Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 63

 

 Т.Өлзийсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Т.Өлзийсайхан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар магадлалтай, 201610010158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Өлзийсайханы гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бат-Очир овогт Төмөрбаатарын Өлзийсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дугаар зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Т.Өлзийсайханыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 /арван таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Өлзийсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Замын-Үүд сумын сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан “гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх дүгнэлт хэсэгтээ “хил нэвтэрсэн байна” гэж үзсэн нь ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Би анхны тайлбар, мэдүүлгээсээ эхлэн “шалгагч Бадамлянхуаг шалгаж эхлэх үед би өөрөө ихэрийн бичиг баримтаар явж байгаа” талаар хэлсэн. Гэтэл Бадамлянхуа “өөрөө зөрчил илрүүлсэн” гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй. Би мөрдөн байцаах явцад бүх л үнэнээ шударгаар хэлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан. Шалгагч паспорт дээр тэмдэг дарсан. Хэрвээ зөрчилтэй байна гэсэн бол тэмдэг дарахгүй л байх ёстой. Би бусдын паспорт гэдгийг мэдсээр байж гадаадад гарах зорилгоор авч явсан нь үнэн, энэ миний буруу гэдгийг ойлгож байна. Монгол Улсын хил гэж хаагуур байдаг юм. Би хилийн шалгалт дээр очоод өөрийн ухамсраараа гэм буруугаа ойлгон өөр хүний  бичиг баримтаар явж байгаа тухайгаа хэлснийг прокурор, шүүхүүд ер ойлгохгүй байна. Надад оногдуулсан 15,360,000 төгрөгийн торгуулиас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг хянуулах нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ байдлыг харгалзан үзэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Т.Өлзийсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Өлзийсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор өөрийн ихэр Т.Өлзий-Оршихийн Е1125055 дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Т.Өлзийсайханы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх бөгөөд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хууль ёсны болжээ.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугам гэж Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд энэхүү хилийг хууль бусаар нэвтрэхээс гадна мөн хуульд зааснаар зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх зорилгоор хилийн боомтод байрлан ажиллаж буй улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон виз бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх гадаадын иргэн, харьяатын байгууллагуудын хяналт шалгалтын талбай буюу уг бүсэд нэвтэрч орсон, гарсан үйлдэл төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Энэ гэмт хэргээс хамгаалагдаж буй үнэт зүйл нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдал бөгөөд зөрчигдөж буй хэм хэмжээ нь хилийн болон хил орчмын бүсийн дэглэм юм. Т.Өлзийсайхан нь хориглосон аргаар буюу өөр хүний хил нэвтрэх бичиг баримтыг ашиглан дээрх хуулиар хамгаалагдсан үнэт зүйлийг хамгаалах дэглэмийг санаа зорилго болон үйлдлээрээ зөрчсөн байгаа нь уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэл болно.

Шүүх Т.Өлзийсайханд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан ялуудын хөнгөн ял болох торгуулын ялыг сонгож, уг ялын хамгийн доод хэмжээгээр торгуулийн ялын хэмжээг тогтоосон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Т.Өлзийсайханы “шүүх эрх зүйн байдлыг илтэд дордуулж шийдвэрлэсэн”, “торгох ялын хэмжээг өөрчлүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Өлзийсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                   ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ