Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 113/ШШ2019/0023

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн шүүгч Б.Мөнхзул, шүүгч С.Отгонтуяа  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Ш.О

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, гэрч О.Б, иргэдийн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ш.О нь Сум дундын 29 дүгээр шүүх /тухайн үеийн нэршил/-ийн Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байхад тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Н нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал гаргаж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн юм.

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Т.Б нь 2017 оны 5 дугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсоноор тус шүүх нь 3 шүүгч, 3 шүүгчийн туслахтай болсон байхад Тамгын газрын дарга Л.Н нь 2017 оны 6 дугаар сард төрийн жинхэнэ алба хаах болзол, шаардлагыг хангаагүй Д.Д-г шүүгчийн туслахаар нэмж томилсон тушаал гаргаад зогсолгүй, үүнээс улбаалан орон тооны цомхотгол нэртэй илт хууль бус тушаалыг гаргаж иргэн миний хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Үүнийг миний бие эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гарган шалгагдаж байх хугацаанд Л.Н нь Д.Д-г төрийн жинхэнэ алба хаах болзол, шаардлагыг хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэр нь Б/14 дүгээр тушаалаа хүчингүй болгоогүй тул миний бие дахин Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн салбар зөвлөл хянан шийдвэрлэж Тамгын газрын дарга Л.Н-ийн ажлаас чөлөөлсөн Б/14 дүгээр тушаал үндэслэл бүхий байна гэж дүгнэжээ.

          Тус ажлын хэсгийн дүгнэлтэд миний гаргасан гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн миний маргаагүй үйл баримт болох үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний талаар дурдсан нь энэхүү дүгнэлтийг хууль, журамд нийцэж гаргасан гэдэгт эргэлзэхээр болжээ.

          Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасан журмыг үл биелүүлж өөрийн дураар авирлаж байгаа нь Тамгын газрын дарга Л.Н-г Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн албан хаагчийн үүргээ зөрчиж байна гэж үзэхээр байна.

          Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан тушаалыг хуульд заасан болзол журмын дагуу эрхэлж /хашиж/ байгаа төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарах заалт гэдэг нь тодорхой, мөн дээрх байдлыг хэлж мэдэгдсээр байхад Тамгын газрын дарга Л.Н нь дээрх хуулийн зохицуулалт, Д.Д нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шалгуурыг хангаагүй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр А/09 дүгээр тушаал гаргаж, шүүгчийн туслахуудын үйл ажиллагаа мэргэшлийн түвшингийн үнэлгээ хийж намайг хамгийн бага үнэлгээтэй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл тус шүүхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанчлан сонгон шалгаруулалт явуулах ямар ч нөхцөл шаардлага үүсээгүй байхад Л.Н нь Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж, хувийн сонирхлоор ажилдаа хандсан юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна. 2017 онд байгууллагынхаа захиргааны ажилтнуудын хувийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, зарим захиргааны ажилтныг Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолгүй /нөөцөөс нэр дэвшүүлэх санал явуулаагүй/ томилсон, мөн түр орон тоон дээр томилоод жинхэлсэн тушаал гаргаагүй зэрэг хууль тогтоомжид нийцэхгүй зүйлүүд илэрсэн.

Тиймээс шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан тоотоор хүсэлт хүргүүлсэн. Үүний дагуу нөөцөөс нэр дэвшүүлэх тухай салбар зөвлөлийн тогтоол гарсны дагуу шүүгчийн туслах Л.Х, Ш.О, Д.Д, Г.Х, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Э нарыг дээрх албан тушаалд жинхлэн томилсон. Тиймээс миний хувьд  Ш.О, Д.Д нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн. Тухайн үед 1 шүүгчийн орон тоог татаж дахин шүүгч томилох эсэх талаар ямар нэгэн чиглэл ирээгүй, харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1/44 дугаар “Орон тооны хязгаар хүргүүлэх тухай” албан бичгээр шүүгчийн туслахын 1 орон тоо хасагдаж ирсэн.

Шүүгчийн туслах Д.Д нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан учраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар 6 дугаар сард шүүгчийн туслахуудаас мэргэшлийн шалгалт авах комисс томилох тухай тушаал гаргаж, шалгалтын журмыг хавсралтаар баталсан. Харин шүүгчийн туслахуудаас шалгалт авах өдөр 4 туслахын 3 нь шалгалт өгөхгүй, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг гаргасан.

Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар шүүгчийн туслахуудын үйл ажиллагааны үр дүнгийн сүүлийн 3 жилийн үнэлгээний дундаж, ажлын туршлага, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан мэргэшлийн түвшин тогтоох шалгалтын сорилын оноо зэргийг харгалзан хамгийн бага оноо авсан Ш.О-ийг ажлаас чөлөөлж, мөн хуулийн 27.2.4-т зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Төрийн албан хаагчийн баталгааг эдэлсэн гэж үзэж байна.

Тухайн үед Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагч, хууль ёсны гэж үзэж дээрх хуулийн заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн. Ш.О нь энэхүү чөлөөлсөн тушаалд Төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд миний бие тайлбар өгөх, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж байхдаа манай байгууллагад орохоосоо өмнө Ш.О, Д.Д нарыг Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болохыг мэдсэн. Төрийн албанаас чөлөөлөгдсөн бол дахин төрийн албанд ороход төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж, нөөцөд бүртгэгдэх хуулийн шаардлагатай тул Ш.О, Д.Д нарын жинхлэн томилсон 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20, Б/21 дүгээр тушаалаар хүчингүй болгож, Д.Д-г ажлаас нь чөлөөлсөн болно.

Харин Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар чөлөөлөх ёстой байсан ба түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Үүнийг мэдсэний дараа Ш.О-ийг миний бие дуудан уулзаж буцаад шүүгчийн туслахын ажилдаа эргэн орох санал тавьсан боловч тэрээр “энэ хугацаанд би ажилгүй болж нэлээдгүй хохирч байна, ажилгүй байсан хугацааны цалингаа авмаар байна” гэсэн. Шалгалт зохион байгуулж шударгаар өрсөлдөх боломжоор хангасан, буцааж ажилдаа орох боломжоор мөн хангасан. Үүнийг Ш.О зөвшөөрөлгүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу чөлөөл гэж өөрөө хүсэлт гаргасан. Иймд Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ш.О Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан “Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 09 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг буцаажээ.

Үүний дараа цахим шуудангаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ирүүлсэн ч нэхэмжлэгч тус шаардлагаа дэмжихгүй гэдгээ утсаар илэрхийлснийг үндэслэн нэмэгдүүлсэн шаардлагад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах асуудлыг шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог баталжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 84  дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/44 дүгээр албан бичгээр тус шүүхийн “шүүгчийн туслах”-ын орон тоог “гурав” болгон тогтоосныг шүүгчийн туслахын орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэргийн оролцогчид орон тоо цөөрсөн эсэх асуудлаар маргаагүй байна.

Орон тоо цөөрсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан шалгаруулалт явуулахаар Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/09[1] дүгээр тушаалаар мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авах комисс байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслахуудын үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэжил ур чадвар, ажлын туршлага зэргийг шалгуур үзүүлэлт болгон шүүгчийн туслахаар ажиллаж байсан Л.Х, Д.Д, Ш.О, Г.Х нарын дунд шалгаруулалт явуулжээ.

Уг шалгаруулалтын нэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Ш.О хамгийн бага оноо авсныг үндэслэн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Ш.О-ийн шүүгчийн туслахын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ “...шүүгчийн туслах Д.Д нь төрийн албаны болзол шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалт явуулах нөхцөл үүсээгүй, ...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн тогтоолын дагуу нэр бүхий шүүгчийн туслахуудыг албан тушаалд нь жинхлэн томилсон тул Д.Д, Ш.О нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулж дүгнэсэн, Ш.О-т хуульд заасан нэмэлт баталгааг эдлүүлсэн” гэж мэтгэлцэж байна.

Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Д.Д, Ш.О, Г.Х, Л.Х нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслахын ажилд санал болгосныг үндэслэн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Д-г, Б/06 дугаар тушаалаар Ш.О-ийг тус тус уг албан тушаалд жинхлэн томилсон байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, ... хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.” заажээ.

Иргэн Д.Д нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд төрийн жинхэнэ албанд эргэн орохдоо[2] төрийн албаны шалгалт өгөөгүй болох нь Хэнтий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Харин иргэн Ш.О Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөн[3] Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогджээ.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн  албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдаж ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.”, 11.2-т “... гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: ...” гэж заажээ.

Дээр дурдсан нөхцөл байдал болон хуулийн заалтуудад үндэслэн иргэн Д.Д нь төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш төрийн албанд эргэн орохдоо мэргэшлийн шалгалт өгөөгүй нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг эдлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй этгээдийг шалгаруулалт оруулсан хариуцагчийн үйлдэл хууль бус тул нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажлын 344 хоногийн цалин 11,709,648 төгрөгөөс тэтгэмжийн 2,034,000 төгрөгийг хасч 9,675,648 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Ш.О-ийг Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөх үед Д.Д тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан боловч Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдөж, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[4] тогтоогдож байх тул Д.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.6, 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 9,675,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН

        ШҮҮГЧИД                                 Б.МӨНХЗУЛ

                                                              С.ОТГОНТУЯА

 


[1] Хэргийн 88 дахь хуудас

[2] Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр тушаалаар шүүхийн шүүгчийн туслахаар түр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар жинхлэн томилогдсон.

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 30-32 дугаар хуудас

Тус тушаалд Ш.О-ийн төрийн албанаас чөлөөлөхөөр заасан боловч Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 64/01 дүгээр дүгнэлт, мөн оны 11 сарын 27-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тушаалд өөрчлөлт оруулсан.

[4] Хэргийн 123-124 дэх талд