Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00047

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1770 дугаар магадлалтай

Д.Тгийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 418 460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т миний бие “Г” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хангамжийн менежерээр ажиллаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн хуульч надад ажлын байр цомхотгохыг мэдэгдэхэд ... би 3 нас хүрээгүй хүүхэдтэй, хуулиар цомхотгогдох боломжгүй гэсэн хариу өгөхөд ... өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж шаардсан ба миний зүгээс тухайн шаардлагыг хүлээж аваагүй. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60/09 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Иймд “Г” ХХК-ийн хангамжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4 418 460 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болгосон. Тэрээр компанид ажиллах хугацаандаа компанийн бус өөр хүмүүсийн ашиг сонирхолын төлөө ажиллаж, компанийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж, ноцтой зөрчил гаргаж байсан бөгөөд өөрийн төрсөн эгч Д.Уранбилэг нь ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа компанийг булаан авах гэсэн үйлдэл гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Уранбилэг “Гоби коул энд энержи” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхтай зэрэгцэн түүний төрсөн дүү Д.Т нь компанийн хангамжийн менежерээр, дэд захирлаар томилогдон ажиллаж байсан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д Компанийн хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаал болон нэгийгээ шууд захиран хянах шинжтэй зэрэг ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтойгоос бусад албан тушаалд нэг гэр бүлийн буюу төрөл садны хүмүүс ажиллаж болно гэж, 4.5.2-т Компанийн ажилтнууд гэр бүл болох тохиолдолд тэдний ажил, албан тушаал нь нэгийгээ захиран хянах шинжтэй бус, хөрөнгө мөнгө захиран зарцуулах шинжтэй бус, ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлгүй бол тухайн ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэж болох ба бусад тохиолдолд тэдний хэн нэгний ажил, албан тушаалыг өөрчилнө гэж тус тус заасныг зөрчсөн. “Г” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Зараяа холдингс” ХХК-ийн Төв аймгийн Зуун мод дахь газрын эзэмших эрхийг “Сүрина инвестмент” ХХК-д шилжүүлсэн. Тус компанийн захирлаар Д.Т ажиллаж байсан бөгөөд газар эзэмших эрх шилжүүлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тэрээр 2017 оны 9 дүгээр сард компанийн уул уурхайн газрын захиралд уурхайн түлхүүр, 48 төрлийн уурхайд ашиглагддаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг авах талаар мэдэгдсэн ч уг шаардлагыг биелүүлээгүй. Энэ үйлдлийг дур мэдэн уурхайг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж өөрийнхөө нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашгийн төлөө ашиглах гэсэн ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.9 болон хөдөлмөрийн гэрээний 9.3-т заасныг зөрчсөн. Түүнийг хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж 13.1.8-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд Д.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Тг “Г” ХХК-ийн хангамжийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 838 683 төгрөгийг гаргуулан Д.Тд олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Г” ХХК-д даалгаж, үлдэх 579 776 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 76 369 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1770 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 568.93 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж 1770 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу барлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсэн гэж үзэж хариуцагчаас хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: “Г” ХХК нь нэхэмжлэгч Д.Тг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.9, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасныг тус тус үндэслэсэн.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15-д: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэж,

15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ... уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж,

Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.4-д: ...уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино...” гэж, “...харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм" гэж тус тус заасан байдаг.

Дээрхээс үзэхэд Д.Тг ажлаас чөлөөлсөн тушаал нь Улсын Дээд шүүхийн 33 тоот тогтоолын 15-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 буюу 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг үндэслэсэн байна.

Мөн Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр (компанийн зарим хувьцаа эзэмшигчид хууль бусаар захиран зарцуулахаар санаархаж байсан бөгөөд тэдэнтэй хамаатан садангийн хувьд холбоотой Д.Т нь) уурхайн түлхүүр, бүртгэлээр өмчлөл нь шилжих боломжтой авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахаар оролдсон, “Гоби консолидетөд” ХХК-ийн хөрөнгө оруулалттай "Зараяа Холдингс” ХХК-ийн газрыг “Сүрина Инвестмент” ХХК-д шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйлдэл, Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчиж, ерөнхий захирал, төрсөн эгч Д.Уранбилэгтэй хөрөнгө мөнгө захиран зарцуулах, ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нэг нь нэгийгээ шууд захирах, хянах шинжтэй албан тушаалд ажиллаж байсан нь Улсын Дээд шүүхийн 33 тоот тогтоолын 15.4.2, зөвлөмжийн 2.4-д “... уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж заасантай нийцэж байна.

Учир нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлд ямар зөрчлийг “Сахилгын ноцтой зөрчил” гэж үзэх талаар талууд тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 13 дугаар зүйлийн 13.1.8-д "Ажилтан энэхүү гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгайлан хориглосон зүйлсийн тухай аль нэг заалтыг зөрчсөн” гэж, 9.3-д “Ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон ажил олгогчийн мөрдүүлж буй журам дүрэм, зааврын хэм хэмжээг зөрчихийг хатуу хориглоно” гэж тус тус заасныг баримталж ажилтныг ажлаас чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, Д.Тгийн дээр дурдсан үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 9.3-д заасныг зөрчсөн бөгөөд уг гэрээний 9-д заасныг зөрчсөн тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцохоор 13.1.8-д талууд тохиролцсон учраас ажилтныг ажлаас чөлөөлсөн нь ажил олгогч тушаал гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг баримталсныг харуулж байна.

Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс “ дээрх үйлдлүүд нь хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байхаас гадна “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах тухай тушаалд дурдаагүй, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэх ноцтой зөрчил /Хөдөлмөрийн тухай хуулийн 9.3 дарь заалт-д хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.4-д “сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна” гэж, “Энэ зүйлд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино" гэж тус тус заасантай нийцэхгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ бүхнээс дүгнэн үзвэл ажил олгогчийн Д.Тг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Манай компаниас Д.Тг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт нь дурдагдсан Мохамед Муншид холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 тоот шийдвэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 тоот магадлалын хуулбарыг Хан-Уул дүүргийн шүүхээс гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01134 тоот шийдвэрт: “...Хариуцагч тал дээрх шийдвэр, магадлалыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт тавьсан боловч өөрөө олж авах боломжгүй болохоо нотлоогүй...” гэжээ. Манай компани уг шийдвэр, магадлалын хуулбар эсхүл эх хувийг хүссэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан боловч тус шүүхээс манай компанийг хэргийн оролцогч биш, иргэний хариуцагчаар тогтоосон шийдвэр байхгүй бөгөөд энэ талаар шийдвэр уг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй учир танай компанид шүүхийн шийдвэрийг өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Дээрх шалтгаанаар хариуцагч талаас уг эрүүгийн хэрэгтэй холбоотой шийдвэрүүдийг авч энэхүү иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон бөгөөд уг шийдвэрүүд нь хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт болохыг хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон гомдлын нэмэлт тайлбарын 1 дүгээр хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан. Гэвч давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “Уг тушаалын үндэслэл нь ажилтан Д.Тгийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөрлөх үүргээ зөрчснөөс үүссэн гэх байдлыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж дүгнэжээ.

Энэ бүхнээс үээхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг дэмжсэн байна.

Түүнчлэн хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө" гэж заасны дагуу шүүх хуралдаан болохоос өмнө Д.Тг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөхөөр бэлтгэж байсан ч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгоогүй атлаа анхан болон давж заапдах шатны шүүхээс “....”Гоби Коул энд Энержи” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын ... тул үүнийг “Г” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн” гэж, давж заалдах шатны шүүхээс “...Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэж, “хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй” гэж тус тус дүгнэжээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.З-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч талаас хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт байхгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно” гэж заажээ. Энэ зүйлд “хэргийн тухайн үед цугларсан нотлох баримт”, “бусад нөхцөл байдлыг харгалзан” гэсэн хоёр нөхцөл байдлыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэж болно гэж зааснаас бус шууд хэргийн нөхцөл байдал харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэнэ гэж заагаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гаргасан тайлбараа нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дурдсанаас харахад тухайн үед хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларсан гэж үзээгүй байсныг тодорхой илтгэж байна. Гэсэн хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хариуцагч талыг хангах үүргээ хэрэгжүүлэлгүй, хуулийг буруу утгаар тайлбарлан хэрэглэж шүүх хуралдааныг явуулсан.

Энэ бүхнээс дүгнэн үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүй, хариуцагчийн тайлбарыг дутуу, буруу үнэлсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Д.Т нь “Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 418 460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Тг “Г” ХХК-д хангамжийн менежерээр ажиллаж байхад нь Ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60/90 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж зохицуулсан ба ажил олгогчоос ажилтныг Хөдөлмөрийн гэрээний 13.1.8., 9.3.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн гэрээний 13.1.8.-д “Ажилтан энэхүү гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгайлан хориглосон зүйлсийн тухай аль нэг заалтыг зөрчсөн” бол ноцтой зөрчилд тооцохоор, 9.3.-т “ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон ажил олгогчоос мөрдүүлж буй журам, дүрэм, зааврын хэм хэмжээг зөрчихийг хатуу хориглоно” гэж тохиролцсон байх ба дээрх үндэслэлээр ажилтанд хариуцлага тооцохдоо ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй байна.

Ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх учиртай.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон түүний гаргасан гэх ноцтой зөрчил хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, хариуцагч нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч нь хариу тайлбар татгалзал, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн талуудын маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 838 683 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 579 776 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийснээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна. 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлалыг үндэслэл болгосон атлаа тус баримтыг бүрдүүлэхээр хүсэлт гаргасан нь ойлгомжгүй, тухайн баримтыг өөрөө олж авах боломжгүй болохоо тайлбарлаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д хамаарахгүй тул хүсэлтийг шүүх хангахаас татгалзжээ.

     2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан зохигчийн хүсэлтээр хойшилж, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон бөгөөд хурлын товыг хариуцагч мэдсэн боловч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул “шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

   Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын зөрчиж, хариуцагчид эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 16.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 570 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД