Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 678

 

     Г.С, Б.О-туул, Б.О-гэрэл  нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор С.Цэрэндалай,

 нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.С, Б.О-туул, Б.О-гэрэл  нарт холбогдох 1807000680096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Г-н С, 19... оны … дугаар сарын …-ний өдөр .............. аймгийн ......... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч менежер мэргэжилтэй, “Н интернэшл” компанид худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ........ дүүргийн ..... дугаар хороо, ......... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............/;  

2. Б овгийн Б-н О-туул, 19.. оны … дугаар сарын …-ны өдөр ….......... аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал зоогийн газрын менежер мэргэжилтэй, “Н... капитал” компанийн “А..” зочид буудалд үйлчилгээний ахлагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт .......... дүүргийн .... дугаар хороо, ........... дугаар гудамжны ........ тоотод оршин суух албан ёсны хаягтай, ........ дүүргийн ... дугаар хороо, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …......./;

3. Б-н овгийн Б-н О-гэрэл, 19.. оны ... дугаар сарын …-ны өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нийтийн хоолны тогооч, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ......... дүүргийн ... дүгээр хороо, “С...” хотхоны ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Г.С нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн .. дугаар хороо, ............. хорооллын 4 дүгээр байрны .... тоотод Б.О-туултай маргалдаж түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.О-туул, Б.О-гэрэл нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн .... дугаар хороо, ........ хорооллын .. дүгээр байрны ... тоотод Г.С-н үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.О-туул, Б.О-гэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.О-туул, Б.О-гэрэл нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-туул, Б.О-гэрэл нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-туул, Б.О-гэрэл, Г.С нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.О-туул, Б.О-гэрэл, Г.С нарт мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.О-туул, Б.О-гэрэл, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... гэмт хэргийн улмаас Б.О-туул, Г.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд тэднийг шүүгдэгчээс гадна хохирогчоор оролцуулж, энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг танилцуулсан. Шүүх хуралдаанд улсын яллагч яллах дүгнэлт уншин сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нараас хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асуухад шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар үнэн зөв ярьсан гээд шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нарт хэргийн талаар асуулт тавьж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, зөвшөөрвөл түүнээс мэдүүлэг авна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа  түүнд... асуулт тавьж болно” гэж хуульчилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн шүүгдэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт бөгөөд шүүх мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.О-туул, Г.С нарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч тэднээс мэдүүлэг аваагүй нь 1-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” зэрэг хуульд заасан хохирогчийн эрхийг нь хязгаарласан. 2-рт мөн хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа... хохирогчийн мэдүүлгийг сонсоно” гэснийг зөрчсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч Г.С, Б.О-туул нарт хөнгөн хохирол учруулсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С “би гомдолгүй”, хохирогч Б.О-туул “гомдолгүй” гэснийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэж шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нарын мэдүүлгийг сонссон байдлаар шийтгэх тогтоолд дурдаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч болон хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

                                                               ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.С нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, ... хорооллын 4 дүгээр байрны .... тоотод Б.О-туултай маргалдаж түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн цаг хугацаанд Б.О-туул, Б.О-гэрэл нар бүлэглэн Г.С-н үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-туулын “...Намайг хадам аавынд ороход манай нөхөр М.Г нь Г.С гэдэг хүүхэнтэй цуг сууж байхаар нь би очоод нөхрийгөө “чи энд юу хийж яваа юм” гэхэд юу ч дуугараагүй, гэтэл цуг байсан хүүхэн нь над руу дайрч бид хоёр харилцан үснээсээ зулгааж газар унасан...” /хх 7-8/,

хохирогч Г.С-н “... Б.О-туул ирээд үснээс зулгааж, Б.О-гэрэл нь бас миний үснээс зулгааж, баруун гар барьж, хоёулаа нийлж толгойгоор 3-4 удаа газар мөргүүлж, дагз руу цохисон. Доошоо харсан байсан болохоор дагз руу хэн цохисон болохыг мэдэхгүй. Б.О-туул, Б.О-гэрэл хоёр цохисон байх. Б.О-гэрэл нь миний баруун гарыг барьж байхдаа тохойны дээд талд хазсан...” /хх 12-13/,

гэрч М.Г-н “...Намайг аавынхаа гэрт байж байтал гаднаас Б.О-гэрэл эгч, эхнэр Б.О-туул нар орж ирээд Г.С руу үгийн зөрүүгүй зэрэг дайраад үсдээд авсан... Б.О-гэрэл эгчийн гарыг Г.С-н үснээс салгаад бүгдийг нь холдуулахад Г.С-н нүүр маажигдсан байдалтай, дух болон чихнээс нь цус гарсан байсан...” /хх 23/,

гэрч Б.Ү-н “...Б.О-туул “чи энд юу хийж яваа юм бэ” гэхэд тэр хүүхэн өмнөөс нь үсдэж, чирээд орны урд авчирч, толгойг нь дарж газар өвдөглүүлсэн... Б.О-гэрэл тэр хүүхний гарын бугалга хэсэгт хазахад тавьсан байх...” /хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.О-туулын биед үс уналт, эрүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх 40/ 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08шэ/85 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.С-н биед тархи доргилт, дух, зүүн чих, зүүн тохой, зүүн бугуйн үенд зулгаралт, дээд уруул, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн үе, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх 42/ 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08шэ/80 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, Б.О-туул, Б.О-гэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч тус бүрт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Прокурор С.Цэрэндалайгаас “...анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар мэдүүлэг өгөхгүй гэхэд шүүгч хөтөлж асуулт асуусан, мөн Г.С, Б.О-туул нараас хохирогчийн хувиар мэдүүлэг аваагүй, мөн харилцан бие биедээ гомдолгүй гэснийг үндэслэн бусдад төлбөргүй гэж үзсэн нь үндэслэлгүй ...тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлье ” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Г.С, Б.О-туул, Б.О-гэрэл нар “мэдүүлэг өгөхгүй” гэсэн эрхийг нь хангаж, харин асуулт хариулт явагдсан болох нь, мөн Г.С, Б.О-туул нараас хохирогчоор мэдүүлэг авсан болох нь тус тус тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн “шүүгдэгчийн мэдүүлгийг сонсох”, 35.10 дугаар зүйлийн “хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсох” тухай заалтыг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх зөрчил анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрт тогтоогдохгүй байгаа тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.