Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Орхон аймаг дахь Цагдаагийн газрын

                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00631 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

“О.Уламбаярыг албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уламбаярын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Сумьяахүү, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Уламбаяр нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн нийтийн хэв журам байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрхи үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлэгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль”-ийн 4.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00631 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Сартуул овогт Оросоогийн Уламбаяр /РД:ИР82041611/-г албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шийдвэрийн биелэлтийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уламбаяр давж заалдсан гомдолдоо:

Миний аав болох Оросоо нь 2012 оноос хойш зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн бөгөөд одоо эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Ээж Д.Номинчимэг нь элэгний вирусын өвчинтэй бөгөөд мөн л байнгын хяналтанд байдаг ба миний бие өөрийн ээж, аавыг асарч хандаж амьдардаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цагдаагийн холбогдох ажилтанууд нь өнөөдөр албадан эмчилгээнд явуулна гэж ярьж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болоогүй байтал шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх талаар ярьж буй нь хуульд үл нийцнэ. Мөн шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу албан ёсоор надад гардуулаагүй атлаа шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулах талаар ярьж буй нь хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Хэдий миний согтууруулах ундаа хэрэглэдэг боловч хүн гэдэг утгаараа хуульд заасан өөрийн эдлэх эрхийг эдлэхийг бусдаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн, 142/ШШ2017/00631 дугаартай шийдвэр үндэслэлгүй гарсан тул шйдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь О.Уламбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

О.Уламбаяр нь байнга архидан согтуурдаг, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг 8 удаа эрүүлжүүлэгдэж 3 удаа баривчлагдаж байсан, орон гэртээ агсам согтуу тавьж эцэг эхээ хэл амаар доромжилж танхайрдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

О.Уламбаяр нь архины хамаарал бүхий архинд донтох өвчтэй болсон нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх тул албадан эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд О.Уламбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, О.Уламбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уламбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ