Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 614

 

Ц.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

хохирогч Д.М-н өмгөөлөгч О.Чулуунчимэг,

шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Одончимэг, Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Одончимэг, Ц.Цэрэнням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ч-д холбогдох 201526031114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-н Ч, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ...... аймгийн .......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор 3 жилийг өршөөн хасч, 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД: ............/;

Ц.Ч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... хотхонд байрлах 363 м.кв талбай бүхий 41/8 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү2206037712 дугаартай, иргэн Г.Г-н өмчлөлийн орон сууцыг хохирогч Д.М-т өөрийн өмчлөлийн орон сууц гэж хэлэн хуурч, 1.300.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн “Лексус 570” загварын тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 114.96 м.кв 3 өрөө орон сууц, тус байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Лексус RX-350” загварын тээврийн хэрэгсэл, мөн бэлэн 300.000.000 төгрөгийг залилан авч хохирогч Д.М-т их хэмжээний хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ч-г бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ч-с 885.093.620 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-т олгож, Ц.Ч-н цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 28 дугаар байр 135 тоот орон сууц, зоорийн гражийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн эзэмшлийн 67-39 УНҮ улсын дугаартай “Лексус 570” загварын автомашин битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, иргэний нэхэмжлэгч Б.Болормаагийн эзэмшлийн 00-69 УБЕ улсын дугаартай “Лексус RX-350” загварын автомашиныг битүүмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, эд хөрөнгөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн хотхонд байрлах 41/8 тоот байрны 79 ширхэг түлхүүр, алсаас удирдах 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ц.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Цэрэнням, Ц.Одончимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд.

     Шүүх тогтоолдоо “Ц.Ч нь ...Г.Г-н өмчлөлийн байранд амьдарч байгаа бодит байдлаа нууж, хохирогч Д.М-т өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн... хохирол учруулсан” гэх дүгнэлт хийсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Ц.Ч нь анхнаасаа тогтвортойгоор “Г.Г улсын бүртгэлд бүртгэгдээгүй таун хаусыг өгөхдөө 1 тэрбум 400 сая төгрөгийн үнэтэй, харин чамд 1 тэрбум төгрөгөөр зарна, чи тэр үнээр зарах юм бол 300-400 сая төгрөгийн ашиг гарна гэсэн тул Д.М-т худалдсан” гэж мэдүүлдэг ба энэ нь гэрч Г.Г-н мэдүүлгээр нотлогддог атал шүүх дээр дурдсанчлан хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. 

Бид гэрч Г.Г-н мөрдөн байцаах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь цагаатгах болон хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх талаас авагдаагүй, гагцхүү яллах талын үйл баримтыг нотлоход чиглэсэн асуулт тавигдаж авагдсан мэдүүлэг тул яллах, цагаатгах талын аль алины байр суурийг илэрхийлсэн асуулт асуух замаар бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлээр шүүх хуралдаанд гэрч Г.Г-ыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтийг хангасан энэхүү захирамжийг биелэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан атлаа дээр дурдсанчлан илтэд яллах талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих асуудлыг заавал нотлох үүрэг хүлээлгэсэн заалтыг зөрчсөн төдийгүй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шүүгдэгч Ц.Ч, хохирогч Д.М нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсч, улмаар тус харилцааны явцад харилцааны талууд хамтын үйл ажиллагаа эрхлэх гэх мэт хэлцэл хийж, тус хэлцлээ хэрэгжүүлэх зорилгоор Д.М Япон улсад зорчиж байсан зэрэг үйл баримт Ц.Ч-н мэдүүлэг, гэрч Т.Энхбаярын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байхад шүүгдэгч Ц.Ч-н Д.М-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн үйлдлийг “...хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болсон буюу энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн.

2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд.

Шүүх Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “түүнийг бодит байдлыг нууж ... хохирол учруулсан нь хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан" гэж дүгнэн шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн аль шинжийг хэрхэн хангаж буй талаар баримтад үндэслэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүх баримтаар нотлогдоогүй байхад хэт ерөнхий дүгнэлтээр Ц.Ч-г гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон гэж үзэж гомдолтой байна. Шүүх дүгнэлтэд заасан үндэслэлийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүх шийтгэх тогтоолынхоо 8 дугаар заалтаар "С" ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, эд хөрөнгөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэхдээ энэхүү шийдвэрийг гаргахад шаардлагатай нотолбол зохих асуудлыг нотолсон байдлыг үл харгалзан "С" ХХК-ийн хувьцааг Ц.Ч хэрхэн эзэмшдэг, эзэмшдэг бол ямар хувь хэмжээгээр эзэмшдэг болохыг нотлох ажиллагаа огт хийгээгүй байхад Ц.Ц-н эд хөрөнгийн эрхийг илтэд зөрчсөн шийдвэр гаргаснаар Компанийн тухай хуулиар тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн буюу тус хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд.

Шүүх   гэрч   Г.Г-ыг   шүүх   хуралдаанд   гэрчээр   оролцуулах   тухай захирамжийнхаа биелэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн ба энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил болно. Шүүх эрүүгийн хариуцлагын хуралдааныг хохирогчийн тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр явуулсан нь тус хуралдааныг хууль бус бүрэлдэхүүнээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болсон.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан... Ц.Ч-г Г.Г-н өмчлөлийн байранд амьдарч байгаа бодит байдлаа нууж, хохирогч Д.М-т өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн... хохирол учруулсан гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэрч Г.Г-г шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч уг шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн аль шинжийг хэрхэн хангаж буй талаар баримтад үндэслэсэн дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад "С" ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, эд хөрөнгөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ц.Ц-ын эд хөрөнгийн эрхийг илтэд зөрчсөн шийдвэр болсон. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар “С” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас 15 га газрыг хүчингүй болгосон.

Хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Миний бие тухайн үед ар гэрийн нөхцөл байдлын улмаас завсарлуулсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй ял оногдуулах шүүх хуралдааныг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэв.

Хохирогч Д.М-н өмгөөлөгч О.Чулуунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар Ц.Ч-н гэм буруугийн талаар маргаагүй. Гэрч Г.Г удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй, олон удаа хурал хойшилж байсан. Тэгээд хамгийн сүүлийн хуралдаан дээр Г.Г-г гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Шүүгдэгчийн дүү Ц.Ц нь эрүүгийн хэрэг үүссэн цагаас яллагдагчаар татагдаад явж байсан. Ц.Ц нь ах Ц.Ч-н хүсэл зоригийн үүднээс энэ бүх үйл ажиллагааг явуулаад байгаа талаар прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд заасан байгаа. Д.М-с авсан мөнгөөр “С” ХХК-ийн хувьцааг авах байдлаар зарцуулсан. Ц.Ч нь Г.Г гэдэг хүний эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгө мэтээр нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.М-г хууран мэхлэж залилсан. Хэрэг үйлдсэнээс хойш хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй, хохирол төлөх ажиллагааг хийгээгүй. Маш их гомдолтой байна...” гэв.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаан 4 удаа хойшилсон. Гэрч Г.Г 2 удаагийн шүүх хуралдаанд ирсэн боловч хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд ирээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаангүй учир гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Г.Г нь “Номин констракшн” барилгаас газрын төлбөрт уг байшинг авсан. Анх 2013 оны 4 дүгээр сард Ц.Ч нь Г.Г-тай уулзсан. Г.Г нь “Би энэ байшинг 1.000.000 төгрөгөөр зарна, энэ байшин 1.300.000.000 төгрөгийн үнэтэй. Чи зарвал нэг байрны мөнгө гарна” гэж Ц.Ч-д хэлсэн. Ц.Ч нь Г.Г-д өөрөө амьдарна гэж ойлгуулаад амьдрах явцдаа Д.М-тай таараад “Энэ миний өмчлөлийн байшин, гэрчилгээ нь “Номин”-гоос миний нэр дээр гараагүй байгаа” гэж ойлгуулсан. Г.Г нь Ц.Ч-д байшингаа зарсан гэж ойлгоод, Д.М нь Ц.Ч-с байшин худалдаж авсан гэж ойлгож байсан. Г.Г, Д.М нар нь уулзаагүй... Ц.Ч нь эхнээсээ Д.М-т өөрийн орон сууц мэтээр ойлгуулж, бодит байдлыг нууж, эд зүйлийг нь залилж авсан. Ц.Ц нь ахынхаа шилжүүлж ав гэсэн эд хөрөнгийг шилжүүлж авсан болох нь тогтоогддог... Д.М-с авсан мөнгөөр 650.000.000 төгрөгөөр “С” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан. Иймд шүүх “С” ХХК-иас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, эд хөрөнгөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагч гэж ямар субьект байх, хэрхэн иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах татах талаар тусгайлан зохицуулсан байна. 

Гэтэл мөрдөн байцаалтын явцад Ц.Ц-г иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атал түүний хуваарьт эд хөрөнгөөс буюу “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаанаас Ц.Ч-н бусдад учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүх иргэний хариуцагчаар Ц.Ц-г татан оролцуулж, хуулийн этгээдээс төлбөр гаргуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Ц.Одончимэг, Ц.Цэрэнням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...“С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаанаас Ц.Ч-н бусдад учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, Ц.Ч-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.