Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 27

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М о” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ-ийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т , хариуцагч Ш.Д , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “М ” ХХК-нийн дэд дахирал Ж.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Н  нь манай компанид жолоочоор ажилладаг. Тэрээр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бие нь муудаж, “АДИӨ” III зэрэг, тархины цус харвалт, тархины ком” оноштойгоор Х аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Гэтэл Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБч Ш.Д  2019 оны 4 сарын 15-ны өдөр 21-06/028/56 дугаартай дүгнэлт гарган дээрх үйл явдлыг Үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл, холбогдох дүрмээр хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх эрхийг Осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисст олгосон байдаг. Улсын байцаагч нь зөвхөн гаргасан дүгнэлтийг хянах эрх хэмжээ олгосон байтал улсын байцаагч Ш.Д  нь өөрөө бие даан хурц хордлого тогтоосон нь хууль зөрчсөн байна.

Түүнчлэн Р.Н нь Х аймгийн БОЭТ, Улсын нэгдүгээр, гуравдугаар эмнэлэг, бусад хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тус тус тархины цус харвалтын оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байхад албан ёсны эмчлэгч байгууллагуудын оношоос зөрүүтэй байдлаар дүгнэсэн, түүнчлэн хурц хордлогод өртсөн нь хуулийн дагуу тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй байхад үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцон дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болсон байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М  ХХК нь Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ Ш.Д ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох эрхийг зөвхөн тухайн хуулийн этгээдийн орон тооны бус байнгын комисст олгосон. Энэ дагуу манай компани нь орон тооны бус байнгын комисс томилсон. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн бишийг тогтоох эрх нь зөвхөн энэ комисст байдаг. Хуулиар улсын байцаагчийн оролцоо юу вэ гэхээр хуулийнхаа дагуу танайх орон тооны комиссоо ажлуул гэсэн шаардлагыг тавих, энэ комиссоос гаргасан шийдвэрийг хянаад нэг бол баталгаажуулна, баталгаажуулахгүй бол дүгнэлт гаргах эрхтэй. Ш.Д  байцаагч хууль зөрчиж хурц хордлого хэмээн дүгнэлт гаргасан учир хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Хурц хордлого гэж тогтоосон ямар ч баримт энэ хавтас хэрэгт авагдаагүй. Б.Н г хурц хордсон гэж Ш.Д  байцаагч л бичсэн. Гэхдээ юунаас, яаж хордсон талаар дүгнэлтдээ юу ч бичээгүй. Р.Н  2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өвдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн бүх баримтуудаар хурц хордлого гэсэн ямар нэгэн онош тавигдаагүй. Р.Нэ ийн эмчлүүлсэн бүх эмнэлэг түүнийг тархины цус харвалт гэдэг оношоор эмчилсэн.

Маргаан бүхий актыг эс зөвшөөрч бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасан ба Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн. Уг хариунд “Р.Н хурц хордлогод орсон эсэх асуудлыг Засгийн газраас тогтоосон дүрмийн дагуу танай байгууллагын орон тооны бус комисс судалж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинжилгээгээр Р.Н н цусанд 17,3 хувийн угаар илэрсэн би түүнийг үндэслэж дүгнэлт гаргасан гэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинжилгээнд карбоксигемоглобин 17,3 хувьтай гарсан гэхдээ хаалтан дотор 0-20 байвал хэвийн гэж бичсэн байдаг. Р.Н  хүнд хортой нөхцөлд ажилласан жил нь цөөн буюу 2 жил 1 сар байгаа нь мэргэжлээс шалтгаалах химийн архаг хордлого гэж үзэх боломжгүй байна гэсэн дүгнэлт бичсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Р.Н  2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд цус харвалт гэсэн оношоор оношилсон. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтад урьдчилсан онош болон хордлого гэдэг ойлголт байхгүй. Р.Н ийн уушги нь J18 гэдэг оношоор эмчлэгдсэн. Энэ онош нь хатгаа уушгины үрэвсэл гэдэг онош юм. Р.Н  уушгинд нь асуудал байсан бол өвлийн улиралд хатгаа байснаа эмчлүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ Ш.Д  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үйлдвэрийн осол гэж Монгол улсын Засгийн газрын 2005 оны 269 дүгээр тогтоолын 2.1.1-д ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3-д салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгслээр явж байх үед гэж заасан байдаг. Р.Н  нь ... сумаас Х төв рүү ирэх замдаа өвдсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг баталгаажуулах” гэж заасан. Тухайн компанийн орон тооны бус комисс нь ажлаад манайд актаа ирүүлсэн бол би судлаад энэ осол мөн эсэхийг баталгаажуулах байсан. 29.4.2-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол Засгийн газрын тогтоолын 7.3-д заасан үүргийнхээ дагуу дүгнэлт гаргасан. Би энэ компанид утсаар ярьж мэдэгдэж байсан. Энэ хүн өвдсөн учир танайх ямар ч хамаагүй акт гаргах ёстой гээд “М ” ХХК-д шаардлага тавьсны үндсэн дээр дэд захирлын манайх ослын актыг нөхөн гаргах боломжгүй гэсэн албан тоотыг ирүүлсэн. Үүний дараа манайх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв рүү албан бичиг явуулаад 201 гэсэн албан бичиг ирсэн.

Энэ албан бичгийн хамгийн сүүлийнх дээр ажлын байранд угаартах нөхцөл бүрдүүлсэн ба цаашид үйлдвэрийн осол буюу угаарын хийн хордлогыг судалж шийдвэрлүүлэх саналтай байна гэсэн байгаа. Хурц хордлого гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинжилгээгээр батлагдсан гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр над руу яриад өнөөдрийн угаар арай хэтэрчихлээ гэж хэлж байсан. Ингээд уг өдрөө аймагт бохир буулгахаар ирээд толгой өвдөөд байна гээд 103 дээр очсон байсан. Яасан бэ гэсэн чинь би угаараас болоод машинаа хаячихаад ирлээ гэсэн. Намайг орж ирэхэд монтел, витамин С зэрэг тариа хийж байсан. Дусал хийгээд эхэлж байх үед надтай ярьж байгаад дусал дуусах үед ухаан алдаад уначихсан. Сэхээний тасагт оруулахад Т.Энхцэцэг эмч хүлээж аваад урьдчилсан байдлаар харвалт гэж хэлсэн. Хиймэл амьсгаа хийгээгүй, хүчил төрөгч өгсөн. Хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд сэхээний онош урьдчилсан байдлаар I60 буюу аалзан хальсан доорх харвалт гэж оношилсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн томографи эвдэрсэн учир “Ач заяа” эмнэлэгт томографи хийлгэсэн.

Томографийн зурган дээр харвалтгүй гэсэн онош гарсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмч нар нугасны усны шингэн авахад хэмжээ нь 1002, өнгөгүй тунгалаг, хольцгүй, хувийн жин 1015, уураг +15, мегавити эрүүл гэж гарсан.

Эмч энэ хүн харвалтгүй байна та нарын хэлээд байгаагаар угаарын хий учир угаарыг нь эмчлүүл гэсэн. Манай аймагт угаарын хий хэмждэг газар байдаггүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 4 цагийн үед мэдрэлийн эмч Эрдэнэцэцэг үзэх үед Р.Н  хариу урвал үзүүлээд хөл гараа хөдөлгөөд гайгүй байсан. Хоёр дахь өдрөөс нь муудаад гурав дахь өдрийн орой бие нь улам муудаад хиймэл амьсгаа хийсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “М ” ХХК-нд мэдэгдээд мэдрэлийн эмч авч ирье гэдэг санал хэлсэн. 7 хоногийн дараа Улаанбаатар хотоос Түмэндэмбэрэл эмч ирээд зургийг хараад харвалт биш дахин нугасны ус авъя гээд дахин авахад нугасны усны хариу мөн л дээрхтэй адил гарсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах дээр томографид ороход амьсгал, цус судсыг дарангуйлсан гүүрний харвалт гэж оношилсон. Тэр орой эмгэг мэдрэлийн тасагт хэвтэж тархи, уушгины емрад орсон. Бид бүх шинжилгээнүүдийг  өгсөн. 1 дүгээр эмнэлгийн шинжилгээ I61 гэж онош гарсан. Манай нөхөр элэгний  В, С вирусгүй. Хүний элэгний алад, асадын хэмжээ 40-41 байх ёстой байтал Б.Нэ н алад нь 224, асад 278-тай байсан. Энэ нь хавтаст хэргийн 92-р хуудсанд байгаа.

Энэ шинжилгээнүүдийг үндэслээд уушги нь хоёр талдаа гэмтэлгүй, амьсгаа буурсан токсический гепатит гэсэн онош тавьсан. Энэ ямар онош вэ гэсэн чинь элэг их хордолттой байна гээд 1 дүгээр эмнэлгийн сэхээнд орсон. Амьсгал бүрэн дүүрэн хүчил төрөгч авч чадахгүй учраас амьсгалыг дарангуйлсан харвалт болсон байсан. Сэхээнд 10 хоног хэвтээд 3 дугаар эмнэлэгт очиж уушгины тасагт хэвтээд үзүүлэхэд уушги нь үүсгэгч тодорхойгүй өвдсөн байна гэсэн. Дараа нь эмгэг мэдрэлийн тасагт хэвтэж шинжилгээ хийж явсаар байтал уушгины асад буураад ирсэн. Тэгээд харвалтын тасагт хэвтсэн. 2019 оны 02 сарын 01-ний өдөр “М ” ХХК-д өргөдлөө өгсөн. Ж.Т д учраа хэлсэн боловч надад бичиг хийж өгөөгүй. Тиймээс хувиараа мөнгө төлөөд Хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах үндэсний хүрээлэнд очиж цусны шинжилгээ өгсөн. Хүний цусанд угаарын хий байх ёсгүй гэтэл Б.Н н цусанд 17,3-тай угаар илэрсний улмаас харвалт өгсөн байсан. Бүх зүйл хуулийн журмынхаа дагуу явагдаад ийм дүгнэлт гарсныг энэ компани үгүйсгээд байна.

Үйлдвэрлэлийн ослын актыг гаргаад өгчихвөл татвар, даатгалаас авах ёстой зүйлээ аваад дараагийн эмчилгээгээ хийлгээд явмаар байна гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд ажлын байрандаа угаартаж эмнэлэгт хүргэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Компанийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 230/16 дугаар тушаалаар Р.Н  бохирын машины жолоочоор томилсон. Бохирын машин барина гэдэг бол хортой нөхцөлд ордог ажлын байр. Ажлын байрны нөхцөл тодорхойлолт байхгүй учир хортой нөхцөлийг тодорхойлох боломжгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны 221 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Энэ баримтаар хүний цусанд байх ёсгүй хор байгаа юм. “М ” ХХК хариуцлага хүлээх ёстой. Мэргэжлийн хяналтын дүгнэлт хууль ёсны дагуу гарсан.  Дэд захирал Ж.О үйлдвэрийн осол гэж тогтоох боломжгүй, Р.Н  нь харвалт өгсөн байна гэж хариу өгсөн. Эмнэлгийн бүх шинжилгээ оношуудаар угаартсан буюу хурц хордлогод орсон байна гэдэг нь тогтоогдсон.

Т.Энхцэцэг эмч угаартсаны улмаас харвалт үүссэн гэж мэдүүлсэн. Харвалт бол янз бүрийн байдлаас нөлөөлж болдог. Р.Н  өвчний карт хавтаст хэрэгт авагдсан. Бохирын жолооч нь хүнд нөхцөлд ажилладаг. Шээсний шинжилгээнээс харахад хүнд хортой нөхцөлд ажилласан байгаа нь харагдаж байна. Хүнд хортой нөхцөл нь ажилласан хугацаанаас шалтгаалахгүйгээр биед хор нь хуримтлагдаад архаг хордлогын нөхцөл нь бий болдог. Эхлээд Р.Н  нь эмнэлэгт хэвтэж хордлогоо тайлуулсан. Хордлогоо эмчлүүлсний дараа шээс болон цусны шинжилгээг өгсөн. Шээс болон цусны шинжилгээ нь он дамжаад өөр өөр гардаг.

Бид үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гээд “М ” ХХК-иас мөнгө нэхэмжлэхгүй. Харин нийгмийн даатгалаас эрүүл мэндтэй холбоотой тэтгэмжүүдээ гаргуулмаар байна. Муу усны бохирын машины жолоочид өдөр болгон аюулгүй ажиллагааны зөвлөгөөг өгөх ёстой. Гэтэл ерөөсөө тийм зүйл байхгүй. Төрийн хяналт шалгалтын хуулинд улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гаргах эрхийг заагаад өгчихсөн байгаа.

Хариуцагч нь гаргасан дүгнэлтээ эмнэлгийн эмч нарын шинжилгээнд үндэслэж хууль ёсны дагуу гаргасан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалт хийхдээ хяналтын хуудсаа өгөөд шалгалтаа хууль ёсны дагуу хийсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М ” ХХК нь Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ-ийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн “М”  ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Р.Н нь анх  “М” ХХК-ны захирлын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СД/169/14 дугаар тушаалаар  уурхайд жолоочоор томилогдон улмаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 230/16 дугаар тушаалаар жолоочийн албан тушаалаас чөлөөлөгдөж,  мөн өдрөөс бохирын машины жолоочоор томилогджээ.

Тус компаны бохирын машины жолооч Р.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал нь муудаж Х аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвийн “Яаралтай тусламжийн тасаг”-т өөрийн биеэр ирж үзүүлж эмнэлгийн тусламж, эмчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ж.Нямсүрэнгийн “...2018 оны 12 дугаар сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө 7:20 гээд бид ажилдаа гарч, өглөөний хуралд орж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурчихаад ажилдаа гарсан. Тэгээд 9 цаг өнгөрөөд аймаг руу бохирын ачаагаа буулгахаар явсан. Тэр өдрийн орой 16 цагийн үед Онцгой байдлын доод талд байрлах бохирын цооногт бохироо буулгахаар бэлдэж байсан юм. Гэтэл Ч.Н  нь бие сонин болоод байна, толгой өвдөөд байна эмнэлэг явмаар байна гэхээр нь би таксинд суулгаж өгөөд эмнэлэг рүү явуулсан юм...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Яаралтай тусламжийн хуудас”-т үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. 

Улмаар Р.Н н  эхнэр Р.Х  нь “М ” ХХК-д Үйлвэрлэлийн осол, хурц хордогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын акт гаргаж өгөх талаар хүсэлтийг, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт компаны холбогдох ажилтанд мэдэгдэж  ослын актыг гаргуулах талаарх хүсэлтүүдийг гаргасан ба  тус компаны зүгээс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 дугаар албан бичгээр “...Таны хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмчийн дүгнэлт нь Р.Н г ажлын  байран дээрээ осолдож, ухаан алдсан гэх ташаа мэдээлэлд үндэслэсэн байх  бөгөөд энэ нь бодит байдлаас зөрүүтэй байх тул ослын акт нөхөн гаргах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгч  албан бичгийн хариуг мөн Х аймгийн МХГ-т хүргүүлсэн байна. 

Гуравдагч этгээд Р.Н н эхнэр Б.Х ийн гаргасан өргөдлийн дагуу Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ Ш.Д нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулжээ.

Ингээд  улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Үйлдвэрлэлийн хурц хордлогод  тооцох тухай” 21-06/028/56  дүгнэлтээр Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хорлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, 2.1.1, 5.2.1, 7.3 дахь заалт, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн 101 тоот албан бичгийг үндэслэн “Мо Эн Ко” ХХК-ны бохирын машины жолооч ажилтай Р.Н ийн цусанд карбоксигемоглобин-17.3 хувь илэрсэн учир үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох нь зүйтэй гэж тогтоосон.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг  ойлгоно гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна, 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулахаар заасан.

Гэвч “М ” ХХК нь  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 дугаар албан бичгээр “...Таны хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмчийн дүгнэлт нь Р.Н ажлын  байран дээрээ осолдож, ухаан алдсан гэх ташаа мэдээлэлд үндэслэсэн байх  бөгөөд энэ нь бодит байдлаас зөрүүтэй байх тул ослын акт нөхөн гаргах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж хариу хүргүүлсэн нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр  байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж заасан ба “М ” ХХК-ныг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж иргэн Б.Х нь  аймгийн Мэргэжлийн хяналтын газар хандсан.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.2-д Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.2.5-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж хуульчилсан. 

Дээрхээс үзвэл  “М ” ХХК нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Р.Н  хурц хордлогод тооцох эсэхэд  дүгнэлт гаргах эрхийг  хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна.

Харин хариуцагч  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.3 Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана, 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах гэсэн хуулийн заалтаар дүгнэлт гаргах эрхтэй гэж маргах боловч дээрх хуулийн заалт нь  ажил олгогчийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын гаргасан дүгнэлтийг хянаж, ослын акт, дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд  дүгнэлт гаргах эрхтэй заалт  байх тул хариуцагчийн дээрх хуулийн заалтаар дүгнэлт гаргах эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын гаргасан дүгнэлтийг хянаж,  ослын акт дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд  ажил олгогчийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд  хяналт шалгалт хийж хурц хордлогын дүгнэлт гаргах   эрхтэй албан тушаалтан биш байна.

Мөн Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд  хуулийн 33.3.2-д ажлын байрын хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах,  33.3.9-д мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцөлийн талаар санал, дүгнэлт гаргах  бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хурц хордлогын дүгнэлт гаргах бүрэн эрхийг хөдөлмөрийн  эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид олгоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий захиргааны актыг  гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан байх тул нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар “Үйлдвэрлэлийн хурц хордлогын  тухай” дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, Х аймгийн МХГ-ын ХөЭАХУБ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар “Үйлдвэрлэлийн хурц хордлогын  тухай” дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  дүгээр зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  /Х аймгийн Мэргэжлийн хяналтын газраас/ 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ