Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0098/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Иргэний нэхэмжлэгч Г.Н-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт Б овогт Б-ийн Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008030711522 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Баянзүрх дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дах хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 12 жил, 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 03 жил, 06 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба нийт 6 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Батдоржийн Н- /РД:ЧГ81091016/,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

  1. Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамж 5 тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн гэрт цонхоор нэвтрэн орж “Hisense” маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Ц-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 17 дугаар гудамж 5 тоотод хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Би 2020 оны 10 сарын 27-ний өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гарсан тэгээд 14 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн урд талын вакум цонх онгорхой байхаар нь харахад зурагт байхгүй болсон гэрийн эд зүйлс замбараагүй байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. “Hisense” маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамтаар алга болсон. 2017 онд 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон даавуу хуучин 20.000 төгрөгөөр үнэлнэ. Вакум цонхны түгжээ нэг ширхэг зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 25/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20/065 дугаартай “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зурагт нь манай зах зээлийн дээр Hisense фирм 32 инч, удирдлагын хамт 2017 онд ашиглалтанд орсон хуучин 270 төгрөг, даавуу ногоон өнгийн хуучин 20,000 төгрөг, вакум цонхны түгжээ хуучин 1 ширхэг нь 30,000 төгрөг нийт 320,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-9/,

Зурагтыг шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-16/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар,

  1. 2020 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байранд иргэн Д.Г-ийн үйл ажиллагаа явуулдаг үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, орон байранд нэвтэрч гоо сайхны эд зүйл нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 104,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Г-ийн “...2020 оны 10 сарын 10-ний орой бид нар 20 цагийн орчимд хаалгаа түгжээд явцгаасан. Манай энэ үсчний газар 3 үсчин, 1 гоо сайханч, 1 маникюр ажилладаг. Өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд урд талын жижиг вакум цонх онгорхой хаалга онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд дотогш орж үзэхэд өрөөний эд зүйл, шкаф бүгдийг онгойлгоод хаясан байсан. Гоо сайхны өрөөнөөс үнэртэй ус, сормуусны хими бэлнээр 3000 төгрөг, бор өнгийн цүнх зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-21-064 дугаартай “...чихэвч, чихэвч, цүнх, хими, үнэртэй ус зэрэг тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 104,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/,

Хэргийн газарт үзлэг хийж гарын мөр бэхжүүлж авсан тэмдэглэл болон гэрэл зураг / 2 хавтас, хх-ийн 65-69/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 992 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн 2 гэж дугаарласан гарын мөр павильон санд МИ000210014995 дугаараар бүртгэгдсэн Бйн Н-ын баруун гарын долоовор хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээр тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93/,

Яллагдагч Б.Н-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг /2 хавтас, хх-ийн 142,121/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 158, 224/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 09 дүгэр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.С- Ридми А-8 маркийн гар утас, бэлэн 280.000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авсан болох нь:

Хохирогч Б.С- “... 2020 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Жуковын хойд талын автобусны буудал дээр сууж байхад өөрийнхөө нэрийг Н- гэж хэлсэн үл таних 1 хүн хүрч ирээд өөрийнх нь мөн ч юм уу биш ч юм уу сайн мэдэхгүй байна нэг иргэний үнэмлэх гаргаж ирж үзүүлээд өөрийгөө 1980 оных хоёулаа танилцъя гэхээр нь би зөвшөөрөөд жуковын хойд талын автобусны буудлын хойд талын сандал дээр суугаад бид автобусны ар талд байрлах “Аз-Мини” маркет-аас 2 ширхэг лаазтай боргио пиво, 0.33 граммтай хараа архи 1 шилийг аваад хувааж уусан тэгээд байж байтал тэр залуу намайг Жулиа руу явъя би тэндээс нэг юм авах ёстой юм гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Тэгээд бид хоёр такси барих гэж байтал тэр залуу Жоби-72 төвийн Хаан банкны АТМ-ээс шөнийн 00 цаг өнгөрч байхад мөнгө авчхаад тэндээсээ такси бариад явтал Жулиа дээрээ зогсохгүй шууд бөхийн өргөөгөөр тойрч яваад Жастын байрны тэр хавьд бид хоёр буусан, тэгсэн чинь тэр залуу надтай цуг манайх руу оръё гээд байхаар нь би үгүй ээ, би одоо шууд харилаа гэсэн чинь тэр залуу за за тэгвэл би чамайг гэр лүү чинь дөхүүлж өгье гээд надтай цуг явсан. Тэр залуу бид хоёр зэрэгцээд алхаад явж байтал намайг гэнэт нэг харанхуй булан руу түлхэж оруулаад миний хоолойг боогоод багалзуурдан амыг минь таглаад ална шүү гичий минь, алчихна шүү гичий минь гэж хэлээд гараараа миний өмдийг доош нь тайлаад намайг хүчиндсэн ойролцоогоор 5 минут орчим л болсон байх миний дотор тавьсан юм бол байгаагүй. Тэгээд миний өмдний халаасанд байсан Редми А8 маркийн гар утас, бэлэн 280.000 төгрөг, цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, автобусны картыг маань аваад гарсан, би тусламж дуудах гээд байж байтал тэр залуу дахиж хүрч ирээд ална шүү орилоод үзээрэй, чамайг алаад хаясан байхад хэн ч мэдэхгүй шүү гэж хэлээд миний хоолойг боогоод намайг дахиж хүчиндчихээд дахиад яваад өгсөн, би уйлаад туслаарай гэж 2-3 удаа орилж тусламж дуудахад нэг залуу хүрч ирээд өөрийнхөө гар утсаар надад цагдаа дуудаж өгсөн, тэгээд нээх удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Ойролцоогоор 165-170 см орчим өндөртэй туранхайдуу хоёр хацар дээрээ үрчлээтэй, баруун дээд талын шүднүүд нь тэр чигээрээ байхгүй, аль гартаа гэдгийг санахгүй байна, гэхдээ баруун зүүн гарынхаа аль нэг нь дээр нь бугуйны жаахан доод хэсэг дээр яг юуны шивээс гэдгийг нь мэдэхгүй нэг шивээстэй байсан. Миний нүүр хэсэг рүү цохиод байсан бөгөөд миний хамар духны хавьцаа хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 175/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46/611 дугаартай “...Б.С- биед хамар нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180-181/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б31-21-19 дугаартай “... тус үнэлэгдэж буй иргэн Б.С- гар утас болох хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 289,600 төгрөг байна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 187/,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүрст бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 163-170/,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 171/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

 

  1. 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 15 дугаар 06 дугаар орцны зоорины давхарт Д.Н-гийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783.700 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа Д.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүний эрүү мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Н-гийн “... 2021 оны 01 сарын 14-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай найз С намайг Цэцгээ манай гэрт хүрээд ирлээ, чи хүрээд ирээч гэж дуудсан. Би 12 өнгөрч байхад С гэх найзынхаа гэрт очсон. Намайг гэрт нь ороход С хүү Ганбаагийн хамт бас Цэцгээ Сарандагины найз гээд нэг эмэгтэй хамт дөрвүүлээ байсан. Тэр хэд Цэцгээгийн авчирсан Хараа архинаас надад хийж өгөхөөр нь би уусан. Би архинаас уугаад сууж байхад гаднаас Ганбаагийн найз гээд нэг залуу 0.5 литрийн архи, дарс ундаа бариад орж ирсэн. Бид хэд бүгдээрээ уугаад байж байхад гаднаас орж ирсэн нөгөө залуу гэрээс гараад орж ирэхдээ дахиад архи барьж орж ирэхэд тэрнээс нь бид хэд уусан. Тэгээд хэсэг сууж байгаад би С найзынхаа гэрээс харих гэж гараад яг юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд харанхуй газар Ганбаагийн найз гэх Н- ээмгээ тайлж өг гээд намайг зодоод байхаар нь би урдаас нь эсэргүүцэхэд чамайг байтугай бусдыг ингэж зодож унтдаг гэж хэлээд миний чихэнд байсан ээмгийг тайлж өг гэж хэлэхээр нь би өгөхгүй гэж хэлэхэд цохиж нүдэж байгаад миний ээмгийг аваад подвалаас гараад явахаар нь би араас нь хөл нүцгэн гараад өөрийн гар утсаараа цагдаа дуудсан. Миний хоёр чих толгой хэсэг рүү гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг /241-242/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 226-230/,

Иргэний нэхэмжлэгч Г.Н-аас ээмгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 234/

Иргэний нэхэмжлэгч Г.Н-ын “...2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 18:30 цагийн үед би өөрийн ажлын байр болох Буян захын гадаа байрлах алт мөнгөний дарханы өрөөнд байж байхад нэг залуу ирээд надаас алтан ээмэг авах уу хэдэн төгрөгөөр бодож авах вэ гэсэн, би алтан ээмэг авна цэнг нь 540,000 төгрөгөөр бодож авна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу надад ээмэг зарна гээд халааснаасаа нэг хос сүүжин хэлбэртэй алтан ээмэг гаргаж өгсөн. Би тэр ээмгийг граммлахад 4.6 грамм болсон. Тэгээд тэр залуугийн ээмэг 690.000 төгрөг болсон, Би тэр залуутай хамт Хаан банкны бэлэн мөнгөний машин ороод өөрийн 5119009742 данснаас 690.000 төгрөгийг гаргаж аваад тэр залууд өгсөн. Тэр залуу надаас 690.000 төгрөг тоолж аваад явсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 249-250/,

Гэрч О.Г-ын “...Тэгээд тэр хоёр пиво уугаад дуусах гэж байхад Н-, Нямхүү эгч хоёр дэлгүүр ороод нэг шил архи аваад ирье гэж хэлээд хамт манай гэрээс гарсан. Тэр хоёр буцаж ирээгүй” гэх мэдүүлэг /2 хавтас, хх-ийн 8/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “...иргэн Д.Н-гийн эзэмшлийн сүүжин хэлбэртэй алтан ээмэг /4.61 гр/ 1 хос эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 783,700 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт / 2 хавтас, хх-ийн 12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 62 дугаартай “...Д.Н-гийн биед баруун зовхи хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /2 хавтас, хх-ийн 20-21/,

Иргэний нэхэмжлэгч Г.Н-ын “Хаан” банкны дансны хуулга /2 хавтас, хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-ын иргэн Ц.Ц-ийн гэрт цонхоор нэвтрэн орж “Hisense” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан, үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч гоо сайхны эд зүйлд хулгайлж 104,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Б.С- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Б.С- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь Б.С- биед хамар нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Д.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, иргэн Д.Н-гийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783,700 төгрөгийн хохирол учруулсан, Б.С- Рэдми А-8 маркийн гар утас, бэлэн 280.000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Иймд Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.Ц-ийн хулгайд алдсан эд зүйл болох  Hisense 32 инчийн зурагтыг , шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

Хохирогч Б.С- бэлэн 280,000 төгрөг, гар утасны үнэ 289,600 төгрөг, нийт 569,600 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож, цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Н-гийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783,700 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Н-аас сүүжин хэлбэртэй алтан ээмгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул уг ээмгийг худалдаж, Г.Н-аас авсан 690,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Н-ад олгохоор шийдвэрлэв. 

Хохирогч Д.Г-ийн хулгайд алдсан эд зүйлс болох чихэвч, цүнх, хими, үнэртэй ус нийт учирсан хохирол 104,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс 104,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т олгох нь зүйтэй байна.  

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н-т 2020 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, орон байранд нэвтэрч иргэн Д.Г-ийн үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны эд зүйл хулгайлж 104,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 17 дугаар гудамж 05 тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн гэрт цонхоор нэвтрэн орж, Hisense 32 инчийн зурагт, удирдлагын хамт нууцаар, хууль бусаар хулгайлан авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял,

 

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил, 02 сарын хугацаагаар хорих ял,

 

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 15 дугаар байрны 06 дугаар орцны зоорины давхарт Д.Н-гийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэх явцдаа Д.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг гэмт хэрэгт 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг  1 хоногийн хорих ялаар тооцож, нийт 02 сарын хугацаагаар хорих ял,

 

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С- Рэдми А-8 маркийн гар утас, бэлэн 280,000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг илээр хүч хэрэглэн хууль бусаар авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 15 дугаар байрны 06 дугаар орцны зоорины давхарт Д.Н-гийн сүүжин ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

2021 оны 7-р сарын 2-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан ба Б.Н- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 1_-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 97-118/ 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны 1 жил, 6 сар, 16 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж байсан байх  тул өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 187 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нийт 394,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон; 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил, 02 / хоёр/ сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сар хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурван/ жил хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 1 хоногийн хугацаагаар тооцож 02 /хоёр/ сар хорих ялаар тооцож, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 02 / хоёр/ сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурван/ жил хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 06 /зургаан/ жил, 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан нийт 06 /зургаан/ жил, 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 1,363,600 төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ..... суух хаягтай,  утас:  Ш овогт Г-ийн С-д /569,600 / таван зуун жаран есөн мянга зургаан зуун/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ....... хаягтай, утас:   Д-ийн Г-т 104,000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, .......оршин суух хаягтай, утас: Номч Ганбатын Н-д 690,000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөг тус тус олгож, хохирогч Г.С, Д.Н- нар нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 187 хоногийг хорих ялын 187 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

7. Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД