Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч О.Зоригбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0-377/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Отгонбаярын Зоригбаяр, Цогт овогт Отгонбаярын Гэрэлт-Од нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031203 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 28-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжны 216 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боржигин овогт Отгонбаярын Зоригбаяр /РД:ФА95102871/

            2. Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 11 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 351 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цогт овогт Отгонбаярын Гэрэлт-Од /РД:УИ00220139/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч О.Зоригбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Хангай” авто угаалгын газрын дэргэд иргэн У.Батсүхтэй таксины мөнгөнөөс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, У.Батсүхийн зүүн нүд, толгойн тус газар нь гараараа цохиж, газар унагааж, нүүр болон нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөж, зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Зоригбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Хангай” авто угаалгын газрын дэргэд иргэн У.Батсүхтэй таксины мөнгөнөөс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, У.Батсүхийн зүүн нүд, толгойн тус газар нь гараараа цохиж, газар унагааж, нүүр болон нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөж, зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч О.Зоригбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө таксинд явж байгаад Дамбын автобусны буудлаас У.Батсүхийг хамт явж байсан хөдөөний нэг ахтай 15.000 төгрөгөөр тохирч Нисэх хүргэсэн. Нисэх очих замд У.Батсүх унтчихсан. Батсүх нь замдаа архи авна гэж байсан. Тэгэхээр нь хөдөөний ахаас “архи авах юм уу” гэж асуухад “яах юм бэ одоо өнгөрсөн” гэхээр нь замдаа зогсохгүй явсан. Нисэхийн ойролцоо очоод хөдөөний ах У.Батсүхийн гэрийг мэдэхгүй гээд У.Батсүхийг сэрээхэд “хаана яваад байгаа юм бэ” гээд уурласан. Тэгээд би “ах гэрийн чинь гадаа ирсэн байна” гэхэд тийм үү хэдэн төгрөг гарсан юм бэ гэхээр нь хоёулаа 15.000 төгрөгөөр тохирч ирсэн гэхэд юу яриад байгаа юм бэ гээд таксинд суусанаа ч мэдэхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө хөдөөний ахад та мэдэж байгаа биз дээ Батсүхэд хэлээд өгөөч гэж хэлэхэд машинаас буусан. Тэгээд би хохирогч У.Батсүхэд “километрээр нь тооцож үзвэл 21.000 төгрөг гарсан байна. Та бид хоёр 15.000 төгрөг гэж тохирсон. Та 15.000 төгрөгөө өгөөрэй” гэсэн. Гэтэл хохирогч Батсүх “би яахаараа өгөх ёстой юм бэ, таксины чинь мөнгийг өгч чадахгүй гэсэн. Та нар 15.000 төгрөгөөр амьдрах уу, Приус уначихаад гээд машинаас гараад явсан. Би дахиад хөдөөний ахад “та эрүүл байгаа юм чинь хэл л дээ” гэхэд ах нь юу ч мэдэхгүй, би хөдөөнөөс ирсэн гээд байсан. Гэтэл Батсүх намайг заамдаад боогоод авсан. Тэгэхээр би багажаа онгойлгосон. Тэгээд Гэрэлт-Одыг гарч ирэхэд Батсүх “чи багажиндаа янхан дагуулж явдаг болоо юу, Гэрэлт-Одыг багажний банди” гэж доромжлоод дайраад  байсан. Намайг түрүүлж Батсүх цохиход Гэрэлт-Од зөрүүлж нэг цохьсон. Тэгэхээр нь би салгасан чинь Батсүх намайг цохиод бид хоёр харилцан бие биенээ цохьсон. Тэгээд би дуудлага өгсөн. Дараа нь цагдаагийн газраас залгасан наана чинь байгаа хүн Батсүх гэдэг хүн мөн үү гэхээр нь тийм гэсэн. Цагдаа нар 20-30 минутын дараа ирсэн. Цагдаа ирэх хооронд машинтай цагдаа өнгөрсөн. Батсүх намайг боочихоод тавихгүй байсан. Би футволкаа урж байж арай гэж тавиулсан. Гэрэлт-Од миний хажуунаас 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Батсүх намайг мөргөж, харилцан бие биенээ цохиод байж байтал удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би О.Зоригбаяр ахтай халтуур хийгээд явж байгаад нойр хүрээд багажинд ороод унтчихсан. Нэг сэрсэн 03:00-04:00 цаг өнгөрч байсан. Тэгээд ах багажаа онгойлгосон. Тухайн үед зун байсан учраас цамцаа тайлсан нүцгэн байсан. Тэгээд би халаасандаа гараа хийгээд хараад зогсоод байсан. Гэтэл намайг “за за багажнаасаа янхан дагуулж ирж байна уу, та нар 15.000 төгрөгөөр амьдрах уу, баян айлын бацаа нар, зугаа цэнгэлдээ ташуураад” гээд байсан. Тэгээд Зоригбаяр ахыг заамдаад цохихоор нь би хажуунаас нь толгой руу нь алагдсан. Гэтэл миний хойноос илдэж хөөсөн. Тэгэхээр нь би мөнгө төгрөгийн өг л дөө гээд тойроод гүйхэд Зоригбаяр ах намайг Улаанаа миний дүү холд, хойшоо бол гэхээр хойшилсон. Гэтэл Зоригбаяр ахыг цохиж мөргөөд хамрыг нь хавтгаж, хүзүүг нь зулгаруулж, нүдийг нь хөхөрүүлж, хоолойг нь боогоод аймар болгосон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гэтэл цагдаа бид нар таксины мөнгөнөөс болж очихгүй ээ, та нар өөрсдөө учраа ол гэсэн. Тэгээд Зоригбаяр ах намайг явъя гэхэд Батсүх та нар байж бай, манай байрыг эргээд сайхан зодолдъё гээд Зоригбаяр ахыг чирээд байсан. Батсүхийн хажууд явсан ах нь халааснаасаа улаан шонхор гаргаж ирж тамхи татаад ах нь хөдөөний хүн юу ч мэдэхгүй гээд цаашаа хараад суугаад байсан. Тэгээд бид хоёрыг явуулдаггүй. Тэгээд Батсүх нь эхнэртэйгээ яриад би зодуулчихаад байна гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд болсон явдлыг ярихад та хоёр эндээ саатуулагдана. Маргааш өглөө байцаалт өгөөрэй гэсэн. Өглөө цагдаа дээр хохирогч Батсүхийн эхнэр нь хүүхэдтэйгээ ирчихсэн Батсүх намайг байнга зоддог гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “О.Гэрэлт-Одын аав нь үйлдвэрийн осолд орж нас барсан. Манай том хүүхэд. Манай хүүхэд хүнд тусламтгай. Би хүүхдээ бассейнд явуулж байгаа. Унтах гээд хэвтэж байсан. Хоолоо ид гээд дуудах гэсэн байхгүй байсан. О.Гэрэлт-Од хаашаа явчихсан юм бэ гэхэд Зоригбаяр ахтай таксинд явсан гэж хэлсэн. О.Гэрэлт-Од нь хоол хийх дуртай. Цаашид О.Гэрэлт-Одыг тогоочийн дамжаанд суулгах бодолтой байгаа. Цаашдаа хүүхдээ хараа хяналтанд байлгаж асран хамгаалахаа амлаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             4. Хохирогч У.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай зоогийн газарт хүлээн авалт хийсэн. Би тэр хүлээн авалт дээр 4-5 лааз пиво уусан. Тэгээд 21 цагийн орчим зоогийн газраас гарч Дамбадаржаад аавындаа байж байгаад 22 цаг өнгөрч байхад авга ах Батдэлгэрийн хамт Нисэхэд байдаг гэртээ харихаар такси барьсан. Такси нь цагаан өнгийн Приус 20 байсан ба жолооч нь 20 орчим насны бага зэрэг махлагдуу залуу байсан. Би тэр залуутай 15.000 төгрөгөөр тохирч Нисэхийн Буянт-Ухаа-1 хороолол орохоор болсон. Би халамцуу, манай авга ах эрүүл байсан. Тэгээд Нисэхэд очоод буух гэтэл тэр залуу надад “21.000 төгрөг гарсан байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, хоёулаа 15.000 төгрөгөөр тохирсон биз дээ” гэхэд тэр залуу “ийм хол газар явчихлаа ш дээ, за за 15.000 төгрөгөө өг” гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь өгөх гэж байтал жолооч залуу машиныхаа багажийг онгойлгосон. Машины багажнаас жижиг шар банди гарч ирснээ намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би өөдөөс нь хэрэлдэж, маргалдаж дайрсан. Тэр үед жолооч залуу хажуунаас ирээд намайг заамдаж аваад бөгжтэй гараараа зүүн хөмсөгний дээд талд цохьсон. Тэгээд миний хөмсөг задарсан. Намайг жолооч залуутай барьцалдаж, зууралдаж байх үед шар банди хажуунаас толгой руу гараараа цохиод яваад байсан. Жолооч бид хоёр нилээн зууралдаж, заамдалцсан. Намайг цохихоор нь би зөрүүлээд ганц хоёр цохьсон, гэхдээ тэр хүүхдийн биед гэмтэл учраагүй. Уг нь жолооч бид хоёр эхэлж хэрэлдээгүй, ойлголцоод байж байтал жолооч багажнаасаа шар банди буулгаад ирсэн. Тэр шар банди нь над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд жолоочтой барьцалдаж авсан. Би согтуу байсан боловч болсон асуудлыг санаж байгаа. Миний биед учирсан гэмтлийг жолооч болон багажнаас гарч ирсэн залуу хоёр зодож учруулсан. Хоёулаа л намайг хоёр талаас зодож гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-17/

             5. Гэрч Н.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Улаанбаатар хотод хамаатны дүү Батсүхийн хамт Дамбадаржаагаас Буянт-Ухаа хороолол орох гээд такси барьсан чинь хар өнгийн Приус 20 машин зогссон. Манай дүү Батсүх тэр машины жолооч залуутай ярьж тохироод Буянт-Ухаа хороолол хүртэл 15.000 төгрөгөөр явахаар болоод бид тэр машинд суусан. Бид хоёр Буянт-Ухаа хороололд ирээд буусан чинь таксины жолооч залуу тохирсон мөнгөнөөсөө илүү мөнгө авна, 20.000 төгрөг өг гэсэн. Тэрнээс болоод дүү Батсүх таксины жолоочтой маргалдсан. Таксины жолооч машинаасаа бууж ирээд дүү Батсүхийн толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэр залуу машиныхаа багажийг онгойлгосон чинь нэг залуу гарч ирээд жолоочтой хамт Батсүхийг зодохоор нь би тэр хоёр залууг дүүгээсээ холдуулж салгасан. Таксины жолооч эхлээд Батсүхийн толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Багажнаас гаргаж ирсэн залуутай нийлээд манай дүү Батсүхийг газар унагаагаад тал талаас нь өшиглөсөн. Багажнаас гарч ирсэн залуу Батсүхийн нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Жолооч залуу нь Батсүхийн нуруу луу 2-3 удаа өшиглөсөн. Батсүх тэр хоёр залууг зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

             6. Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 09 цагаас 28-ны өглөөний 09 цаг хүртэл жолооч, цагдаагийн ахлах ахлагч Сүхболдын хамт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрхэс 112 чиглэлийн машинт эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Эрхэс 10-аас 04 цаг 19 минутад “таксины жолооч намайг зодлоо” гэх дуудлага ирсний дагуу Нисэхийн “Хангай” угаалгын газрын зүүн талд очсон. Очиход баруун билүү зүүн нүднийх нь зовхи хавдсан, ширүүн догшин харьцаатай өөрийгөө Батсүх гэх хүн 02-37 улсын дугаартай Приус 20 маркийн машины жолоочтой маргалдсан байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад нэг жижиг шар залуу нь “энэ ах Дамбадаржаагаас тохиролцож, такси барьж энд ирчихээд надад мөнгө байхгүй, яахаараа ийм их мөнгө гардаг юм гээд жолоочтой маргалдаад байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би цохьчихсон юм” гэж хэлсэн. Тэр жижиг шар залуугийн нэрийг сайн мэдэхгүй байна, машины багажинд унтаж байгаад гарч ирсэн гэж ярьж байсан. Дуудлагаар очиход зодуулсан гэх Батсүх, түүнтэй хамт яваа гэх хөдөөний байдалтай хүн, машины жолооч гэх намхан, махлагдуу 20 орчим насны залуу, жижиг туранхай 16-17 орчим насны шар залуу байсан. Батсүхийн зүүн билүү баруун нүдний зовхи хавдсан, хөмсөг нь задарсан байсан, харин жолооч болон түүнтэй хамт явсан залуугийн биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байсан. Мөн хөдөөний байдалтай хүний биед гэмтэл, шарх байгаагүй. Батсүх нь жолооч болон жолоочтой хамт явж байсан залуу руу “та нар яагаад ийм их мөнгө нэхдэг юм бэ” гээд дайраад, хэрэлдээд байсан. Батсүх нь нилээн согтуу, биеэ авч явах чадваргүй байдалтай байсан. Батсүх гэгч нь бие хааны хувьд жолооч болон түүнтэй хамт явж байсан гэх залууд зодуулахааргүй хүн байсан. Гэхдээ их согтуу байсан учраас тэрийг нь далимдуулж цохиж, зодсон байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/

             7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№12096/-ын дүгнэлт:

                        -У.Батсүх-н биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт, хүзүүний баруун талд, цээжинд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 32/

            8. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…гэмтлүүд бүгд 2016.08.27-ны өдөр үүссэн шинэ гэмтлүүд байсан...Мөргөх, мөргүүлэх, цохих, цохигдох аль...үед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн нүдний зовхин дахь цус хуралт гэмтлүүд үүснэ...мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

             9. Яллагдагч О.Зоригбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би 02-37 УБЯ дугаартай Приус 20 маркийн автомашинаар хуурай дүү Гэрэлт-Одын хамт халтвар хийж таксинд явсан...Би бөгжтэй гараараа цохиж хөмсөгийг нь сэтэлсэн. Намайг татаж мөргөх үедээ хамраа өөрөө хугалсан байх. Мөн намайг заамдаж цамцны захаар боогоод байсан учраас би зөрүүлээд боосон. Тэр үед хүзүү, цээжинд зулгаралт үүссэн байх. Гэрэлт-Од янхан гээд байхаар нь уурандаа нүүр рүү нь нэг удаа цохиж байсан. Мөн сүүлд 1-2 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

             10. Насанд хүрээгүй яллагдагч О.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би Зоригоо ахын хамт таксинд явж байсан...Тэгээд би машины ар хэсэгт /багажинд/ ороод унтсан...Нэг мэдэхэд Нисэхэд очсон байсан. Зоригоо ах “ахын дүү буугаад ир” гээд...машинаас буулгасан. Буухад таксины мөнгөн дээрээс болж Зоригоо ах нэг согтуу ахтай маргалдаж байсан. Нөгөө ах нь мөнгөө өгөхгүй байгаа бололтой байсан. Би тэр ахад “хүүе та болиочээ, такси барьж ирсэн юм бол мөнгөө өгөөчээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах Зоригоо ахыг заамдаж боогоод “чи машиныхаа багажинд янхан авч явдаг болчихсон юм уу” гээд шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон. Би салгах гээд очсон тэгтэл тэр ах миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд толгой руу нь гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл Зоригоо ах дундуур орж ирээд “дүүг маань яаж байгаан” гээд тэр ахын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд намайг “чи цаашаа бай” гээд түлхсэн. Тэр ах зөрүүлээд Зоригоо ахыг нүүр рүү нь гараараа цохиод байсан. Энэ үед тэр ахын хөмсөг задарч цус гарсан байсан. Харин Зоригоо ахын зүүн хацар хөхөрсөн байсан. Зоригоо ах тэр үед цагдаад утсаараа дуудлага өгсөн...Зоригоо ах “та 15.000 төгрөгөө өгчихөөч дээ, адилхан амьдрах гэж ядаж байж” гэж тэр ахад зөндөө хэлсэн. Тэгтэл тэр ах 15.000 төгрөгөөр амьдарлаа юу, тэрүүгээрээ миний бөгсийг арччих” гээд мөнгөө өгөхгүй хэл амаар доромжлоод байсан. Нөгөө хөдөөний ах огт ойртохгүй, ирж салгахгүй, тамхи татаад хараад зогсоод байсан...Нөгөө Зоригоо ахтай муудалцдаг ах нь их согтуу байсан...Зоригоо ах бид хоёр эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Зоригбаяр, О.Гэрэлт-Од нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 58, 62/-аар,

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№12096/-ын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Зоригбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч У.Батсүхэд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдал /16, 21 настай/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын хууль ёсны төлөөлөгч эх Д.Гүндэгмаагийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч О.Зоригтод 251 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ буюу хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Зоригбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Од нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Отгонбаярын Зоригбаяр, Цогт овогт Отгонбаярын Гэрэлт-Од нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Отгонбаярын Зоригбаярыг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Цогт овогт Отгонбаярын Гэрэлт-Одод 6 /зургаа/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. О.Гэрэлт-Одод шүүхээс тогтоосон хугацаанд засарч хүмүүжихийг, мөн хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг насанд хүрээгүй шүүгдэгч О.Гэрэлт-Одын хууль ёсны төлөөлөгч эх Д.Гүндэгмаад даалгасугай.

 

5. О.Зоригбаяр, О.Гэрэлт-Од нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Зоригбаяр, О.Гэрэлт-Од нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР