Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2021/0066/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат

Иргэдийн төлөөлөгч Ц.Сувдгэрэл,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Э.Э.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Х.Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-т холбогдох эрүүгийн 2118000000019 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой. сэтгэл зүйн багш мэргэжилтэй, , ам бүл-1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан, Х.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Х.А- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Э.Э-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 12 сарын 31-нээс 2021 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 12:30 үед бид гэрээс гарсан. Ороход Н.С-, Э.Д- хоёр ирсэн байсан. Тэндээ пиво архи гээд ширээ зассан байсан. Бид шинэ он гарлаа гээд яриад сууж байсан. Н.С- нэлээд уусан. Би пиво уугаагүй архинаас 3 хундага уусан байсан. Цаг гаран юм яриад суусан. Тэгээд Н.С- машин асаана гээд гараад явсан. Н.С-ыг гараад 10 минут болоод согтуу машин бариад явчих вий гээд Э.Д-ийг гаргасан. Тэгээд би гараад явахгүй шүү гэхэд Н.С- явахгүй гэсэн. Би орж ирээд ширээн дээр байсан пивыг Э.Э.Э- ууя гэхээр нь уу уу гэсэн. Тэгээд пивоны үлдэгдэл цацахаар нь архичин юм уу гэхэд босож яваад хувинд байсан угаадас цацсан. Тэгээд тэнд байсан салат авч шидээд би аль болох тэгүүлэхгүй гээд гарыг нь бариад байсан. Гарыг нь тавихаар л гарт нь таарсан зүйлийг авч шидээд байсан. Шампанск тал шилтэй байсан зүйлийг толгой дээр хагалсан. Би хэрэлдээд байхаар нь коридор руу яваад өгтөл архины шил араас барьж ирэхээр нь хананд саваад би хагалсан. Бид хэрэлдээд шалны модоор миний бэртэлтэй гар руу цохисон. Тэр хугацаанд ээж рүү нь 2 удаа залгатал утсаа аваагүй. Н.С-од ээж рүү нь залга гэсэн боловч залгаагүй. Тэгээд машинд илүү түлхүүр байгаа гэдгийг санаад Э.Д-д хэлтэл байхгүй байна гээд байсан. Гэтэл гэнэт Э.Д- түлхүүр аваад ороод иртэл Э.Э- эгч авсан гээд байсан. Би Э.Э-г нэгжиж үзтэл байхгүй байсан. Э.Д-тэй юм яриад зогсож байтал Э.Э- шалны мод барьж ирээд цохисон. Дахин цохих гэхээр нь би хаагаад түлхтэл халтирч унаад толгойгоороо унасан.” гэв.

Хохирогч Э.Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 12 сарын 31-ний өдөр 00:20 цагийн үед халуун усны түрхүүр байсан. Очтол Э.Д- Н.С- нар байсан. Бид шинэ жилээ тэмдэглэсэн. Нэг шил архи 3, 4 пиво байсан. Би архи уугаагүй пивоноос нь уусан. Тэнд 2,5 литрийн том пиво байсан. Бид 3 бүгд л тэрийг уусан. 2 пивыг нь уусан. Сүүлийнхийг нь уугаагүй. Тэгээд бид хэд юм яриад орж гараад сууж байсан. Н.С-, Э.Д- хоёр орж гараад байсан. Тэгтэл Х.А- миний өнгөрсөн амьдралыг яриад байхаар нь тэрнээс болж маргаан үүссэн. Би угаадсыг өшиглөөд асгасан, шампанскны шилээр толгой руу нь цохисон гэв. Тэгээд би орилж хашгирсан. Тэр хооронд тэр хоёр орж гараад байсан. Э.Д- намайг чимээгүй бай гээд узелийн өрөөнд цоожилсон. Би тайвширсан гээд хэлтэл Э.Д- намайг гаргасан. Х.А- намайг алгадаад байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн  2118000000019 дугаартай хэргээс танилцуулсан нотлох баримтууд:

Гэрч Б.Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э.Э- эгчийн халуун усны газар Э.Д-, Х.А- бид 4 уулзаж пиво уусан. Би ууж байгаад машинаа халаах гэж гараад машинаа асаагаад буцаад халуун усны газар руу орох гэхэд хаалгаа онгойлгоогүй. Миний араас бас Э.Д- удалгүй гарч ирсэн байсан. Э.Д- бид хоёр хаалгаа онгойлгооч гэж зөндөө хаалгыг нүдээд онгойлгоогүй бөгөөд дотроо Э.Э-, Х.А- хоёр хэрэлдээд байсан юм. Тэгэхээр нь би Э.Д-ийг гадаа үлдээгээд толгойт руу гэртээ хариад унтсан. Гэртээ унтаж байхад Х.А- над руу залгаад ирж эгчийгээ ав, эгч чинь агсам согтуу тавиад байна гэж хэлсэн юм. Ингээд буцаад халуун усны газар ирэхэд Э.Э- шалан дээр хэвтээд Х.А- хойноос нь бариад сууж байсан бөгөөд Х.А-ын гарнаас цус гарсан, Э.Э- бөөлжсөн байдалтай байсан.

 

Х.А- надад хэлэхдээ би Э.Э-г түлхээд унагаасан гэж хэлсэн. Э.Д- надад хэлэхдээ намайг харж байхад Х.Х.А- ах Э.Э.Э- эгчийг  түлхээд унагасан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 15/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад халуун усны газрын түлхүүр байсан болохоор би шууд онгойлгож ороод хүлээж байхад Э.Э.Э- эгч, Х.Х.А- ах, Б.Н.С- нар ирсэн. Бид нар ширээ засаад пиво уусан. Би пиво уугаагүй зүгээр амссан юм. Тэгээд сууж байхад Б.Н.С- машинаа халаана гээд гараад орж ирэхгүй удаад байсан чинь Э.Э.Э- эгч Н.С- гадаа байна уу үзээд ир гэж хэлсэн. Намайг гарахад Н.С- машин дотроо сууж байсан. Би буцаад халуун ус руу орох гэхэд  хаалгаа түгжсэн байсан бөгөөд халуун усны түлхүүрийг Э.Э.Э- эгч надаас авсан байсан учир би хаалга онгойлгож чадаагүй. Гаднаас нь сонсоход Э.Э.Э-, Х.Х.А- нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Намайг хаалга тогшиход онгойлгохгүй байсан. Дотор Х.Х.А- ах “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ болиоч” гэхэд Э.Э.Э- эгч “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргалдаад Э.Э- эгч Х.А- ахыг цохиод зодоод байгаа чимээ сонсогдож байсан. Тэгэхэд Х.А- ах цонхоор машины түлхүүр өгөөд “машинд халуун усны түлхүүр байгаа аваад хаалгаа онгойлгоод ороод ир гэсэн. Би түлхүүр хайж машины голын хайрцагнаас түлхүүр олоод  халуун усны хаалга онгойлгоод Э.Э- эгчээс түлхүүр булааж аваад хаалгаа түгжсэн. Намайг ороход Х.А- ахын гар, хүзүү цус болсон байсан. Мөн Э.Э- эгчийн дух цус болсон байсан. ...Тэгээд би Э.Э.Э- эгчийг тайвшруулах гээд узелийн өрөө рүү оруулахад гараараа хаалга цохиод орилж хашхираад байхаар нь гаднаас нь түгжээд үүдэнд нь зогсож байхад “хаалгаа онгойлго Э.Д-өө” гээд орилоод байсан. Би хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Х.А- ахыг цохиод байсан. Тэгэхэд Х.А- ах Э.Э- эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхээд унагаасан. Э.Э- эгч халуун усны усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...халуун усны газар очиход хүлээлгийн өрөөний хэсэг нэлэнхүйдээ эмх замбараагүй болсон миний охин Э.Э- 2, 4 дүгээр усанд ордог өрөөний дунд коридор буюу зааланд дээшээ хараад хэвтэж байсан. Тэнд Н.С-, Э.Д- нар байсан. Юу болсон талаар асуухад Э.Э-, Х.А- нар хаалгаа дотроосоо түгжээд  1 цаг гаран зодолдсон гэсэн. Ингээд Э.Э-гийн хажууд очиход Э.Э- бөөлжөөд дээшээ хараад хэвтэж байсан. Би Э.Э-гээс юу болсон талаар асуухад “миний толгой их өвдөж байна” гэж хэлснээс өөр юм хэлээгүй. Тэгээд Э.Э-д толгойны эм өгөөд унтуулсан. Э.Э- унтаж байгаад сэрээд босох гээд босож чадахгүй байсан бөгөөд яаж байна гэж асуухад зүүн талын гар, хөл хөдлөхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Х.Х.А-ын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.А-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх 29/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Э.Э.Э-гийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Э.Э.Э-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Э.Э.Э-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. /хх 34-35/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/

Шүүгдэгч Х.Х.А-ын тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа /хх 49/, эзэмшил, өмчлөлийн газартай эсэх лавлагаа /хх 51/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 61-71/, бакалаврын дипломын хуулбар /хх 72-73/, шагнал урамшуулал, медаль тэмдгээр шагнагдаж байсан талаарх үнэмлэхийн хуулбарууд /хх 74-85/,

 

Хохирогч Э.Э.Э-гийн өвчний түүх /хх 88-126/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх 142-161/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Х.Х.А-т яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  явагдах хэмжээ хязгаарын хүрээнд Улсын яллагч шүүгдэгч Х.Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар... ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “аргагүй хамгаалалт” хамгаалалт хийсэн гэж тус тус мэтгэлцлээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.С- гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын тайлбар, хэргийн явцыг сонсож танилцлаа. Хэргийн явцаас дүгнэхэд хохирогч Э.Э.Э- тухайн өдөр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсноос маргаан үүссэн байна. Мөн хохирогч Э.Э.Э- Х.Х.А- луу дайрч цохих гэснээс Х.А- биеэ хамгаалахаар түлхснээс хохирогч унаж бэртсэн байна. Шүүгдэгч Х.Х.А-ыг хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэхгүй байна. Биеэ хамгаалах, гэмтсэн гараа хөндөхгүй гэсэн зорилгоор Э.Э-г түлхсэн тул гэм буруутай гэж үзэхгүй болно” гэв.

Хэргийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан яллагдагч Х.Х.А-, гэрч Б.Н.С-, насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-, гэрч Ц.Ц-, хэргийн газрын нөхөн үзлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Э.Э-гийн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх үндэслэл журмын дагуу нотлох баримтын нотолгооны чадвар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалгасны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтийг хийлээ.

 

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед халуун усны газарт шүүгдэгч Х.Х.А-, хохирогч Э.Эрдэнэнсүрэн, гэрч Б.Н.С-, насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- нар шинэ жилийн баяр тэмдэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч шүүгдэгч нарын хооронд үл ойлголцсон асуудлаас үүдэлтэйгээр маргаан үүссэн, үүссэн нөхцөл байдал хүндэрч хохирогч Э.Э.Э- шүүгдэгчийн толгойг шампанскны шилээр цохьсон, гарын шууг шилээр зүссэн, гаднаас насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- орж ирэн хохирогч Э.Э.Э-г “тайвшруулах” зорилгоор узелийн өрөөнд цоожилсон, узелийн өрөөнөөс хохирогчийг гаргахад  гартаа шүүр, шалны мод барьж гарч ирэн шүүгдэгч Х.Х.А-ыг цохьсон, тухай мөчид шүүгдэгч хохирогчийг 2 гараар түлхсэн, түлхэлтэнд хохирогч Э.Э.Э- усанд ордог өрөөний хана мөргөсөн, халтирч шалан дээр ар дагзаараа унасан үйл баримт тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-ий ...”би халуун усны гадаа гараад Н.С-ыг байна уу харахад Б.Н.С- машин дотроо сууж байсан ба буцаад халуун ус руу орох гэхэд хаалгаа түгжсэн байсан бөгөөд хаалганы түлхүүрийг надаас Э.Э- эгч авсан байсан болохоор би хаалга онгойлгож чадахгүй байсан тэгээд ...би бараг нэг цаг гаруй зогсож хүлээсэн. ...Дотор Х.Х.А- ах “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ болиоч” гэхэд Э.Э.Э- эгч “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргалдаад Э.Э- эгч Х.А- ахыг цохиод зодоод байгаа чимээ сонсогдож байсан. Тэгэхэд Х.А- ах цонхоор машины түлхүүр өгөөд “машинд халуун усны түлхүүр байгаа аваад хаалгаа онгойлгоод ороод ир гэсэн. Би түлхүүр хайж машины голын хайрцагнаас түлхүүр олоод  халуун усны хаалга онгойлгоод Э.Э- эгчээс түлхүүр булааж аваад хаалгаа түгжсэн. ... Би хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Х.А- ахыг цохиод байсан. Тэгэхэд Х.А- ах Э.Э- эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхээд унагаасан. Э.Э- эгч халуун усны усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан” гэх  мэдүүлэг,

Гэрч Б.Н.С-ын ...”би пиво ууж байгаад машинаа халаах гэж гараад машинаа асаагаад буцаад халуун усны газар луу орох гэхэд хаалгаа онгойлгоогүй, ... Э.Д- бид хоёр хаалгаа онгойлгооч гэж зөндөө хаалгыг нь нүдээд онгойлгоогүй бөгөөд дотроо Э.Э.Э-, Х.Х.А- хоёр хэрэлдээд байсан юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Э.Э-гийн: “...Х.Х.А- миний өнгөрсөн амьдралыг яриад байхаар нь тэрнээс болж маргаан үүссэн. Тэгээд би орилж хашгирсан. Тэр хооронд тэр хоёр орж гараад байсан. Э.Д- намайг чимээгүй бай гээд узелийн өрөөнд цоожилсон” гэж мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Х.А-ын ...” Э.Э.Д-, Б.Н.С- хоёр хаалгаа онгойлгооч ээ гэж зөндөө орилсон, бөгөөд Э.Э.Э- түлхүүрээ өгөхгүй байсан. Тэр үед би машиныхаа түлхүүрийг цонхоор Э.Э.Д-д өгөөд машины голын хайрцганд нэг түлхүүр байгаа тэр түлхүүрээр онгойлгоод ороод ир гэж хэлсэн юм. Ингээд Э.Д- орж ирсэн бөгөөд Н.С-ыг орох гэхэд Э.Э- дахиад хаалгаа түгжээд түлхүүрээ өгөхгүй байсан” гэх мэдүүлэг болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай:

1.Х.Х.А-ын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.А-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх 29/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр дээрх үйл баримт хангалттай тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Х.Х.А- хохирогч Э.Э.Э-г түлхсэн үйлдлээс хохирогч унан эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч Х.Х.А-ын үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг тогтоосон байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл тухайн үйлдлийн гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн мэт  боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй.

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Х.Х.А-ын халдашгүй байдалд хохирогч Э.Э.Э- халдан довтолсон болох нь насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-ий...” Би хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Х.А- ахыг цохиод байсан. Тэгэхэд Х.А- ах Э.Э- эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхээд унагаасан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Х.А- өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар халдагч этгээдийг өөрөөс холдуулах, түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогч Э.Э.Э-г түлхэхэд хана мөргөсөн, унахдаа ар дагзаар шалан дээр унасны улмаас түүний биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг үгүйсгэх нөхцөл байдлыг тодорхойлохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоон хийгдсэн байх, хууль бус довтолгоон эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон нөхцөлд аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж хуульчилсан.

 

Хохирогч Э.Э.Э- “Х.Х.А-ын толгойн тус газар шампансны шилээр цохиж уг шил хагарсан, мөн архины шил хагалж шуун тус газар зүссэн” талаар шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө мэдүүлж байх ба дээрх уг довтолгоон дууссаны дараа дахин хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл барин цохихоор ирэхэд нь цохиулахгүй байх үүднээс холдуулан түлхсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг түлхэх үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

 

Тухайн цаг хугацаанаас өмнө ч шилээр цохих, зүсэх зэргээр бодит хууль бус довтолгооныг хохирогч хийсэн байна.

Дахин шалны мод, шүүр зэрэг эд зүйл барин довтолж буй нь хууль бус ба уг үйлдлийн эсрэг өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, аргагүй хамгаалалт гэж үзэхээр хуульчилсан тул Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Х.Х.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Шүүх аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 11.2, 11.3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, санаа сэтгэл нь цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргүүдийн шинж аль аль нь үгүйсгэгдэхийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих асуудлын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол иргэний нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхих”-оор заасан боловч шүүх хуралдаанаас өмнө Х.Х.А- хохирогчид 9.414.111 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5 дахь хэсгийн 5.1, 5.2, заалт, 36.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Х.А-ыг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Х.Х.А- нь хохирогч Э.Э.Э-д 9,414,111 төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдсугай.

 

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ

 

 

                       ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                 ШҮҮГЧ                             Н.ИДЭР