Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 674

 

Ч.М-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Соёлмаа,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.М-д холбогдох 1710002070010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Ч-н М, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............... аймгийн .......... сумын ... дугаар баг, ....... гэх газарт оршин суудаг,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ГО98031613/;

Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Маршал” тауны 501 дүгээр байранд оршин суух П.Ганбатын гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хаш хөөрөг, төвд хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, алтан гинж, монетон гинж, мөнгөн аяга, зөөврийн компьютер, “Айпад” зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, П.Ганбатад нийт 23.095.000 төгрөгийн хохирол,

2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Лакшири 3  дугаар хауст оршин суух, ХБНГУ-ын иргэн Оливэр Карл Жорж Счнорын /Olivir karl-Gerorg Schnorr/ гэрийн цонхоор нэвтрэн орж, “Iphone-7” загварын гар утас, Pierre Cardin брендийн Ipad Air2, Ingersoll брендийн бугуйн цаг, Ray ben брендийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Маrlboro тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, Оливэр Карл Жорж Счнорт нийт 4.573.000 төгрөгийн хохирол,

2017 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагаас 03 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 28 дугаар амины орон сууцанд оршин суух иргэн Т.Энхбатын гэрийн подвалийн өрөөний вакум цонхыг хууль бусаар түлхэн орж, шүрэн толгойтой цац манан хөөрөг, эрэгтэй монетон гинж, хөөрөгний даалин, их гарын хар манан хөөрөг, “Викторинокс” брэндийн олон үйлдэлт хутга, “Р mod 27” гэсэн бичиглэлтэй, 6 ширхэг сумтай гар бууны магазин, бууны дуран, гар чийдэн, мөнгөн хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, Т.Энхбатад нийт 5.287.000 төгрөгийн хохирол,

2017 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анома” хотхоны 82-0 тоотод оршин суух Б.Лхагвасүрэнгийн байшингийн подвалийн цонхыг хууль бусаар хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зөөврийн компьютер, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, “Самсунг Эс-4” загварын гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батарей, утасны  зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар 2-тын дэвсгэртээр 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонгконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, Б.Лхагвасүрэнд нийт 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.М-ын үйлдэл тус бүрийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.М-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-ын цагдан хоригдсон 283 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Найк эйр” загварын эрэгтэй пүүз 1 хос, шөвөг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.М-с 250.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Энхбатад, 8.155.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ганбатад, 4.573.000 төгрөг гаргуулж хохирогч Оливэр Карл Жорж Счнорт-д тус тус олгож, Ч.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримталсан боловч өмнөх 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шийтгүүлсэн 2 жилийн хорих ял дээр нэмж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн миний бие айлаас хулгайлсан эд зүйлээ мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нарт нуусан газраа зааж гэрч байлцуулан хүлээлгэж өгсөн боловч зарим буюу Герман Улсын иргэний Ingersoll брендийн бугуйн цаг, Ray ben брендийн нүдний шил, асаагуур зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн боловч эзэндээ очоогүй байна. Үүний улмаас хохирол төлбөрийн маргаантай байдал бий болсон. Тухайн эд зүйлийг мөрдөгч, төлөөлөгч нар надаас авчихаад яагаад эзэнд нь хүлээлгэж өгөөгүй, баримт байхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Миний хувьд үйлдсэн хэргээ үнэн зөв хүлээн зөвшөөрч бусдаас авсан эд зүйлээ сайн дураараа хүлээлгэн өгсөн, мөн цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бусдад учруулсан үлдэгдэл хохирлыг өөрийн боломж бололцоогоор төлж барагдуулна гэсэн хүсэл эрмэлзлэлийг авч хэлэлцсэнгүй. Иймд дээрх үнэн байдлыг харгалзан үзэж, хорих ялаас бага ч болов хасаж хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Маршал таун” хотхоны 501 дүгээр байранд оршин суух П.Ганбатын гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хаш хөөрөг, төвд хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, алтан гинж, монетон гинж, мөнгөн аяга, зөөврийн компьютер, “Айпад” зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, хохирогч П.Ганбатад 23.095.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Маршал таун” хотхоны “Лакшири-3 дугаар хаус” гэх байранд түр оршин суух ХБНГУ-ын иргэн Оливэр Карл Жорж Счнорын /Olivir karl-Gerorg Schnorr/ гэрийн цонхоор нэвтрэн орж, “Iphone-7” загварын гар утас, Pierre Cardin брендийн Ipad Air-2, Ingersoll брендийн бугуйн цаг, Ray ben брендийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Маrlboro тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Оливэр Карл Жорж Счнорт 4.573.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагаас 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 28 дугаар амины орон сууцанд оршин суух иргэн Т.Энхбатын гэрийн подвалийн өрөөний вакум цонхыг хууль бусаар түлхэн орж, шүрэн толгойтой цац манан хөөрөг, эрэгтэй монетон гинж, хөөрөгний даалин, их гарын хар манан хөөрөг, “Викторинокс” брэндийн олон үйлдэлт хутга, “Р mod 27” гэсэн бичиглэлтэй, 6 ширхэг сумтай гар бууны магазин, бууны дуран, гар чийдэн, мөнгөн хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Т.Энхбатад 5.287.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Анома” хотхоны 82 дугаар байрны 0 тоотод оршин суух Б.Лхагвасүрэнгийн гэрийн подвалийн цонхыг хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зөөврийн компьютер, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, “Самсунг Эс-4” загварын гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батарей, утасны  зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар 2-тын дэвсгэртээр 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонгконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, хохирогч Б.Лхагвасүрэнд 25.500.062 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь:

Нэр бүхий дөрвөн хохирогчийн гэрээс эд зүйл алдсан байдлыг харуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-н 6-33, 151-164, 2 хх-н 6-24, 101-122/, эд мөрийн баримтыг хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн тогтоол, зарим эд мөрийн баримтыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-н 37-43, 2 хх-н 53-58, 152-157/, эд зүйлээ хулгайд алдсан тухайгаа тус тус мэдүүлсэн хохирогч Б.Лхагвасүрэн /1 хх-н 44-48/, хохирогч Оливэр Карл Жорж Счнорт /1 хх-н 173-176/, хохирогч Т.Энхбат /2 хх-н 29-32/, хохирогч П.Ганбат /2 хх-н 126-129/, алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн”, “Дамно”, “Лэндс” ХХК-иудын үнэлгээний дүгнэлтүүд /1хх 51-58, 186-188, 2 хх-н 34-45, 147-151/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ч.М-ын яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, шүүгдэгч Ч.М-ыг үйлдсэн гэж гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэйн дээр оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.М нь “зарим хохирол биет байдлаар төлөгдсөн байхад дахин мөнгөөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, учруулсан хохирлыг төлж барагдуулна, хорих ялаас бага ч болов хасаж өгнө” үү гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний бусдад учруулсан хохирол, түүнээс зарим хэсгийг биетээр буцаан өгснийг хасаж, үлдэх хэсгийг эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр шүүгдэгчээс төгрөгөөр гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд буруу тооцоолсон, зарим зүйлийг дүгнэлгүй орхигдуулсан зүйлгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.     

Түүнчлэн шүүх шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, хүнд биш ял болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Харин, анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүхээс засаж болох алдаа гаргасан байна.

Прокуророос шүүгдэгчийн дөрвөн удаагийн үйлдэл тус бүрт нь зүйлчилж, хууль хэрэглэснийг шүүх хөнгөрүүлэн өөрчлөөгүй атлаа нэг зүйл хэсгээр нь ял оногдуулсан нь буруу болжээ.

Иймд шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.