Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 35

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00053/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Д.Даваахүү

                           Хариуцагч                                  *******

                             Хариуцагчийн өмгөөлөгч        Л.Оюунсувд

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 203 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******гийн  нэхэмжлэлтэй *******т холбогдох “25.400.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие  одоо 23 настай, Улаанбаатар хотын ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны 6 дугаар курсэд сурдаг.  Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ээжийн хамт ам бүл 2-уулаа амьдарч байсан. Миний аав ******* нь намайг 4 настай байхад нас барсан. Ээж ******* нь 2014 оны 11 сард нас барж би ганцаараа үлдсэн. Ээжийн маань найз нар надад ээжийн чинь дүү талийгаачийн ажил явдлыг дуусгаад явахлдаа нилээд их зүйл аваад явчихлаа. Миний дүү гэр орондоо ирж юм хумаа бүртгэж үз гэж хэлсний дагуу би 2015 оны 02 сарын 21-ний өдөр өвлийн амралтаараа Хөтөлд ирж ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйл болон гэр орныхоо эд хогшлыг үзсэн. Энэ үедээ ээжийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, хувцас, мөнгөн аяга зэргийг байхгүй байгааг мэдсэн. Энэ бүх зүйлийг миний ээжийн өргөмөл эгчийн нь охин болох болох ******* эгч надад хэлэхгүйгээр нууцаар аваад явсан байсан. Би түүнтэй утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан учир зуныхаа амралтаар Бугант тосгонд очиж уулзахад би тэр юмнуудыг чинь үгүй хийсэн, чамд өгөх зүйл байхгүй би чиний эхийг асарч мөнгө гаргасан тул чи надад мөнгө төл гэж загнаж дарамталж намайг гэрээсээ хөөсөн. Дараа нь би 2017 оны 05 сард Хөтөл дахь сум дундын шүүхэд хандсан боловч мэдээлэл лавлагааны ажилтан нь харъяалалын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гээд буцаасан. Би манай гэрээс эд зүйл алга болсныг 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр л мэдсэн. Харин ээжийн эгчийн охин ******* эгч эд зүйлийг авч явсныг түүнтэй зун нь уулзаад баттай мэдэж шаардсан. Шаардахад эд зүйлийг үгүй хийсэн гэдгээ ******* эгч өөрөө хэлсэн. Уг нь надад аав, ээжийн маань эдэлж хэрэглэж байсан зүйл юугаар ч солихооргүй үнэтэй. Хэрэв аавын минь хэрэглэж байсан аяга, ээжий минь ээмэг, бөгж, хувцас байдаг бол би авмаар байна. Иймд хариуцагч *******аас түүний манай гэрээс авч явсан эд зүйлийн үнэ 25.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...*******гийн ээж талийгаач Ж.******* нь миний ээж ******* дүү юм. Би Ж.******* эгчтэй багаасаа ойр дотно байж хамт өссөн. Эгчид дэм тус болж хүүхдүүдийг нь харж, өсгөлцөж ирсэн. Ж.******* эгч хань, хоёр хүүхдээ алдаж зовлон их үзсэн. Сүүлдээ бие нь муудаж, уушгины өвчин нь хүндэрч сүрьеэ болсон. Улмаар сэтгэл санаа нь хямарч сэтгэцийн өөрчлөлттэй болсноор эмнэлгээр их явдаг болсон. Энэ хугацаанд ******* нь хотод сургуульд сурдаг гээд ээжтэйгээ ойр байгаагүй, асарч тойглоогүй. Өвдөх үедээ намайг дууддаг. Би Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар эмнэлэгээр дагуулж явдаг, эмчлүүлдэг, асардаг байсан. ******* нь хааяа ирхээрээ группийнх нь мөнгийг аваад явчихдаг. *******г багаас нь харж хандаж, гэрт нь хамт байдаг байсан. Хамгийн ойр дотнын хүн нь би. Гэтэл ээжийгээ өнгөрснөөс 4 жилийн дараа гэнэт байсан, байгаагүй эд зүйл нэхэж байгааг нь гайхаж байна. Эгч минь амьд сэрүүн байхад гэрээр нь гарч орч байсан Валяхүү түүний эхнэр Соёмбо нар нь өөрийн хүүхдээрээ үнэлгээ гаргуулж, өмгөөллийн хөлсийг нь өгч өнөөдөр ийм маргаан үүсгэж байна гэж бодож байна. Валяхүү ахын эхнэр нь талийгаачид өглөгтэй байсан гэж талийгаач ярьдаг байсан. Энэ мөнгөө өгөхгүй байж, хүүхдэд сайн хүн болж ах дүүгээс нь салгана гэж байгаад гомдолтой байна. Үнэлгээ гаргасан комисст Валяхүүгийн хүү Үүрдмөнх оролцсон. Нэхэмжлэлд дурдагдсан 11 ширхэг эд зүйлийн хэмжээ, граммыг нарийн сайн гаргаагүй. Александр шигтгээтэй алтан бөгжийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Мөнгөн, сувдан шигтгээтэй хавчаар бол манай эмээгийн эмээгийнх. Энгэрийн зүүлт нь эмээгийнх. Жижиг мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аяга нь манай хүүгийн сүүн хадагтайгаа талийгаачийн гэрт нь байсан юм. Үнэгэн захтай дээлийг талийгаач богино загвартай болгосон. Алтан ээмэг, алтан гинжийг мэдэхгүй. Сувдан ээмэг, гинж бол байсан. Эдгээр эд зүйлсийг авахдаа талийгаачийн төрсөн ах Чойжилоос асууж авсан болохоос худлаа хэлж, хулгай хийж аваагүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  хянан хэлэлцээд 203 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар *******аас 15.000.000 төгрөг гаргуулан *******д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 10.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 10.400.000 төгрөгөнд ногдох 232.950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь: ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д ... Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-д ... Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна. ******* нь надад холбогдуулан 25.400.000 төгрөгийн үнэтэй ээжийнхээ алт монетон, ээмэг бөгж, мөнгөн аяга энгэрийн зүүлт хавчаар гэх мэтийн зүйлийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 2017 оны 05-р сарын 09-ний өдрийн №46 тоот үнэлгээний комиссын актаар тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан байсан. Үнэлгээ гаргасан актанд ...сумын иргэн *******гийн өргөдөл гомдлын дагуу үнэлгээ тогтоосон ба сумын ИТХ-н 2007 оны 06-р сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан аргачлалын дагуу эд зүйлийн үнэлгээ гаргасан гэж... дурдсан байна. Үнэлгээг ямар хэмжээтэй, хичнээн тоо ширхэг эд зүйлийг ямар аргачлалаар гаргасан нь тодорхойгүй, баримталсан гэх аргачлал нь үнэлгээнд хавсаргагдаагүй байсан ба өөрөөр хэлбэл үнэлгээ нь өөрөө ойлгомжгүй байсан. Алт мөнгөн эдлэл үнэлсэн юм бол хичнээн грамм хэмжээтэй хэдэн ширхэг эд зүйл үнэлээд тэр нь 25.400.000 төгрөг болж байгаа нь тодорхой байх ёстой. ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөрөнгийн үнэлгээний мэргэжпийн байгууллага, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин үнэлгээг гаргана, мөн хуулийн 4-р зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.2,4.3,89-р зүйлийн 8.1, 8.2-д заасан заалтуудыг зөрчиж гаргасан үнэлгээний актыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь миний эрх ашгийг хохироож байгааг шүүх анхааран үзэхийг хүсье.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн дагуу эргэлзээгүй талаас үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ээж талийгаач Ж.******* нь нэхэмжилж буй үнэт эдэлэлийг хэрэглэж байсан талаар хэрэгт гэрч нарын мэдүүлэг авагдсан мөн сумын үнэлгээний комисс тухайн үнэт эдлэлийг зах зээлийн ханшаар үнэлсэн байгаа.  Хариуцагч ******* нь үнэт зүйлсийг аваагүй гэж  хэлээд байгаа боловч  аваагүй гэдгээ нотлоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******т  холбогдуулан үнэт эдлэлийн үнэ   25.400.000  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс завшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон актыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

 

Хэргийн судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь өөрийн ээж талийгаач Ж.*******ийн  эдлэж хэрэглэж байсан 10 төрлийн үнэт эдлэл болон түүний үнэ 25.400.000 төгрөгийг төрөл садангийн эгч болох *******аас гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зарим эд зүйл болон үнэт эдлэлийг хүлээлгэн өгсөн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас александр шигтгээтэй алтан, ээмэг  бөгжийг аваагүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Сэлэнгэ аймаг Сайхан сумын Үнэлгээний комиссын 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 46 дугаартай актыг  шүүхэд ирүүлсэн бөгөөд комисс нь  эд хөрөнгөд  үнэлгээг хэрхэн тогтоосон өөрөөр хэлбэл  тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хэмжээ  зэргийг хэрхэн тооцон ямар аргаар хөрөнгийн үнэлгээг тогтоосон талаар актдаа заагаагүй тул тус үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Мөн хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч *******гийн талийгаач эх Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох  александр шигтгээтэй алтан, ээмэг  бөгжийг эдлэж хэрэглэж байсан гэдгийг нотлож байгаа боловч тухайн алтан ээмэг, бөгжийг талийгаачийг нас барсны дараа хариуцагч ******* авсан гэдгийг нотлоогүй байна.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д ...” Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ,”, “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэсэн гомдлыг  хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 203 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 25.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ******* нь шүүгчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 206 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН