Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00099

 

Д.Б, П.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1819 дүгээр магадлалтай

Д.Б, П.А нарын нэхэмжлэлтэй,

Д.Цид холбогдох

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 116 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Б, П.А нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх зарын дагуу П.Атай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот, 38.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийж 50 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд байрыг үзэхэд Д.Ц өөрөө байсан бөгөөд тэрээр хэлэхдээ бид энэ байранд түр байж байгаа, удахгүй нүүнэ гэсэн тул би байрны үнийг төлж, уг байрны өмчлөгч болж, Ү-2201021653 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан учир энэ байрны хууль ёсны өмчлөгч мөн. Ингээд байрны гэрчилгээгээ аваад очиход Д.Ц хүүхдийнхээ хамт байсан ба, та байраа суллаж өгнө үү гэхэд тэд зөвшөөрөөгүй. Би 2016 оноос хойш жил хагасын хугацаанд эд хөрөнгө мөнгө төгрөгөөрөө хохирч байна. П.А Д.Ц нарын хооронд ямар асуудал болсныг би мэдэхгүй. Иймд Д.Б намайг уг орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшигч Д.Цийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч, зээлдэгч Д.Цийн хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 19-нд 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201021653 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Д.Ц нь эхний 2 сарын хүүг төлсөн ба зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээг дахин 8 сараар сунгасан боловч 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх нийт 10 сарын хүү болон үндсэн зээлийг өнөөдрийг хүртэл төлөлгүй зээлийг эргүүлэн төлөх хугацааг 111 хоногоор хэтрүүлээд байгаа болно. Бидний хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги тооцвол хэт өндөр дүн гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан заалтыг баримтлан алдангийг 36 000 000 төгрөгөөр тооцсон. Д.Ц нь дээрх гэрээний үндсэн дээр үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 32 000 000 төгрөг, алдангид 36 000 000 төгрөг, нийт 108 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 8 сард 5 000000 төгрөг, 2017 оны 9 сард 5 000 000 төгрөг тус тус төлснийг алдангиас хасч тооцож 98 000 000 төгрөгийг хариуцагч Д.Цээс гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц 9 656 000 төгрөгийг төлсөн тул одоо хариуцагчаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 18 744 000 төгрөг, алдангид 29 372 000 төгрөг, нийт 88 116 000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 5 дугаар сарын сарын 19-ний өдөр өөрийн дүү Д.Бат-Эрдэнийн гуйлтаар П.Атай 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь өөрийн гэр бүлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201021653 тоот гэрчилгээтэй байрыг тавиулсан. Ингээд 4 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ гэгчийг байгуулсан боловч би болон миний гэр бүл мөнгө огт хүлээн аваагүй. Ийм баримт ч байхгүй. Зээлдүүлэгч П.А нь зээлийн үнийн дүнг бүгдийг нь Д.Бат-Эрдэнийн данс руу шууд шилжүүлсэн гэсэн. Д.Бат-Эрдэнэ зээлсэн мөнгөө бага багаар нь П.Ад өгч байгаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй яваад байсныг нь сүүлд буюу 2016 онд мэдсэн. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр над дээр П.А ирээд ахаа хоёулаа Д.Бат-Эрдэнийг хоёр талаас нь шахах хэрэгтэй байна гэсэн. Би П.Ад тэгээд ах нь яах ёстой юм бэ гэтэл П.А хоёулаа хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийчихье. Тэгээд тэр гэрээгээр Д.Бат-Эрдэнийг айлгаж, шахаж байгаад би мөнгөө авчихна. Мөнгөө авангуутаа тэр гэрээг устгачихъя. Таныг надаас нэг ч төгрөг аваагүйг миний дансны хуулга батална гэсэн. Тэгээд би П.Ад итгээд 68 000 000 төгрөгөөр өөрийн орон сууцаа худалдаж байгаа мэтээр дахин хуурамч гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэ хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заагдсан 68 000 000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй.

Хууль мэдэхгүй байдлыг ашиглан эхлээд дүү Д.Бат-Эрдэнийн өмнөөс П.Атай 40 000 000 төгрөгийн дүр үзүүлсэн зээлийн гэрээ, дараа нь П.Агийн үгэнд итгэж, ноцтой төөрөгдөлд орон хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг П.Атай байгуулсан. Гэтэл хариуцагч Д.Б нь тус шүүхэд 2016 оны 9 сард орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэн Д.Ц надад холбогдуулан гаргасан. Иймд би П.Ад холбогдуулан харьяа дүүрэг болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1513 дугаартай магадлалыг гаргасан. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн заалтыг баримтлан Д.Б болон П.А нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг 8 сараар сунгах талаар би хүсэлт гаргаагүй. Намайг согтуу үед ирээд янз бүрийн л бичиг дээр гарын үсэг зуруулаад авдаг байсан. Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зураад байраа барьцаалаад дүүдээ зээл аваад өгсөн тул шүүхээс гарсан шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг Д.Бат-Эрдэнээр төлүүлнэ. Намайг зөвхөн байртай минь л үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оноос хойш хохирч байна. Би П.Ад бэлэн мөнгө болон хөөрөг, мал өгч тооцуулан 50 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Анх зарын дагуу очиж үзэхэд Д.Ц ийм асуудалтай байр гэж хэлсэн бол би худалдаж авахгүй байсан. Д.Ц байр зарагдах юм бол байрыг суллаад өгнө гэсэн учир би байрыг авсан. Тиймээс би энэ орон сууцны шударга өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч П.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах хүсэлт гаргаснаар зээлийн гэрээг дахин 8 сараар сунгасан боловч энэ хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй ба цаашид зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон гэдгээ илэрхийлж уг зээлийн гэрээний үүргийг орон сууц худалдах- худалдан авах гэрээний эрх үүргээр сольж зээлийн гэрээг дуусгавар болгох санал тавьсныг П.А хүлээн зөвшөөрч уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Ийнхүү уг орон сууцны өмчлөх эрхийн дагуу Д.Бэд худалдсан болно. Гэтэл Д.Ц нь уг орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс гадна шүүхэд хандан П.Атай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх магадлалд талуудын хэн аль нь хяналтын гомдол гаргаагүй ба уг магадлал хүчин төгөлдөр болсон байгаа болно. Гэвч бид өмнө нь бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбараасаа татгалзаж байна. Д.Б бол шударга өмчлөгч юм. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Агаас 40 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулах санаачлагыг би гаргасан. Надад барьцаанд тавих зүйл байхгүй болохоор ахынхаа орон сууцыг барьцаалаад зээл авахуулсан. Зээлийн 40 000 000 төгрөгийг би дансаараа 3 хувааж хүлээн авсан. Д.Ц нэг ч төгрөг аваагүй. Зээлийн эхний 2 сарын хүүг төлж барагдуулж байсан. Би увуулж цувуулаад 19 656 000 төгрөгийг П.Агийн дансаар өгсөн. Энэ дүнд маргаангүй. Энэ зээлийн төлбөрийг би 100 хувь төлж барагдуулна. Д.Ц ахаас байрыг нь намайг мөнгөө өг гэж шахах гэж худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдаг. Шүүхээс тогтоосон зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг авсныг П.А ч өөрөө мэдэж байгаа. Би зээлийн хугацааг сунгасан талаар мэдээгүй. Ахыг согтууд нь янз бүрийн бичиг дээр гарын үсэг зуруулсан байж болох юм гэжээ.

Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А, Д.Б нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Д.Цийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Д.Бийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Д.Цийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс зээлийн гэрээний үүрэгт 49 716 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 38 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Бээс урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, нэхэмжлэгч П.Агаас урьдчилан төлсөн 647 950 төгрөгийг, хариуцагч Д.Цээс урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад, П.А, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Цид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1819 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Цийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул П.А, Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад, П.А, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Цид тус тус олгосугай” гэснийг “хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ад, 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Агийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 349 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 1819 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 1513 тоот магадлалаар ... Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч П.А нар нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлбэл анз тооцохоор тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгө болох 40 000 000 төгрөгийг Д.Цийн зөвшөөрснөөр Д.Бат-Эрдэнэд шилжүүлсэн, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо. 21 дугаар хороолол /1808/ үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Нэгэнт эээлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу зээлдэгчийн заасан этгээдэд шилжүүлсэн тул зээлийн гэрээг бодитойгоор байгуулагдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлсэн гэж үзэх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

Харин зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдах авах гэрээний үүргээр сольж, өмнөх зээлийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольж байгаа тохиолдолд нэг талын хүлээсэн үүргийг ямар үүргээр сольж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар тусгаагүй тул зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлгүй.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /1808/ үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг хариуцагч буюу барьцаалагч нь зээлдүүлэгчид албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхад шууд худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гуравдагч эттээд Д.Б нь П.Агаас худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх тул Д.Бийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Гэж тогтоон шийдвэрлэсэн бөгөөд зохигчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн. Гэтэл давж заалдах шатны шүүх жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 13 өдөр 1819 тоот магадлалаараа... Мөн П.А Д.Ц нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр өдрийн худалдах-худалдан авах гэрээг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1513 тоот магадлалаар хуульд нийцээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү магадлал хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн мөртлөө тухайн магадлалыг үгүйсгэсэн шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.

2018 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 1819 тоот магадлалд давж заалдах шатны шүүх хянах хэсэгтээ ...П.А нь Д.Бтэй 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан дээрх орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд Д.Б уг орон сууцыг эрхийн улсын бүртгэлд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ү-2201021653 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Б нь маргаж буй орон сууцыг худалдан авах үед эрхийн бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр П.А бүртгүүлснийг үндэслэсэн иь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасантай нийцсэн байна.

Ийнхүү П.Агийн өмчлөх эрх дуусгавар болсноор хуульд заасан журмын дагуу маргааны зүйл            болох орон сууцны өмчлөгч Д.Б болсон нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч дээрх орон сууцыг худалдан авах үед улсын бүртгэлд барьцаанд бүртгэгдээгүй, цаг хугацааны хувьд худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш шүүхийн шийдвэр гарсан тул уг орон сууцыг маргаантай байсныг нэхэмжлэгч Д.Б мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв гэж үзнэ. Иймээс худалдах-худалдан авах гэрээгээр хууль ёсны дагуу орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж ирсэн учраас нэхэмжлэгч Д.Бийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэргийн үйл баримт болон талуудын тайлбараар хүчин төгөлдөр бус байх хэлцэл дээр үндэслэж П.А, Д.Ц нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Цийн хууль бус эзэмшлээс орон сууцаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Цийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав гэж шийдвэрлэсэн нь ямар ч ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх урьд нь гарсан хүчин төгөлдөр болсон магадлалыг үгүйсгэсэн хууль зөрчсөн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвхөн зохигчид гомдол гаргасан, гомдол хуульд заасан шаардлага хангасан үндэслэл бүхий байх тохиолдолд хяналтын шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд магадлалд өөрчлөлт оруулах эрхтэй.

Гэтэл нэгэнт хүчин төгөлдөр болсон 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1513 тоот магадлалд дахин жилийн дараа дүгнэлт хийж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй юм.

Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Д.Ц нь иргэн П.Атай байгуулсан гэрээний үүрэгт 49 716 000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна.

Мөн Д.Ц нь Д.Бэд өөрийнхөө өмчийн 2 өрөө байрыг зүгээр л чөлөөлж өгөөд орох оронгүй үлдэх болж байна.

Анхан болон Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүргийг тооцон төлсөн мөнгийг хасч шийдвэрлэсэн тул, эсхүл байртайгаа, үгүй бол зээлийн гэрээний үүрэгтэй үлдэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Хэрвээ энэ магадлал хүчин төгөлдөр болж үлдэх юм бол сөрөг нэхэмжлэл гаргагч Д.Ц нь П.Агаас Д.Бтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 68 сая төгрөгийг эргүүлэн нэхэмжлэх эрх үүснэ гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн зүйлийг нэг мөр шийдвэрлэхийн оронд ийм үл ойлгогдох шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймд эрхэм хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1819 тоот магадлалын Д.Цийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэжээ.

  Нэхэмжлэгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын гаргасан хяналтын гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх ба уг гомдлыг шүүх хүлээн авах хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.13-ны өдрийн 1819 дугаартай магадлалд хяналтын гомдол гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан байгаа нь уг гомдлыг шүүх хүлээн авахаас болон хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Г.Баяржаргал нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцсон ба ямар шийдвэр гарсан болохыг мэдсэн бөгөөд шүүх Магадлалын Тогтоох нь хэсгийн 3-дахь заалтыг уншиж танилцуулсаар байхад зориуд түүнийг хүлээн авахгүй, улмаар цаг хожих зорилгоор шүүхээс гардуулах ажиллагаа хийтэл гардан авах үүргээ биелүүлээгүй нь, тэрчлэн бүтэн 1 сар 11 хоногийн дараа ийнхүү гомдол гаргаж байгаа нь түүнийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж гомдол гаргасан байгааг, тэрчлэн ИХШХШТ хуулийн 167.6-д хүсэлтийг шүүхэд гаргаагүй атал шүүх уг гомдлыг хүлээн авсан нь үндэслэлгүй байх ба уг гомдлыг хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй харагдаж байна.

Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хэтрүүлэн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Учир нь хяналтын гомдол нь хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн зэрэг нь хяналтын гомдол гаргах үндэслэл болдог. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын гаргасан хяналтын гомдол нь хуульд заасан дээрх үндэслэлийг агуулаагүй хэргийн үйл фактын талаар маргаан үүсгэж гомдол гаргасан байх тул шүүх энэхүү үндэслэлээр гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Г.Баяржаргал хяналтын гомдолдоо Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвхөн зохигчид гомдол гаргасан, гомдол хуульд заасан шаардлага хангасан үндэслэл бүхий байх тохиолдолд хяналтын шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд магадлалд өөрчлөлт оруулах эрхтэй. Гэтэл нэгэнт хүчин төгөлдөр болсон 2017.07.03-ны өдрийн 1513 тоот магадлалд дахин жилийн дараа дүгнэлт хийж байгааг ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй юм хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Б миний гаргасан шударга өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшигч Д.Цийг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл бүхий гомдлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 1513 дугаартай магадлалд өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүйгээс гадна хууль хэрэглээг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан зүйл огт байхгүй. Мөн нөгөөтэйгүүр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 1513 дугаартай магадлалд “Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Д.Б нь П.Агаас Худалдах-Худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэл үнэн зөв байх тул Д.Бийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тодорхой заасан байгаа

Миний бие маргаан бүхий орон сууцыг худалдан авах үед эрх шилжүүлж байгаа П.Агийн нэр дээр Улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байсан ба Улсын бүртгэлд барьцаанд бүртгэгдээгүй, битүүмжлэгдээгүй, өөрөөр хэлбэл эрхийн зөрчилгүй орон сууц худалдан авсан.

Мөн нөгөөтэйгүүр тухайн үед уг орон сууцыг худалдан авахаар очих үед Д.Ц өөрөө уг орон сууцанд амьдарч байсан ба худалдан авах юм бол бид өнөө бол өнөө, маргааш бол маргааш нүүнэ, худалдан авах хүн нь олдтол түр байж байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед Д.Ц өнөөдөр маргаж байгаатай адил энэ байр маргаантай байгаа гэдгийг надад хэлсэн бол би юу гэж бусдын маргаж байгаа байрыг үнэ төлж худалдан авах вэ дээ? Би уг орон сууцыг ганц удаа үзээд л авсан юм биш, хэд хэдэн удаа очиж үзэх, харж, уулзаж байж авсан. Анх зарын дагуу очихдоо П.Атай, дараа дахин үзэхдээ П.Агийн нөхөр Мягмаржав гэх хүнтэй, сүүлд хүүтэйгээ очиж үзэж байж авах шийдэлд хүрсэн. Энэ олон удаа очиж байхад нэг нь ч надад маргаантай орон сууц гэж хэлээгүй. Худалдан авсны дараа орон сууцандаа засвар хийхээр очтол Д.Ц, түүний эхнэр Д.Ичин нар байсан ба хэдхэн хоног хүлээгээч, бидний орох байр бэлэн болоогүй байна гэсэн болов ч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан тул шүүхэд албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Гэтэл хэзээ хойно нь ийнхүү үндэслэлгүй маргаан үүсгэж олон жил олон шүүхээр маргаж, хугацаа хожих гэсэн явуургүй арга заль хэрэглэн хуулийн цоорхойг ашиглан шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авдаггүй нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж, тэрчлэн нэхэмжлэгч намайг улам хохироож ирсэн. /өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр магадлал гарсан он сар өдөр, Д.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нарын гардсан хугацаанаас тодорхой харагдна./

Давж заалдах шатны шүүх “шударга өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг хариуцагч Д.Цийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх” гомдлыг хэлэлцэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж миний бие үзэж байгаа болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын гаргасан хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзах эсхүл хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч П.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Г.Баяржаргал гомдолдоо шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвхөн зохигчид гомдол гаргасан, гомдол хууль заасан шаардлага хангасан үндэслэл бүхий байх тохиолдолд хяналтын шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд магадлалд өөрчлөлт оруулах эрхтэй. Гэтэл нэгэнт хүчин төгөлдөр болсон 2017.07.03-ны өдрийн 1513 тоот магадлалд дахин жилийн дараа дүгнэлт хийж байгааг ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй юм хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Г.Баяржаргалын дурдсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 1513 тоот Магадлалын Хянавал хэсэгт: Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Д.Б нь П.Агаас Худалдах-Худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэл үнэн зөв байх тул Д.Бийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж тодорхой заасан байдаг. Энэхүү хүчин төгөлдөр болсон магадлалд давж заалдах шатны шүүх дахин өөр дүгнэлт хийж, өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүй.

Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа хуульд заасан үндэслэлээр гомдол гаргадаг. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлээр гомдол гаргах эрхтэй байхаар хуульд заасан байна. Гэтэл хариуцагч Г.Баяржаргалын гаргасан гомдол нь дээрх үндэслэл тусгагдсан зүйлгүй маргааны үйл фактын талаар дурдан гаргасан гомдол байх тул түүний ийнхүү гаргасан гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэгэнт хүчин төгөлдөр болсон магадлалаар маргааны зүйл болох үл хөлдөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Бийн өмч гэдгийг тогтоосон тул нэхэмжлэгч П.А зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах щаардлага гаргах нь үндэслэлгүй хэмээн үзэж өнөөг хүртэл зөвхөн гэрээний үүргийг Д.Цээс нэхэмжилж ирсэн.

Иймд Г.Баяржаргалын гаргасан хяналтын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж миний бие үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Д.Цид холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч П.А нь Д.Цээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 116 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Б, П.А нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Д.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Б, П.А нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл” хүчин төгөлдөр бус болохыг, хариуцагч Д.Цийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, Д.Цээс 49 716 000 төгрөгийг гаргуулан П.Ад олгож, үлдэх 38 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг Д.Цийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр П.А нь Д.Цид 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Зээлдэгч гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр П.А, Д.Ц нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, барьцааны зүйл болсон орон сууцыг Д.Амарбаясгалан өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус орон сууцыг Д.Бэд худалдснаар, Д.Б өмчлөгчөөр бүртгэгджээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №1513 дугаар магадлалаар П.А, Д.Ц нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Ц нь 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, орон сууцыг эзэмшиж байсан, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл”-ийг үндэслэн өмчлөх эрх П.Агийн нэр дээр шилжсэн боловч, орон сууцыг Д.Ц бодитоор эзэмшсээр байгаагаас гадна 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №1513 дугаар магадлалаар П.Атай байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул Д.Цийг маргаж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх Д.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтад нийцээгүй, энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус тул Д.Ц, П.А нарын хооронд хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл”-ийн үндсэн дээр хийгдсэн П.А, Д.Б нарын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл” хүчин төгөлдөр бус юм.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг тодорхойлсны үндсэн дээр Д.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, Д.Цийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10., 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн П.А, Д.Ц нарын зээлийн гэрээний үүргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т нийцсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1819 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 00 төгрөгийг шүүгчийн захирамжаар Г.Баяржаргалд буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД