Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2018/0020/з |
Дугаар | 23 |
Огноо | 2018-07-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: ОАТХТУБ Ж.Б, Г.Г нарт холбогдох
“ОАТХТУБ Ж.Б, Г.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0020/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч Ж.Б, Г.Г, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн захирал Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймаг дахь ТХУБ Г.Г, Ж.Б нар манай компанийг 2012.12.24-ний өдөр 190,764,000 төгрөгийн татварын зөрчил гаргасан гэж үзэн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсаар 19,076,400 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд 1.4.3 Зөрчилд тооцох, үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын зүйл заалтыг үндэслэл болгосон байна. Үүнтэй нэг адил захиргааны хариуцлага тооцуулж шийтгэлийн хуудас бичих нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг мөрдөх ёстой гэж үзэж байна.
2. 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2 “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоол 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 705 тоот тогтоолоос хойш 2 жилийн дараа захиргааны хариуцлага оногдуулж байгаагаар илэрч байна. Иймээс ТХУБ Г.Г, Ж.Б нарын 2017.11.29-ны өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг ТУБ нар гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар ажиллагаа явуулан “МИ” ХХК-ийн 2010 онд гаргасан зөрчил буюу “Т-Ү” ХХК-аас падаанаар бараа материалыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр тайлан ирүүлсэн гэж шийтгэл оногдуулсан байна. Шийтгэл оногдуулсан хэлбэр нь нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад оруулан хассан 190.764.000.00 төгрөгийн зөрчилд 19.076.400.00 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Энэ шийтгэлийн хуудсыг няцаах хэд хэдэн үндэслэл байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл Татварын хөөн хэлэлцэх хугацаа, 11 дүгээр зүйлийн 11.1.т Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11 дүгээр зүйлийн 11.3 Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар тоолж эхэлнэ 11.3.2.т тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүр гаргадаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.т Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж зааснаар “МИ” ХХК 2010 оны 10 дугаар сарын тайланг 2011 оны 1 сарын дотор гаргаж, ногдох төлбөрөө тушаасан байх ёстой. Тэгэхээр 2011 оны 01 сараас хөөн хэлэлцэх хугацаагаа тоолно. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2.т зааснаар үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 11 сард дуусаж байгаа.
Тиймээс улсын байцаагчид төлбөр нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн энэ шийтгэлийн хуудсанд дурдахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.д зааснаар шийтгэл оногдуулсан гэж байгаа нь хуулийн хувьд зөрчилдөж байна. Мөн хуулийн 34.2. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно Энэ хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэх боломжгүй байхад ингэж бичсэн нь буруу. Шийтгэлийн хэсэгт дурдсанаар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3.т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэл болгон бичсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 705 дугаар тогтоолд ...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролгүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Татварын ерөнхий хуулинд зааснаар хариуцлага оногдуулж байна гэж ойлгосон. Тухайн үед үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2 дугаар заалтыг мөн зөрчсөн байна. Шийтгэлийн хуудас бичсэн хуулийн үндэслэл буруу, мөн хэлбэрийн хувьд алдаатай байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ОАТХХШТ-ийн ТУБ Ж.Б, Г.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ОАТХТУБ Ж.Б, Г.Г бид нар “МИ” ХХК-ний санхүү, татварын тайлан, балансад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан тоотын дагуу хяналт шалгалтын тасгийн даргын олгосон томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ныг дуустал хийж дуусгасан. Шалгалтаар нийт 190,764,000.00 төгрөгийн зөрчилд 19,076,400.00 төгрөгийн төлбөр тавигдсанаас төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба төлбөрийг хэвээр баталсаныг хүлээн зөвшөөрөхгүй захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
“МИ” ХХК нь 2010 онд 2 ширхэг падаанаар “Т-Ү” ХХК-аас 209,840,400.00 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж хуурамчаар хий падаан бичүүлэн ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 200019 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байсан. Уг дүгнэлтийг Цагдаагийн байгууллага хянаад прокурорт шилжүүлсэнийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар хянаад 2015.11.09-ны өдөр /...”Т-Ү” ХХК-ний татвар төлөгч нарт хий бичилттэй хуурамч падаан бичиж тараасан зөрчилд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролгүй байх тул Анхны алдчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.../ гэж 705 тоот тогтоол үйлдсэн.
Энэ нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд: /35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.../ мөн Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурьдсан зөрчил нь татварын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болсон тохиолдолд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно 47 дугаар зүйл. Татварын хяналт шалгалт 47.4. /Татварын алба, ТУБ нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй/, Зөрчлийн тухай хуулийн 1.4.3 /Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ/ гэсэн заалтыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 204201738 тоот шийтгэлийн хуудас бичин хариуцлага тооцсон болно. Тус компаний эдгээр зөрчилд нь татварын багц хуулийн холбогдох заалтуудын дагуу арга хэмжээ авсан ба энэхүү Татварын улсын байцаагчийн 204201738 тоот акт нь холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн бичигдсэн тул хууль зүйн зөрчилгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч ОАТХ-ийн ТУБ Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.т Татварын алба, ТУБнь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана гэж заасан. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Мөн Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан зөрчил нь татварын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болсон тохиолдолд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9.д Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно гэж заасан байна. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4.т Татварын алба, ТУБ нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй гэж заасан эрхийнхээ дагуу шалгалт явуулсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол 2015 оны 01 сарын 09-ний өдөр байгаа. Энд зөвхөн нөхөн татвар төлөхөөр заасан торгууль, алданги хүртэл төлүүлэх ёстой байдаг ч Өршөөлийн тухай хуульд зааснаар торгууль, алдангиас чөлөөлсөн гэв.
Шүүх хэргийн оролцогч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МИ” ХХК нь ОАТХТУБ Ж.Б, Г.Г нарт холбогдуулан “ОАТХТУБ Ж.Б, Г.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “МИ” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Т-Ү” ХХК-аас 59,300,000.00 төгрөгийн мөн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 131,464,000.00 төгрөгийн бараа материал тус тус худалдан авсан гэх падааныг хуурамчаар бичүүлэн авч Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад оруулан хассан нийт 190,764,000.00 төгрөгийн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан[1], ОАТХ-ийн ТУБнарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудас[2], Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №705 тоот прокурорын тогтоол[3] зэргээр нотлогдож байна.
Хариуцагч болох ТУБ нараас “МИ” ХХК-ний дээрх 190,764,000.00 төгрөгийн зөрчилд нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу 19,076,400.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь хуульд нийцсэн бөгөөд шийтгэл оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг уг хуулийн 1 дүгээр зүйлд ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсноос үзэхэд захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргааны хариуцлагыг өршөөхөд чиглэгдсэн байна. Иймээс энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот Чиглэл өгөх тухай тушаал гарч өршөөлийн тухай хуульд зөвхөн алданги, торгууль хамаарах-аар, өөрөөр хэлбэл улсад төлөх ёстой байсан нөхөн татварыг хамааруулахгүй байхаар тогтжээ.
Дээрх үндэслэлээр ТУБ нар нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 204201738 тоот шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид хуулиар ногдуулах торгууль, алдангиас өршөөж, харин нөхөн татвар болох 19,076,400.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч “МИ” ХХК нь нөхөн татвар 19,076,400.00 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МИ” ХХК-ний “ОАТХ-ийн ТУБ нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ