Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00023

 

Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Лхагва-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний төлбөр 4,500,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би А.Лхагва-Эрдэнэд 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 86 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Гэтэл А.Лхагва-Эрдэнэ нь надаас зээлсэн 3,000,000 төгрөгийг өгөөгүй ба одоо зээлийн хүү болох нэг сарын хүү 150,000 төгрөгийг 24 сараар бодож, 3,600,000 төгрөг болж байгаагаас үүний 50 хувь болох 1,500,000 төгрөгийг үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийг нэмж нийтдээ 4,500,000 төгрөгийг А.Лхагва-Эрдэнээс нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө  үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь А.Лхагва-Эрдэнэ байсан тул А.Лхагва-Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний сарын хүү 150,000 төгрөгөөр бодоход нийт хүү нь 3,000,000 төгрөг болоод үүний 50 хувийг нь хасаад 1,500,000 төгрөгийн хүү нэхэмжилсэн байгаа. ...Одоо би 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөнгө зээлүүлснээс хойш 1,000,000 төгрөгийг хүлээн авсан байгаа гэжээ.

Хариуцагч А.Лхагва-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2014 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Н.Наранцэцэг, түүний нөхөртэй харилцан  тохиролцож 3,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан бөгөөд 86 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан.  ...Би зээлийн гэрээгээр авсан 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. ...Н.Наранцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, төлбөр тооцоо дуусаад цэгцэрчихсэн байхад нэхэмжлэл гаргаж байгааг би гайхаж байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би зээлийн гэрээг нөхөртөө аваачиж өгч гарын үсэг зуруулж ирээд ...эхний 3 сарынхаа хүүг өгчихье гэхэд бололгүй яахав гээд авсан. ...энэ хүний өөрийнх нь гарт өгсөн 300,000 төгрөг, сүүлд өгсөн 2,900,000 төгрөг нь хааччихсан юм бэ? Зээл авснаасаа хойш 1,000,000 төгрөгийг өгчихөөд алга болчихсон байсан юм бол энэ хүн яагаад нэхэмжлэл дээрээ ингэж бичсэн юм бэ? Одоо зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлд  зааснаар хариуцагч А.Лхагва-Эрдэнээс зээл,зээлийн хүүгийн төлбөрт 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь /төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,550 /тавин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг  хариуцагч А.Лхагва-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч Н.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Лхагва-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг, өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: ... 2014.01.08-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлдэн авсан талаар талууд маргаагүй.

Зээлдүүлсэн мөнгийг Д.Мөнхдэлгэр өгөхдөө эхний 2 сарын хүүг тооцож 300,000 төгрөг суутган авсан байдаг боловч, үүнийгээ аваагүй гэж нэхэмжилсэн боловч шүүх хурал дээр “мартчихсан байна” гэж хэлээд хүлээн зөвшөөрсөн. Ингэж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн юм. Зээлийн барьцаанд тавигдсан А.Лхагва-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа болон байшингийн гэрээ гэрчилгээг чөлөөлүүлэхдээ: ...Зээлийг төлснөөр тохиролцож, барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байхад, шүүх ач холбогдол “Баталгаа” гэгч баримтыг үнэлсэн нь алдаатай боллоо. “Баталгаа” гэгч гараар бичсэн баримт бол Д.Дэлгэрмөнхийн хүсэлтээр үйлдэгдэхдээ ...ХААН банкнаас А.Лхагва-Эрдэнэ нь өрхийн зээл 10,000,000 төгрөгийг 2014.11.05 өдөр авахдаа, хийж үйлдэж бичиж өгсөн юм. Ингэхдээ өдрийг 6-н гэж алдаатай бичсэнийг Д.Мөнхдэлгэр “овжноор” ашиглаж, мөнгө авах “үндэслэл” болгоод байгаа билээ. Тэр “Баталгаа” гэгч нь А.Лхагва-Эрдэнийн хэлсэнчлэн, зээл бүтэх юм чинь яахав гээд зээлийн хооронд хийгдсэн баримт юм. Харин мөнгөө өгчөөд, авах ёстой байж, түүнийг ингэж ашиглана гэж төсөөлөөч үгүй... гэж, хожим нь харамсаж байна. Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр ...нэхэмжлэлдээ тайлбар хийж байхдаа, ... хариуцагч нь зээл санаснаар бүтсэнгүй гээд 1,000,000 төгрөг өгөхөд нь аваагүй гэснээ, шүүх хурал дээр болохоор бас л мартчихсан байна, ...1,000,000 төгрөгийг бол авсан юм байна ... гэж зөрүүтэй “тайлбар” өгч байсан.

Бодит байдал дээр нотлогдож байгаагаас үзэхэд гэрч Маралмаа, Лхагва-Эрдэнэ нарын мэдүүлгээр бол 1,000,000 төгрөг биш 3,600,000 төгрөгийг Д.Мөнхдэлгэрийн “гарт нь өгсөн” байхад анхан шатны шүүх илтэд буруу шийдвэрлэлээ. Зээлийн гэрээг шүүхээс хуулийн дагуу хийгдсэн гэж үзсэн нь алдаатай боллоо. Талууд гэрээний заалтыг ойлгоогүй байсан. Нэмэгдүүлсэн хүү тооцсон, зээлийн эргэн төлөлт зэргээс харахад зээл зээлийн хүүг тооцсон байдал эргэлзээтэй байгаа болно. Уг гэрээг зээлдүүлэгч Д.Мөнхдэлгэр өөрөө тайлбарлаж мэдэхгүй байсан.

Иймд нотолгоог буруу үнэлж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь А.Лхагва-Эрдэнэтэй  зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн гэрээний төлбөрт 4,500,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч А.Лхагва-Эрдэнэ “...төлбөр тооцоо дууссан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч А.Лхагва-Эрдэнэ  нь зээлийн хэмжээ, зээл авсан талаар маргаагүй, зээл төлөлтийн талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “..тооцоо дуусгавар болсон тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бүртгэлээс чөлөөлж хасуулах хүсэлтийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан” гэж тайлбарлаж, аймгийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг нотлох баримтаар ирүүлж, Л.Маралмаагаас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч А.Лхагва-Эрдэнэ нь  2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл авсан нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар, уг мөнгөнөөс зээлээ төлсөн нь Л.Маралмаад хууль сануулж авсан мэдүүлгээр нотлогдсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “...цалингийн зээл маань хүссэн хэмжээгээр гарсангүй гээд 1,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 11-р сар гэхэд ...үлдсэн мөнгийг төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн.” гэж тайлбарлаж байх боловч банкнаас зээл авах, үл хөдлөх эд хөрөнгө  барьцаанаас чөлөөлүүлэх зорилгоор “баталгаа” гэх баримт үйлдсэн нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн аймгийн бүртгэлийн хэлтэст бичсэн “...зээлийн гэрээ нь дуусгавар болж тооцоо дууссан” гэсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн хариуцагч А.Лхагва-Эрдэнээс 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Лхагва-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ГАНБАТ

                              ШҮҮГЧИД                                Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                               Б.СОСОРБАРАМ