Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Иргэдийн төлөөлөгч Ц.Энхзул

Улсын яллагч Б.Жавхлантуяа

            Хохирогч Б.Цэндсүрэн

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг  

Шүүгдэгч Н.Даваасүрэн нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэнд холбогдох 201614000252 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэн, Монгол Улсын иргэн, 1983 оны 04 сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 19 дүгээр гудамж 1140А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай,  РД:ЙС83042018

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхад нь амь хохирогч Б.Ням-Очир “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиж цементэн газарт савж унагаснаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, Б.Ням-Очир нь 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Цэндсүрэнгийн “Миний зүгээс болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа. Тухайн хэрэг болсон өдөр Улаанбаатар хотод байсан. 2016 оны 05 сарын 13-14-нд шилжих шөнө ээжээсээ мэдсэн юм. Манай ээж над руу утсаар ярьж талийгаачийг эмнэлэгт хэвтсэн байна, бие нь муу байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр шөнөдөө Орхон аймаг руу гарсан юм. Ээж маань Улаанбаатар хотод Ар жанчивлангийн амралтанд амарч байсан юм. Ээжид манай хорооны хэсгийн байцаагч залуу манай дүүг орцонд согтоод унасан байна, уруул нь хавдсан, цус гараад байна, ямар нэгэн юм мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн гэсэн. Мөн над руу 2016 оны 05 сарын 13-ны орой 22 цагийн үед ярьж ингэж хэлсэн. Хорооны байцаагч залуу талийгаачийн өөрийнх нь эзэмшлийн 99350083 дугаараас залгаж ярьж байсан. Тухайн үед нь би хорооны байцаагч залуу руу эргэж залгаж асуухад талийгаачийг гэрт нь оруулчихлаа гэж байсан. Миний бие 2016 оны 05 сарын 14-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ээж болон хамаатны Даваажав гэх хүний машинтай ирсэн. Тэгээд Болд болон Ерөөлт гэх хоёр эмчтэй уулзсан. Тэгсэн чинь талийгаачийн тархины баруун талд их хэмжээний цус хурсан байна, хагалгаа хийгээд үзье, эм эмчилгээгээр шимэгдэх боломжгүй байгаа учир цусыг нь соруулж авна гэж байсан. Биеийн байдал маш хүнд байна, хагалгааны үед зүрх зогсчих магадлал өндөр шүү гэж байсан. Тэгэхэд нь ар гэрийн зүгээс зөвшөөрлийн хуудас бөглөн хагалгаа хийлгэсэн юм. Тэгээд хагалгаа хийсний дараа бид нарт эмч нар хагалгааны талаар танилцуулсан. Их хэмжээний цус соруулж авсан, цус тогтоосон гэж байсан. Мөн тархины хаван ихтэй байсан гэж байсан. Тэгээд талийгаач сэхээний тасагт ухаангүй хэвтэж байгаад 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутын үед нас барсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-69-р хуудас/

 

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 3-7-р хуудас/

 

3. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 8-13-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн өгзөг, баруун гарын сарвуу, дээд болон доод уруулд зөөлөн эдэд цус хуралт, дух, доод уруул, хуйханд дагз хэсэгт, доод эрүүнд язарсан шарх, хуйханд дагз оройг хамарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Үхлийн шалтгаан болсон гэмтлүүд, уруул, доод эрүүнд үүссэн зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх нь гэмтлийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хуйханд үүссэн цус хуралт, зулгаралт, язарсан шарх, чамархайн булчингийн цус хуралт нь үхлийн шалтгаан болсон гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтэл болно. Талийгаачийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйл унах үед үүсэх боломжтой, бусад гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэнэ. Талийгаач нь элэгний хатуурал, хэвлийн хөндий дэх шингэн, дэлүүний томрол, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй болно. 2016-05-13-ны өдрийн 00 цаг 10 минутанд Б.Ням-Очирын судаснаас хүлээн авах тасагт авагдсан цусанд этилийн спирт 3.9 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай болно. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, дагз яснь хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан доорхи баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан доорхи их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болно. БОЭТ-д оношлогоо эмчилгээ стандартын дагуу хийгдсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 71-73-р хуудас/

 

5. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “Дүгнэлтэнд хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийг бүгдийг тоочсон байгаа. Түүний биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн нүүрэн хэсэгт үүссэн язарсан шархууд, зөөлөн эдийн цус харвалтаас үзэхэд урдаас хойш чиглэсэн хүч үйлчилсэн байна. Уг хүчний үйлчлэлээр арагш толгойн ар хэсгээр унахад үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл үүссэн байж болно. Нүүрэнд үүссэн олон гэмтлүүд нь бүгд урдаас хойш чиглэсэн байсан. Аль ч гэмтлийнх нь үед хойш толгойн ар хэсгээр унаж болно. Гавал тархины битүү гэмтэлд гавал ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны гэмтэл, цус харвалтууд, тархины эдийн няцрал бүгд багтдаг. Гавлын ясыг байрлалаар нь дагз, баруун зүүн чамархай, дух, орой яс гэж ангилан хуваадаг. Гавал тархины битүү гэмтлийн үед “гэгээн үе” гэж байдаг. Энэ үед ямарч гэмтэлгүй хүн шиг байх ба энэ үе нь 2 хоног хүртэл үргэлж болдог. Гавал тархины битүү гэмтлийн үед суурь яс хугарсан тохиолдолд чихний сувгаас цус гарч болдог бөгөөд зулгаралтын үед тэр дороо цус гарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гавал тархины битүү гэмтлийн үед тэр даруйдаа болон дараа нь эмнэлгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 80-81-р хуудас/

 

6. Гэрч Г.Энх-Амгалангийн “Тухайн өдөр би ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад гэртээ орохоор Уурхайчин багийн 3-20-р байрны 2-р орц руу орох гэж байхад манай орцонд 1 давхарын шатны хажуугийн зайнд, паарны хажууд ар нуруугаараа хана налчихсан нэг согтуу эрэгтэй хүн хагас суугаа байдалтай байсан юм. Би тухайн байрын 21 тоотод 4 давхарт амьдардаг юм. Тэгээд согтуу хүн байна гэж бодоод, мөн уруул нь хавдчихсан хөдөлгөөнгүй байсан болохоор хажуугийн 3-р орцонд байдаг хэсгийн цагдаагийн өрөөнд орж манай орцонд согтуу хүн байна гэж хэлсэн юм. Цагдаа өөдөөс ямар байдалтай байна гэж асуухаар нь би түүний амнаас нь бага зэрэг цус гарсан, уруул нь хавдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр ахтай хамт гарч орцондоо орсон юм. Цагдаагийн ажилтан түүнийг босоорой, цагдаа байна гэж хэлж байсан. Орцонд байсан хүн ухаангүй согтуу байсан болохоор өөдөөс нь ямар нэг байдлаар дуугараагүй. Тэр цагдаа түүнийг танай орцны хүн юм биш биз дээ гэж байсан, мөн царайг нь муухан таниад байх шиг байсан. Би харж байгаагүй хүн байна гэдгээ хэлсэн юм. Тэгээд цагдаагийн ажилтан тэр залуугийн орцонд байгаа байдлыг нь гар утсаараа зургийг нь дарж авсан юм. Тэгээд цагдаа нэг хүнтэй утсаар ярьж байснаа намайг тэр орцны 3 давхарт гараад голын хаалгыг нь цохиод хүн байна уу? үзээд ир гэсэн юм. Би 3 давхарт гарч хаалгыг нь цохиход нэг эрэгтэй согтуу байрын хүн гаднаас цоожилсон байна гэж байсан. Би танай гэрийн эзэн байна уу? гэсэн. Тэгсэн чинь тэр хүн намайг гаднаас цоожлоод явсан байна гэж байсан. Би доод давхарт нэг согтуу хүн байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь наад хүн чинь мөн байхаа халаасанд түлхүүр нь байгаа гэж байсан. Тэгээд би доош бууж цагдаад хэлсэн юм. Тэгээд намайг хажууд нь байж байхад цагдаагийн ажилтан тэр залуугийн ар гэртэй нь холбогдох хэрэгтэй гэж, мөн түлхүүриийг нь халаасанд нь үзсэн юм. Халаасанд нь гар утсыг нь үзсэн, жижиг гар утсыг тэр согтуу залуу халаасаандаа хийгээд гараараа атгасан байсан. Цагдаагийн ажилтан түүний халаасанд байсан 1 ширхэг түлхүүрийг аваад бид хоёр 3 давхарт гарч гэрт цоожлогдсон гэх залуутай уулзсан. Тэр залуу нэлээн согтуу байсан. Гэрт нь ширээн дээр байсан архины шил болон бусад зүйлийн зургийг мөн цагдаагийн ажилтан гар утсаараа дарж авсан юм. Тэгээд 3-лаа доош бууж орцонд байсан залууг өргөж гэрт нь оруулсан. Цагдаа бид хоёр цээжин хэсгээс нь өргөж, гэрт нь байсан залуу хөлнөөс нь өргөж гэрт нь оруулсан юм. Энэ үед цагдаа эмнэлэгт дуудлага өгч байсан санагдаж байна. Орцонд унтаж байсан залууг том өрөөнийх нь хивсэн дээр газарт хэвтүүлсэн юм. Ингээд л би гэр рүүгээ орсон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 122-123-р хуудас/

 

7.Гэрч Э.Цогтсайханы “Өрөөндөө орж ирээд сууж байхад 21 цаг 40-50 минутын үед манай хэсгийн байртай 3-20 дугаар байрны 21 тоотын оршин суугч гэх Энх-Амгалан гэдэг 20 орчим насны залуу орж ирж, амаар дуудлага өгсөн юм. Тэрээр гэр рүүгээ орох гэж явахад манай орцны үүдэнд 1-р давхарт хүнд зодуулчихсан гэмээр ухаангүй согтуу хүн унтаж байна гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө залуугийн хэлсэн орцонд яваад ороход урьд нь зүс харж байсан, нэр, хаягийг нь сайн мэдэхгүй, манай цагдаагийн хэсэгтэй байранд байдаг залуу байсан. Тэгээд хэсгийн цагдаа Эрдэнэ-Очир руу залгаж манай байранд байдаг, урьд нь хэдэн сарын өмнө чамтай маргалдаад байсан гэх, шаардлагыг чинь эсэргүүцээд байсан гэх, архи уугаад яваад байдаг залуу хэн билээ гэж асуусан юм. Эрдэнэ- Очир наад залуу чинь 2-р орц, 3 давхарын голын хаалганд байдаг. Ням-Очир гэх залуу гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь дуудлага өгсөн залууг 3 давхарт гараад голын хаалгыг цохиод хүн байна уу? үзээд өгөөч гэсэн чинь тэр залуу дээш гарч эргэж бууж ирснээ хаалгаа онгойлгож өгөхгүй байна, гэрт нь нэг хүн байна, наад согтуу хүний чинь халаасанд нь гэрийнх нь түлхүүр байгаа гэж байна гэж хэлсээр бууж ирсэн юм. Тэгээд нөгөө орцонд согтуу хана налаад сууж байсан, дээд уруул нь хавдсан, амнаас нь бага зэрэг цус гарсан, амьсгалж байсан, хурхираад байгаа байдалтай байсан залуугийн гадуураа өмсөж явсан ногоон эрээн хувцасных нь зүүн энгэрийн халааснаас нь 1 ширхэг түлхүүрийг аваад дуудлага өгсөн залуутай 3 давхарт гарч хаалгыг нь онгойлгосон юм. Тэгсэн чинь гэрт нь нэг согтуу залуу байсан, өөрийгөө Цогоо гэх хэлж байсан, тэгээд юу хийж байгаа, хаанаас ирсэн талаар нь асуухад тэрээр Ням-Очир гэгчтэй хамт архи уусан, хамт архи ууж байгаад унтчихсан байна. Сая хаалга цохихоор нь сэрлээ, намайг гаднаас түгжээд явсан байна гэж байсан. Тэгээд гэрт нь байсан залууг дагуулан доош бууж орцонд унтаж байсан залууг харуулахад манай найз мөн байна гэж хэлсэн юм. Ингээд орцонд зогсож байхдаа 22 цаг 00 минутын үед 7035103 руу залгаж 3-20 дугаар байранд орцонд ухаангүй согтуу хүн байна, би хэсгийн байцаагч нь байна, энэ хүнийг яаралтай үзүүлэх шаардлагатай байна гэж дуудлага өгсөн. Ингээд түргэн ирэхгүй болохоор нь талийгаачийн гэрт байсан залуу болон дуудлага өгсөн залуу хоёртой орцонд унтаж байсан талийгаачийг өргөөд гэр рүү нь оруулж, том өрөөнийх нь хивсэн дээр хажуу тийш нь харуулж толгой доор нь дэр тавиулж хэвтүүлсэн юм. Дээш нь харуулчихвал бөөлжсөндөө хахаж магадгүй гэж бодсон юм. Тэгээд талийгаачийн гар утсыг аваад ар гэрээс нь хүн дуудахгүи бол болохгүй гэж бодоод тухайн үед Цэнд гэсэн одоо бүтнээр нь санахгүй байна. Ийм нэрээр хадгалсан хүн рүү залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд талийгаачийг гэрт нь оруулж ирээд байж байна гэж хэлсэн чинь надтай утсаар ярьсан талийгаачийн эгч нь гэх эмэгтэй би Улаанбаатар хотод байна, хамаатныхаа хүн рүү залгаж гэр рүү нь хүн явуулъя гэсэн юм. Энэ үед Цогоо гэх залуугийн эхнэрийг дуудуулан ирүүлсэн, нөхөр нь согтуу айлд байна гэж хэлсэн юм. Тэгээд Цогоогийн эхнэр гэх эгч ирэхэд нь түргэн дуудсан байгаа шүү гэж хэлээд би цагдаагийн хамт өрөө рүүгээ явсан юм. Ингээд өрөөндөө сууж байхад араас гадаа байрны дунд зам талбайн ажил хийж байгаа 2 залуу орж ирж, надаас орцонд сууж байсан согтуу залуу яасан юм бэ? түргэн ирээд аваад явж байгаа юм уу? бие нь яасан юм бэ? гэж асуусан. Энэ үед Эрдэнэ- Очирын утас нь дуугарч түргэн ирчихлээ гэнэ гэж хэлээд гарсан юм. Ингээд тэр залуугаас юу болсон талаар нь асуухад, тэр залуу орцонд байсан залуутай маргалдсан хүн нь би гэж хэлсэн юм. Яагаад маргалдсан юм бэ? гэж асуухад ажлаа хийж байхад араас нь ирж өшиглөсөн, мөн янз бүрээр хэлээд байсан, тэгэхлээр нь эргэж хараад уурандаа нэг удаа түүний нүүрэн тус газарт гараараа цохисон гэж ярьж байсан. Тэр цохиулсан залуу нь толгойгоороо саваад унасан гэж хэлсэн. Тэгээд босч ирэхгүй, ухаан орохгүй согтуудаа сэрэхгүй байна гэж ойлгоод байрны орцонд хамт ажилладаг хүн өргөж дамжилж оруулаад суулгасан гэж байсан. Тэгээд архи нь гараад өөрөө босоод явна биз гэж бодсон гэж байсан. Миний бие Цагдаагийн газрын жижүүр Хатанбаатар руу залгаж тэр хоёр залуугийн талаар хэлсэн юм. Тэгэхэд тэр хоёр залууг цагдаа дээр дагуулаад ир гэсэн. Ингээд тухайн хоёр хүнийг цагдаагийн газарт хүлээлгэн өгөөд дараагийн ажил руугаа явсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн124-125-р хуудас/

 

8.Гэрч Э.Цогтсайханы 2016 оны 05 сарын 13-ны өдөр өөрийн гар утсаар дарж авсан гэх 11 кадр гэрэл зургийг гаргаж өгсөн байдал. /хх-ийн 127-133-р хуудас/

 

7.Гэрч М.Алтанбекийн “Тэр өдөр миний бие БОЭТ-ийн яаралтай тусламж эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэх тасагт хүлээн авахын жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан учир 05 сарын 14-ний өдөр гэж ярих нь зөв байх. Тухайн өдөр 00 цаг жаахан өнгөрч байхад 103-ийн машинаар гаднаас 35 орчим насны ухаангүй эрэгтэй хүнийг дугуйт насилкаар оруулж ирсэн. Уг хүнийг үзэхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй, комын байдалтай, 2 талд хүүхэн хараа өргөссөн, артерийн даралт 80/50-тай, зүрхний цохилт 1 минутанд 92 удаа, зүрхний авиа бүдэг, хэм жигд, уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, биеийн ерөнхий үзлэгт толгойн дагз орчимд хавдсан, дээд уруул хавдсан, доод уруулын доод хэсэгт эрүүнд 2 см орчим язарсан шархтай, зүүн бугалганы гадна хэсэгт 15-16 см орчим арьсны өнгөн давхарга зулгарч улайсан шархтай, биеийн байдал туйлын хүнд байсан учир сэхээний эмчид үзүүлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 134-135-р хуудас/

 

8.Гэрч Д.Цогбадрахын “Өчигдөр өдөр 12 цагийн үед Ням-Очир над руу ярьж танд Хаан банкны данс, карт байна уу? ээжээсээ мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж байсан. Би данс карт байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би түүнд эхнэр Ж.Мөнхбаярын Хаан банкны дансыг өгсөн юм.Тэгээд би түүнтэй эргээд ярихаар болж гэр хороолол руу явсан. Намайг гэр хорооллын эцсийн буудал дээр холбооны салбар дээр хүнтэй уулзаад явж байхад Ням- Очир залгаж Мөнхбаяр эгчийн картыг аваад хүрээд ир гэж Уурхайчин багийн 3-20-19 тоотод байдаг гэртээ дуудсан. Би Шанд багт байдаг “Миний гэр” цэцэрлэгээс эхнэр Мөнхбаярын Хаан банкны картыг аваад гэрт нь очсон. Намайг өдөр 14 цаг өнгөрч байхад очиход Ням-Очир өөр хүний картаар мөнгөө авчихсан байсан. Гэртээ ганцаараа байсан. Ням-Очир ээжээсээ 30 000 төгрөг шилжүүлж авсан чинь нөгөө хүн өртэй байж таараад 10 000 төгрөг АТМ машинаас гарч ирсэн гэж байсан. Тэгээд тэр виза карт өгсөн хүн нь Ням-Очирт 200 гр-тай Өргөө гэдэг 1 шил архи өгсөн, түүнийг нь ганцаараа уучихлаа гэсэн сууж байсан юм. Тэгээд нөгөө 10 000 төгрөгөөр нь Ням- Очир бид хоёр 0,75 литрийн 1 шил Ерөөл архи авч хувааж уусан. Энэ архийг би явж Ачит худалдааны төвөөс авч ирсэн юм. Ням-Очир гэртээ үлдсэн. Тэгээд 16 цагийн үед би түүний байрны урд дэлгүүрээс өөрийн мөнгөөр 1 шил 0,75л-ийн Ерөөл архи авсан. Ням- Очир гараагүй гэртээ л байж байсан. Хоёр дахь архийг уух гээд байж байхад гаднаас Кенежбай, Мөнх-Очир гэх хоёр залууг Ням-Очир намайг архинд гарсан хойгуур утсаар дуудсан байсан. Тэгээд 4-лээ нөгөө архиа хувааж уусан. Энэ архийг ууж дуусаад Ням-Очир Кенежбайтай манай эхнэрийн картанд хүнээс мөнгө хийлгэсэн гээд гараад явсан юм. Би Мөнх-Очиртой нь үлдсэн. Тэгээд тэр хоёр гаднаас 30-40 минутын дараа 2 шил 0,75л-ийн Ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд 4-лээ нөгөө хоёр архийг нь уусан.  Тэр сүүлийн хоёр архийг ууж байхад би унтаад өгсөн юм. Би 21 цаг 30 минутын орчимд унтаж байгаад сэрэхэд ганцаараа түүний гэрт байсан. Тэгээд Ням-Очир руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би гэрээс нь гарах гэсэн чинь гаднаас цоожилсон байсан. 22 цагийн үед гаднаас хаалга цохисон. 3-р микрийн цагдаа байна, хаалгаа гэж байсан. Би намайг гаднаас цоожилсон байна гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа Ням-Очирыг хүнд цохиулж, зодуулсан байна, 1-р давхарт хэвтэж байна гэж байсан. Би түүний халаасанд түлхүүрийг нь үз надад түлхүүр байхгүй гэж цагдаад хэлсэн. Цагдаа гаднаас хаалга онгойлгож орж ирсэн. Ням-Очирын халааснаас түлхүүрийг нь авсан байх. Тэгээд намайг дагуулаад доошоо буусан. 2 цагдаа ирсэн байсан. Ням-Очирынх 3 давхарт байдаг, арктай 1 өрөө байр юм. Буугаад очиход Ням-Очир толгойгоо орцны үүд рүү харуулаад хажуу талаар хэвтсэн байдалтай байсан. Уруул амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдсан, хөмсөгнийх нь дээд хэсгээс язарч цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 3 түүнийг гэрт нь өргөж оруулсан. Намайг очиход хурхираад байгаа мэт ухаангүй байсан. Цагдаа түүнийг сэрээх гэж хацар руу нь зөөлхөн гараараа алгадсан юм. Тэгсэн чинь уртаар амьсгаа аваад байсан, сэрэхгүй байсан. Гэрт нь ороод гэрийнх нь гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь буудаж унтарсан юм. Тэгээд цагдаа нар түргэн дуудсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан учир цагдаагийн хэлснээр эхнэрээ дуудсан юм. Тэгээд 2 цагдаа гараад явсан. Түргэний эмч орж ирэхэд 2 цагдаа хамт буцаж орж ирсэн. Тэгээд эмнэлэгт хүргэсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 136-137-р хуудас/

 

9.Гэрч К.Кенежбайгийн  “Мөнх-Очирын хамт өдөр 16 цагийн үед гэрээсээ гарч таксинд сууж 3-20 дугаар байранд талийгаачийн гэрт очсон. Талийгаачтай уулзахад тэрээр надтай хамт архи уух гэж л дуудсан юм байна лээ, юм асууна гэж байсан тэр нь худлаа байсан. Гэрт нь ороход тэр ганцаараа байсан. Ширээн дээр нь 200 гм-ийн жижиг архи байсан, мөн 0,75л-ийн архины хоосон шил байсан. Талийгаач нэлээн согтуу байсан. Гэрт нь ороод суух гэж байхад араас түүний найз Цогоо /Цогбадрах/ гэх залуу орж ирсэн. Талийгаач түүнийг нөгөө юм аа гаргаач гэсэн. Тэр 1 шил 0,75л-ийн архи авчихсан орж ирсэн юм. Тэгээд нөгөө архийг нь 4-лээ хувааж уусан. Тэр архийг дууссаны дараа Ням-Очир бид хоёр Цогоогоос түүнийг виза картыг нь аваад архинд гарсан юм. Талийгаач гэртээ байхдаа 6-р хороолол /микрт/ 6-11 дүгээр байранд байдаг Аянагуль гэдэг эмэгтэйтэй очиж уулзах хэрэгтэй байна гэж надаас машинтай таньдаг хүн байна уу? гэж асуусан юм. Би таксинд явдаг танил дүү Эрдэнэбаяр /99356316/ руу залгасан чинь эхнэрийнхээ машинтай явж байна гэж байсан. Би түүнд 6-р микр орж хүнтэй уулзаад буцаад 3-20-р байранд хүргээд өгчих гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэрээр эхнэрийнхээ машинтайгаа ганцаараа ирж талийгаач бид хоёрыг авсан юм. Орой 18 цагийн орчимд л байсан байх гэж бодож байна. Эрдэнэбаярыг ирэхэд талийгаач ГОК-ийн эмнэлэг сувилалын газрын хажуугийн АТМ-ийн машинаас 15 000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө нэг архи, нэг ундаа, тамхи авсан. 6-11-р байранд очиж Аянагультай утсаар ярьсан. Нөгөө эмэгтэй нь гарах завгүй, гарах арай болоогүй байна гэж хэллээ гэж талийгаач надад хэлсэн. Ингээд бид хоёр нөгөө машинаараа 3-20-р байранд хүргүүлсэн. Эрдэнэбаяр бид хоёрыг буулгаад явсан. Бид хоёр дээрхи нэг шил архийг байрны урдах дэлгүүрээс авсан юм. 0,75л-ийн Ерөөл архи авсан. Тэгээд гэр лүү нь ороход гэрт нь Мөнх-Очир Цогоо хоёр юу ч хийгээгүй сууж байсан. Бид хоёр гэрээс нь гараад барагцаагаар 20-30 минут явсан байх. Тэгээд гэрт нь ороод авч орсон нэг шил архинаас 4-лээ дээрээс нь 1, 1 хундага уусан талийгаач нэлээн согтоод ирсэн. Би нэмж архи уух сонирхолгүй байсан учир найз Мөнх-Очирыг аваад гэрээс нь гарсан. Түүний гэрт Цогоо, талийгаач хоёр үлдсэн. Талийгаач дэлгүүрээс сүүлийн архийг авах гэж явахдаа өөрийнхөө байрны урд ажил хийж байсан залуучуудын хажуугаар нь өнгөрөхдөө согтуурхаж мөрөлж, шүргэчих гээд байсан юм. Би түүнийг боль боль, тийм юм байхгүй шүү гэж хүнтэй маргалдуулахгүй гэсэндээ хориглосон.  Талийгаач мөн тэд нарт хандан хэрүүл өдсөн өнгө аястай үг хэлээд байсан болохоор нь түүнийг холдуулаад цааш нь түлхэж дэлгүүр рүү аваад орсон юм. Тэр залуучууд руу яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй, лав л хэрэлдчих гээд л байсан юм. Тэр залуучууд нь харин өөдөөс нь ямар нэг зүйл хэлээгүй, ажлаа хийж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 138- 139-р хуудас/

 

10.Гэрч Т.Баяржавхлангийн “Өчигдөр орой 19 цаг өнгөрч байсан байх, 3-20-р байрын гадна талд шороо зөөгөөд ажлаа хийгээд Даваасүрэн түрдэг тэрэг барьчихсан, би шороо хүрздээд байж байхад өндөр нуруутай, нүдний шилтэй нээх согтуу биш халамцуу байрын залуу өөрийнхөө орц руу орох гэж байхдаа бид хоёрт хандан хөөе ажлаа хий гэж хэлсэн юм. Тэгэхлээр би юу хэлээд байгаа юм бол гээд аан гэж хэлсэн юм. Тэгсэн чинь хүрээд ирсэн. Тэгснээ хүрч ирээд Даваасүрэнг хойноос нь бөгс рүү нь өшиглөсөн. Тэгэхлээр нь Даваасүрэн зөрүүлээд өөдөөс нь түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр өндөр залуу хойшоогоо дээшээ хараад толгойгоороо саваад байрын дундах хар засмал зам дээр унасан юм. Тэр залуу дээшээ харж унаад чимээгүй болчихсон юм. Би түүнийг очиж тэвэрч аваад дээш нь хоёр суганаас нь өргөж өндийлгөсөн чинь нэг амьсгаа авсан. Тэгээд түүнийг замаас холдуулъяа гээд өргөж орц руу оруулсан юм. Орц руу оруулахад түүнээс архи үнэртэж байсан. Тэгээд нэг давхарын айлыг цохиж таних хүн байгаа эсэхийг нь асуухад нэг эрэгтэй 6-7 насны хүүхэд гарч ирээд мэдэхгүй гэж байсан. Тэгээд түүнийг орцонд оруулж орхичихоод архи уучихаад архиндаа унтаад байгаа юм болов уу гэж бодоод жаахан унтаж байгаад сэргэх болов уу гэж бодоод үлдээсэн. Тэгээд ажлаа хийсэн юм. Тэгээд түүнийг яаж байна гэж бодоод би 1 удаа орж харсан. Зүгээр хурхираад унтаж байгаа мэт байж байсан. Цогоо 1 удаа очиж харсан. Тэгээд унтаж байна гэж байсан. Тэгээд орой ажил тарах болж захирал руу ярьж буулаа гэдгээ хэлээд миний бие ганцаараа гэр лүүгээ явахдаа замаараа дахиад 1 удаа харсан юм. Нөгөө орцондоо хажуу тийш налчихсан, хурхираад байгаа байдалтай байсан юм. Би түүнийг амьсгалаад унтаад байгаа байдалтай байсан болхоор нь гайгүй байх гэж бодоод явсан юм. Надаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Би гэртээ харьчихаад санаа зовоод 23 цаг өнгөрч байхад нөгөө орцондоо очиж нөгөө залууг харах гэж очсон. Тэгсэн чинь эмнэлэгийн машин ирээд зогсчихсон, түүнийг аваад явж байсан. Би Даваасүрэн, Цогоо хоёрын байрладаг 3-6-ийн подволь руу очих гээд явж байхад өөдөөс энэ хоёр гарч ирж таарсан юм. Тэгээд тэр хоёр болсон хэргийн талаар цагдаад мэдэгдэх гэж хэсгийн өрөө рүү орсон юм" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 140-141/

 

11.Гэрч Б.Түмэнцогтын “Тэр өдөр үдээс өмнө цас ороод ажлаа түр зогсоогоод байрандаа амарч байсан юм. Үдээс хойш гараад ирэхэд тэнгэр онгойсон байсан. Тэгээд 3-лаа зам хийх талбайгаа шороо асгаж тэгшлээд завгүй л ажиллаж байсан. Өдөр 15-16 цагийн үед Даваасүрэнд цохиулдаг залуу, өөрөөсөө гадна хоёр залуутай 3-19-р байрын голын орцны үүдэнд зогсч байгаад бид гурав руу хандан хөөе тар нар наад ажлаа хурдан хийгээч, юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ? гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу эрүүл саруул гэмээр зүгээр л зогсож байсан. Бид гурав тухайн үед нь ажлаа хийгээд маргааш нь цемэнт цутгана гэж байсан болохоор нэлээн шуурхай ажиллаж байсан. Мөн газар тэгшлэж давтдаг цохилттой давтагчийн бензин нь дуусчихсан, Даваасүрэн асаах гээд Жавхаа бид хоёр тамхи татчихсан зогсож байхад л тэр залуу тийм зүйл бид гуравт хандан 2-3 удаа хэлсэн юм. Бид гурав өөрсдийн хийх ёстой ажлаа мэдээд хийгээд л байж байсан юм. Тэгээд нөгөө залуу тэрнээс хойш өөрийнхөө 3-20-р байрын голын орцны үүдэнд гараад ирчихсэн, саяхан цагдаагийн газрын гадаа эхнэртэйгээ явж байсан нэг ахтай хамт зогсож байсан байх гэж бодож байна. Бас л та нар ажлаа хурдан хийгээч гэх мэтийн зүйл яриад л байсан. Мөн хөөе нааш ир гээд байсан. Тэгээд нөгөө залуу хэсэг тэр хавиар харагдахгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад орцноосоо ганцаараа гарч ирээд өөрийнхөө байрны хамгийн доод талын орц руу орж байгаа харагдсан. Ингэхдээ бид нарт ямар нэг зүйл хэлээгүй. Би тэр үед нь 3-20-р байрны урд талын дэлгүүрийн ар талд Жавхаа, Даваасүрэн хоёрын зөөж асгаж байсан шороог тэгшлээд зогсож байсан юм. Тэгснээ 5 орчим минутын дараа нөгөө залуу гараад ирсэн. Тэр залуу өөрийнхөө орцноос гарч ирэхдээ амаа цагаан өнгийн салфитка мэт зүйлээр дарчихсан л явж байсан юм. Тэгээд өөрийнхөө орц руу орох гэж явж байгаа байдалтай явж байсан, тэгэхдээ мөн хөөш та нарыг наад ажлаа хурдан хий гээд баигаа юм биш үү? гэж байсан. Түүнийг тэгж хэлж байхад нь Жавхаа, Даваасүрэн хоёр бараг анзаараа ч үгүй хоёулаа түүнээс буруу тийш харчихсан зогсож байсан. Тэгээд тэр залуу өөрийнхөө орц руу явж байснаа гэнэт явган хүний замаас хажуу, баруун тийшээ гараад өөрөөс нь холгүй шороо зөөх гээд шороо тэргэнд ачиж байсан Даваасүрэнг араас нь очоод өгзөг хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд авсан юм. Тэгэхээр нь Даваасүрэн эргэж хараад түүнийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуу арагшаагаа гулдгас хийгээд ар дагзаараа газарт унасан. Тэгээд Жавхаа, Даваасүрэн хоёр түүнийг өндийлгөөд тэвэрсэн байсан. Энэ үед нь тэр хавьд явж байсан нэг залуу хажууд нь ирсэн, тэгээд энд цагдаа байгаа шүү дээ цагдаад хэлээч гэж хэлчихээд өөрөө 3-20-р байрын доош утсаар яриад яваад өгсөн юм. Би цагдаагийн хэсгийн өрөө рүү очиж үзэхэд хүн байхгүй байсан. Намайг очиход Даваасүрэнд цохиулсан залуу нь ухаан алдчихсан, архи үнэртэж байсан. Мөн сэрэхгүй байсан. Тэгэхлээр нь Жавхаа, бид хоёр түүнийг орц руу оруулъя гээд түүнийг цохиулсандаа цохилт аваад мөн согтуудаа сэрэхгүй байна гэж бодоод орц руу оруулсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 142-143-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Даваасүрэн мэдүүлэхдээ “Ажил хийж байхад араас нэг хүн өшиглөхөөр нь өндийгөөд толгойгоо эрүүлээд харахад нүүр нь тулсан. Тэгэхээр нь цохичихсон чинь  нөгөө хүн уначихаад босохгүй байсан. Тэр хүнээс архи үнэртээд байхаар нь согтуу хүн байна гэж бодоод орцонд оруулж орхисон” гэв.

 

Хохирогч Б.Цэндсүрэн мэдүүлэхдээ “Гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс 4 000 000  төгрөгийг өгсөн. Нийт 19 483 000 төгрөг нэхэмжилсэн. Одоо үлдсэн мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал мэтгэлцэхдээ “Хохирогчийн биед гэмтэл учруулсан даруйдаа эмнэлэгийн тусламж үзүүлээгүйд хохирогч нар гомдолтой байдаг. Нэхэмжлэлийн шаардагыг хангаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг мэтгэлцэхдээ “Болсон үйл баримтын талаар маргахгүй боловч зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Н.Даваасүрэн нь санаатай хүний амь насыг хохироогоогүй. Түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэстэй. Хүн өөрийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах эрхтэй бөгөөд Н.Даваасүрэн нь араас нь хүн өшиглөхөд өндийгөөд хохирогч тулахаар нь цохисон. Түүний урд талд шороо зөөж байсан тэрэг байсан учир холдох зай авах боломжгүй байсан. Иймд Н.Даваасүрэнг аргагүй хамгаалат хийсэн гэж үзэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч санал дүгнэлтдээ “Н.Даваасүрэнгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхдаа Б.Ням-Очирыг нүүрэн тус газарт цохиж унаган бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулан, амь насыг хохироож, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Даваасүрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгч Н.Даваасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна. Аргагүй хамгаалалт нь амь нас, эрүүл мэндэд бодитой аюул учруулах үйлдэл эхэлсэн, уг үйлдэл нь дуусаагүй  байхыг шаарддаг. Амь хохирогч нь шүүгдэгч Н.Даваасүрэнгийн араас нэг удаа өшиглөсөн бөгөөд өөр үйлдэл хийгээгүй болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Амь хохирогчийн энэ үйлдэл нь Н.Даваасүрэнгийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Шүүгдэгч Н.Даваасүрэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдаж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 215 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хохирогч Б.Цэндсүрэн нь оршуулгын зардал, оршуулгын ажилд амь хохирогчийн ах болон хүүхдүүд ирж оролцсон нислэгийн зардал, сувилалд байрласан зардал, нотариатын хөлс нийт 19 483 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь шүүхийн шийдвэрээр амь хохирогч эхнэр хүүхэддээ төлөх ёстой байсан төлбөр 67 000 000  төгрөгийг нэхэмжилсэн байна. Хохирогч Б.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны тийз, сувилалд 2 хоног байрласан зардал, нотариатын хөлс зэрэг нь баримтаар хангалттай нотлогдоогүй, Б.Цэндсүрэн нь дээрхи зардлуудыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, оршуулгын зардал 11 513 728 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 4 000 000 төгрөгийг хасч 7 513 728 төгрөгийг шүүгдэгч Н.Даваасүрэнгээс гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар нараас ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт хавсарган үлдээж, амь хохирогч Б.Ням-Очирын ар гэрээс хүлээлгэн өгсөн малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур,  цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, шүүгдэгч Н.Даваасүрэнгээс хураан авсан цагаан малгай, цагаан пудволк хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгч Н.Даваасүрэнгийн хатаасан цус, ШША-наас авсан амь хохирогч Б.Ням-Очирын хатаасан цус зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

           

            Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнд 10 /арав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнд оногдуулсан 10 /арав/ жил, 1 /нэг/ хоногийн  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгээс 7 513 728 /долоон сая таван зуун арван гурван мянга долоон зуун хорин найм /төгрөг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнд олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт хавсарган үлдээж малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур, цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, цагаан малгай, цагаан путволка, хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгч Н.Даваасүрэнгийн хатаасан цус, ШША-наас авсан амь хохирогч Б.Ням-Очирын хатаасан цус зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Цэндсүрэн нь онгоцны зардал, сувилалын төлбөр, нотариатын хөлс, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь 67 сая төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

           

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                             Ц.АЛТАНГАДАС