Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 106

 

Н.Даваасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалтай 201614000252 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Жог овогт Нямдэлэгийн Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 7.513.728 /долоон сая таван зуун арван гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнд олгохоор, хохирогч Б.Цэндсүрэн нь онгоцны зардал, сувиллын төлбөр, нотариатын хөлс, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь 67.000.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Н.Баттунсаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Р.Өлзийжаргалыг иргэний нэхэмжлэгчээр томилсон нь буруу гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх Б.Ням-Очир, Р.Өлзийжаргал нарын дундын өмчийн 67.900.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж иргэний нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үйл ажиллагаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар бусдын амь насыг санаатай хохироосон шүүгдэгч Н.Даваасүрэн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй. Хохирогч Б.Ням-Очир амьд байсан бол 67.000.000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бодитой дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь хууль зүйн хүрээнд үнэлсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөхдөө субьектив тал буюу гэмт хэрэг гарах болсон сэдэлтийг анхаарч үзэлгүй хууль буруу хэрэглэсэн байна. Болсон үйл явдал нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон, гэнэтийн тохиолдлын шинж чанартай хэрэг учрал байдаг. Н.Даваасүрэн нь гэнэт ар талаасаа халдлагад өртөөд хариу үйлдэл нь маш хурдан болж өнгөрсөн ба хохирогчийг согтуу байгааг мэдэх боломжгүй, халдлагаас гарах хор уршгийн талаар үнэлэлт өгч бодох хугацаа байгаагүй юм. Талийгаачид учирсан гэмтэл нь дан ганц Н.Даваасүрэнгийн үйлдлээс үүссэн гэхэд эргэлзээтэй байдаг. Шинжээч эмч Ж.Гэрэлмаа “гавал тархины гэмтэл авсан хүнд гэгээн үе 2 хоног үргэлжилж болдог” гэж мэдүүлдэг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд ч хэлдэг. Н.Даваасүрэнд талийгаачийг санаатай алах санаа, сэдэлт байдаггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтад нэг ч нотлох баримт байдаггүй. Иймд хэргийн нөхцөл байдлыг хянан үзэж, “Бусдыг болгоомжгүй алах” гэсэн зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Н.Даваасүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин шүүгдэгч Н.Даваасүрэн нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилж ирсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, мөн шүүгдэгч хохирол төлбөрийг барагдуулах талаар анхаарч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулах ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нэг бүрчлэн хянаж, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлээгүй. Тухайлбал, буяны ажил болон эмчилгээний зардал зэрэг зарим хохирлын талаарх нэхэмжлэлд төлбөрийн баримт хавсаргаагүй, эсхүл захиалгын хуудас хавсаргасан байхад тэдгээрийг хохиролд тооцож, хохирлын хэмжээг нарийн тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг бодитой тогтоох нь ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд тулгуурлан, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг зөв сонгон хэрэглэхэд ач холбогдолтой байдаг.

Дээрх байдал нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Н.Даваасүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн “...зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү”, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын “...магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Н.Даваасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Т.УРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН