Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1996

 

О.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01643 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Огийн, хариуцагч НШГАнд холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8388 дугаар захирамжаар хариуцагч О.Огээс 98 037 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-гт олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр зохих ёсоор биелэгдэж, төлбөр төлөх ёстой этгээд н.Гэсэрбадам нь 23 000 000 орчим төгрөгийг төлж, 75 000 000 төгрөг үлдсэн бөгөөд энэ талаар график гарган төлж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эрхийн ноцтой зөрчиж, хураасан эд хөрөнгийн талаарх үнийн саналыг аваагүй атлаа шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, ингэхдээ шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон байна. Мөн ямар байгууллагаар хэрхэн яаж үнэлүүлсэн талаар тайлагнаагүй бөгөөд үнэлгээний тайлантай намайг танилцуулаагүй байж албадан дуудлага худалдаа зарлаж явуулсан нь миний эрхийг зөрчиж байна. Албадан дуудлага худалдааг зарлах болсон тухай мэдэгдлээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Дуудлага худалдааны тогтоолоо улсын бүртгэлийн газар хүргүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй. Би анхны албадан дуудлага худалдаанд биечлэн оролцоогүй, энэ талаар надад мэдэгдээгүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдааг хийх болсон тухайгаа гэнэт зарласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

НШГАнаас албадан дуудлага худалдааны үнийг тогтоохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, хууль бус ажиллагаа болсон тул 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/243 дугаар мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч О.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007637 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 61 тоот, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/18 дугаартай тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч О.Од барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус албанд ирүүлэхийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/38166, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3/39331 тоот албан бичгээр, мөн 99116562 дугаарт мессеж хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 61 тоот, 3 өрөө орон сууцыг 124 833 300 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч О.Од үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1087 тоот албан бичгээр оршин суугаа хаягаар нь хүргүүлж, мөн 99116562 дугаарт холбогдож үнэлгээний тайлантай танилцаж, мэдэгдлийг ирж авах талаар хэлсэн.

НШГАнаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 87 383 310 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 62 416 650 төгрөгөөр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч О.О нь хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай О.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар хэрэв талууд дуудлага худалдаанд оруулах үнээ тохиролцоогүй тохиолдолд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг харгалзан тогтоодог. Гэвч өмчлөгч үнийн санал өгөөгүй тохиолдолд хэрхэх талаар хуульд заагаагүй. Өөрөөр хэлбэл аль нэг талаас үнийн санал гаргаад нөгөө тал нь түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бол түүнийг тохиролцоогүй гэж үзэхээс биш, үнийн санал өгөөгүйг талууд тохиролцоогүй гэж үзэх боломжгүй.

Үнийн саналыг ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлээгүй, дан ганц шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй. Хэрэгт авагдсан мессеж гэх нэг хуудас хуулбарласан зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх үнэлсэн. Мөн дээрх байдлыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

Ямар байгууллагаар хэрхэн яаж маргаан бүхий орон сууцыг үнэлүүлсэн талаар тайлагнаагүй бөгөөд үнэлгээний тайлантай нэхэмжлэгчийг танилцуулаагүй.

О.О нь анхны албадан дуудлага худалдаанд биечлэн оролцоогүй бөгөөд энэ талаар түүнд мэдэгдээгүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдааг хийх болсон тухайгаа гэнэт зарлаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.7, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, анхны албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч О.О нь хариуцагч НШГАнд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган, үндэслэлээ “шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй, ... анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй миний эрхийг зөрчсөн” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт нэхэмжлэгч О.О, зээлийн гэрээний үүрэгт 97 700 төгрөгийг М.Н-т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8388 дугаар захирамж авагдсан байх ба уг төлбөр төлөгдөөгүйгээс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1093 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-22-23 дугаар хуудас/

Шүүгчийн захирамжийг хариуцагч НШГА албадан гүйцэтгэх явцдаа шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/18 дугаар тогтоолоор төлбөр хураагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18-61 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч, улмаар худалдахаар болж, анхны дуудлага худалдааны үнийг тогтоох ажиллагаа хийжээ. /хх-26-35 дугаар тал/

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох үнийг тохиролцож тогтоогоогүй тул хариуцагч тал уг эд хөрөнгийн зах зээлийн үнийг шинжээч томилж тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрчөөгүй байна. /хх-37-43

Харин шинжээчийн тогтоосон үнэлгээг нэхэмжлэгч О.Од танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан үнэлгээний талаарх гомдол гаргах боломж олголгүйгээр анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь буруу болжээ.

Учир нь хариуцагч талын, үнэлгээг танилцуулсан гэж мэтгэлцэн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1087 тоот мэдэгдэлд Монгол шуудан ХК-ийн тэмдэг дарагдсан байгаа хэдий ч уг мэдэгдлийг нэхэмжлэгч О.О хүлээн авсан гэдэг нь тодорхойгүй байхын зэрэгцээ мөн өдөр бичигдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь өөр баримтаар нотлогдоогүй байна. /хх-50-51 дүгээр тал/ Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаарх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01643 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Од буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                               Ч.ЦЭНД