон. Тэгээд би цагдаад мэдэгдэж маргааш нь эрүүлжүүлэхээс гаргаж авсан. Өмнө нь идэж байсан хоолоо голж, аягаа шидэж миний толгойг хагалж байсан.

Зодож нүдэх, хацар ам руу няслах, хацар ам руу алгадах бол хэвийн үзэгдэл болсон. Архи уухгүй өдөр гэж байхаа больсон. Сүүлийн 2-3 жил өдөр болгон архи ууж байгаа. Нэг ч өдөр өнждөггүй. Өглөө 7 цагт сэрээд хамаг хөлс нь гараад, зүрх нь салгалаад надаас тамхины мөнгө гэж 2000-3000 төгрөг аваад дэлгүүрээс 100 граммтай жижиг архи авч уугаад тайвшраад дахиад үргэлжлүүлээд архи уугаад явдаг.

Би М.Мөнхдөлтэй цаашид эвлэрэх ямар ч боломж байхгүй. Хүний нутагт байдаг учир гараад надад орох айл байдаггүй. Олон удаа хөөгдөж хээр хонож байсан.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон 13 400 000 төгрөгийн зээлийн талыг буюу 6 700 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Хашаа байшингийнхаа гэрчилгээг 12 дугаар дэлгүүрийн хажуу талын барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан бөгөөд  хүүтэйгээ нийлээд 5 000 000 төгрөг болсон байх. Анх хүүтэй мөнгө хүнээс аваад гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан. Тэгээд нэгээс нэгд хүүтэй мөнгө зээлж өгсөөр ийм өрөнд орсон. Хашаа байшингийн гэрчилгээг ломбардад М.Мөнхдөлтэй хамт тавьж, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Өр ширний асуудлыг М.Мөнхдөл өөрөө мэдэж байгаа. М.Мөнхдөл голцуу согтуу байдаг учир би тэр болгоныг хэлдэггүй байсан. Хүүхдээ хоосон хонуулахгүй гэж хичээдэг байсан. Одоо амьдарч байгаа хашаа байшингийнхаа гэрчилгээг ломбардад тавьж 3 000 000 төгрөгийн зээл авч,  2 000 000 төгрөгийн хүүтэйгээ нийлээд 5 000 000 төгрөг болсон. Алтанцэцэг, Азжаргал нараас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах, өр ширээ дарах гэж М.Мөнхдөл бид хоёр хамт очиж мөнгө зээлж байсан. Алтанцэцэг гэдэг нь хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа юм. Тал мөнгийг нь би өгөөд талыг нь М.Мөнхдөл өгөхөөр тохиролцсон. Азжаргалаас М.Мөнхдөл бид хоёр хамт очиж мөнгө авсан. Хандаа эгчээс зээлсэн мөнгөө би өөрөө төлчихсөн. Төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа. Чойсүрэн гэдэг нь манай аавын дүү байгаа юм. Манайх хашаа байшин худалдаж авахад мөнгө дутсан учир 3 000 000 төгрөг зээлийн зээл авахуулсан бөгөөд 05 дугаар сарын 05-ны өдөр зээл төлөх байсан боловч төлөлт хийгдээгүй байгаа.  Өвөө гэдэг нь манай өвөө Огноом гэдэг нэртэй хүн бий. Хүүхдийнх нь нэр дээрх хадгаламжийг нь барьцаалуулж 700 000 төгрөг зээлж авсан. Уртнасан гэдэг нь манай гэрийн доод талд байдаг дэлгүүрийн хүн. Норжмаа, Самбуупилмаа зэрэг хүмүүсээс мөнгө цувуулж авч хэрэглэж байсан. Би эдгээр мөнгийг хүмүүсээс зээлж өөрөө гангараагүй бөгөөд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах гэж л авсан мөнгө юм. Хүүгээс хүүгийн хооронд явсаар байгаад 13 000 000 төгрөгийн өртэй болсон.

Эхнээсээ хүүтэй мөнгө хүнээс аваад тэр мөнгөө төлөх гэж өөр хүнээс хүүтэй мөнгө авсаар байгаад ийм байдалд хүрсэн. М.Мөнхдөл ойрын 1-2 жил цалин аваагүй. Банкны карт, бичиг баримтуудаа дэлгүүрт тавьж уугаад цалин нь буухаар шууд картыг нь уншуулж нөгөө газрууд нь мөнгөө авчихдаг. Доод тал нь 10 000-20 0000 төгрөгийн зээл авчихдаг. Би М.Мөнхдөлд “мөнгө төгрөг олж ир, цалингийн зээлээ хий” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Өөрөө дуугүй бүгдийг нь зохицуулж явсаар өдийд ийм байдалд хүрсэн. Цалингийн зээл банкнаас нэхэхээр хүнээс хүүтэй мөнгө зээлж өгөөд, ерөнхийдөө нэгээс мөнгө зээлж нөгөөд нь өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Иймд гэрлэлт цуцлуулж,  хүүхдийг миний асрамжинд үлдээж, М.Мөнхдөлөөс 6 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд архидан согтуурч, эхнэрээ зодож нүдэж байсан асуудал байхгүй. Бид хоёр анх гэр бүл болоход Ч.Даваачимэг ажилгүй, би ажил хийдэг байсан. Тэр үед би гэрээ хоолгүй хонуулж үзээгүй. Байнгын архи уудаг, хөөж туудаг гэдэг нь худлаа.

Ч.Даваачимэг нь бага ангийн багш нартай нийлээд худал яриад сууж байдаг. Өдрийн цагаар хоолонд оронгоо архи дарс задлаад сууж байдаг. Ч.Даваачимэг шөнө үүрээр 4-5 цагийн үед согтуу ирдэг. Мөн хагас, бүтэн сайнд гэр орныхоо юмыг хийдгүй, давтлагатай гээд явдаг.Би тухайн үед нь 1 дүгээр ангитай юм чинь давтлагатай байхдаа гэж бодоод л явуулдаг. Тэгээд давтлагатай гэж явчихаад шөнийн 1-2 цаг болж байхад “хайр нь дахиад архи уучихлаа, уучлаарай” гээд орж ирдэг. Би өөрөө тийм ч харгис амьтан ч биш. Манай хамт олон мэднэ. Үл хөдлөх хөрөнгө 5 000 000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Саяхан очиж уулзахад хүүтэйгээ нийлээд 7 000 000 төгрөг болсон байсан. Хашаа байшин барьцаалсан мөнгө, Чойсүрэнгээс зээлсэн мөнгийг хамт төлж болно. Нийтдээ бусдад төлөх зээлд 5 000 000 төгрөгийг Ч.Даваачимэгт өгөөд, Ч.Даваачимэг бусад өрөө зохицуулах байх. Хүүхдээ манай эхнэр өөрөө өсгөөд явах боломжтой.

Гэхдээ миний бие гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байгаа учир эвлэрэх  хугацаа олгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Даваачимэг нь М.Мөнхдөлд холбогдуулж, гэрлэлт цуцлуулж,  хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгож, 6 700 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахгүй, эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

I

М.Мөнхдөл, Ч.Даваачимэг нар нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү М.Мөнхтөгөлдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахгүй, эвлэрэх байр суурийг илэрхийлсэн.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан “гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргажээ. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог тул түүний бат бэх байдал, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарах шаардлагатай болдог.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харьцаа, нэгнийхээ эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа боловч Гэр бүлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын зохицуулалтын хүрээнд шүүх шаардлагатай гэж өөрийн эрх хэмжээний хүрээнд үзсэн тохиолдолд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхтэй байдаг.

Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхэд хязгаарлалт тогтоож өгсөн.

Нэхэмжлэгч Ч.Даваачимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэр бүл болсноос хойш жилийн дараагаас М.Мөнхдөл архи ууж, намайг зоддог болсон. Тэгээд би 2010 онд нутаг руугаа явсан. М.Мөнхдөл  “дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж над руу болон ах дүү нар луу залгаж уучлалт гуйсан учир би уучилж эргэн гэртээ ирсэн. М.Мөнхдөл 3 жилийн өмнө намайг зодож, хөөгөөд би хүүхдээ авч хээр хоноод гэр лүүгээ явж байсан. Архи уусан үедээ гар хүрдэг, хэл амаар доромж, дарамталж, ажил тайван хийлгэхгүй,  араас байнга утастдаг, өөр хүнтэй ч утсаар тайван яриулдаггүй,  байнга харддаг. Мөн М.Мөнхдөл 2017 оны 01 дүгээр сард жижүүр багш хийгээд ажлаа тараад даараад байж байтал архи уусан байна гээд кордороор намайг үснээс чирээд орон дээр дарж унагаад хоолой боосон. Тэгээд би цагдаад мэдэгдэж маргааш нь эрүүлжүүлэхээс гаргаж авсан. Зодож нүдэх, хацар ам руу няслах, хацар ам руу алгадах бол хэвийн үзэгдэл болсон. Архи уухгүй өдөр гэж байхаа больсон. Сүүлийн 2-3 жил өдөр болгон архи ууж байгаа. Өглөө 7 цагт сэрээд хамаг хөлс нь гараад, зүрх нь салгалаад надаас тамхины мөнгө гэж 2000-3000 төгрөг аваад дэлгүүрээс 100 граммтай жижиг архи авч уугаад тайвшраад дахиад үргэлжлүүлээд архи уугаад явдаг. Орой нь намайг ажлаасаа ирэхэд согтуу, гал ус ч үгүй, хүйтэн гэрт ороо засаад унтчихсан байдаг. Өдөр болгон ийм амьдралаар амьдарч байна” гэх тайлбарыг гаргасан. Түүний нэхэмжлэл, тайлбарт дурдсан үйл баримтыг дэмжсэн, М.Мөнхдөл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулинд заасан бие махбод, сэтгэл санааны хүчирхийллийг давтан үйлддэг талаарх Архангай аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ахлах байцаагч, цагдаагийн ахмад З.Баярсайханы тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хэдийгээр хариуцагч М.Мөнхдөл нь гаргасан алдаагаа давтахгүй, эвлэрэх хүсэлтэй гэж байгаа боловч нэхэмжлэгч эвлэрэх байр суурийг няцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн бие, эрүүл мэндийн эсрэг үйлдэл гаргасан үйл баримт дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан тохиолдолд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл дахин давтагдахгүй гэж үзэх боломжгүй юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын иргэний амьд явах эрхтэй болохыг баталгаажуулж, хамгаалж өгсөн байдаг ба уг маргааныг шийдвэрлэхэд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлыг хангах нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаас илүү ач холбогдолтой нөхцөл байдал үүссэн байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

II

Ч.Даваачимэг, М.Мөнхдөл нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хүү М.Мөнхтөгөлдөрийг өөрийн асрамжинд авах хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч нь хүүхдийг эх нь асран хүмүүжүүлэх боломжтой гэдэгтэй маргаагүй.  

Гэрлэгчид нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар тодорхой тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүхийн зүгээс 5 настай хүү М.Мөнхтөгөлдөрийг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эцэг, эхийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх Ч.Даваачимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

 

 

 

III

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ

            Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү М.Мөнхтөгөлдөрийг сар бүр эцэг М.Мөнхдөлөөр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            IV

Ч.Даваачимэг нь барьцаалан зээлдүүлэх газар болон иргэн н.Алтанцэцэг, н.Азжаргал, н.Хандаа, н.Чойсүрэн, н.Огноом, н.Уртнасан, н.Норжмаа, н.Самбуупилмаа нарт 13 400 000 төгрөгийн өр төлбөртэй, уг зээл төлбөрийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан тул тал хувь болох 6 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх ба үүнийгээ мөн шүүх хуралдаан дээр тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа үндэслэл, шаардлага тодорхой байгаа боловч үүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт болон баримт цуглуулах хүсэлт гаргаж өгөх замаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Гэхдээ хариуцагчийн зүгээс бусдад төлөх төлбөр бол байгаа, төлбөрийн хувьд 5 000 000 төгрөгийг би хариуцахаар байгаа учир үүнийгээ Ч.Даваачимэгт төлөөд, Ч.Даваачимэг бусад өр төлбөрөө зохицуулах байх гэсэн тайлбарыг гаргасан тул энэ хэмжээнд бусдад төлөх өр төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1 700 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

             

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү М.Мөнхтөгөлдөрт ногдох хувь болох 13 600 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.

Энэхүү шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн бусдад төлөх төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн бөгөөд харин гэр бүлийн дундын бусад эд хөрөнгөтэй /газар, байшин, эд хогшил гэх мэт/ холбоотой маргааныг шийдвэрлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргах талуудын эрх нээлттэй болохыг дурдаж байна.

V

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй саатуулагдсан хүний бүртгэл, торгуулийн хуудасны бүртгэл зэргийг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Мөнхбаатарын Мөнхдөл, Баатар овогт Чойжамцын Даваачимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Мөнхтөгөлдөрийг эх Ч.Даваачимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Мөнхтөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Мөнхдөлөөр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Даваачимэгт  даалгасугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнхдөл 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Даваачимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

             

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

            6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг тайлбарласугай.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Мөнхдөлөөс  194 684 төгрөг гаргуулан 165 150 төгрөгийг Ч.Даваачимэгт, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 29 534 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус олгосугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ