Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00144

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 203 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар магадлалтай

Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Ч.Мт холбогдох

Үнэт эд зүйлийн үнэ 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие одоо 23 настай, Улаанбаатар хотын ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны 6 дугаар курсэд сурдаг. Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ээжийн хамт ам бүл хоёулаа амьдарч байсан. Миний аав Лхагва нь намайг 4 настай байхад нас барсан. Ээж Алтанцэцэг нь 2014 оны 11 сард нас барж би ганцаараа үлдсэн. Ээжийн маань найз нар надад ээжийн чинь дүү талийгаачийн ажил явдлыг дуусгаад явахдаа нилээд их зүйл аваад явчихлаа. Миний дүү гэр орондоо ирж юм хумаа бүртгэж үз гэж хэлсний дагуу би 2015 оны 02 сарын 21-ний өдөр өвлийн амралтаараа Хөтөлд ирж, ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйл болон гэр орныхоо эд хогшлыг үзсэн. Энэ үедээ ээжийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, хувцас, мөнгөн аяга зэргийг байхгүй байгааг мэдсэн. Энэ бүх зүйлийг миний ээжийн өргөмөл эгчийнх нь охин болох Ч.М эгч надад хэлэхгүйгээр нууцаар аваад явсан байсан. Би түүнтэй утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан учир зуныхаа амралтаар Бугант тосгонд очиж уулзахад би тэр юмнуудыг чинь үгүй хийсэн, чамд өгөх зүйл байхгүй, би чиний эхийг асарч мөнгө гаргасан тул чи надад мөнгө төл гэж загнаж, дарамталж намайг гэрээсээ хөөсөн. Дараа нь би 2017 оны 05 сард Хөтөл дахь сум дундын шүүхэд хандсан боловч мэдээлэл лавлагааны ажилтан нь харъяалалын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гээд буцаасан. Манай гэрээс эд зүйл алга болсныг 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр л мэдсэн. Харин ээжийн эгчийн охин Ч.М эгч эд зүйлийг авч явсныг түүнтэй зун нь уулзаад баттай мэдэж шаардсан. Шаардахад эд зүйлийг үгүй хийсэн гэдгээ Ч.М эгч өөрөө хэлсэн. Уг нь надад аав, ээжийн маань эдэлж хэрэглэж байсан зүйл юугаар ч солихооргүй үнэтэй. Хэрэв аавын минь хэрэглэж байсан аяга, ээжий минь ээмэг, бөгж, хувцас байдаг бол би авмаар байна. Иймд хариуцагч Ч.Маас түүний манай гэрээс авч явсан эд зүйлийн үнэ 25 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжилж буй зүйлээс заримыг авсан тул дунд гарын мөнгөн аягыг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, алтан ээмэг, александр шигтгээтэй алтан бөгжөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Бгийн ээж талийгаач Ж.Алтанцэцэг нь миний ээж Бадамын дүү юм. Би Ж.Алтанцэцэг эгчтэй багаасаа ойр дотно байж хамт өссөн. Эгчид дэм тус болж хүүхдүүдийг нь харж, өсгөлцөж ирсэн. Ж.Алтанцэцэг эгч хань, хоёр хүүхдээ алдаж зовлон их үзсэн. Сүүлдээ бие нь муудаж, уушигны өвчин нь хүндэрч сүрьеэ болсон. Улмаар сэтгэл санаа нь хямарч сэтгэцийн өөрчлөлттэй болсноор эмнэлгээр их явдаг болсон. Энэ хугацаанд хүү Л.Б нь хотод сургуульд сурдаг гээд ээжтэйгээ ойр байгаагүй, асарч тойглоогүй. Өвдөх үедээ намайг дууддаг. Би Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар эмнэлэгээр дагуулж явдаг, эмчлүүлдэг, асардаг байсан. Л.Б нь хааяа ирэхээрээ группийнх нь мөнгийг аваад явчихдаг. Би Л.Бг багаас нь харж хандаж, гэрт нь хамт байдаг байсан. Хамгийн ойр дотнын хүн нь би. Гэтэл ээжийгээ өнгөрснөөс хойш 4 жилийн дараа гэнэт байсан, байгаагүй эд зүйл нэхэж байгааг нь гайхаж байна. Эгч минь амьд сэрүүн байхад гэрээр нь гарч орч байсан Валяхүү, түүний эхнэр Соёмбо нар нь өөрийн хүүхдээрээ үнэлгээ гаргуулж, өмгөөллийн хөлсийг нь өгч өнөөдөр ийм маргаан үүсгэж байна гэж бодож байна. Валяхүү ахын эхнэр нь талийгаачид өглөгтэй байсан гэж талийгаач ярьдаг байсан. Энэ мөнгөө өгөхгүй байж, хүүхдэд сайн хүн болж ах дүүгээс нь салгана гэж байгаад гомдолтой байна. Үнэлгээ гаргасан комисст Валяхүүгийн хүү Үүрдмөнх оролцсон. Нэхэмжлэлд дурдагдсан 11 ширхэг эд зүйлийн хэмжээ, граммыг нарийн сайн гаргаагүй. Александр шигтгээтэй алтан бөгжийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Мөнгөн, сувдан шигтгээтэй хавчаар бол манай эмээгийн эмээгийнх. Энгэрийн зүүлт нь эмээгийнх. Жижиг мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аяга нь манай хүүгийн сүүн хадагтайгаа талийгаачийн гэрт нь байсан юм. Үнэгэн захтай дээлийг талийгаач богино загвартай болгосон. Алтан ээмэг, алтан гинжийг мэдэхгүй. Сувдан ээмэг, гинж бол байсан. Эдгээр эд зүйлсийг авахдаа талийгаачийн төрсөн ах Чойжилоос асууж авсан болохоос худлаа хэлж, хулгай хийж аваагүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Ч.Маас 15.000.000 төгрөг гаргуулан Л.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 10.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 10.400.000 төгрөгөнд ногдох 232.950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 203 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн хариуцагч Ч.Мт холбогдуулан гаргасан 25.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Л.Б нь шүүгчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 206 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 35 дугаартай магадлалыг үл зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн Ч.Маас 25 400 000 төгрөг гаргуулснаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн хусэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлснээр нэхэмжлэгч Л.Бгийн эх Ж.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох Александр шигтгээтэй алтан ээмэг, бөгжийг эдлэн хэрэглэж байсан гэдгийг нотлож байгаа боловч тухайн алтан ээмэг, бөгжийг талийгаачийг нас барсаны дараа хариуцагч Ч.М нь нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан 10 нэр төрлийн алтан эдлэл болон бусад эд зүйлийг өөрөө авсан гэдгээ 2018 оны 3-р сарын 7-ны өдөр болсон шүүх хурал дээр тодорхой мэдүүлсэн бөгөөд нэг алтан бөгжийг нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хулгайд алдсан, сумынхаа хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн байгаа гэдгээ мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн хариуцагч Ч.М нь шүүхэд анх тайлбар гаргахдаа үнэт эдлэл, эд зүйлс нь байгаа, би хадгалж байгаад өгөх бодолтой байсан гэдэг бөгөөд зарим үнэт эдлэлийн зургийг авч тайлбартаа хавсарган ирүүлсэн байдаг. Мөн 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн шүүх хурал болоход нэхий дээл, жижиг мөнгөн аяга, эртний эдлэлийн сувдан энгэрийн зүүлт, сувдан шигтгээтэй үсний хавчаар авчирч хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хурлын явцад хулгайд алдсан гэж Александр шигтгээтэй алтан бөгж (7.0сая) дунд гарын мөнгөн аяга болон буцаан өгсөн эд зүйлсийн үнийг хасахаар харилцан тохиролцсон бөгөөд анхан шатны шүүхээс эдгээр зүйлсийн үнийг хасаад 15 000 00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Ийм учраас анхан шатны шүүхийн 203 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ч.М нь талийгч Ж.Алтанцэцэгийг нас нөгчсөний дараа гэрээс нь авч явсан эд зүйлийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Сайхан сумын үнэлгээний комисс үнэлэхдээ уг комиссын 2 гишүүн нь Л.Бг дагуулан Дархан, Улаанбаатар хотын үнэт эдлэлийн дэлгүүрээр орж ижил хэмжээ бүхий үнэт эдлэлүүдтэй харьцуулах замаар үнэлгээний жишиг үнийн аргаар үнэлгээг гаргасан талаар комиссын дарга Б.Үүрдмөнх мэдүүлсэн нь хавтаст хэргийн 131-р талд нотлох баримтаар нотлогдсон байна.

Хариуцагч Ч.М нь хавтаст хэргийн 21-р талд байгаа тайлбартаа алтан ээмэг, бөгж, сувдан энгэрийн 2 зүүлт, хүзүүний зүүлт 1ш, жижиг мөнгөн аяга 1ш байгаа гэж тусгасан байхад шүүх энэ тайлбарыг үнэлээгүй, ба үгүйсгэсэн үндэслэгч магадлалдаа огт тусгаагүй байна. Ч.М Л.Бгийн гэрээс нь хулгайлаад аваад явсан үнэт эдлэлийг үнэлгээг яаж орц хэмжээг үнэлж вэ? Харин ч үнэлэх гэж цаг зав, сэтгэл гарган, үнэт эдлэлийн дэлгүүрээр орж үнийг судлан, жишиг үнийн аргаар харьцуулан үнэлгээг гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх үнэлгээний комиссын үнэлгээг баримтлах боломжгүй гэж дүгнэж байгаа юм бол хариуцагч Ч.М нь удаа дараа эдгээр эд зүйлсийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг, үнэлэлт дүгнэлтийг өгч, үнэт эдлэлүүдийг биет байдлаар нь эсвэл ижил чанарыг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж болох байсан. Давж заалдах шатны шүүх хариуцагч нь Ж.Алтанцэцэгийн гэрээс түүний цорын ганц өвлөгч болох Л.Бд хэлэлгүй нууцаар авч явсан эд зүйлийн зарим хэсгийг авчирч өгөөд, нэг алтан бөгжийг нь гэрээсээ хулгайд алдсан гэж мэдүүлсэн, бусад үнэт эдлэлийг нь авсан гэдгээ тайлбар мэдүүлэгтээ удаа дараа мэдүүлсэн байхад зөвхөн дан ганц Ч.Мын давж заалдсан гомдолд тулгуурлан маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.20-ны өдрийн 35 дугаартай магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын актыг үндэслэсэн байдаг. Тухайн эд зүйлийг Алтанцэцэг хэрэглэж байсан ба урьд өмнө тийм эд зүйл байсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг боловч яг нас барсных нь дараа Ч.М гэдэг хүн авсан гэдгийг нотолсон нотлох баримт биш гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ч.Мт холбогдуулан үнэт эд зүйлийн үнэ 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Л.Б нь 2014 онд нас барсан ээж Алтанцэцэгийн эдэлж хэрэглэж байсан алтан ээмэг, бөгж, гинж, сувдан ээмэг, зүүлт, хавчаар, энгэрийн зүүлт, мөнгөн аяга, үнэгэн захтай нэхий дээл зэрэг 10 нэр төрлийн, 25 400 000 төгрөгийн үнэ бүхий үнэт эд зүйлсийг түүнийг өвчтэй байхад нь асарч байсан Ч.М хэлэлгүй авч явсныг 2015 онд мэдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг шүүхэд хянагдах явцад Ч.Маас 8 нэр төрлийн эд зүйлийг хүлээн авсан тул үлдэх алтан ээмэг, гинж, александр шитгтээтэй 2 ширхэг алтан бөгжний үнийг нэхэмжилжээ.

 Хариуцагчаас нэхэмжлэгчид буцааж өгсөн дээрх эд хөрөнгийг талийгаач Алтанцэцэг нь нас барахдаа үлдээсэн байсныг нэхэмжлэгчийг эхнэр хүүхэдтэй болоход нь өгөөрэй гэж талийгаачийн ах Чойжилын хэлснээр хадгалж байсан, нэг ширхэг алтан бөгж байсан нь хулгайд алдагдсан, нэхэмжлэлд дурдсан 2 дахь алтан бөгж, алтан ээмэг, гинж байгаагүй гэж маргасан байна.

Хариуцагч өөрт байсан эд зүйлсийг нэхэмжлэгчид буцаан өгч, бусад эд зүйлсийн талаар болон тэдгээрийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжилж буй эд хөрөнгийн нэг бүрийн шинж, хэлбэр, хэмжээ, орц тодорхойгүй, тэдгээрийн үнэлгээ үндэслэл бүхий болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, дээрх хөрөнгийг Ч.М авсан болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УНДРАХ   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД