Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Ч.Даваачимэгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00262 дугаар шийдвэртэй

Ч.Даваачимэгийн нэхэмжлэлтэй

М.Мөнхдөлд холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүү М.Мөнхтөгөлдөрийг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч М.Мөнхдөлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Мөнхдөл, хариуцагчийн өмгөөлөгч С.Чулуунаа, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “М.Мөнхдөл бид хоёр 2009 онд айл гэр болсон. Гэр бүл болсноос хойш жилийн дараагаас М.Мөнхдөл архи ууж намайг зоддог болсон. Тэгээд би 2010 онд нутаг руугаа явсан. М.Мөнхдөл дахиж ингэхгүй гэж надаас болон ах дүү нараас уучлалт гуйсан учир би уучилж гэртээ эргэн ирсэн. Тэр үед М.Мөнхдөл одоог бодвол гайгүй байсан. Гэхдээ л байнга архи ууж намайг хөөж туудаг байсан. Би өөр нутгийн хүн учир энд орох газар, ах дүү гэж байхгүй. Гурван жилийн өмнө М.Мөнхдөл намайг зодож хөөхөөр нь би хүүхдээ авч хээр хоноод нутаг руугаа явж байсан. Архи уусан үедээ надад гар хүрдэг, хэл амаар доромжилж дарамталдаг, ажил тайван хийлгэхгүй араас байнга утастдаг, хүнтэй ч утсаар тайван яриулдаггүй байнга харддаг. 2017.01 сард би жижүүр багш хийгээд ажлаа тараад гэртээ ирэхэд намайг архи уусан байна гээд коридороор үснээс чирч орон дээр дарж унагаад хоолой боосон. Тэгээд би цагдаад мэдэгдэж, маргааш нь эрүүлжүүлэхээс гаргаж авсан. Үүнээс өмнө нэг удаа идэж байсан хоолоо голж, аягаа шидэж миний толгойг хагалж байсан. Зодож нүдэх, хацар ам руу няслах, алгадах бол хэвийн үзэгдэл болсон. Архи уухгүй өдөр гэж байхаа больсон. Сүүлийн 2-3 жил өдөр болгон архи ууж байгаа. Нэг ч өдөр өнждөггүй. Өглөө хамаг хөлс нь гарч зүрх нь салгалж босч ирээд надаас тамхины мөнгө гэж 2000-3000 төгрөг аваад дэлгүүрээс 100 граммын жижиг архи авч уугаад тайвшраад дахиад үргэлжлүүлээд архи уугаад явдаг. Надад М.Мөнхдөлтэй цаашид эвлэрэх ямар ч боломж байхгүй. Хүний нутагт байдаг учир надад гараад орох айл байдаггүй. Олон удаа хөөгдөж хээр хонож байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон 13 400 000 төгрөгийн зээлийн талыг буюу 6 700 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Одоо амьдарч байгаа хашаа байшингийнхаа гэрчилгээг ломбарданд тавьж 3 000 000 төгрөгийн зээл авсан нь 2 000 000 төгрөгийн хүүтэйгээ нийлээд 5 000 000 төгрөг болсон. Анх хүүтэй мөнгө хүнээс зээлээд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан. Тэгээд нэгээс нөгөөд хүүтэй мөнгө зээлж өрөө төлсөөр ийм өрөнд орсон. Хашаа байшингийн гэрчилгээг ломбарданд М.Мөнхдөлтэй хамт барьцаалж, авсан зээлээ гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Өр ширний асуудлыг М.Мөнхдөл өөрөө мэдэж байгаа. М.Мөнхдөл голцуу согтуу байдаг учир би тэр болгоныг хэлдэггүй байсан. Хүүхдээ хоосон хонуулахгүй гэж хичээдэг байсан. Алтанцэцэг, Азжаргал нараас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах, өр ширээ дарах гэж М.Мөнхдөл бид хоёр хамт очиж мөнгө зээлсэн. Алтанцэцэг гэдэг нь хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа юм. Тал мөнгийг нь би өгөөд, талыг нь М.Мөнхдөл өгөхөөр тохиролцсон. Азжаргалаас М.Мөнхдөл бид хоёр хамт очиж мөнгө зээлсэн. Хандаа эгчээс зээлсэн мөнгөө би өөрөө төлчихсөн. Төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа. Чойсүрэн гэдэг нь манай аавын дүү байгаа юм. Манайх хашаа байшин худалдаж авахад мөнгө дутсан учир 3 000 000 төгрөгийн зээл авахуулсан бөгөөд 05.05-ны өдөр зээлээ төлөх байсан боловч одоо болтол төлөөгүй байгаа. Өвөө гэдэг нь манай өвөө Огноом юм. Хүүхдийнх нь нэр дээрх хадгаламжийг нь барьцаалж 700 000 төгрөг зээлж авсан. Уртнасан гэдэг нь манай гэрийн доод талд байдаг дэлгүүрийн хүн. Норжмаа, Самбуупилмаа нараас мөнгө цувуулж авч хэрэглэж байсан. Би эдгээр мөнгийг хүмүүсээс зээлж өөрөө гангараагүй бөгөөд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах гэж л авсан юм. Хүүгээс хүүгийн хооронд явсаар байгаад 13 000 000 төгрөгийн өртэй болсон. М.Мөнхдөл сүүлийн 1-2 жил цалин аваагүй. Банкны карт, бичиг баримтуудаа дэлгүүрт барьцаалаад архи уучихдаг. Тэгээд цалинг нь буухаар нөгөө газрууд нь картыг нь шууд уншуулж өрөө авчихдаг. Доод тал нь 10 000-20 0000 төгрөгийн зээл авчихдаг. Би М.Мөнхдөлд “мөнгө төгрөг олж ир, цалингийн зээлээ төл” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Өөрөө дуугүй бүгдийг нь зохицуулж явсаар өдийд ийм байдалд хүрсэн. Иймд гэрлэлт цуцалж,  хүүхдийг миний асрамжид үлдээж, М.Мөнхдөлөөс 6 700 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний хувьд архидан согтуурч эхнэрээ зодож нүдэж байсан асуудал байхгүй. Бид хоёр анх гэр бүл болоход Ч.Даваачимэг ажилгүй, би ажил хийдэг байсан. Тэр үед би гэр бүлээ хоолгүй хонуулж үзээгүй. Байнгын архи уудаг, хөөж туудаг гэдэг нь худлаа. Ч.Даваачимэг нь бага ангийн багш нартай нийлээд худал яриад сууж байдаг. Өдрийн цагаар хоолонд оронгоо архи дарс задлаад сууж байдаг. Ч.Даваачимэг үүрээр 4-5 цагийн үед согтуу ирдэг. Мөн хагас, бүтэн сайнд гэр орныхоо ажлыг хийдэггүй, давтлагатай гээд яваад өгдөг. Би “1 дүгээр ангитай юм чинь давтлагатай байх даа” гэж бодоод л явуулдаг. Тэгэхэд давтлагатай гэж явчихаад шөнийн 1-2 цаг болж байхад “хайр нь дахиад архи уучихлаа, уучлаарай” гээд орж ирдэг. Би тийм ч харгис амьтан биш. Манай хамт олон мэднэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалсан зээл 5 000 000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Саяхан намайг очиж уулзахад хүүтэйгээ нийлээд 7 000 000 төгрөг болсон байсан. Хашаа байшин барьцаалсан зээл, Чойсүрэнгээс авсан зээлийг хувааж төлж болно. Энэ зээлд нийт 5 000 000 төгрөг Ч.Даваачимэгт өгөхийг зөвшөөрч байна. Ч.Даваачимэг бусад өрөө өөрөө зохицуулах байх. Хүүхдээ манай эхнэр өөрөө өсгөөд явах боломжтой. Гэхдээ миний бие гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байгаа учир эвлэрэх  хугацаа олгож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00262 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Мөнхбаатарын Мөнхдөл, Баатар овогт Чойжамцын Даваачимэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Мөнхтөгөлдөрийг эх Ч.Даваачимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Мөнхтөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Мөнхдөлөөр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Даваачимэгт  даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнхдөлөөс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Даваачимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Мөнхдөлөөс  194 684 төгрөг гаргуулан 165 150 төгрөгийг Ч.Даваачимэгт, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 29 534 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Мөнхдөлийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагч М.Мөнхдөл би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ч.Даваачимэг бид хоёрын гэрлэлтийг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч М.Мөнхдөл би шүүх хуралдаан дээр гэрлэлтээ цуцлуулахгүй, бидэнд эвлэрэх хугацаа өгөөч гэсэн хүсэлтээ өгсөн боловч миний хүсэлтийг харгалзан үзэлгүй гэрлэлтийг шууд цуцалсан. Гэр бүлийн таарамжгүй байдалд хэн хэнийх нь буруу байгаа. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, ганц хүүгээ насаар нь хохироомооргүй байна. Би эхнэр хүүхэддээ хайртай, буруугаа ойлгож алдаа дутагдалаа засч цаашид гэр бүлээрээ сайхан амьдарч чадна. Ийм бодлого зорилттой байна. Гэтэл шүүх хүчирхийлэл дахин давтагдаж болзошгүй гэж үзэн биднийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүй байгаа нь хүүхдийн эрх ашиг, залуу гэр бүлийн ирээдүйн амьдралыг бодолгүй гаргасан дүгнэлт юм. Эхнэр Ч.Даваачимэг бид хоёр эвлэрэх боломжтой, хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээг шүүхээс авч бидэнд эвлэрэх боломж олгосноор амьдралд илүү ач холбогдолтой байх болно. Иймээс шүүх гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр бидний гэрлэлтийг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т зааснаар хариуцагч М.Мөнхдөл надаас 5 сая төгрөг гаргуулан Ч.Даваачимэгт олгохоор шийдсэнийг буруу гэж үзэж байна. Ч.Даваачимэг нь хамт амьдарч байх хугацаандаа Алтанцэцэг, Азжаргал, Огноом, Уртнасан, Норжмаа, Самбуупилмаа нараас хэзээ хэдэн төгрөг зээлсэн, уг зээлсэн мөнгөө юунд зарцуулсан зэрэг нь тодорхойгүй, надад хэлж байгаагүй ба миний 5 жил ажилласан тэтгэмж 3 200 000 төгрөг, амралтын мөнгө 1 200 000 төгрөгөөс энэ өрөө дарсан. Энэ үед би Солонгос явсан байсан. Дээрх мөнгийг өөрөө ч аваагүй. Дээрх өрийг би шүүх хуралдаан дээр мэдсэн ба эдгээр хүмүүсээс хэдэн төгрөг хэдийд авсан баримт байхгүй. Харин манайх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж 3 сая төгрөг зээлж авсан нь одоогийн байдлаар 7 066 000 төгрөг болсон байгаа ба ах Чойсүрэнгээсээ 700 000 төгрөг авсаныг мэдэж байгаа. Энэ 700 000 төгрөгийг миний тэтгэмжийн мөнгөнөөс төлсөн гэж надад хэлсэн. Гэтэл шүүх зөвхөн Ч.Даваачимэгийн хэлснээр ямар ч баримт нотолгоогүйгээр надаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Даваачимэг нь хариуцагч М.Мөнхдөлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү М.Мөнхтөгөлдөрийг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхийг хүсч маргажээ.

2009.10.06-ны өдөр Ч.Даваачимэг, М.Мөнхдөл нар нь гэр бүл болсон ба 2012.05.03-нд хүү М.Мөнхтөгөлдөрийг төрүүлсэн байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу хариуцагчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж нэхэмжлэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалсан нь зөв юм.

Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, нэхэмжлэл хоёрыг зааглан ялгаагүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй. Учир нь, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтэд заасан төлбөрийн чадваргүй байдлаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх нь уг хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэл болохоос бус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

Шүүгчийн захирамжийн үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэж тус тус зааснаас үзвэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтэд нотлох баримт хавсаргагдаагүй бол шүүх энэ байдлыг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах бус, харин тухайн хүсэлтийг шийдвэрлэхэд үндэслэл болгох байжээ.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэл муутай татгалзсанаар нэхэмжлэгчийн төлбөрийн чадваргүй болохоо нотлох баримтыг тухайн хэрэгт гаргах боломжийг алдагдуулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хэргийн оролцогчийн эдлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэсэн үндэслэлээр өр 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд өрийн тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ. Тухайлбал хариуцагч М.Мөнхдөл нэхэмжлэгч бусдаас зээлж авсан гэх мөнгөөрөө гэр бүлийн хэрэгцээнд ямар нэг эд зүйл аваагүй, гэр бүлийн хэрэглээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй гэж тайлбарлан, дээрх өрийг төлөхгүй гэж маргасан байна. Түүнчлэн нэхэмжлэгч өртэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэхгүй.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг хэрэглэж, гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах шаардлагыг шүүх гэрлэлт цуцлуулах шаардлагатай хамтруулан шийдвэрлэх нь зохигчдын эрх ашгийн үүднээс маргаанаа нэг мөр шийдвэрлүүлэх ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хариуцагч М.Мөнхдөлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 165 150 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ДАВААСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                              Д.БЯМБАСҮРЭН