Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00022

 

“Свийт рөүд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Свийт рөүд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Идэрбаянд холбогдох

Барааны үнэ 19,313,760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Свийт рөүд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Идэрбаян нь 2014 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн “Свийт рөүд” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулагчаар ажилласан. ...борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон:

1. Улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн, 000098523 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12 А тоотод орших 38,5 м.кв талбайтай хувийн сууц,

2. Улсын бүртгэлийн Y-210703871 дугаарт бүртгэгдсэн, 0336947 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12Б тоот, 540.7 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан.

С.Идэрбаян нь “Свийт рөүд” ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгээс худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй.

Тэрээр 2014 оны 03-р сарын 01-ээс 2014 оны 10-р сарын 10-ны хооронд “Свийт рөүд” ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21,381,900 төгрөгийн өглөгтэй гарсан байна.

Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014 оны 10-р сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэгдэл 11,381,900 төгрөгийг 2014 оны 12-р сарын 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014 оны 10-р сарын 11-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн ч төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.

С.Идэрбаян нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар “Свийт рөүд”  ХХК-д 19,313,760 төгрөгийн өр төлбөртэй байна.

1. Барааны үнэ 19,313,760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг С.Идэрбаянгаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Идэрбаян тайлбартаа: Миний бие С.Идэрбаян нь “Свийт рөүд” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... "Свийт рөүд" ХХК, С.Идэрбаян нарын дунд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг 2012 оны 10 дугаар 26-ны өдөр байгуулан ажиллаж байсан. Энэхүү гэрээний 1.7-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгана. Гэрээний хугацааг өөрөөр тохиролцоогүй бол нэг жилээр сунгасанд тооцно гэж заасан. Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болох буюу 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэрээ байдаг.

...Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээгээр "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Ганчимэг нар хоорондоо тус компанийн бараа бүтээгдэхүүнийг тус аймгийн зах зээлд гэрээний дагуу худалдан борлуулах үүрэгтэй болохоос биш Х.Ганчимэг С.Идэрбаян нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. ... С.Идэрбаян хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, "Свийт рөүд" ХХК С.Идэрбаянтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Тийм учраас хариуцлага хүлээх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зөвхөн өөрийнх нь хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 250,000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээхээр байх тул энэ байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Идэрбаянаас 19,313,760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Свийт рөүд” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Идэрбаянгаас 254,519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Свийт рөүд” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Идэрбаян тєлбєрийг сайн дураар тєлєєгїй тохиолдолд улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 26 дугаар гудамжны 12А тоотод байрлах 38.5 м/кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулж, їїргийн гїйцэтгэлийг хангуулахыг шїїхийн шийдвэр гїйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Свийт рөүд ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Идэрбаянд холбогдох 19,313,760 төгрөгийг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, түүнчлэн уг компанитай Х.Ганчимэг, С.Идэрбаян нар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гэрээт борлуулагчаар ажилладаг байхад Х.Ганчимэгтэй С.Идэрбаянг хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан мэтээр дүгнэж улмаар С.Идэрбаянаас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Мөн Х.Ганчимэг, С.Идэрбаян нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлж чадаагүй бөгөөд шүүхийн үзсэнээр хөдөлмөрийн гэрээний явцад үүссэн төлбөр байгаа эсэх, хөлсөөр ажиллах гэрээний явцад хэдэн төгрөгийн дутагдал гарсан зэргийг нягталсангүй, зөвхөн Ганчимэгт уг мөнгийг төлнө гэсэн байна, Х.Ганчимэг нь Свийт рөүд ХХК-тай борлуулагчийн гэрээтэй учир С.Идэрбаян нь төлөх юм байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр С.Идэрбаян нь би хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байснаас биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаагүй, уг гэрээг шинэчилж байна гэж борлуулагчийн гэрээг байгуулсан бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа уг компанид барьцаанд байсныг хуулбарыг л гуйж авсан, одоо энэ төлбөрийн 7,700,000 төгрөг нь 2013 оноос үүссэн, ийм төлбөртэй байна гэж 19,313,760 төгрөгийн баримт дээр сүүлд зуруулж авсан, энэ миний хүсэл зориг биш, нэг ч удаа тооцоо нийлж байгаагүй ба би орлогоо өдөр бүр тушааж явдаг байсан, дээрх төлбөрийг төлсөн байдлыг шүүх хуралдаанд шалгахад л 200,000 төгрөгийг тушаасан квитанц  байхад тушаагаагүй мэтээр тусгасан байна гэж тайлбарласныг анхаарч шинжээч томилсон боловч хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн  “...хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний  өдөр  хүртэл  хугацааны зарлагын баримтуудад эдийн засгийн шинжээч томилуулах тухай ...” хүсэлтийг  2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3875 дугаар захирамжаар хангаж, шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлэхийг шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагааны орон тооны бус комисст даалгажээ. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 8/299 тоот албан бичгээр “ ...эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах үүрэг тус хэлтсийн чиг үүргээс хасагдсан тул аймгийн шүүхийн шинжилгээний албанд хандана уу.” гэсэн хариу ирүүлсэн байна. Шүүх дээрх албан бичгийг үндэслэж, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ. Энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болжээ.

Түүнчлэн гэрээт борлуулагч Х.Ганчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцож байгаа нь тодорхойгүй байхад түүний гаргасан баримтыг хэрэгт хавсаргаж, Х.Ганчимэгтэй хийсэн хэлцлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 38.2-т “Энэ хуулийн 38.1-д зааснаас бусад оролцогч нотлох баримт гаргаж болно.” гэж заажээ. Гэрээт борлуулагч Х.Ганчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай итгэмжлэл, бусад бичиг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигч хүсэлт гаргаагүй, шүүх холбогдох шийдвэр гаргаагүй тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд шүүх дээрх шаардлага хангасан баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиртай. Гэтэл шүүх хуулбараас хуулбарласан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь бурууг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254,519 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.ГАНБАТ

                    ШҮҮГЧИД                                   Ё.БЯМБАЦЭРЭН                                                                                        

                                                              Б.СОСОРБАРАМ