Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2019/0233/З |
Дугаар | 221/МА2023/0355 |
Огноо | 2023-05-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0355
2023 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2023/0355 | Улаанбаатар хот |
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Г.Б нар
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Гуравдагч этгээд: “Д” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 8*дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/2* тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О,
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, М.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2019/0233/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 8*дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/2* тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Тогтоох хэсгийн
1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/2* тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 78 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 8*дугаар тогтоолыг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*тоот захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтуудыг хариуцагч байгууллагуудаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо:
3.1. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсгийг зөрчиж уг шийдвэрийг гаргасан гэж үзэж болохоор байна. ... шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Учир нь дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 749 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар “Ө” НӨҮГ-ыг татан буулгаж, “Д” ХХК хамтарсан компани байгуулах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8*дугаар тогтоолоор нийслэл өөрийн өмчийг бүртгэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна” /шүүхийн шийдвэрийн 10 дахь хуудас/ гэж дурдсан байна. Гэтэл тус маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8*дугаар тогтоолын үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлал байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8*дугаар тогтоолыг гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг анхаарах нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг зааж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 8*дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20/2* дүгээр жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*дугаар захирамжийн 1 дүгээр заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй буюу тогтоогдохгүй байна. Энэ асуудалд анхан шатны шүүхээс дээрх шийдвэрүүд нь хууль ёсны эсэх, хууль бус захиргааны акт эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна
3.3. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэж эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхаарах нь зүйтэй. Түүнээс биш нэхэмжлэгч анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан “Учир нь дээр дурдсан магадлалаар “Д” ХХК-ийг байгуулах үндэслэл болсон шийдвэрүүдийг хүчингүй болгон улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Ө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан “Ө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, хэвийн үйл ажиллагааг хангах, хөрөнгө хүлээн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасан байх боловч энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаагүй, тодруулбал гуравдагч этгээд “Д” ХХК-нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр ... энэ асуудлын талаар буюу улсын бүртгэлтэй холбоотой, бүртгэл хэвээрээ байгаа гэдэг ч юм уу энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, маргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн өмнөөс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн дүгнэлт өгч шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.4. Энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан улсын бүртгэлтэй холбоотой асуудал бол хариуцагчаас өөрөөс шалтгаалах асуудал буюу хариуцагч байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал юм. Улсын бүртгэлийн асуудал нь өөрөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 8*дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20/2* дүгээр жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*дугаар захирамжийн 1 дүгээр заалт нь хууль бус эсэхтэй хамааралгүй гэж үзэж байна.
3.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар нэхэмжлэл гаргаагүйг анхаарах нь зүйтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/Ш2023/0156 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:
4.1. Уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2023/0156 дугаартай шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8*дугаар тогтоолыг хариуцагч байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3.5-д ... “Д” ХХК-ийг байгуулах үндэслэл болсон шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8*дугаар тогтоолоор нийслэл өөрийн өмчийг бүртгэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь “Д” хамтарсан ХХК байгуулж “Ө зочид буудал” НӨҮГ-ын 453,750,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2012 оны 326 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2012 оны 749 дугаар тогтоолоор, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх 2012 оны 775 дугаар тогтоолоор тус тус дүгнэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.1, 77.2-т заасан эрхийн хүрээнд өмчийг бүртгэж авсан.
4.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд өмчлөгчийн эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэн 2013 онд “Ө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагаа сэргээх тухай” 90 дугаар тогтоол, 2018 онд “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 8*дугаар тогтоол, “Жагсаалт батлах тухай” 20/2* дүгээр тогтоолыг тус тус батлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өмчлөлийн удирдлага хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг даалгавар өгсөн байдаг. Өөрөөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал акт гаргах үндэслэлгүй байхад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3.10-д “...шийдвэр гаргахаас өмнө хэрэгжүүлэх ёстой байсан процесс чухам хэрхэн явагдсан талаар тайлбарлаж чадаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлийн хувьд,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэн 2013 оны 90 дугаар тогтоолоор Ө зочид буудал НӨҮГ-ийн үйл ажиллагааг сэргээхийг Нийслэлийн Засаг дарга /Э.Бат-Үүл/-д даалгасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2014 оны Б/21 дүгээр захирамжаар комисс байгуулан ажиллаж холбогдох уулзалт, хөрөнгийн үнэлгээ зэргийг хийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл танилцуулсны үндсэн дээр 8*дугаар тогтоол гарч дээрх хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээж авах зэрэг ажлыг зохион байгуулахаар ажиллаж байхад “Х” ХХК-аас шүүхэд маргаан үүсгэж, улмаар шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2019/7247 дугаар захирамжаар 8*дугаар тогтоол болон холбогдох бусад актын биелэлтийг түдгэлзүүлсэн болно.
4.5. “Х” ХХК-аас холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ дээрх актыг Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тайлбарладаг бөгөөд Ө зочид буудлын хөрөнгийн бүртгэлийн процесс ажиллагаатай маргадаггүй. Гэтэл шүүх бүртгэлийн процесс ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүхээс “...төрийн захиргааны байгууллагын шийдвэр хоорондоо зөрчилтэй, дүрмийн санд бүртгэлтэй өмч хөрөнгийг шууд нийслэлийн өмчийн зүйл хэмээн үзсэн нь ойлгомжгүй, ...нэгэнт тухайн үедээ хууль ёсны дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэж өмч хөрөнгийг нь буцаан авахдаа хуульд заасан журмын дагуу бүртгэлээс хасуулсны үндсэн дээр нийслэл өөрийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үндэслэлээр бүртгэх авах ёстой байжээ. ...хариуцагч шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь зөв боловч хуульд заасан холбогдох ажиллагаа хийгээгүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн, уг шийдвэр нь үндэслэл бүхий болжээ.
3. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 749 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар “Шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар “Ө” НӨҮГ-ыг татан буулгаж, “Д” хамтарсан компани байгуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга Ц.Б-ын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай” гэх өөрчлөлт оруулжээ.
3.2. Дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон;
-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 188 дугаар тогтоолоор нийслэлийн өмчийн 25 хувь, “Х” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Ц.Б/-д зөвшөөрөл олгосон, нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан компани байгуулагдсантай холбогдуулан “Ө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасан,
-эл тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжаар нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан компани байгуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт зөвшөөрч, “Ө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасан байх бөгөөд холбогдох гэрээ, дүрмийг баталсан шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.
3.3. Үүнээс үзвэл, шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;” гэсэн эрхийн хамгаалалтын зохицуулалтыг баримтлан хууль болон журам зөрчиж гарсан дээрх нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар Захирамжийг тус тус хүчингүй болгосон, харин нэхэмжлэгч болон нийслэлийн өмчийн оролцоотой байгуулсан “Д” ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаагүй байна.
4. Түүнчлэн, Компанийн тухай хууль /2007 оны/-ийн дагуу нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан “Д“ ХХК нь үүсгэн байгуулагдсан 2007 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцож байсан байх бөгөөд хариуцагч нарын зүгээс 2012 онд Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүд гарч хүчин төгөлдөр болсноос хойш 2018-2019 онд нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан бүхий актуудыг гаргахдаа дараах хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг гүйцэтгээгүй байна. Тухайлбал,
4.1. Компанийн тухай хууль /2011 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Иргэний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, 32.3, 32.4, 32.11, 32.12-д тус тус заасан хуулийн зохицуулалтын дагуу нийслэлийн өмчийн оролцоотой “Д” ХХК-ийг эрх бүхий этгээд татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комисс томилон, компанийн өр төлбөрийг барагдуулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэн, компанийг татан буулгасан талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэн, бүртгэлээс хасуулж, нийтэд мэдээлэх ажиллагааг өнөөг хүртэл огт хийгээгүй байна.
4.2. Компанийн тухай хууль /2007 оны/-ийн 15-17 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК болон Нийслэлийн өмчийн харилцааны газар хамтарсан “Д” ХХК-ийг үүсгэх байгуулах шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон /1-р хх-ийн 17-23 дахь тал/, компанийн дүрэм баталж, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр, санхүүгийн тайлан тэнцлээ гаргаж дүрэмд заасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн байх тул хамтарсан компанийг татан буулгах тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт үйлчилнэ.
4.3. Үүнээс үзвэл, хариуцагчаас хамтарсан компани байгуулахад оруулсан өмч хөрөнгөө буцаан авахдаа дээрх хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна.
5. Анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хариуцагчаас дахин шинэ захиргааны акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий актууд болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмч бүртгэх тухай” 8*тогтоолыг болон нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*тоот захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Харин шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/2* дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг захиргааны актын зургаан шинжийг хангаагүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
7. Учир нь уг тогтоолын агуулгаас үзвэл, нийслэлийн өмчийн харилцааны газраас 2019 онд хувьчлах арга хэлбэрийг судалж, тодорхойлсон эд хөрөнгөд буюу хувьчлах жагсаалтад “Ө зочид буудал”-ын барилгыг оруулсан байгаа нь тухайн захиргааны байгууллагын дотоод хүрээнд биш хамтарсан компани болох “Д” ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тухайн этгээдүүдэд шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул энэхүү тогтоолыг дотогшоо чиглэсэн захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.
8. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлууд буюу маргаан бүхий актуудыг шүүхээс түдгэлзүүлсэн тул уг актуудтай шууд хамааралтай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/2* дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг мөн адил хугацаагаар түдгэлзүүлж, анхан шүүхийн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0156 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1,3, 78 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Компанийн тухай хууль /2011 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмч бүртгэх тухай” 8*тогтоолыг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/2* дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/4*дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтуудыг хариуцагч байгууллагуудаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, шийдвэрийн Тогтоох нь хэсгийн “2, 3, 4, 5” гэсэн дугаарыг “1, 2, 3, 4” гэж тус тус өөрчилж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА