Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1643

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр            Дугаар 181/ШШ2017/01643               Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18-61 тоотод оршин суух, Зурхайч овогт Одончимэдийн Одхүү /РД:ЧН64121216/-ийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8388 дугаар захирамжаар хариуцагч О.Одхүүгээс 98,037,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нацагт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, хураасан эд хөрөнгийн талаарх үнийн саналыг аваагүй атлаа шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, ингэхдээ шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон байхад албадан дуудлага худалдаа зарлаж, явуулсан. Дуудлага худалдааны тогтоолоо ч улсын бүртгэлийн газарт хүргүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 2 сарын 24-ны өдөр явуулсын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8388 дугаар шийдвэрээр О.Одхүүгээс 98,037,725 төгрөгийг гаргуулж М.Нацагт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч О.Одхүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007637 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 61 тоот 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/18 дугаартай тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч О.Одхүүд барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус албанд ирүүлэхийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/38166, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3/39331 тоот албан бичгээр, мөн 99116562 дугаарт мессеж хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 61 тоот 3 өрөө орон сууцыг 124,833,300 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч О.Одхүүд үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1087 тоот албан бичгээр оршин суух хаягаар хүргүүлж, мөн төлбөр төлөгчийн 99116562 дугаарт холбогдож үнэлгээний тайлантай танилцаж, мэдэгдлийг ирж авах талаар хэлсэн болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 87,383,310 төгрөгөөр 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 62,416,650 төгрөгөөр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Төлбөр төлөгч О.Одхүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5558 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч О.Одхүү нь хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Одхүү нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.     

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8388 дугаар захирамжаар О.Одхүүгээс 97,700,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 337,725 төгрөгийн хамт гаргуулж М.Нацагт олгох, төлбөрөө 2016 оны 3 дугаар сарын 03-ны дотор төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1093 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16281166 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Төлбөр төлөгч О.Одхүү нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007637 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 байрны 61 тоот байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/01 тоот актаар битүүмжилж, төлбөр төлөх 5 хоногийн хугацаа тогтоосон ба тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/18 тоот актаар орон сууцыг хураан авсан байна.

 

Төлбөр төлөгч О.Одхүүд хураагдсан орон сууцны үнийн санал ирүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/38166, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3/39331 тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналаа өгөөгүй тул төлбөр авагч М.Нацагийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтээр 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 7 тоот тогтоолоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

“Итгэлт Эстимэйт” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тухайн орон сууцны үнэ, цэнийг 124,833,300 төгрөгөөр тогтоосон ба энэ үнийн 70 хувь болох 87,383,310 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр О.Одхүүгийн 99116562 дугаарын утсаар болон 3/1087 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/14 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд энэ тухай нийтэд Үндэсний шуудан сонины 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 029 дугаараар, төлбөр төлөгчид 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3/6105 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдэж, тогтоол, мэдэгдлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.Одхүүд гардуулжээ.

 

Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явагдсан боловч О.Одхүүгийн өмчлөлийн орон сууцанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь заалтын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр дахь дуудлага худалдааг явуулах үндэслэлтэй болж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/44 тоот тогтоолоор 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдааг товлож, оролцогчоос санал болгох доод үнийг 62,416,650 төгрөг байхаар Үндэсний шуудан сонины 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 046 дугаараар нийтэд мэдээлсэн ба энэ тухай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/8427 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.   

 

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч О.Одхүүгийн өмчлөлийн орон сууцанд мөн үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/05558 тоот захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаагаа зогсоожээ.

 

Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлоо ...ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, хураасан эд хөрөнгийн талаарх үнийн саналыг аваагүй атлаа шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон байхад албадан дуудлага худалдаа зарлаж, явуулсан, дуудлага худалдааны тогтоолоо Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлээгүй... гэх үндэслэлээр гаргасан.

 

Шүүхийн шийдвэрээр О.Одхүүгээс гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаанд нэхэмжлэгч гомдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээчээр тогтоолгож, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар, 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 50 хувиар тус тус тогтоож, энэ талаар тухай бүр нь нийтэд мэдээлж, албадан дуудлага худалдааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлд тус тус нийцжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 12, 21-ний өдрүүдэд төлбөр төлөгч О.Одхүүд 2 удаа хугацаа тогтоосон албан бичиг хүргүүлэх замаар боломжит аргаар зохих ажиллагааг хийсэн боловч тэрээр саналаа өгөөгүй тул төлбөр төлөгч, төлбөр авагч тохиролцоогүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, цэнийг шинжээчээр тогтоолгох ажиллагаа хийсэн нь хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, шинжээчийн тогтоосон үнийн талаар 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэл болон төлбөр төлөгчийн 99116562 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн байхад үнэлгээтэй холбоотой гомдлыг О.Одхүү гаргаагүй, үнэлгээ хүчин төгөлдөр болсон тул шинжээч хэрхэн томилсон нь тодорхойгүй, орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол  хэрхэн зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй тул хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзсэн.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулж, бүх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс амаар гаргасан тайлбарыг тэмдэглэлээр баталгаажуулж байснаас үзэхэд шүүх нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчийг буруутгах, явуулсан ажиллагаануудыг хуульд нийцээгүй гэж үзэх, түүнчлэн ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй, түүнд мэдэгдэхгүйгээр ажиллагаа явуулж эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байх тул О.Одхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай О.Одхүүгийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА