Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0262/З |
Дугаар | 221/МА2023/0310 |
Огноо | 2023-05-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0310
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу АХХ ХХК-ийн хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2020/0262/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “А” ХХК-ийн хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-оос шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашиг малтмал, газрын тосны газар, Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.
2.2.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2010 ба 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20585 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн.
2.3.Нэхэмжлэгч талын төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч нас барсны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасалдсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “А” ХХК-ийн хайгуулын 14995х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох" болгон өөрчилсөн.
2.4.”А” ХХК нь Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг "Алтан-Од" нэртэй газарт 16028.97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 14995X дугаартай тусгай зөвшөөрлийг 9 дэх жилдээ эзэмшиж байсан бөгөөд 2018 оны 09 дугаар сарын 26-ны өдөр дахин хугацаа сунгуулах хүсэлтээ өгөхөд хугацаа хэтэрсэн байна гэсэн хариуг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн.
2.5.Тухайн хугацаа сунгуулах хүсэлт өгөх үед нэхэмжлэгч Компанийн хувьцааг хууль бусаар эзэмшилдээ авсан маргааныг хууль хяналтын ба шүүх хянан шийдвэрлэж байсан тул хугацаа хэтэрсэн нь хууль ёсны хүсэл зоригоос үл хамаарсан болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20 өдрийн 181/ШШ2019/00022 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 378 магадлал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12 өдрийн 181/ШШ2019/01795 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 1864 магадлал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11 өдрийн 181/ШШ2020/01239 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1313 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00649 тогтоолоор батлан нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч шүүх шийдвэртээ огт дурдаагүй байна.
2.6.Өөрөөр хэлбэл аж ахуй эрхлэх эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй иргэний хүсэл зоригоос ангидаар эрхээ эдэлж чадаагүй болохыг шүүх тогтоосон үйл баримтыг хэн ч үгүйсгэн мэтгэлцээгүй хариуцагч маргаагүй байхад шүүгч түүнийг үнэлэлгүй орхиж УДШ, Нийслэлийн иргэн давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрүүд, СБД-ийн прокурор болон мөрдөгчийн тогтоолыг огт үнэлсэнгүйгээр барахгүй Монгол улсын шүүхийг үгүйсгэсэн байна.
2.7.Хугацаа хэтэрсэн нь аж ахуй эрхлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах болохыг шүүх тогтоосон, тухайн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан хугацаа дууссан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан эрхээ сэргээлгэх, эрх зүйн харилцаа байгаа болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль хэрэглээ ба захиргааны эрх зүйн онолын алдаагүй зөв нэхэмжлэлийн шаардлага болохыг шүүгч анхаарч үзсэнгүй. Шүүхээр тогтоосон үйл баримтыг дахин үнэлэхгүй болохыг шүүх анхаараагүй байна.
2.8.Шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн талаар:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн /7-8 тал/-ын 11 болон 12 дугаар хэсэгт "миний бие гүйцэтгэх захирлын ажлыг 2018 оны 08 дугаар сард авсан ба 07 дагаар сарын 05-ны өдөр лиценз сунгах өргөдөл өгөх сүүлийн өдөр байсныг мэдээгүй болно" гэх хүсэлт "С.Б, Ш.Б нарын хууль бус үйлдлийн улмаас компани тамга, тэмдэггүй болж тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан" гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэх дүгнэлт буруу болжээ. ...Хавтаст хэргийн 7-14 хуудас (С.Б нь АХХ ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан, Капитрон банканд данс нээсэн, өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан), 38 хуудас (С.Б нь АХХ ХХК-ийн тамга тэмдгийг өөрийн эзэмшилд байгаа буцааж өгөхгүй гэж СБД-ийн прокурорт мэдүүлэг өгсөн), 163 хуудас (2020 оны 06 сарын 11-ний өдөр СБД дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нь С.Б-аас АХХ ХХК-ийн тамга тэмдгийг хураан авч АХХ ХХК-ийн Гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгсөн). АХХ ХХК-ийн хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах шаардлагатай хугацаанд ...АХХ ХХК-ийн эзэмшилд тамга тэмдэг байгаагүй болох нь дээрх нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдоод байгааг шүүх судалж шинжлээгүй болно. ...2018 оны 09 сарын 06-ны өдөр шинэ тамга тэмдэг авсан бөгөөд 2019 оны 10 сарын 31- ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авсан болно. АХХ ХХК нь 2018 оны 09 сарын 06-ны өдөр шинэ тамга тэмдэгтэй болж Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт, өргөгдөл гаргах эрхтэй болсон болохыг шүүх анхаарч үзээгүй болно.
2.9.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн /7 тал/ 9 дугаар хэсэгт "Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд Дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-аас хариуцагч нар болон шүүхэд хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж дурджээ. Тус баримт бичгийг бүрдүүлэхэд компанийн тусгай зөвшөөрлийн эх хувь, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ зайлшгүй шаардлагатайг шүүх үнэлэлгүй орхигдуулсан байна. Жишээлбэл: Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-т: "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ" гэж байгаа бөгөөд “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл С.Баяраагийн хууль бус эзэмшилд байсан болох нь дээр нотлогдсон билээ.
2.10.Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2-т: "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт". Аж ахуйн нэгж нь өөрийн банкин дахь дансаар эдгээр гүйлгээнүүдийг хийхийн тулд тамга тэмдэг зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд “А” ХХК-ийн тамга тэмдэг С.Б-ийн хууль бус эзэмшилд байсан болох нь дээр нотлогдсон билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т: "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт" Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулахын тулд аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг төлөвлөгөөний нүүр болон бусад хуудсан дээр дарсан байхыг шаарддаг.
2.11.”А” ХХК-ийн тамга тэмдэг С.Б-ийн хууль бус эзэмшилд байсан болох нь дээр нотлогдсон билээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.4-т: "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт". Хайгуулын ажлын тайланг холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулахын тулд аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг тайлангийн нүүр болон төв бусад хуудсан дээр дарсан байхыг шаарддаг. АХХ ХХК-ийн тамга тэмдэг Б-ийн хууль бус эзэмшилд байсан болох нь дээр нотлогдсон билээ.
2.12.Шүүх хурлын явцад хариуцагч талаас маш олон толгой эргүүлсэн 2011 оны баримт бичиг гаргаж өгсөн бөгөөд шүүх түүнийг нотлох баримтыг шаардлага хангаж байгаа үгүйг үнэлээгүй болно. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж өгсөн 2018 оны 04 сарын 30 өдрийн АМГТГ-ын Кадастрын хэлтэст хандсан “А” ХХК-ийн албан бичгийг С.Б “А” ХХК-ийн тамгыг дарж Ш. Б-ын өмнөөс гарын үсэг зурж өгсөн болохыг шүүх анхаарч авч үзээгүй болно (Ш. Б-ын гарын үсэг биш болно). Тиймээс, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “А” ХХК-ийн хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх, эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан байна.
2.Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр[1] “А” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Алтан Од нэртэй 16028.97 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14995Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ[2].
3.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр[3] “А” ХХК-ийн эзэмшлийн 14995Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
4.”А” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 18/85 албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/87 албан бичгүүдээр[4] Ашигт малтмалын газрын тосны газарт хандаж “...манай компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалтын MV-020435 дугаартай лицензыг 2014 оны 12 дугаар сард авч зугтаасан. Ийм учир компанийн хайгуулын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудаа холбогдох газруудад өгөхөд дээрх асуудлаас болж хүндрэл учирсан... зэргийг хүндэтгэн үзэж манай лицензийг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
5.Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/6772 тоот албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж гаргах ёстой байдаг. Иймд дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.
6.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”,
“22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”;
22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”;
22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;
22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан.
7.Маргаан тохиолдлын хувьд нэхэмжлэгч компани дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан баримтын бичгийн хамт хариуцагч байгууллагад гаргаагүй гэдэг нь тогтоогдож байна.
8.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр П.Ш, С.Б, С.Б нар, гүйцэтгэх захирлаар П.Ш ажиллаж байсан гэдэг нь компанийн дүрэм[5], гэрчилгээ[6], хуулийн этгээдийн лавлагаа[7] зэргээр тогтоогдож байх бөгөөд харин тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд тус компанийн хувьцааны эрхийг шилжүүлсэн хэлцлүүдийн талаар болон компанийн тамга тэмдгийг гээгдүүлсэн, түүнийг дахин олголтын асуудлаар маргаж байсан үйл баримт тогтоогдсонгүй.
9.Тодруулбал, “А” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, “А” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн иргэний шүүхийн шийдвэр, магадлалууд[8], “А” ХХК-ний хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг “тамга, тэмдгийг гээгдүүлсэн” гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн “Хяналтын дугаарыг хүчингүйд” тооцох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Баяраагийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны шүүхийн шийдвэр, магадлалууд[9], Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсууд[10], Сүхбаатар дүүргийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол[11], улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[12], хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол[13] зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд тус компанийн хувьцааны эрхийг шилжүүлсэн хэлцлүүдийн талаар болон компанийн тамга тэмдгийг гээгдүүлсний улмаас дахин олголтын асуудлаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус тус маргаж байсан харин тусгай зөвшөөрлийн хугацааг хуулийн дагуу сунгуулах байсан 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх үндэслэлээр маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
10.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй “нэхэмжлэгч компанийн хувьцааг хууль бусаар эзэмшилдээ авсан маргааныг хууль хяналтын болон шүүх хянан шийдвэрлэж байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж чадаагүй” гэх үндэслэлээр шүүхээс “нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх эрх зүйн харилцаа байгааг тогтоох” үндэслэлгүй байна.
11.Түүнчлэн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б-д “тамга тэмдэг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ” байснаас шалтгаалж 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа үндэслэлийг мөн хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэх эрх зүйн харилцаа байгаа гэдгийг шүүхээс тогтоох хууль зүйн үндэслэл мөн тогтоогдсонгүй.
12.Учир нь тухайн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр П.Ш, С.Б, С.Б нар, гүйцэтгэх захирлаар П.Ш ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчид нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хуульд заасан хугацаанд гаргах боломжтой байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
13.Тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн тамга тэмдэг, хувьцааны эрхийн талаарх дотоодын маргаанаас шалтгаалж хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах үүргээ нэхэмжлэгч компани хэрэгжүүлэхгүй байх, түүний тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэх эрхийг эдлүүлэхтэй холбоотойгоор эрх зүйн харилцаа байгааг шүүхээс тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.
14.Мөн нэхэмжлэгч компаниас “компанийн хувьцаа эзэмшигч С.Б, Ш.Б нарын хууль бус үйлдлийн улмаас компанийн тамга, тэмдэггүй болж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх шалтгааныг дурдаж 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 18/85 албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/87 албан бичгүүдээр[14] хариуцагчид хандаж, тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг гаргаж, түүний хүсэлтийг хариуцагчаас Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/6772 тоот албан бичгээр “хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
15.Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ сэргээлгэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсний улмаас уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
16.Иймээс анхан шатны шүүхийн “...эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд уг нэхэмжлэлийг гаргахаар байна....нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар даалгах нэхэмжлэл гаргах боломжтой байсан байх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргах хугацаагаа өөрөө хэтрүүлсэн...” зэрэг дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй” гэсэн нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын шаардлагаа тодорхойлж буй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх эрхийг сэргээх эрх зүйн харилцаа байгааг шүүхээс тогтоох хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 80 дахь тал
[3] Хэргийн 2-р хавтас 93 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 115 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 61 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 26-35, 45-54 дэх тал
[9] Хэргийн 1-р хавтас 173-185 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 36-37 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 59-60 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 119-120 дахь тал
[13] Хэргийн 151-152,
[14] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал