Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0337

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Э

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Т.Мөнхбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: иргэн С.Э-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

Хэргийн индекс: 128/2022/0661/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ээс Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “иргэн С.Э-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгч С.Э-ээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: С овогтой Э би Н овогтой Б-той нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд зохих хууль, журмын дагуу Чингэлтэй дүүргийн засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай захирамжаар бид тус бүр 450 м2 буюу нийт хөрш залгаа 900 м2 газрыг Гүнтэд зуслангийн зориулалтаар эзэмшихээр 2007 оны 04 дүгээр сарын 25-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авч тэр үеэс хойш уг 900 м2 газрыг хашаалан байшин барьж зориулалтын дагуу эзэмшиж байгаа.

2.2.Тус бүр 450 м2 буюу нийт хөрш залгаа 900 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмших гэрчилгээг бид хоёр Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж авах үед /2007 оны 04 сар/ газар эзэмших гэрчилгээн дээр С овогтой Э миний нэрийг "С овогтой Э" гэж андуурч бичсэн байсан учир би тэр дор нь уг гэрчилгээг эх хувиар нь тухайн үед ажиллаж байсан газрын байцаагч Э.Б-д эргүүлэн өгч миний овог нэрийг залруулан шинээр гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Э.Б байцаагч нэр буруу бичигдсэн гэрчилгээг аваад үлдсэн. Бидэнд гэрчилгээг залруулга хийн буцаан өгөөгүй, бид ч нэгэнт захирамж кадастр нь байгаа учир асуудал үүсэхгүй байх гэж бодон тайвширсан.

2.3.Гэтэл 2019 оноос бидэн рүү газрын албанаас ярин хашаагаа сунгаад барьчихсан байна, Т.М гэх хүний газар дээр хашаагаа сунгаад барьчихсан байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Бидний хувьд анх 2007 онд хашаагаа барихдаа тухайн үеийн газрын албаны хүмүүст хэмжүүлэн барьсан учир ийм зүйл байх учиргүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай захирамжаар бидэнд газар эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамжийн хавсралтад Н.Б, С.Э бидний аль алиных нь нэр байхгүй байгаа нь хардлага төрүүлж байна.

2.4.Анхан шатны шүүхээс ямар нэг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний нөхөр Н.Б-ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байгаа нь өөрөө нотлох баримт юм. Миний хувьд газрын албаны хүмүүс үгсэн хуйвалдаж бидний гаргаж өгсөн өргөдөл хүсэлт, миний газартай холбоотой баримтуудыг устган өөр хүний нэр дээр миний газрыг шилжүүлж өгсөн гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад дараахь үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч С.Э-ээсиргэн С.Э-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан.

3.Нэхэмжлэгчээс “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай захирамжаар миний нөхөр Н.Батболд болон бид хоёрт маргаж буй газрыг эзэмшүүлсэн боловч дараа нь үл мэдэгдэх шалтгаанаар миний нөхөр бид хоёрын нэр 153 дугаартай захирамжийн хавсралтаас алга болсон байсан. ...гэрчилгээн дээр миний нэрийг буруу бичсэнийг залруулахаар гэрчилгээг буцаан өгсөн, дараа нь энэ талаараа газрын албанд хандахад миний газрыг өөр хүн эзэмшиж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл өгөөд байгаа учраас өөрийн нэр дээр маргаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг шаардаж байна” гэж маргажээ.

Хариуцагчаас “...Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийг үндэслэн 64262 тоот гэрчилгээг Н.Батболдод олгосон боловч тус албаны архивт хадгалагдаж байгаа захирамжийн хавсралтад С.Э /С.Э/, Н.Б нэрээр газар олгосон захирамж шийдвэр гараагүй байна. Дээрх иргэдийн амьдарч буй хашаан дотор иргэн Т.М-т 2004 оны 172 дугаар захирамжаар 400 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2019 оны А/625 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн” гэж тус тус тайлбарласан.

4.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийг үндэслэн 0064262 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[1] Гүнтийн зуслан зориулалтаар 450 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Н.Б /нэхэмжлэгч С.Э-ийн нөхөр/ 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгожээ.

5.Иргэн Н.Б, С.Э нараас 2022 оны 05 дугаар сарын 04-ний Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу тус албанаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18/329 тоот албан бичгээр[2] "Танд тус дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжийг үндэслэн 64262 тоот гэрчилгээ олгосон боловч манай албанд хадгалагдаж байгаа Чингэлтэй дүүргийн засаг даргын 2005 оны 153 дугаар захирамжийн хавсралт, жагсаалтад таны нэр болон бүртгэл мөн эхнэр болох С.Э-ийн нэрээр газар олгосон захирамж шийдвэр гараагүй байна.  

...Харин таны амьдарч байгаа хашаан дотор иргэн Т.М-т дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар 400м2 газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2019 оны А/625 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Иймд таны эрх зөрчигдөж байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэх хариуг ирүүлжээ.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

7.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэрэгт хамааралтай ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох ажиллагаануудыг хийж, баримтуудыг цуглуулсан байна.

8.Тодруулбал, шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баримт бичигт тус тус үзлэг хийсэн байх ба тус үзлэгийн тэмдэглэлд[3] ...2005 оны өргөдөл гомдлын дэвтэр зуслан гэсэн 3 дэвтрийг шүүн үзэхэд *******, Н.Б гэсэн иргэдээс хүсэлт гаргасан талаар бүртгэл байхгүй. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын кадастрын системд ...2012-2017 оны бүртгэлийн файлыг үзэхэд С.Э, Н.Б гэсэн бүртгэл байхгүй” гэжээ.

9.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2142 тоот албан бичгээр[4] “2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18640327287631 дугаар бүхий 629 м.кв талбайтай газар нь ШБ740691919 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээлэлд дээрх газрын нэгж талбарын дугаар 1501203175 болж өөрчлөгдөн 629 м.кв талбайтайгаар регистрийн ШБ74101919 дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна.

Харин газрын кадастрын мэдээллийн сангаас регистрийн ЧС75110209, ХЙ74010210 дугааруудаар хайлт хийж үзэхэд тус иргэдийн нэр дээр бүртгэгдсэн газар байхгүй” гэжээ.

            10.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18/905 тоот албан бичгээр[5] “...иргэн С.Э, Н.Б нар нь өнөөдрийн байдлаар тус албанд газар эзэмших тухай хүсэлт ирүүлж байгаагүй. С.Э, С.Э, Н.Б нарт газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж шийдвэр гараагүй байна.

Иргэн Н.Б нь 2006-2019 оны газрын төлбөр 81450 төгрөгийг 2019 онд төлсөн, иргэн С.Э нь газрын төлбөр төлж байгаагүй, иргэн Т.М нь 2004-2019 оны газрын төлбөр болох 77760 төгрөгийг төлсөн байна” гэжээ.

            11.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж,

...32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж ,

            ...34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

            12.Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байх тул “нэхэмжлэгчид маргаан бүхий газартай холбогдуулан Засаг даргын захирамж гараагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй, хувийн хэрэг үүсээгүй, өргөдөл гомдол гаргасан бүртгэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

13.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй үндэслэл, тайлбарын хүрээнд холбогдох ажиллагаануудыг хийж, зохих газруудаас тайлбар лавлагаа гаргуулан авч, маргаан бүхий газар болон баримт бичгийн үзлэг хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс “иргэн *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаж байгаа харин өөрийн нөхөр Н.Батболдын газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнд олгосон газар эзэмших эрхийн талаар маргаагүй” байна.  

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан “...шүүхээс ямар нэг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний нөхөр Н.Батболдын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байгаа нь өөрөө нотлох баримт юм” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

14.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.М-т Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнт зусланд зуслангийн зориулалтаар 0045566 дугаартай 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож,[6] мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/625 дугаар захирамжаар[7] Т.М-ын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

            15.Гуравдагч этгээд Т.М-т  2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0045566 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 400 м.кв газрыг олгосон. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000048834 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.М-ын эзэмшлийн газар нь 629 м.кв буюу нэмэгдэж өөрчлөгдсөн гэдэг нь хэрэгт авагдсан газрын кадастрын зурган мэдээлэл, лавлагаа[8], газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд[9] зэргээр тогтоогдож байгаа бөгөөд уг өөрчлөлттэй холбоотой хэргийн оролцогчид маргаагүй тул шүүхээс энэхүү үйл баримттай холбоотой дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэхүү үйл баримттай холбоотойгоор маргах эрхийг анхан шатны шүүхийн шийдвэр, энэхүү магадлалаар хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дүгнэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 10 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 154-156 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 103 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 117 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 51, 58 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 37-39 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 103-107 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 51, 95 дахь тал