Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Н.Ичинсүхэд холбогдох  иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 550 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Л.Батцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:     Н.Ичинсүхэд холбогдох,

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Батцэцэг, хариуцагч Н.Ичинсүх, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Ичинсүхэд 2015.03.20-ны өдөр 10 хувийн хүүтэй 500 000 төгрөг зээлсэн. Мөнгөө нэхэхээр боломжгүй байна, өгнө гээд хэдэн жил боллоо. Сар сард нь өгье гээд одоогоор 50, 50 мянгаар өгсөн 400 000 төгрөг үлдсэн. Эмчилгээний зардал мөнгө хүрэлцэхгүй байгаа тул Н.Ичинсүхээс 400 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Ичинсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Ичинсүх би 2015 оны 03 дугаар сард 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй Л.Батцэцэгээс зээлсэн нь үнэн. Уг мөнгийг н.Эрдэнэчимэг гэдэг хүүхнээр дамжуулан зээлсэн.2015 оны 04 сараас тогтмол н.Эрдэнэчимэгээр дамжуулан 50 000 төгрөг өгч байсан. Би н.Эрдэнэчимэгт бэлнээр болон дансаар өгч байсан. Заримдаа би өөрөө Л.Батцэцэгийн дансанд нь шилжүүлж байсан. Яг хэдийг өгсөнөө сайн санахгүй байна. Багцаагаар 700 000-850 000 төгрөг өгсөн байх. Н.Эрдэнэчимэгийн гүйлгээ хийсэн данс нь олдохгүй байгаа. н.Эрдэнэчимэг ч өөрөө олдохгүй байна. Иймээс иргэн Л.Батцэцэгийн үндсэн мөнгө болон хүүг хангалттай өгсөн гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ичинсүхээс 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ичинсүхээс 11 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг давж заалдсан гомдолдоо:

Би Н.Ичинсүхэд 2015.03.20-нд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлж аваад зээлийн гэрээ байгуулсан. Эрдэнэчимэг гээд миний танил хүнтэй ирж 500.000, 500.000 төгрөгөөр нь хувааж авсан гэдэг. Н.Ичинсүх гэрээний үүргээ биелүүлж мөнгийг нь өгөх хугацаа болоход өгнө гээд л яваад байсан. Н.Ичинсүхээс 50.000, 50.000 төгрөгөөр мөнгөө авсан тул үлдэгдэл 400.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр Улаанбаатар хотод хүүгээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өөрийн биеэр ирж чадаагүй. Шүүгч нь Н.Ичинсүхийн өгсөн баримтаар 150.000 төгрөг хасаад 250.000 төгрөг төлөх шийдвэр гарсан байна. Уг нь би 100.000 төгрөг энэ онд төлсөн учир хасаад үндсэн мөнгөнөөс хасаж нэхэмжилсэн. Өөрөө байгаагүй тул давхар 150.000 төгрөг хасагдаж гарсан тул гомдол гаргаж байна гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Батцэцэг нь хариуцагч Н.Ичинсүхэд холбогдуулан  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ичинсүхээс 250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг нэхэмжлэлдээ “... Миний бие Н.Ичинсүхэд 2015.03.20-ны өдөр 10 хувийн хүүтэй 500 000 төгрөг зээлсэн. Мөнгөө нэхэхээр боломжгүй байна, өгнө гээд хэдэн жил боллоо. Сар сард нь өгье гээд одоогоор 50, 50 мянгаар өгсөн 400 000 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна ...” гэжээ.

Хариуцагч Н.Ичинсүх нь хариу тайлбартаа Н.Ичинсүх би 2015 оны 03 дугаар сард 500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй Л.Батцэцэгээс зээлсэн нь үнэн гээд нэхэмжлэгчийн Хаан банкны 5094374899 дугаартай дансанд 3 удаа 50.000 төгрөг нийт 150.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгчээ. /х/х-ийн 11-13 дугаар хуудас /,

Зохигч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн эргэн төлөлт хийгдэж байсан болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн тайлбарууд хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ.

 Нэхэмжлэгч Л.Батцэцэг  нь “...би 100.000 төгрөг энэ онд төлсөн учир хасаад үндсэн мөнгөнөөс хасаж нэхэмжилсэн...”  гэх давж заалдсан гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Л.Батцэцэг нь хариуцагч Н.Ичинсүхээс 50.000, 50.000 төгрөгөөр 2 удаа нийт 100.000 төгрөг авсан тул үлдсэн 400.000 төгрөгөө гаргуулмаар байна гэсэн байхад шүүх нэхэмжилсэн үнийн дүнгээс давхардуулан хасч тооцсон буруу байх тул нэхэмжилсэн 400.000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн Хаан банкны 5094374899 дугаартай дансанд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 50.000 төгрөгийг хасч 350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжилэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Батцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ичинсүхээс 250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ичинсүхээс 350.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...”гэж,

            2 дугаар заалтыг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ичинсүхээс 11 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгосугай ...” гэснийг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ичинсүхээс 11.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Батцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР