Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00143

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1813 дугаар магадлалтай

С.Ггийн нэхэмжлэлтэй,

П.Бд холбогдох

Орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс учирсан хохиролд 6 436 520 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.Б нь 2007 оны 8 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С.Ггийн эхнэр С.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж 2009.08.17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай 5 000 000 төгрөг зээлдүүлж, С.Ггийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаатай хөлсөлж амьдрахаар харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү харилцан тохиролцохдоо П.Б нь амьдрах хугацааны ашиглалтын зардлаа төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч 2009.08.17-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хугацаа дуусахад хариуцагч П.Б нь орон сууцыг суллаж өгөөгүй тул нэхэмжлэгч С.Г 2014 онд хариуцагчийг дээрх орон сууцнаас албадан гаргахаар нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүх хангаж, С.Г нь 2015.12.02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 161/07 тоот тогтоолоор БЗД-ийн 04 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлсэн. Хариуцагч П.Б нь дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байснаас нэхэмжлэгчид дараах хохирол учирсан байна. 2015.12.02-ны өдөр хүртэлх орон сууцны ашиглалтын зардлыг хариуцагч П.Б төлөөгүйгээс нэхэмжлэгч С.Г хамгийн сүүлд 564 820 төгрөг нөхөн төлсөн. Хариуцагч П.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн. Дээрх байрыг албадан чөлөөлөх үед Түлхүүр төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэж, цоожны голыг солиулсан. Хариуцагч П.Б нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан тул нэхэмжлэгч С.Г аргагүйн эрхэнд 2014.10.05-ньг өдрөөс 2015.10.05-ны өдрийг хүртэл БЗД-ийн 22-р хороо, 34-р гудамжны, 8 тоот хаягт орших нийтийн байрны 08 тоот өрөөг нэг сарын 160 000 төгрөгөөр хөлсөлж суусан бөгөөд П.Бгийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлж авах хүртэл 12 сарын хугацаанд нийт 2 240 000 төгрөг байрны хөлсөнд төлсөн байна. П.Б нь 2015.02.04-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч, дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг шүүх тогтоосоор байтал өөрийн хууль бус эзэмшлээс орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч нь 2015.12.02-ны өдрийг хүртэлх орон сууцны хөлсийг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцон 3 000 000 төгрөг нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй. Хариуцагч П.Бг эрэн сурвалжлуулахад шүүхэд 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд хариуцагч П.Б нь БЗД-ийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байснаас иргэн С.Гд нийт 6 436 520 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Орон сууц ашиглалтын зардалд нэхэмжилсэн төлбөр өмнөх шүүхийн шийдвэрт хамаарахгүй байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ггийн БЗД 15-р хорооллын 13-23 тоот байрны талаар 2015 оны 2сарын 04-ны өдрийн 929-р шийдвэр, 2015 оны 5 сарын 01 ны өдрийн 526-р магадлал, 2015 оны 7 сарын 02 ны өдрийн 541-р тогтоол , Ерөнхий шүүгчид хандсан гомдлын дагуу Монгол улсын дээд шүүхийн Тамгын газрын 2015 оны 10 сарын 27 ны өдрийн 6/2778-р хариу зэрэг гарсан бөгөөд одоогийн нэхэмжлэл нь С.Ггийн 13- 23 тоот байрны талаарх 2 дэх нэхэмжлэл бөгөөд энэ байрны талаар 2 дэх шийдвэрээ гаргуулах гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Орон сууцны ашиглалтын зардал 2014 оны байрны үлдэгдэл 193 820 төгрөгийг төлсөн гэх баримт нь үндэслэлгүй бөгөөд өөрсдийн амьдран суусан зардлаа надаар төлүүлэх гэсэн оролдлого юм. Санхүүгийн баримтыг хүртэл гуйвуулж худал бичиж шүүхийг хуурч мөнгө авах арга хайсан нь тодорхой байна. П.Б миний бие 2014 оныг дуустал ЦЭХ-ний газарт төлсөн төлбөрийн дипозит хуулбараас харахад үлдэгдэлгүй байсан нь тодорхой байгаа. Мөн П.Б би 2014 оны байрны төлбөрийг 12-р сарыг дуустал цаг тухайд нь төлж үлдэгдэлгүй болсон байгаа нь баримтаар нотлогдож байна. С.Г хуурамчаар гүтгэж мөнгө авах арга хайсан нь үүгээр нотлогдож байна. С.Г ШШГА-нд 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн нь С.Гочигсүрэн сайн дураар ШШГА-тай гэрээ хийж байрыг албадан авахад төлсөн төлбөр болохоос П.Б би мөнгө төлөх гэрээ хийгээгүй харин С.Г өөрийнхөө төлөө сайн дураар төлсөн төлбөр тул П.Б надаас уг төлбөрийг нэхэх эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ төлбөрийг төлснөөр чи байрыг барьцаанаас нь чөлөөлүүлж харин би С.Г болон эхнэр н.Энхтуяагаас нь зээлийн гэрээний дагуу зээлүүлсэн мөнгөө одоо болтол аваагүй хохирч байна. С.Г цоожны 70 000 төгрөгийг надаар төлүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол дугаар 161/07-т БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол 13-р байрны 23 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн нь үнэн гэх ба энэхүү баримт бичигт болон тусгайлан цоожны үнэ болох 70 000 төгрөгийг П.Б хариуцаж төлнө гэсэн зүйл албан ёсоор бичигдээгүй тул П.Б миний бие төлөх эрх зүйн үндэслэлгүй. Энэ нь С.Ггийн хэрэгцээ учраас надад хамаагүй юм. 13-23 тоот байрыг албадан авах хүртэл хуулийн хугацаандаа байсан учраас П.Б би уг байрыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг дараах баримтууд гэрчилнэ. 2014 оны 2-р сарын 04-ны өдрийн 929-р шийдвэр гарснаас үүдэн П.Б би хяналтын шатны шүүхүүдэд хандаж 2015 оны 5 сарын 01-ний 526-р магадлал, 2015 оны 7 сарын 02-ны 541-р тогтоол, ерөнхий шүүгчид хандсаны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 6/2778-р гомдлын хариуны хугацаанаас харахад хуулийн хүрээнд байсан гэдэг нь тодорхой бөгөөд ШШГАлбаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрсөн байрыг албадан гүйцэтгэх хугацаа нь 2015 оны 12-р сарын 02-нд дуусаж байгаа зэргээс хууль бусаар эзэмшээгүй гэдэг нь тогтоогдоно. С.Г нь 2014.10.05-ны өдрөөс 2015.10.05-ны өдөр хүртэл БЗД 22-р хороо 34-р гудамжны 08 тоот нийтийн байрыг хөлсөлсөн гэх баримт нь нотариатаар баталгаажаагүй. Тушаасан мөнгөний баримтгүй учраас хүчин төгөлдөр биш байна. Мөн 2014.10.27-ны өдөр нь С.Г, н.Эхтуяа нартай харилцан тохиролцож П.Б миний бие зээлсэн мөнгөө авах хүртэл уг байранд суух байсан тул хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй болно. Харин би мөнгөө авч чадаагүй учир миний эрх ашиг хөндөгдөж нүүж чадахгүй байсан билээ. 2015.10.05-ны өдөр хүртэл хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхийнхээ хүрээнд хуулийн хугацаа дуусаагүй байсан учир энэ хугацаанд байр хөлсөлсөн төлбөр нь тэдний сайн дурын амьдралын зардал юм. С.Г нь энэ талаар надтай гэрээ хийгээгүй бөгөөд 2 240 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Уг орон сууцыг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн бол 3 000 000 төгрөг олох байсан нь хууль эрхийн үндэслэлгүй байна. Уг байр нь Оросын Холбооны Улсын өмч бөгөөд С.Ггийн өмч биш учир С.Г бусдад түрээслэх боломжгүй. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээг талууд заавал бичгээр хийхийг шаарддаг. Иргэний хуулийн 318-ийн 2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэжээ. С.Ггийн “Ээрмэл” ХХК-иас уг орон сууцыг хөлслөх 1999 оны 01 сарын 01-ны өдрийн 115-р гэрээний хөлслөгчийн эрх үүрэг гэдгийн 2-8-д хөлслөгч нь өөрийн байр буюу түүний өрөөг дур мэдэн бусдад дамжуулах, дамжуулан түрээслэх эрхгүй гэж заажээ. С.Г энэхүү албан бичгээ 2014 онд байраа нэхэмжлэх үедээ нотлох баримт болгон хавсаргасныг баталгаажуулж энэ хэрэгт хавсаргав. Эдгээр баримтуудаас үзэхэд С.Г уг байрыг түрээслэх эрхгүй болох учраас П.Б надаас олох ёстой орлого гэж 3 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй нь тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулсан тул П.Б намайг эрэн сурвалжлахад төлсөн 70 000 төгрөгийг П.Б надаар төлүүлэх гэж нэхэмжлэлдээ заасан нь эрх зүйн үндэслэлгүй учир дээрх нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Пүрэвдаваагийн Байгалмаагаас 961 450 төгрөгийг гаргуулан Боржигон овогт Сонинбаярын Гончигсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 475 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгаас 27 624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1813 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.13-ны өдрийн №01503 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.10-ны өдрийн №1813 тоот магадпалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун миний бие дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн болсон бодит байдал нь: Хариуцагч П.Б нь 2007.08.17-ны өдөр нэхэмжлэгч С.Ггийн эхнэр С.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 2009.08.17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай зээлдүүлэн, өөрөө С.Ггийн эзэмшлийн БЗД-ийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцанд 2 жилийн хугацаанд хөлс төлөхгүйгээр амьдрахаар харилцан тохиролцож талуудын дунд иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа, орон сууц хөлслөх гэрээний харилцаа давхар үүссэн болохыг Улсын дээд шүүхийн 2015.07.02-ны өдрийн №541 тоот тогтоолоор тогтоосон байдаг. Улмаар 2009.08.17-ны өдөр зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусч, нэхэмжлэгч нь П.Бг орон сууцыг нь суллаж өгөхийг шаардахад хоёр жилийн хугацаанд мөнгөний ханш өөрчлөгдсөн тул 25 000 000 төгрөг төлж байраа суллаж аваарай гээд байрыг нь суллаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.02.04-ний өдрийн №929 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.05.01-ний өдрийн №526 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015.07.02-ны өдрийн №541 тоот тогтоол гарч, хариуцагч П Байгалмаагийн хууль бус эзэмшлээс БЗД-ийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг чөлөөлөх тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагч П.Б нь үндэслэлгүйгээр 25 000 000 төгрөг нэхэж, хүний байранд 2007 оноос хойш 2015 оныг хүртэл бүтэн 8 жилийн турш амьдарсан болохоо шүүх хуралдааны явцад мэдүүлж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолын 2 дахь талд түүний “...2015.08.11-нд охин Г.Мөнхцэцэг ирээд хэдэн төгрөг өгвөл байрыг чөлөөлж өгөх вэ гэхэд нь 25 000 000      төгрөг өгөөд байраа ав гэж бичиж өгсөн" гэдэг тайлбар, мэдүүлэг нь авагдсан байдаг юм. Хариуцагч нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан хэдий ч нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцыг сайн дураар чөлөөлөөгүй тул 2015.12.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн №161\07 тоот тогтоолоор БЗД-ийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг хариуцагч П.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсөн байдаг. Хариуцагч П.Бг нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч С.Г нь өөрийн өмчлөлийн БЗД-ийн 22-р хороо, Баруун Алтан өлгий 34-550 тоот хаягт орших хашаа байшин бүхий хувийн сууцанд амьдарч байсан бөгөөд 2014.09.24-нд хариуцагчаас зээлсэн 5 000 000 төгрөгийг төлж байрандаа орох санаатай дээрх газар, хувийн сууц бүхий хөрөнгөө И.Хажидсүрэн гэх хүнд худалдсан боловч хариуцагч үндэслэлгүйгээр 25 000 000 тегрөг нэхэж, байрыг нь суллаж өгөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүртэл арга буюу нийтийн байр, хөлсний байраар амьдарч байсан байна. Хариуцагч П.Бгийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Г бүтэн 6 жилийн турш тав тухтай, тохилог, өөрийн гэсэн орон сууцандаа амьдрах боломжоо алдаж, хашаа байшинд нүүрс түлж, даарч хөрөн, хүүхдүүд нь холоос ажил сургуульдаа явж зутарч байсан зэргээр хохирсон болохыг мөнгөөр илэрхийлэхийн аргагүй. Гэтэл хариуцагч П.Б нь орон сууцыг чөлөөлж өгмөгцөө С.Ггийн эхнэр С.Энхтуяаг хариуцагчаар татаж, урьд зээлдүүлсэн 5 000 000 төгрөгийг алдангийн хамт 7 500 000 төгрөг болгон нэхэмжилснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хангаж, шүүхийн 2016.04.29-ний өдрийн №03811 тоот шийдвэр гарсан юм. Тийм ч учраас нэхэмжлэгч С.Ггийн эзэмшлийн орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байсны хохирлыг П.Бгийн эзэмшил хууль бус болохыг тогтоосон, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015.02.04-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн 2015.12.02-ны өдрийг хүртэл ердөө 10 сарын хугацаанд тооцон нийт 6 436 520 төгрөг шаардсан болно. Учир нь П.Бгийн 2009.08.17-ны өдрөөс 2015.02.04-ний өдрийг хүртэл 6 жилийн турш хууль бусаар эзэмшиж байсны хохирлыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн хамт гаргаж байсныг анхан шатны шүүх хангаагүй бөгөөд С.Г нь шийдвэрийн дээрх хэсэгт нь гомдол гаргаагүй тул уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан.

Гэтэл шүүх П.Бгийн хууль бус эзэмшлийн улмаас нэхэмжлэгч С.Гд хохирол учирсан үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагаас 5 475 070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

Нэхэмжлэгч С.Гд учирсан хохирол нийт 6 436 520 төгрөгийг дараах байдлаар тодорхойлсон Үүнд:

Орон сууцыг албадан чөлөөлсөн 2015.12.02-ны өдрийг хүртэлх П.Бгийн эзэмшлийн хугацаан дахь орон сууцны ашиглалтын зардалд 564 820 төгрөг.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт С.Ггийн төлсөн 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс.

Орон сууцыг албадан чөлөөлөх үед хариуцагч хаалгыг онгойлгож өгөөгүй тул арга буюу гадна хаалгыг “Түлхүүр” төвөөр онгойлгуулж, цоожны голыг солиулсан. Иймд үйлчилгээний хөлсөнд төлсөн 75 000 төгрөг.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч П.Бг орон сууцыг нь хууль бусаар эзэмшиж байсан хугацаанд нийтийн болон хөлсний байраар амьдарч байсан тухай дээр дурдсан. Иймд хамгийн сүүлд 2014.10.05-ны өдрөөс 2015.10.05-ны өдрийг хүртэл БЗД-ийн 22-р хороо, 34-р гудамжны, 8 тоот хаягт орших нийтийн байрны 08 тоот өрөөг нэг сарын 160 000 төгрөгөөр хөлсөлж сууж байсан тул байрны хөлсөнд төлсөн нийт 2 240 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэн хохиролд тооцож нэхэмжилсэн.

2015.02.04-ны өдрөөс 2015.12.02-ны өдрийг хүртэл орон сууцны хөлсөлж, олох ёстой байсан орлого 3 000 000 төгрөг.

Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөг багтаж байсан юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас:

"Түлхүүр" төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэж, цоожны гол солиулсан хөлсийг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч өөрийн сайн дураар хийлгэсэн үйлчилгээний төлбөр гэж үзээд хангаагүй. Гэтэл уг тооцооны баримтан дээр хаалга онгойлгосон гэдэг утга тод харагддаг бөгөөд хариуцагч хаалганы түлхүүрийг өгөхгүй, хаалгыг сайн дураар онгойлгохгүй байснаас л орон сууцны хаалгыг мэргэжлийн хүмүүсээр онгойлгуулсан байх бодит үйл баримтыг шүүгч тунгаагаагүй. Нэгэнт хаалганы түлхүүр байхгүй, хүчээр онгойлгосон хаалганы голыг солиулахаас өөр арга байгаагүй гэдгийг шүүх тооцоолоогүй.

Нийтийн байр хөлсөлж амьдарсан 2 240 000 төгрөг, олох ёстой байсан орлого 3 000 000 төгрөгийг нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо зөрчилдсөн гэж үзэн хангаагүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх тухайн шаардлагаас хэрэгт хамааралтай, нотлогдож байгаа шаардлагыг нь хангах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг орон сууцыг нь чөлөөлж өгмөгц л орон сууцандаа нүүж орох чин хүсэл, шаардлага байсан. Гэтэл хариуцагч орон сууцыг суллаж өгөхгүй байснаас өөр амьдрах газаргүй байсан тул арга буюу нийтийн байр хөлсөлж амьдарсан. Үүнийг нотлох зорилготой Болд гэх хүнтэй байгуулсан 2014.10.05-ны өдрийн нийтийн байр хөлслөх тухай гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг хэрэгт хавсаргасан. Дээрх үйл баримт бол хамгийн бодитой үнэн, болсон явдал учраас энэ нь хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх бүрэн боломжтой. Хэрэв хариуцагч П.Б орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй бол хариуцагч дээрх нийтийн байрыг хөлсөлж амьдрах шаардлага гарахгүй байсан тул энэ асуудал нь гарцаагүй шалтгаант холбоотой байна. Харин дээрх орон сууцыг хөлсөлж олох ёстой байсан орлого хэмээн шаардсан 3 000 000 төгрөг нь талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа давхар үүссэн болохыг тогтоосон Дээд шүүхийн тогтоолтой холбоотой юм. Нэгэнт орон сууцанд амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь үнэн тул уг орон сууцыг эзэмшилдээ байлгасны үр дагаварыг нэхэмжлэгчид буцаан олгох боломжгүй учир эзэмшилдээ байлгасан хугацааных нь хөлсийг шаардсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагч ч тухайн орон сууцыг хөлслөх зах зээлийн ханш нь 300 000 төгрөг байдагтай маргаагүй тул орон сууцны үнэлгээг заавал хийлгэх шаардлага байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны хөлсийг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй, хариуцагч үнийн дүнтэй маргаагүй гэдгийг үл хэрэгсэн орон сууцны үнэлгээ нь нотлогдоогүй гэж үзэн 3 000 000 төгрөгийг хангаагүй. Харин давж заалдах шатны шүүх дээрх хоёр шаардлага нь хоорондоо зөрчилдөж байна гээд аль алийг нь хангахгүй орхисонд маш их гомдолтой байна. Хэдийгээр дээрх хоёр шаардлага хоёулаа хангагдах боломжгүй байгаа хэдий ч шүүх хэрэг маргааныг бодитоор дүгнэж үзвэл ядаж л нэхэмжлэгчээс гарсан эардал болох нийтийн байр хөлсөлж амьдарсан 2 240 000 төгрөгийг хангах боломжтой байсан. Шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр дээр дурдсан хоёр шаардлагын аль нэгийг нь хангасан байхад нэхэмжлэгчид гомдоллох зүйл байхгүй байсан.

Мөн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн үйлчилгээний хөлсөнд тушаасан 60 000 төгрөгийг хангаагүй нь ч үндэслэлгүй байна. Шүүх нэгэнт хариуцагчийн гэм бурууг тогтоож, 11 нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангасан бол хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал болох 70 200 төгрөгийн шаардлагыг хангах ёстой. Хариуцагчийн хаягийг мэдэхгүйгээр нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй тул энэ нь ч гарцаагүй нэхэмжлэгчээс гарсан зардал болно. Харин Шийдвэр гүйцэтгэх газарт тушаасан 60 000 төгрөгийн үйлчилгээний хөлс нь мөн л хариуцагчийн буруугаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

С.Г нь П.Бд холбогдуулан орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс учирсан хохиролд 6 436 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...орон сууцыг хөлсөлж, амьдарч байхдаа ашиглалтын зардал 564 820 төгрөгийг төлөөгүй байсныг нэхэмжлэгч нь нөхөж төлсөн, орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх албанд үйлчилгээний хөлсөнд 486 500 төгрөгийг төлж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн, албадан чөлөөлөх үед цоожны голыг солиулж, Түлхүүр төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгүүлсэн, орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул 2014 оны 10 дугаар сарын 05-наас 2015 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл нийтийн байрыг сарын 160 000 төгрөгөөр хөлсөлж 2 240 000 төгрөгийн хохирол учирсан, мөн хугацаанд өөрсдийн орон сууцыг сарын 300 000 төгрөгөөр бусдад хөлслүүлсэн бол 3 000 000 төгрөгийн орлого олох байсан, хариуцагч П.Бг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргахдаа 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тул нийт 6 436 5220 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...орон сууцны ашиглалтын зардлыг бүрэн төлсөн, шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн төлбөр, цоожны төлбөр зэргийг нэхэмжлэгч нь өөрөө хүсч, сайн дураараа зардал гаргасан тул хариуцахгүй, орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд биелүүлсэн тул нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн, өөрийн орон сууцыг бусдад хөлслүүлж олох байсан орлогыг нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн /2002 он/ 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтуудыг баримтлан нийт 961 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хуулийн зүйлчлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 219 дүгээр зүйлийн 219.1. болгож өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримтад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг зөв тодорхойлж, хариуцагчийн орон сууцанд амьдарч байсан үеийн ашиглалтын зардалд нэхэмжлэгчээс нөхөн төлсөн 534 950 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 425 000 төгрөг, уг баримтуудыг архиваас хуулбарлан авахад гаргасан зардал 1 500 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчийг хохирсон, дээрх шаардлага хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон гэж дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.

Түүнчлэн, П.Бг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй байх тул хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1813 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч П.Бгаас 1 031 650 төгрөгийг гаргуулан С.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 404 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “27 624 төгрөгийг” гэснийг “29 310 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД