Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2018/01592/И |
Дугаар | 001/ХТ2019/00065 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2019/00065
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1854 дүгээр магадлалтай
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Ц” ТӨХК-д холбогдох
“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 89 315 950 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямсамбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь “ЦДҮС” ТӨХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн Говийн бүсийн салбарын барилгын засварын ажлыг гүйцэтгэх 209 652 043 төгрөгийн үнийн дүн бүхий №Т-2015/07 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд “И” ХХК нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг үндэслэн нийт 131 985 999 төгрөгийг авсан. Үлдэгдэл 77 666 044 төгрөг нь захиалагч тал ажлыг хүлээн авч гэрээг дүгнэснээр олгогдох ёстой. Гэвч “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 06-ны өдрийн албан бичгээр холбогдох дүгнэлтүүд, хяналтын байгууллагын шийдвэрүүдийг эцэслэн гартал уг барилгын засварын ажлыг хүлээн авах, санхүүжилт хийх боломжгүй гэсэн байдаг. Хариуцагч “ЦДҮС” ТӨХК нь Иргэний хуулийн 343.1, 351.1.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байтал хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр ажлыг хүлээн авах, гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Манай компани нь уг ажлыг банкнаас зээл авч хэрэгжүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг өөрийн компанийн бусад орлогоор барагдуулж байна. Мөн энэ хугацаанд барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан зэргээр манай компанид хохирол учруулаад байна. Иймд манай компанийн зүгээс хариуцагч “ЦДҮС” ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 77 666 044 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 11 499 066 төгрөг, нийт 89 315 950 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь 2015 онд “Говийн тэнгэр” ХХК-иас 300 000 000 төгрөгөөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод байрлах 1200 м.кв талбай бүхий объектыг худалдан авч, “Алтай бригад” ХХК-тай уг барилгын халаалтын зуух инженерийн шугам сүлжээний ажлыг 149 537 094 төгрөгөөр, “И” ХХК-тай барилгын гадна фасад, буулгалт, дотор засал, цонх хаалга солих ажлыг 209 652 043 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан байна. Тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Ж.Равдандорж нь нэхэмжлэгч “И” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэрээг байгуулаад маргааш нь буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа халагдсан байна. Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь “Говийн тэнгэр” ХХК-иас тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр үнээр дээрх объектыг шууд гэрээгээр худалдан авч, мөн тэр объектдоо их хэмжээний үнийн дүнтэй засвар хийлгэхээр гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илт зөрчсөн, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэ хэргийг шалгаж дуусах хүртэл “И” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээнд гүйцэтгэсэн ажлыг хоёр талаасаа акт үйлдэж хүлээлгэн өгөх талаар тохиролцсон байдаг. Гэтэл манай байгууллагад хэрэгт ирүүлсэн байгаа акт ирээгүй, уг актад гарын үсэг зураагүй тул ажлаа дуусгаж өгөөгүй, уг ажлын гүйцэтгэл нь манай тайлан балансад тусгагдаагүй. Иймд нэхэмжлэгч нь засварын ажлыг хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, мөн ямар үндэслэлээр алданги шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ТӨХК-иас 77 666 044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11 499 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦДҮС” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 546 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1854 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямсамбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “И" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Ц" ТӨХК-д холбогдох иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01615 дугаартай шийдвэрийг гардан авч, судалж үзээд ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийг баримтлан энэхүү гомдлыг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 1854 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрөн гаргаж байна. Үүнд:
Нэг: Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн тухайд:
1. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан "... ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг хүлээн.” гэснийг үндэслээд нэхэмжлэгчээс 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ажил хүлээлцэж гэрээ дүгнэсэн актыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн гэрээ дүгнэсэн акт гэх зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэгтэй баримтыг гэрээг дүгнэсэн акт гэж үнэлсэн байна. Яагаад гэрээ дүгнэсэн акт нь нэг талын гарын үсэгтэй байгааг нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагч талыг ажлаа хүлээн авахаас татгалзаж, гэрээг дүгнэх актыг хүлээн аваагүй гэсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Талуудын байгуулсан 2015 оны Т-2015/07 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд зааснаар албан бичиг солилцохдоо тухайн байгууллагын хаягаар солилцохоор тохиролцсон байгаа. /хх-ийн 10-р хуудас/ Нэхэмжлэгч талаас хариуцагчид хандаж ажил хүлээлгэж өгөх эсхүл гзрээ дүгнэсэн актыг ирүүлж байсан баримт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч талыг ажлын үр дүнг хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн ам тайлбарыг шүүх үнэлсэн байна. Хариуцагч ажлын гүйцэтгэл дутуу, гэрээ дүгнэсэн акт байхгүй байна гэж маргаж байхад шүүх хариуцагчийг ажил хүлээж авахаас татгалзсан, гэрээ дүгнэсэн актанд гарын үсэг зурахгүй гэсэн зөвхөн нэхэмжлэгчийн ам тайлбарыг үнэлж гэрээ дүгнэсэн актыг шүүхэд ирүүлсэн гэж дүгнэж байгаа нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шударга бус шийдвэр байна.
2. Шүүхийн шийдвэрийн бас нэг үндэслэл нь нэхэмжлэгчийг хавтаст хэрэгт барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлийг мэргэшсэн төсөвчнөөр дүгнэлт гаргуулан ирүүлсэн байна гэжээ. Мэргэшсэн төсөвчний дүгнэлт гэх /хх-ийн 13-19 хуудас/-ийг судалж үзэхэд уг барилгын заслыг бүрэн хийж дуусгасныг нотлох дүгнэлт биш, харин барилгын заслын төсөвт өртөг байх бөгөөд хэзээ хийгдсэн сар өдөр нь ч тодорхой бус байна. Мөн уг төсвийг гэрээний ерөнхий төсөвтэй нийцэж байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтаас тодорхойлох боломжгүй байхад шүүх нотлох баримтаар буруу үнэлсэн.
3. Талуудын байгуулсан гэрээний дунд шатны гүйцэтгэлийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дүгнэж 131 985 999 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /хх-ийн 12-р хуудас/. Өөрөөр хэлбэл гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөх хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байтал зөвхөн дунд шатны гүйцэтгэлийг гэрээт ажлыг дуусгах хугацаанаас 2 сарын дараа дүгнэж санхүүжүүлсэн байна. Үүнээс харахад хариуцагчаас үл хамааран нэхэмжлэгч хугацаа хоцорч гэрээт ажлыг гүйцэтгэж байсан нь харагдаж байх бөгөөд өнөөдөр ч уг ажлыг бүрэн хийж дууссан эсэх нь хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагдахгүй байна. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ажил хүлээлгэж өгөх үеийн фото зургуудыг ирүүлсэн нь засвар хийх үеийн зураг байх бөгөөд бүтэн гүйцэтгэл байхгүй харагдаж байгаа нь өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байгааг харуулж байна./хх-ийн 20-33 дугаар хуудас/.
Мөн Иргэний хуулийн 350.1.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээт ажлаа бүрэн хийж дуусгасан гэдгээ хангалттай нотлоогүй байхад шүүх ажлыг бүрэн гүйцэтгэсэнд тооцож буруу шийдвэр гаргасан.
Хоёр: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1854 дугаартай магадлалд:
“Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч ажлын үр дүнг хүлээн авах хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэжээ. Гэтэл хэрэгт ажил гүйцэтгэгч нь ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгасан гэсэн нотлох баримт, захиалагч ажлаа хүлээн авахаас татгалзсан гэсэн нотлох баримтууд байхгүй байхад нэхэмжлэгчийн ам тайлбарыг үнэлж шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Мөн энэ асуудлыг тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Равдандоржтой холбогдуулан шалгаж байгаа талаарх тайлбарыг анхан шатны шүүхэд гарган өгч, Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ хэрэг шалгагдаж байгаа талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч давж заалдах эрхгүйгээр энэ хүсэлтийг хангахгүй орхисон нь шударга бус байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудал давхар шалгагдаж байгаа нотлох баримтыг гаргуулсан бол шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудалтай холбогдуулан гаргасан тайлбар болон хүсэлтийг энэ нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож, ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг ирүүлсэн байна гэжээ. Гэтэл гэрэл зурагнуудаас харахад эсрэгээрээ барилгын заслын ажил дуусаагүй гэдэг нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл зурагнаас бүрэн гүйцэтгэлтэй ажил харагдахгүй байна. Энэ зурагнууд нь эсрэгээрээ хариуцагч талын ч нотлох баримт болж байна.
Нэхэмжлэлийн үнийн дүнгийн үнэн зөвийг хянаагүй шийдвэрлэсэн талаар гомдол гаргахад давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөл нь гарын үсэг зурагдаагүй тул тохиролцсон гэж үзэхгүй гэжээ. Гэтэл энэ тусгай нөхцөл нь гэрээний нэг хуудас байх бөгөөд бусад хуудас нь мөн л гарын үсэг зурагдаагүй байхад шүүх үнэлсэн байгаа нь илт шударга бус байна.
Энэ компани барилгын засварын ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүйгээс өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгааг анхаарах хэрэгтэй.
Дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн үндсэн шаардлагыг хангаагүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан юм.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, тус компанийн эрх ашгийг хохироож, хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр гаргасан тул хэргийг дахин нарийн хянан шалгаж, нотлох баримт нэг бүрийг судлан шинжилж, үнэн бодитой шийдвэрлүүлэх үүднээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“И” ХХК нь “Ц” ТӨХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 89 315 950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талууд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “ЦДҮС” ТӨХК-ийн ГБС-ын барилгын засварын “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “И” ХХК нь барилгын гадна фасад, буулгалт, дотор засал, цонх, хаалга солих ажил, үйлчилгээг 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор гүйцэтгэж дуусгах, захиалагч “Ц” ТӨХК нь гүйцэтгэгчийн тендерт ирүүлсэн үнэ 209 652 043 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Гүйцэтгэгч засварын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дуусгасан, захиалагч ажлыг хүлээж аваагүй, гэрээний үлдэгдэл 77 666 044 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй ба хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол 351.2.-т зааснаар ажлыг хүлээн авсанд тооцох тул гүйцэтгэгч гэрээний үлдэгдэл хөлсийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...тухайн үед гүйцэтгэх захирал байсан Ж.Равдандорж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, зах зээлийн ханшаас өндөр үнээр объект худалдан авч, тэр объектдоо их хэмжээний үнээр засвар хийлгэхээр гэрээ байгуулсан, энэ үндэслэлээр Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа...” гэж тайлбарлан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримт, ажлын гүйцэтгэлийн талаар мэтгэлцээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул тус хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа байдал нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй.
Түүнчлэн гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, засварын ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаагүйгээс өнөөдрийг хүртэл тухайн барилгыг ашиглах боломжгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргах боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, ажлын үр дүнгийн доголдлын талаар болон гэрээний үүргийг зөрчсөн талаар захиалагч нь гүйцэтгэгчид ямар нэг шаардлага хүргүүлж, мэдэгдэж байсан, захиалагч барилгыг ашиглаагүйг нотлосон баримтгүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1854 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямсамбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546 280 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД