Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01164

 

 

 

  2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01164

       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 23-р байр, 18 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дашзэвэгийн  /рд:НБ82110309/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Жигүүр гранд оффис, 8 давхарт оршин байгаа, “” ХХК /рд:5426952/-д холбогдох,

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Говь консолидетед” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хангамжийн менежерээр ажиллаж байсан билээ.

Компанийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор шинээр ажиллаж эхэлсэн хуульч 2018 оны 02 сарын 28-ны өдөр намайг цомхотгохыг мэдэгдэхэд би 3 нас хүрээгүй хүүхэдтэй, хуулиар цомхотгогдох боломжгүй гэхэд өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан ба надад ингэх шалтгаан байгаагүй учраас шаардлагыг хүлээж аваагүй. Гэтэл 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 60/09 тушаалаар намайг ажлаас халсан.

Би Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ доголдолгүйгээр гүйцэтгэж байсан атал компани хэвийн ажиллах нөхцөл, боломжгүй болсон болон намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халснаар миний эрхийг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Ийнхүү “Гоби консолидетед” ХХК-ийн удирдлагын үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасныг хянаж, намайг “Гоби консолидетед” ХХК-ийн хангамжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 03 сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 4,418,460 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “Говь консолидетед” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д. нь тус компани, түүний охин компаниуд болон бусад харилцан хамааралтай компаниудад хангамжийн менежер, дэд захирал, гүйцэтгэх захирал зэрэг эрх бүхий албан тушаал хашиж байсан ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай компанийн Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн тушаалын үндэслэх хэсэгт дурдсан ноцтой зөрчлийг Д. гаргасан нь илэрхий болсон бөгөөд энэхүү ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохгүй тохиолдолд тус компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан.

Хариуцагч “Говь консолидетед” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Гоби коул энд энержи” ХХК, “Граунд просперти” ХХК, “Мөнхтун болор” ХХК-иудын 100 хувь эзэмшдэг компани. “Гоби консолидетед” ХХК нь Британийн виржин аралд бүртгэлтэй “Гоби коул энд энержи лимитед” компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани юм. “Зараяа холдинг” ХХК нь “Гоби коул энд энержи лимитед” компаний охин компани бөгөөд “Гоби консолидетед” ХХК-ийн зэргэлдээ компани юм. Монгол улсад бүртгэлтэй дээрх таван компанийн хувьд “Гоби консолидетед” ХХК нь бусад дөрвөн компанийн захиргаа удирдлага, хөрөнгө санхүүжилт, бизнесийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

Нийслэлийн Прокурорын газраас “Гоби коул энд энержи лимитед” компанийн ТУЗ-ийн дарга байсан Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн М.И.Муншид 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 07 сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд М.И.Мунши нь Эрүүгийн хуулийн 148.4-т заасан гэмт хэрэг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчээс тооцож, түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчээс 31,601,969,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чулуунбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн шийдвэрээр М.И.Мунши болон түүний хамтран амьдрагч Д.Уранбилэг нарын нэр дээр бүртгэлтэй компаниудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Энэхүү эрүүгийн хэргийн хохирогч гэх Б.Чулуунбаатар нь “Моннис интернэшнл” компаниар дамжуулан “Гоби коул энд энержи” ХХК-д өндөр үнийн дүн бүхий уул уурхайн машин механизмыг 2012 онд нийлүүлж байсан.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасны дагуу компанийн удирдлагын зүгээс Б.Чулуунбаатар, М.И.Мунши, Д.Уранбилэг нарын аль нэгний өмнө үүрэг, хариуцлага хүлээхгүй байх зарчмыг баримтлан Монгол дахь компанийн үйл ажиллагааг зогсоохгүй ажиллуулах зорилгоор боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Дээр дурдсан эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Гоби коул энд энержи лимитед” компанийн Монгол улс дахь үйл ажиллагаатай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар ТУЗ-д үнэн зөв мэдээлэх, компанийн Монгол улс дахь бизнесийн нэр хүндийг сэргээх, толгой компанийн зүгээс татаас байдлаар олгож буй сарын төсвөөс хэтрүүлэхгүйгээр Монгол улс дахь аж ахуйн нэгжүүдэд менежментийн бүтцийн өөрчлөлт хийх, компанийн бизнесийн нэр хүндийг сэвтүүлсэн өмнөх эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нэн даруй чөлөөлөх замаар компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд байсан хов живийн чанартай үндэслэлгүй, албан бус мэдээллийн урсгалыг таслан зогсоох, компанийн Монгол улс дахь аж ахуйн  нэгжүүдийг татан буулгалгүйгээр компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бүхий л арга замыг хэрэгжүүлэхэд “Говь консолидетед” ХХК-ийн Ерөнхий захиралд туслалцаа дэмжлэг үзүүлэх, “Говь коул энд энержи лимитед” компанийн Монгол улс дахь уул уурхай, дагалдах дэд бүтцийн төсөлд бодитой хөрөнгө оруулалт хийсэн шударга хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан тэдний дэмжлэгийг авах, улмаар тэдний бизнесийн нэр хүндийг ашиглан компанийн нэр хүндийг сэргээх, тэдгээр хувьцаа эзэмшигчдээс нэмэлт санхүүжилтийг татан авах ажлыг зохион байгуулах замаар Монгол улс дахь уул уурхай, дагалдах дэд бүтцийн төслийн ажлыг эрчимжүүлж 2018 онд багтаан бодит ажил хэрэг болгох зорилтын хүрээнд “Гоби коул энд энержи лимитед” компанийн ТУЗ-ийн төлөөлөгчийг Монгол улсад 2018 оны 01 сараас томилон ажиллуулсан.

Тэрхүү төлөөлөгчийг Монгол улсад ажиллах үеэр дараах нөхцөл байдал тодорхой болсон болно. Дээр дурдсан тус компанийн хувьцаа эзэмшигч М.И.Муншиг “Гоби коул энд энержи лимитед” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаас, түүний хамтран амьдрагч Д.Уранбилэгийг “Гоби консолидетед” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус тус чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Харин Д.гийн хувьд Д.Уранбилэгийн төрсөн дүү бөгөөд компанид ажиллах хугацаандаа компанийн бус энэ хүмүүсийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, компанийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж, ноцтой зөрчил гаргаж байсан бөгөөд ялангуяа эгчийгээ чөлөөлөгдсөний дараа компанийг булаан авах гэсэн үйлдэл гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлсөн болно.

Тусгай төлөөлөгч компанид ажиллаж, компанийн нөхцөл байдалтай холбоотой компанийн бүтэц, орон тоог өөрчлөх мэдэгдэл өгөх явцад нэхэмжлэгч Д. нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь илэрсэн.

а/. Нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Уранбилэг “Гоби коул энд энержи” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхтай зэрэгцэн түүний төрсөн дүү Д. нь компанийн хангамжийн менежерээр, дэд захирлаар томилогдон ажиллаж байсан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д “Компанийн хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаал болон нэгийгээ шууд захиран хянах шинжтэй зэрэг ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтойгоос бусад албан тушаалд нэг гэр бүлийн буюу төрөл садны хүмүүс ажиллаж болно” гэж, 4.5.2-т “Компанийн ажилтнууд гэр бүл болох тохиолдолд тэдний ажил, албан тушаал нь нэгийгээ захиран хянах шинжтэй бус, хөрөнгө мөнгө захиран зарцуулах шинжтэй бус, ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлгүй бол тухайн ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэж болох ба бусад тохиолдолд тэдний хэн нэгний ажил, албан тушаалыг өөрчилнө” гэж заасныг зөрчсөн.

б/. “Гоби консолидетед” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Зараяа холдингс” ХХК-ийн Төв аймгийн Зуун мод дахь газрын эзэмших эрхийг “Сүрина инвестмент” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд уг газар шилжүүлсний үлдэгдэл төлбөр болох 25,789,898.25 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь 2018 оны манай компанид явагдаж байгаа аудитын шалгалтаар тогтоогдсон. “Сүрина инвестмент” ХХК-ийн захирлаар Д. ажиллаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1-д “Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

в/. 2017 оны 09 сарын сүүлээр компанийн уул уурхайн газрын захирал руу амралтын өдөр утсаар ярьж, компанийн гол үйл ажиллагаа болох уурхайн түлхүүр, 48 төрлийн уурхайд ашиглагддаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг авахыг оролдсон боловч уурхайн захирал шаардлагыг нь биелүүлээгүй байна. Энэ үйлдлийг дур мэдэн уурхайг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж өөрийнхөө нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашгийн төлөө ашиглах гэсэн ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн болно. Энэ үйлдлүүд нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.9 болон хөдөлмөрийн гэрээний 9.3-т заасныг зөрчсөн. Иймээс Д.г хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлд тухайлан заасан “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн 13.1.8-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн.

Иймд Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч “Гоби консолидетед” ХХК-д холбогдуулан хангамжийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,418,460 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Д.гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

“Гоби консолидетед” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн HR/01 тоот “Ажилтныг толгой компанид шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар “Гоби коул энд энержи” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн нөхцөл байдалд өөрчлөлт орж байгаа үндэслэлээр Д.г хангамжийн менежерээр шилжүүлэн томилсон байна. /хх-9-10х/

Улмаар “Гоби консолидетед” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 60/09 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Д.тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан E/3/16 тоот хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 сарын 14-ний өдрөөр цуцалсан байна. /хх-14х/

Ажилтан Д. нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо 2018 оны 04 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.

Өмнө дурдсан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.9, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасныг тус тус үндэслэл болгожээ. /хх-14х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч нь а/.“Гоби коул энд энержи лимитед” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.И.Муншиг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнээс 31,601,969,000 төгрөгийг гаргуулан Б.Чулуунбаатарт олгохоор шүүхийн шийдвэр гарсан, М.И.Муншигийн хамтран амьдрагч Д.Уранбилэг нь нэхэмжлэгч Д.гийн төрсөн эгч, б/.Д.Уранбилэг нь “Гоби коул энд энержи” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаатай зэрэгцэн түүний төрсөн дүү Д. нь компанийн хангамжийн менежерээр, дэд захирлаар томилогдон ажиллаж байсан, в/.“Гоби консолидетед” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Зараяа холдинг” ХХК-ийн Төв аймаг дахь газар эзэмших эрхийг “Сүрина инвестмент” ХХК-д шилжүүлсний төлбөр 25,789,898.25 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон, “Сурина инвестменд” ХХК-ийн захирлаар Д. ажиллаж байсан, г/.Д. нь 2018 оны 09 сард компанийн уул уурхайн газрын захирал руу утсаар ярьж, уурхайн түлхүүр, хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг авахыг оролдсон зэрэг нь Компанийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учир ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргадаг. /хх27-32х/

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн магадлалаар М.И.Муншид холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуцагчийн хариу тайлбартай нэхэмжлэгч тал маргахгүй хэмээн тайлбарладаг бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлалд Д.гийн нэр дурдагдаагүй, түүнд хамааралгүй гэж тайлбарладаг.

Хариуцагч тал дээрх шийдвэр, магадлалыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт тавьсан боловч өөрөө олж авах боломжгүй болохоо нотлоогүй, өөрийн татгалзлын чухам ямар үндэслэлийг нотлох талаар хүсэлтдээ тодорхой дурдаагүй, уг шийдвэр, магадлалаар эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу тайлбарт дурдсантай нэхэмжлэгч тал маргаагүй учир шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гарсан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг М.И.Мунши үйлдсэн гэм буруутай эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул иргэн Д. болон “Говь консолидетед” ХХК-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх, Д. нь “ноцтой зөрчил” гаргасан эсэх, чухам ямар “ноцтой зөрчил” гаргасны улмаас ажлаас халж буй талаар тушаалд дурдсан эсэх нь талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, тушаалд дурдагдсан “ноцтой зөрчил”-ийг ажилтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан эсэх, ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шүүх хянадаг болно.

Тушаалын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т “Ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын хууль тогтоомж болон ажил олгогчоос мөрдүүлж буй журам дүрэм, зааврын хэм хэмжээг зөрчихийг хатуу хориглоно” хэмээн заасан байна. /хх-12х-арын нүүр/

Хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан зохицуулалтаар “ноцтой зөрчил”-ийг хэт өргөтгөн өөрийн үзэмжээр тайлбарлах, ажилтны гаргасан бүхий л зөрчлийг дээрх “ноцтой зөрчил”-д хамааруулах боломжийг ажил олгогчид олгохоор зохицуулалт байх тул үүнийг ямар зөрчлийг “ноцтой зөрчил”-д гэж тооцохыг харилцан тохиролцсон, “ноцтой зөрчил”-ийн тохиолдол тус бүрийг гэрээнд нэрлэн заасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн “Гоби коул энд энержи” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү хөдөлмөрийн дотоод журам нь Гоби коул энд энержи ХХК-ийн захиргаа, ажилтнуудын эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хооронд үүсэх хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх харилцаа, компанийн дотоод үйл ажиллагаатай холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулах зорилготой” хэмээн заасан байх тул үүнийг “Гоби консолидетед” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам гэж үзэх боломжгүй юм.

Газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрийг төлөөгүй, “Сүрина инвестмент” ХХК-ийн захирлаар Д. ажиллаж байсан, уул уурхайн түлхүүр, хүнд даацын тоног төхөөрөмжийг авахыг оролдсон гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байхаас гадна эдгээр үйлдэл нь “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал”-д дурдагдаагүй, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэх “ноцтой зөрчил” /хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалт/-д хамаарахгүй байх тул хариуцагчийн холбогдох тайлбар үндэслэлгүй байна.

Мөн бусад этгээдийн гэм буруутай үйлдлийг ажилтан Д.д хамаатуулан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд “Гоби консолидетед” ХХК-ийн хангамжийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.гийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаатай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Олговрыг 2018 оны 03 сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход (2,180,000 + 1,789,014 + 1,789,014) : 3 сар : 22 хоног х 44 ажлын өдөр = 3,838,683 төгрөг гарч байна.    

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй учир нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.г “Говь консолидетед” ХХК-ийн хангамжийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар “Говь консолидетед” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,838,683 төгрөгийг гаргуулан Д.д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Говь консолидетед” ХХК-д даалгаж, үлдэх 579,776 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Говь консолидетед” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 76,369 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.