Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг багийн Баян-Өндөрийн 13-05 тоотод оршин суух, Сартуул овогт Оросоогийн Уламбаярт /РД:ИР82041611/ холбогдох

“О.Уламбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сумъяахүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Уламбаяр нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн нийтийн хэв журам байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрхи үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлэгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль”-ийн 4.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн О.Уламбаярыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

О.Уламбаяр нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурч, хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан, архи ууж нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчдөг болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, захиргааны зөрчлийн тухай жагсаалт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Засаг даргын тодорхойлолт, ээж Д.Номинчимэг болон өөрийнх мэдүүлэг, тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

О.Уламбаяр нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй болох нь Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн комиссын дүгнэлтээр тогтоогдож байх ба О.Уламбаяр нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэн, захиргааны зөрчил гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан захиргааны зөрчлийн тэмдэглэл, хэсгийн байцаагчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт, гуравдагч этгээдийн зөвшөөрлийг хүлээн авч О.Уламбаярыг архины эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

                                                                                                                        ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Сартуул овогт Оросоогийн Уламбаяр /РД:ИР82041611/-г албадан эмчилгээнд явуулсугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3.Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шийдвэрийн биелэлтийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН