Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/833

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,   

           улсын яллагч Х.Нарангуа /томилолтоор/,

            иргэдийн төлөөлөгч С.Энхцэцэг

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л,

            гэрч Ч.Н,       

            шинжээч Ц.Оюун-эрдэнэ, Б.Эрдэмболор /онлайнаар/,  

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсгээр, хүний амь насыг санаатай хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-д холбогдох 2108000000740 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран 01-34 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Д овогт Э-ийн Х, регистрийн дугаар: **********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :   

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 15 дугаар гудамжинд хохирогч Я.Э-д хүч хэрэглэн довтолж 685,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А51 маркийн гар утас, 227,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А5 маркийн гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 912,000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 15 дугаар гудамжинд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутад талийгаач Я.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох буюу 912,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авах зорилгоор түүнийг гараараа татаж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагаж суман заадсаас дух яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж амь насыг нь санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь :     

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Э.Х Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 15 дугаар гудамжинд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутад талийгаач Я.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүч хэрэглэн зодож гараараа татаж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж амь насанд аюултай  гэмтлүүд учруулан алсан болох нь :   

- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-01/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх-03/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ГССҮТ-д үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн удирдах газрын алба хаагчаас Э 49 настай эрэгтэй ухаангүй 103-ийн ГССҮТ-д хүргэгдэж ирлээ...гэх тэмдэглэл /1хх-02, 04/,

- хэргийн газар үзлэг хийсэн...Уг зам тээврийн осол нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим СХД-ийн 42 дугаар хороо Зүүн салааны хайрхан 15-р гудамжинд гарсан байв. Жолооч А-гаар явган зорчигчийн хэвтэж байсан гэх газрыг заалгаад А үсэг үл хөдлөх цэгийг В үсгээр тус тус тэмдэглэв. Toyota prius маркийн *** УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл Зүүн салааны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байгаад зүүн гар тийшээгээ Хайрхан 15-р гудамж руу эргэн ороход явган зөрчигч тухайн гудамжны замд хэвтэж байхад нь мөргөсөн гэх осол гарсан байв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 2,3м х 3,6м х 8,2м, А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш замын хашлага хүртэл 9,2м Хайрханы 15-р гудамжны өргөн 5,5м, Зүүн салаан замын өргөн 7,8м байв. Ослын улмаас автомашинд учирсан эвдрэл байхгүй. Жолооч Р.А нь явган зорчигчийг мөргөсний дараа автомашиндаа суулгаж СХД-ийн **-р хороо Хайрхан **** тоот хашаанд байх гэртээ хонуулаад маргааш нь 103-т дуудлага өгч Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байв. Жолооч Р.А-г драйлер багаж үлээлгэн шалгахад 100% согтолттой байсныг БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байранд тор саатуулав. Хэргийн газрын Түвшин дэлгүүрийн гадна талын хяналтын камераас 33 минутын бичлэгийг хуулбарлан авав...гэх тэмдэглэл /1хх-05-06/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-07/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08, 09-12/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-13, 14/,

- Компакт диск дэх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.. нийт 33 минут 20 секундийн бичлэг байх ба бичлэгийн баруун дээд хэсэгт байрлах огнооны тэмдэглэлээр 2021-04-10 19:39:19 секундэд бичлэг эхэлж 19:59:46 секундэд дуусаж байна. Тухайн тэмдэглэлээр 19:57:18 секундэд камерын бичлэгийн төв хэсэгт байрлах 2 давхар улаан өнгийн барилгын урд талаас хар бараан өнгийн хувцастай хүн замын баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй алхаж хүрэн өнгийн төмөр хашааны булангийн ойролцоо 19:58:06 секундэд ирэх үед ***** /серийн дугаар тодорхой харагдахгүй/ тээврийн хэрэгсэл урдаас хойш чиглэлтэй камерын бичлэгт орж ирж зогсож байна. Тухайн автомашинаас 19:58:18 секундэд цэнхэр өнгийн цагаан дотортой хүрэм, бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамц, өмд, гуталтай, гартаа хуванцар сав барьсан, цагаан маск эрүүн доогуураа зүүсэн эрэгтэй хүн, Хар саравчтай малгай, цагаан маск, бараан өнгийн хүрэм, цагаан саарал цамц, цоохор өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүний хамт бууж 19:58:24 секундэд автомашин хөдлөөд хойд зүг рүү явж 19:59:00 секундэд бичлэгийн төв хэсэгт байрлалтай 2 давхар улаан өнгийн байшингийн зогсоолд очиж зогсож байна. Харин тухайн автомашинаас буусан 2 эрэгтэй хүн замын зорчих хэсгийн гадна талд зогсож байгаад 19.58.49 секундэд зорчих хэсэг рүү орж 19:59:00 секундэд зорчих хэсгийн нөгөө талд гарах үед явган хүний замаар хойноос урагш чиглэлтэй ирж байсан цагаан мөртэй бараан өнгийн хүрэм, бараан өнгийн өмд, гуталтай, хар өнгийн цамцтай, маскгүй хүн тухайн 2 хүний голоор гарах үед цэнхэр өнгийн цагаан дотортой хүрэм, бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамц, өмд, гуталтай, гартаа хуванцар сав барьсан, цагаан маск эрүүн доогуураа зүүсэн эрэгтэй хүн голоор нь гарсан цагаан мөртэй бараан өнгийн хүрэм, бараан өнгийн өмд, гуталтай, хар өнгийн цамцтай “хүний мөрнөөс нь барьж аваад” Хайрханы 15 дугаар гудамж руу чирч байснаа татаж газарт буюу замын зорчих хэсэг дээр унагаагаад улаан өнгийн хашааны цаагуур орж орж байна. Энэ үед хүн татаж унагаасан хүнтэй хамт явж байсан хүн араас нь алхаж хашааны цаагуур орж камерын бичлэгээс гарч байна. Тэгээд хашааны цаана ямар үйл явдал болж байгаа нь мэдэхгүй байх ба 19:59:41 секундэд хашааны дээгүүр цэнхэр өнгийн хүрэм, хар малгайтай хүн цухуйж харагдаж байгаа дүрс бичигдсэн байна.

Came1_2021-04-10_20-00-00_20-59-59_CAM1.avi бичлэг нь нийт 1:30 минутын бичлэг байна. Тухайн бичлэг нь 2021-04-10 20:00:02 секундэд эхэлж байна. Өмнө бичлэгт бичигдсэн **** /серийн дугаар тодорхой харагдахгүй/ тээврийн хэрэгсэл очиж зогссон 2 давхар улаан өнгийн байшингийн зогсоолоос 20:01:20 секундэд ухарч зам дээр гарч ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй буцаад ирж байна. Энэ үед буюу 20:01:27 секундэд Т.Приус-20 маркийн **** УБЛ дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урд талаас хойш чиглэлтэй явж камерын бичлэгт орж ирээд Хайрханы 15  дугаар гудамж руу эргэж ороод 20:01:36 секундэд улаан өнгийн хашааны цаагуур орж зогсож байна. 20.02.01 секундэд тухайн тээврийн хэрэгсэл хойш ухарч 20.02.05 секундэд зогсох үед 2 давхар улаан өнгийн байшингийн гаднаас хөдөлсөн **** /серийн дугаар тодорхой харагдахгүй/ дугаарын тээврийн хэрэгсэл уулзвар дээр ирж зогсож байна. Энэ үед Т.Приус-20 маркийн *** УБЛ дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгаар цайвар өнгийн малгай, хүрэмтэй, хар бараан өнгийн өмд, гуталтай хүн бууж, харин жолооч талын урд хаалгаар цайвар өнгийн малгай, цагаан масктай хүн бууж гудамж руу орж хашааны цаагуур орох үед тухайн гудамжнаас зөрөөд цэнхэр өнгийн цагаан дотортой хүрэм, бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамц, өмд, гуталтай, гартаа хуванцар сав барьсан, цагаан маск эрүүн доогуураа зүүсэн эрэгтэй хүн, Хар саравчтай малгай цагаан маск, бараан өнгийн хүрэм, цагаан саарал цамц, цоохор өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүний хамт гудамжнаас гарч ирж хойноос ирж зогссон буюу тухайн 2 хүнийг буулгасан **** /серийн дугаар тодорхой харагдахгүй/ тээврийн хэрэгсэл дээр ирж жолоочтой гараараа дохиж ярилцаад байж байхад 20:03:13 секундэд Т.Приус-20 маркийн **** УБЛ дугаартай цагаан тээврийн хэрэгслээс буусан 2 хүн ямар нэгэн юм баруун хойд талын хаалгаар хийгээд 20.03.20 секундэд хөдөлж байна...гэх тэмдэглэл /1хх-25/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-гийн...2021 оны 04 дүгээр сарын 11 -ний өглөө 08 цагийн үед манай ахын ажлын болох “MRMOR” ХХК-н ажилтан над руу залгаад танай ах чинь цус харвасан байдалтай Баянхошууны гудамжнаас олдсон байна. 3-р эмнэлэг дээр түргэнээр ирсэн байна яаралтай 3-р эмнэлэг дээр очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 103 руу залгаад Баянхошууны гудамжнаас Я.Э гэж хүн авчирсан хүний утсыг өгөөч гэсэн чинь одоо өгөх боломжгүй байна гэсэн тэгээд гэрээсээ гарч, машиндаа суугаад явж байхад нэг утаснаас залгасан тэр хүн түргэний жолооч болж байсан. Би тэр хүнээс ахынхаа талаар асуусан чинь танай ах айлд байсан өглөө маш их бөөлжсөн байсан цус харвасан байдалтай байхаар нь 3-р эмнэлэгт хүргэж өгсөн гэхээр нь би юун айл юм болоо гэсэн чинь 2 хөгшин гудамжинд согтуу хэвтэж байхаар нь гэртээ оруулж хонуулаад түргэн дуудсан гэсэн. Тэгээд би 3-р эмнэлэг дээр очсон чинь манай ахыг маш хүнд байна тархиндаа хүнд гэмтэлтэй байна гадна нөлөөтэй байна, одоо Гэмтлийн эмнэлэг рүү авч явъя гэсэн удалгүй түргэний машин ирээд манай ахыг аваад явсан би хамт түргэний машинд суугаад явсан манай ахын хувцас хунарыг нь тайлчихсан гадуур нь даавуу нөмөргөсөн байсан. Тэгээд би түргэний машинд суугаад явж байхад эмч нь даралт нь унаад байна гээд надаар хиймэл амьсгал хийдэг багажаар хиймэл амьсгал хийлгээд өөрөө нүд амыг нь гэрэл тусгаад үзээд байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр ирээд эмч нар үзээд яаралтай хагалгаанд орно маш хүнд байна юм хумыг нь бэлд гэсэн тэр хооронд нэг цагдаа ирээд надаас юу болсон талаар асуухад анх мэдсэнээс хойш бүх зүйл ярьсан чинь за за гээд явсан удалгүй дахиад цагдаа нар ирээд мэдүүлэг авсан.../1хх-28, 54-56/,...Миний иргэний нэхэмжлэлтэй холбоотой буяны ажилд гарсан зардлын баримтуудаа гаргаж өгөөд, нийт 8,028,299 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан. Одоо нэмж баримт гаргаж өгнө, одоогоор эмчилгээний баримтууд бэлэн биш байгаа гэх мэдүүлэг /2хх-143-144/,

- шинжээчийн дүгнэлт...Я.Э-ын биед суман заадасаас дух яс рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /1хх-192-194/,

- цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эцгээр гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ aмь насанд аюултай...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн 2647 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2021-04-21-ний 06 цагт нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай гэх, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-208-215, 217-219/,  

- шинжээч Ч.Эрдэмболорын...Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид автомашинд мөргүүлсэн дайруулсан гэхээр гэмтлүүд тогтоогдоогүй бөгөөд талийгаачийн үхэлд хүргэсэн гавал, тархины битүү гэмтэл нь цохилтын улмаар толгойгоороо савж унах, өргөн том талбайтай зүйл мөргөж унаснаас үүссэн гэмтлүүд байна. Хэвлий хэсгийн зулгаралтууд нь зодуулж цохиулах, автомашинд мөргүүлж дайруулах аль ч үед үүсэж болохоор гэмтэл байсан. Талийгаачийн хувьд гавлын орой хэсэг буюу зулай хэсгийн суман заадас салсан хугарал уг хугарал нь дух яс зүүн ухархайн дээд хана хүрсэн байснаас үзэхэд өргөн талбайтай зүйл цохигдох мөргөж, савж унах зэрэгт үүсэх гэмтэл бөгөөд ийм  тохиолдолд хуйханд гэмтэл үүсэх магадлал багатай учир хэргийн газар цус гарах боломжгүй. Талийгаачийн хувьд анх гэмтэл авах үед 130-150, мэс заслын дараа 70-80 мл цусан хураа үүссэн уг гэмтэлтэй хавсарч гавлын ясны хугарал, хугарлын дагуух хатуу хальсан дээр цусан хураа, тархины зүүн талд бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн эдийн гүн дэх цусан хураа няцрал ихтэй байсан учраас эдгээр гэмтэл талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна /1хх-221-224/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- амь хохирогч Я.Э-ын хэвтэн эмчлүүлсэн баримт, өвчний түүх /2хх-34-53/,

- шинжээчийн дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн хүрмийн урд талын хэсэгт 49мм хэмжээтэй гэмтэл, ар талын хэсэгт 100х87мм, 92х43мм, 42х8мм, 40х25мм хэмжээтэй гэмтлүүд, уг гэмтлүүдийн хажуу хэсгүүдээр олон тооны жижиг хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гуталд урагдалт, гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрмийн урд талын хэсэгт үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, ар талын хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлцсэний улмаас шинээр үүссэн урагдалт, цооролтууд байна, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-180-182, 183-185/,   

- шинжээчийн үнэлгээний тайлан...Самсунг брэндийн А51 болон А5 загварын гар утасны үнэлгээг 912.000 төгрөг /1хх-229-232, 233-234/, 

- гэрч Ш.Э...Э 2021.04.10-ы өдөр над руу би яваад очий гэж залгасан, манайд 13 цаг 20 минутад 1 литрийн савлагаатай Орос архи, нэг сүү барьчихсан орж ирсэн. Тэгээд эхнэр бид 2-т хоол хийж өгөөд бид 2 хоолоо идэх зуураа Э-ын авчирсан архийг хувааж уусан. Би Э-ыг ирнэ гэхээр 2 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво авчихсан байсан. Архины дараа тэр пивыг ууж байгаад талд нь оруулаад Э гэр лүүгээ харилаа гэхээр нь би хоноод явахгүй юу гэсэн чинь би айлд хонож сураагүй, харина гээд зүтгээд байхаар нь тэгвэл автобус унаа зогсохоос өмнө эртхэн явахгүй юу гэсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байхад манай гэрээс гарсан. Би тэр үед автобусанд өгөх үү гэхэд гадаа гэгээтэй автобусны буудал ойрхон юм чинь өөрөө явна гээд гарсан. Э явсны дараа би гэртээ унтаад өгсөн. Тэгээд би 21 цаг 30 минутын орчим сэрээд Э-ын 9611**** гэсэн дугаар луу өөрийнхөө 9606*** гэсэн дугаараас залгахад дуудаад авахгүй байхаар нь дахиж залгаагүй. Тэгээд 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас залгаад Э нас барчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /1хх-163-166/,  

- гэрч Т.Б-гийн...Тэр өдөр манай ажлын хүн Э ирнэ гэнээ гэхээр нь би жоохон дурамжхан хөл хориотой байхад гэхэд манай нөхөр хүн ирнэ гээд байхад яах юм бэ гэсэн...орж ирэхдээ нэг сүү, нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэр өдөр би хоол хийж байсан тэр хоолноос идчихээд манай нөхөр тэр 2 нэг шил архиа уусан...гэх мэдүүлэг /1хх-168-170/,

- гэрч Ч.Н-ын... 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд өдөр 14 цагийн үед гэрийнхээ урд талын гудамжинд байдаг дэлгүүрээс 2 лааз Боргио пиво авч ганцаараа уусан...Орой 16 цагийн орчим Баянхошууны тойрог дээр байдаг бэлэн мөнгөний машинаас хүүхдийн мөнгө авах гээд гэрээсээ гарч, автобусанд суугаад Баянхошууны тойрог дээр буугаад бэлэн мөнгөний машинаас Төрийн банкны картаар хүүхдийн мөнгө болох 300,000 төгрөг авсан. Тэндээ дэлгүүрээс эхнэртээ зөгийн бал, чацарганы тос аваад өөртөө 2 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво нэгийг авсан. Баянхошууны тойрог дээрээс нэг машинд гар өргөж суугаад Зүүн салаа руу гэр лүү гээ явсан...“Одонт 30” гэдэг нэртэй автобусны буудал дээр Х гэдэг миний таньдаг залуу хэсэг хүмүүстэй пиво уугаад зогсож байхаар нь би таксигаа зогсоогоод Х-ыг дуудсан чинь хүрээд ирэхээр нь ойр зуурын юм ярьж байх зуур Х миний авч явсан пиво харчихаад наадахыг чинь 2-лаа танай гэрт очоод хуваагаад ууя гэхээр нь яах юм бэ гэрт бол эхнэр уурлана 2-лаа манай арын гудамжинд ууя гээд би Х-ыг таксинд суулгасан. Тэгээд бид 2 Зүүн салааны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явсаар байгаад Хайрхан 15-р гудамжны харалдаа замын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Түвшин дэлгүүрийн гадаа зам дагуу таксинаас буусан. Таксинд үйлчилгээний хөлс гэж 5000 төгрөг өгсөн. Тэгээд Х миний авсан пиво барьчихсан, бид 2 замын хажуугийн явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлд алхаад явж байтал замын эсрэг талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг согтуу хүн 2 тийшээ найгаад алхаад ирсэн. Х май энийг авч бай, би хүнтэй уулзаадахъя гээд надад пиво өгөөд өөрөө ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд нөгөө согтуу хүнийг угтаад зам хөндлөн гарахаар нь би бас араас нь дагаад гарсан. Тэгээд замын нөгөө талд гарах үед нөгөө согтуу хүн ч хойноос ирээд бид 3 халз өөд өөдөөсөө тарах үед Х үгийн зөрөөгүй нөгөө хүний хувцаснаас татаж  байгаад цээж рүү 2 гараараа түлхэх үед нөгөө согтуу хүн биеийн ар хэсгээр  толгойгоороо саваад газарт нэлээн хүчтэй унасан. Унах үедээ пид гэсэн чанга чимээ гарахаар нь би айгаад чи чинь яаж байгаа юм бэ, хүн алчихлаа гэсэн чинь Х хувцаснаас хэд татаж байснаа үхээгүй байна амьсгаатай байна гэсэн. Тэр үед би маш их айсан болохоор Х-ыг тэр хүнтэй үлдээгээд Хайрхан 15-р гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд түрүүлээд алхаад явсан. Яг намайг явах үед Х тэр согтуу хүнийг босооч гээд татаад өмднийх нь халаас руу нь гараа хийгээд байсан. Тэгсэн удалгүй араас Х ирээд бид 2 хамт тухайн гудамжаараа алхаж байхад Х ер нь буцаж очиж нөгөө хүнээ нэг харъя гээд  буцаад алхаад явахаар нь би араас нь дагаад явсан. Нөгөө согтуу хүн Хайрханы 15-р гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрийн асфальтан хэсэгт дээшээ харчихсан толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу газрын уруу хэсэг рүү харчихсан ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хэвтэж байсан. Тэгээд бид 2 хэвтэж байсан хүн рүү дөхөөд ойролцоогоор 5-6 метрийн зайтай ирэхэд Зүүн салааны төв замаас тухайн гудамж руу нэг цагаан өнгийн Т.Приус маркийн машин ороод ирэхээр нь Х бид 2 гараа өргөөд хөөе наана чинь хүн байна дайрлаа гэсэн чинь тэр машины жолооч хараагүй юм шиг байсан. Урд 2 дугуйныхаа голоор хэвтэж байсан хүний хөл хэсгээс нь хүзүү хүртэл дээгүүр гарчихсан юм. Хэвтэж байсан хүний толгой нь цухуйчихсан байсан. Тэгээд жолооч нь бууж ирээд тонгойж харснаа сандраад буцаж ухрахад хэвтэж байсан хүн ил гараад ирсэн. Тэр үед Х цагдаа, юм уу түргэн дуудаач гэсэн чинь жолооч хамт явсан зорчигчтой хэвтэж байсан хүнийг өргөөд машиныхаа баруун хойд хаалгаар оруулаад эмнэлэг рүү явлаа гээд яваад өгсөн. Яг тэр үед хойноосоо урагшаа чиглэлд явж байсан машин баруун гар тийшээ тухайн гудамж руу эргэж орох гээд ирээд зогссон. Жолооч нь цонхоо онгойлгоод наана чинь юу болсон юм гэхээр нь энэ машин хүн дайрчихлаа гэж хэлсэн чинь жолооч нь дайрсан машины дугаарыг тэмдэглэж аваад гудамж руугаа эргээд орсон. Тэгээд Х бид 2 замаа дагаад замынхаа баруун талын явган хүний замаар алхаж байгаад Хайрханы 13-р гудамж буюу манай гудамж баруун эргэж ороод хэсэг яваад урагшаа эргэсэн нарийн гудамжны хажууд байдаг хуучин хүнсний дэлгүүр байж байгаад хаагдсан дэлгүүрийн урд сууж байгаад 2-лаа нөгөө пивоо хувааж уусан. Тэндээ бид 2 нэлээн удаан сууж байгаад орой 22 цагийн үед  би гэр лүү явлаа гээд Х Зүүн салааны хойно байдаг айлд очлоо гээд явсан. Тэгээд би гэртээ ороод амарсан. Тэрнээс хойш 3 билүү 4 хоногийн дараа яг өдрийг нь санахгүй байна Х манай гэрт 2 ширхэг 2 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво барьчихсан гэрт өдөр 11 цагийн үед ороод ирсэн чинь манай эхнэр хүүхдүүдийн хажууд пиво уухгүй гээд уурлаад байхаар нь бид 2 гадаа гараад манай хашаанд амбарын хажууд сууж байгаад нөгөө 2 пивоо хувааж өгсөн. Тэр үед Х надад би тэр хүний 2 утсыг нь авчихсан нэг нь том нэг нь жижиг утас байсан гэж ярьж байсан...Х эмнэлэгт хүргэж өгсөн байгаадаа гэж асууснаас өөр зүйл ярихгүй байсан...Х өдөржин манайд байж байгаад хоночихоод маргааш өглөө нь 08 цагийн үед яваад өгсөн байсан. Тэгээд 04 сарын 16 буюу өнгөрсөн 5 дахь өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад орж ирээд хоол идчихээд 10 цагийн үед гараад явсан. Орой 21 цаг өнгөрч байхад согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд хоол идчихээд танайд хоноё гэхээр нь би жоохон уурласан чинь гэрээсээ хөөлөө гээд надад уурлаад миний хамар луу гараа атгаж байгаад нэг удаа цохисон, хоночихоод өглөө нь яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж ирэхгүй байж байгаад өнөөдөр буюу 04 дүгээр сарын 19-ны өдөр 12 цагийн үед дахиад 2 ширхэг 2 литрийн савлагаатай пиво барьчихсан 2 залуутай ороод ирсэн...Гаднаас цагдаа орж ирээд Н мөн үү, Х хаана байна гэхээр нь гэрт байгаа гээд дагуулаад орсон чинь Х манай хувцасны шүүгээд ороод нөгөө хамт байсан найзаараа дээгүүрээ хувцсаар даруулчихсан сууж байсан. Тэгээд цагдаа нар бид 2-г аваад явсан...Согтуу хүнийг харчихаад Х очсон, яг өөдөөс нь тулж очоод тухайн хүний цамцны баруун урд талаас татахад нөгөө хүн бүтэн эргээд Х-ын өөдөөс нь харж таарсан чинь Х 2 гараа атгаж байгаад цээж хэсэг рүү нэг удаа цохисон чинь нөгөө хүн замын уруу хэсэг яг ар дагзаараа саваад газар дээшээ хараад унасан. Тэр газар нь баруун тийшээ уруу төв замаас гудамж руу орсон хэсэг газар нь асфальт байсан яг тэр асфальт хэсэгт ар дагзаараа газар унасан. Газар унахдаа нэлээн чанга пид гэсэн чимээ гарсан би тэр чимээг сонсоод айгаад Х-ыг хүн алчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-82-84, 85-86, 2хх-163-166/,

- гэрч Д.Отгонтуяа...Яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг орой манай нөхөр Н гаднаас орж ирээд Х энэ 2 утсыг 20,000 төгрөгөөр авч гэнээ гэж орж ирэхээр би юун утас юм гэсэн чинь Х найзынх нь гэнэ, түр авч бай гэсэн юм гэж хэлсэн...Тэр 2 утас хар өнгийн гэртэй самсунг маркийн гар утас байсан. Би тэр утаснуудыг асааж үзэхэд дэлгэц нь хэвийн ажиллаж байсан...Тэгсэн Х тулгасаар байгаад нийт 120,000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /1хх-121-124/,

- гэрч Б.Цийн...2021.04.10-ны өдрийн 19:40 цагийн орчим дэлгүүр орох гээд өөрийн эзэмшлийн Т.Дамон маркийн **** УБВ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг жолоодоод гэрээсээ гарсан. Тэгээд хайрханы 15-р гудамжнаас Зүүн салааны төв зам руу ороод зүүн буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд эргэсэн. Тэгээд Баянхангай дэлгүүр орох гээд явж байтал замын ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг эрэгтэй нэлээн махлаг биерхүү согтуу хүн хөл дээрээ тогтож чадахгүй 2 тийшээ найгаад явж байхыг нь хараад энд тэнд унаж элдэв юм болох вий дээ гэж бодоод хажуугаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр хүн манай хайрханы 15-р гудамжнаас ойролцоогоор 100 метрийн хойд талд явж байсан...Хайрханы 15-р гудамж руу баруун эргээд орох гэтэл нэг цагаан өнгийн Т.Приүс 20 маркийн машин гудамжнаас гарах гэж байгаа юм шиг ухарч байснаа зогссон, тэр үед би ч гэсэн зогссон. Тэгтэл тухайн гудамжнаас 2 бага зэрэг халамцуу эрэгтэй хүн алхаад гараад ирэхээр нь “юу болов” гэж асуусан чинь энэ нэг 2 юм хүний дээгүүр гараад нэдрээд хаячихлаа гэсэн. Тэр үед цагаан өнгийн Т.Прүис маркийн машинаас 2 хүн гарч ирээд хэвтэж байсныг өргөөд машиндаа суулгасан. Тэгэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь эмнэлэг авч явна гээд аваад явсан. Тухайн мөргүүлсэн гээд байгаа хүн анх намайг дэлгүүр орох гэж байхад надтай зөрсөн согтуу хүн мөн байсан би хараад шууд таньсан.../1хх-60-62/...Тухайн ослыг Н, Х нар харсан юм чинь болох байх, намайг дуудаад байна байх гэж бодоод танихгүй гэж мэдүүлсэн. Би Н, Х-ыг танина. Хэрэг учрал гарсан өдөр би дэлгүүр орох гэж гэрээс гараад эхлээд ус авчихаад буцаад явах гэтэл зам дээр Х, Н 2-той таарсан. Тэр дээшээ яваад Түвшин дэлгүүр дээр буучихъя гэхээр нь суулгаж Түвшин дэлгүүрийн хажууд зам дагуу буулгасан. Би цаашаа дэлгүүр орчихоод буцаад явсан...намайг эхний өдөр Н-ын гэрт байхад Х Доогий 2 хоорондоо дээр гудамжинд мөргүүлсэн хүнийг жолооч нь гэртээ аваад харьсан гэж байна, одоо тэр хүн эмнэлэгт байгаа гэж байна гэж яриад байсан. Тэгээд би маргааш нь очоод Д-гоос дахиад асуусан чинь мөргүүлсэн гээд байгаа хүнтэй Н, Х орооцолдсон юм шиг байна гэсэн гэх мэдүүлэг /1хх-64-67/,

- гэрч Т.Б-ы...Би 2021 оны 04 сарын 10-ны өдөр ажилдаа 08 цагийн үед яваад 19 цаг 20 минутын үед ажлаа тараад А, Б хоёртой хамт А-ийн приус 20 маркийн автомашинтай харих гээд Зүүн салаа явж байгаад би Улаан худгийн автобусны буудлын АТМ-тэй дэлгүүр орж мөнгө шилжүүлсэн, Түвшин дэлгүүрийн тэнд явж байхад дэлгүүрт өр өгөхөө гэнэт санаад Түвшин дэлгүүрийн үүдэнд бууж үлдээд А, Б хоёр гэр лүүгээ явна гээд машинтайгаа явсан. Би гэр лүүгээ явж байхад эхнэр утсаар яриад таксины мөнгө бэлдэж бай гэхээр буцаад АТМ-тэй дэлгүүр орж 20,000 төгрөг аваад гэр лүүгээ харьсан. Удалгүй манай эхнэр Мөнхбаяр хүүтэйгээ хамт таксигаар ирэхээр нь би тосож  аваад гэрт оруулаад хэрчсэн гурил авахаар буцаад дэлгүүр явсан. Намайг дэлгүүр ороод буцаад гэрийн үүдэнд ирж байхад хашааны үүдэнд Б таараад за баларсан Амараа бид хоёр хүн мөргөчихлөө одоо машинд байгаа хамт өргөлцөөд гэр лүү оруулаад өгөөч гэхээр нь гэр лүүгээ ороод дэлгүүрээс авсан юмаа тавьчхаад гараад ирье гээд гэр лүү ороод эхнэр Мөнхбаярт энэ талаар хэлээд А /А/-гийн гэрт очиход аль хэдийн нөгөө хүнээ гэртээ оруулаад баруун талын буйдан дээрээ хэвтүүлсэн байсан. Тэгээд манай эхнэр гаднаас орж ирээд намайг загнаад гэр лүү оруулсан...2021 оны 04 сарын 11-ны өглөө 08 цагийн үед гэрт нь ороход А ах энэ хүний гэр Хайлаастад байдаг хүргээд өг гэж хэлчихээд хурхираад унтаад байна гэхээр нь би эхнэрийг дуудаад даралтыг нь үзүүлээд би наад хүнээ 103 дуудаад үзүүл гээд 103 дуудаж үзүүлээд түргэний тэрэг аваад явсан...гэх мэдүүлэг /1хх-71-73/,

- гэрч Р.А-гийн... 2021.04.10-ны өдөр тухайн барилгын ажлаа хийж байгаад орой 19:30 цагийн үед тарсан юм. Тэгээд гэртээ харих гээд Т.Приус маркийн *** УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хамт ажил хийж байсан Батчулуун, Э нарын хамт гарсан юм. Манай гэр Зүүн салааны Хайрханы 13-р гудамжинд байдаг юм...Батчулуун тухайн үед урд сууж байгаад буугаад үлдсэн Э арын суудалд сууж байсан. Тэгээд Түвшин дэлгүүрийн гаднаас хөдлөөд Зүүн салааны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 20 орчим метр яваад зүүн гар тийшээ Хайрханы 15 гудамж руу 15 орчим км цагийн хурдтай эргээд ортол миний урд нэг саарал бааран зүйл харагдахаар нь тоормоз гишгээд зогссон. Тэр үед 19:45 цаг болж байсан. Тэгээд буугаад харсан чинь миний машины урд гуперын доогуур нэг хүн хэвтэж байсан, тэр хүний хөл хэсэг нь машины урд 2 дугуйны голоор орчихсон бүсэлхий хүртлээ машины доогуур орчихсон хэвтэж байсан, хүний толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харчихсан хэвтэж байсан, тухайн гудамжны зам төв замаас эргэж ороод хэсэг газар алфальтан замтай уруу зам байсан. Тэр хүний толгой хэсэг нь уруугаа харчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би өө яанаа хүн хэвтэж байна гээд Э-ийг гараад ир гээд дуудсан чинь Э гарч ирээд харж байснаа А жоохон ухарчих гэхээр нь би бага зэрэг 50-60 см орчим ухарсан чинь Э нөгөө хүнийг татаад босгоод ирэхээр нь би бууж очоод хамт сугадалцаад машиныхаа баруун хойд хаалгаар суулгасан. Тэгээд би хөөе хөөе гээд татсан чинь ерөөсөө юм ярихгүй байхаар нь нэлээн согтуу хүн байна гэж бодсон. Тэгээд би тухайн гудамжнаас ухарч гараад Зүүн салааны зам руу ороод ерөөсөө эмнэлэг явъя гэж бодоод тухайн замaapaa ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байгаад хуучин эцэс дээр явж байснаа гэнэт одоо хөл хорио тогтоосон явуулахгүй байх гэж бодоод буцаж яваад гэртээ ирсэн. Тэгээд Э бид 2 нөгөө хүнээ сугадаж гэртээ оруулаад буйдан дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлээд гал түлсэн чинь хурхираад унтаад өгсөн. Надтай хамт ажил хийж байсан Түвшин дэлгүүр дээр үлдсэн Батчулууны гэр нь манай хажуугийн залгаа хашаанд байдаг би түүний эхнэр нь сувилагч тул орой 22 цагийн үед Батчулууны эхнэрийг дуудаж нөгөө хүний даралтыг нь үзүүлсэн чинь зүгээр байна гэсэн. Тэгээд удалгүй би ч гэсэн унтсан тэгсэн шөнө 04 цагийн үед бөөлжихөөр нь би босож тэрийг цэвэрлээд буцаад унтаад эргээд үүрээр 06 цагийн үед сэрээд харсан чинь нөгөө хүн сэрэхгүй унтаад байхаар нь би дахиад Батчулууны эхнэрийг дуудаад даралтыг нь үзүүлсэн чинь бас хэвийн байна гэхдээ та түргэн дуудаж үзүүлээрэй гэхээр нь би өөрийнхөө 8961**** гэсэн дугаараас түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд эмч нь гэх залуу үзэж байгаад архиных биш юм шиг байна харвалт өгчихсөн байж магадгүй гээд 3-р эмнэлэг рүү аваад явахаар нь би эмчийн дугаарыг авч үлдээд жолоочтой нь хамт өргөөд машинд нь оруулж өгсөн. Тэгээд би гэртээ ороод гал түлээд байж байхад Б 11 цагийн үед гаднаас 4 лааз пиво барьж орж ирээд за одоо юунд сандардаг юм энэнээс уу гээд пиво санал болохоор нь 2 лааз пивыг нь авч үлдээд Батчулуун гараад явсан. Тэр үед манайд надтай хамт Э байсан. Тэгээд би ганцаараа нөгөө 2 лааз пиво уугаад сууж байхад гаднаас цагдаа ирсэн. Би тэр хүнийг машинаараа мөргөөгүй, зам дээр хэвтэж байсан нэлээн их согтуу тасарчихсан хүн дээр нь зам тээврийн осол биш байна гэж бодсон.../1хх-98-100, 2хх-151-153/...Миний урд нэг саарал юм харагдаад би тормоз гишгээд машинаас гарч ирэхэд миний өөдөөс буюу тухайн гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 хүн зэрэгцээд алхаад ирж байгааг харсан. Өндөр нам 2 эрэгтэй хүн байсан. Машин дотор байхдаа тэр 2 хүнийг хараагүй машинаас буух үедээ тэр 2 хүнийг харсан. Тэгээд би машин доор хүн байгааг харчхаад маш их сандарсан буцаж машиндаа суугаад хойшоогоо ухраад буцаад Э-тэй хамт буугаад ирэхэд тэр 2 хүн бид 2-н хажууд ирчихсэн байгаа харагдсан. Одоо санахад нэг гартаа том савтай пиво барьчихсан байсан...гэх мэдүүлэг /1хх-103, 104/,

- гэрч Л.Э-ийн...Би тухайн үед зүүн хойд суудал дээр сууж байсан ба доошоо хараад утсаа оролдож байсан учраас цонхоор ийш тийшээ хараагүй Хайрханы гудамж руу бол бүр хараагүй...гэнэт л А тормоз гишгээд бууснаа эргэж орж ирээд урд согтуу хүн хэвтэж байна гэж хэлээд буцаж ухраад зогсохоор нь би хамт буусан...цаанаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ойролцоогоор бид 2-с 30 метрийн цаана маск зүүсэн 2 эрэгтэй хүн алхаад ирж байсан. Бид 2 нөгөө хэвтэж байсан хүнийг машиндаа суулгах гэж байхад нөгөө 2 хүн чинь хажууд ирчихсэн нэг нь гартаа том савтай пиво барьчихсан наад хүнээ эмнэлэгт хүргэж өгөөд гэж загнаад байгаа бололтой юм яриад байсан...ослын газраас бид 2 яваад Агийн гэрт нь оруулаад нөгөө хүний гадуур хувцсыг нь тайлаад орон дээр хэвтүүлсэн...Тэгээд Мөнхбаяр нөгөө хүний даралтыг үзээд хэвийн байна 100 хэд гэлээдээ тоо хэлээд байсан...Маргааш өглөө нь сэрэхгүй байхаар нь дахиж Мөнхбаярыг дуудаж үзүүлсэн гэсэн гэх мэдүүлэг /1хх-77-78, 2хх-158-159/,

- гэрч Л.Даваажавын...тэр өдөр над руу яриад гэртээ харих гээд гудамж руу эргээд ороход нэг хар саарал юм байхаар нь зогссон чинь машины урд нэг хүн байхаар нь гэртээ аваад ирлээ гэхэд нь гэртээ авчраад байхдаа яадаг юм цагдаа дуудахгүй яасан юм гэсэн чинь тасарчихсан юм шиг байна гэртээ унтуулж байгаад архи нь гарахаар явуулна гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь 8 цагийн үед залгаад хүн чинь юу болсон бэ гэсэн чинь унтаж байна гэхээр нь би одоо болтол унтана гэж юу байсан юм түргэн дуудаач гэсэн. Тэгсэн удалгүй залгаад түргэн дуудчихлаа гэж байсан. ...гэх мэдүүлэг /1хх-160/, 

- гэрч И.Л-ын...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө манай ажлын газрын жижүүрээс залгаад танай хэсэгт Э гэж хүн байдаг уу гэхээр нь би байдаг яасан гэсэн чинь нэг дугаараас залгаад Баянхошуунд Э гэдэг хүн согтуу явж байхаар нь би гэртээ аваад ирсэн, өглөө сэрэхгүй байхаар нь түргэн дуудаад өгөөд явуулчихлаа, гэрийнх нь хүмүүсийн дугаар байвал хэлээд өгөөч гэж байна гэхээр нь ямар дугаар байна гээд ажлынхаа хүнээс 8961**** гэсэн дугаарыг аваад тухайн хүний утас руу залгахад тэр утасны эзэн нь надад хэлэхдээ намайг А гэдэг өчигдөр орой 20 цагийн үед танай энэ хүн чинь Баянхошуунд согтуу тасарчихсан байхаар нь би гэртээ аваад ирсэн, өглөө босгох гэтэл унтаад, юм асуухад ярихгүй байсан тэгээд би түргэн дуудаад өгөөд явуулчихлаа, анх харахад энэ хүн үс зүсээ засуулчихсан гудамжны хүн шиг биш байхаар нь гэртээ авчирсан, маргааш өглөө яваг гэж бодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний гэрийн хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад Э-ын ар гэрийнхэнд болон ажлынхан холбогдох хүмүүст мэдэгдсэн. Я.Э нь 04 дүгээр сарын 10-ний өглөө ээлжээс буугаад амарч байсан юм...гэх мэдүүлэг /1хх-127/,

- гэрч Э.Б-ын...Би 2021 оны 04 дүгээр сарын 10-аас 11-ний хооронд жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд 11-ний өглөө 09 цагийн үед санагдаж байна дуудлага орж ирсэн. Дуудлагын дагуу СХД-ийн 42-р хороо Хайрханы **** тоотод очиход 40 орчим настай эрэгтэй гэрийн буйдан дээр дээшээ харсан байрлалтай, хурхирсан унтсан байдалтай байхаар нь зүрхний цохилт, даралт, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг үзэхэд хүчил төрөгчийн хэмжээ багассан, даралт тодорхойгүй байсан нарийн хэмжээсүүдийг нь одоо санахгүй байна өвчтөний түүх дээр бичсэн байгаа, 3-р эмнэлэгт харвалт гэсэн онош тодруулахаар хүргэн өгсөн. Хохирогчоос архи үнэртэж байсан, цамцыг нь дээш сөхөөд үзэхэд гэдэсний хүйсээс дээш 2-3 см урттай зулгаралт шинэ шархтай байсан. Толгой хэсэгт ил шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх147-149/,  

- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт...Э.Х сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.../2хх-169-170/,  

- шүүгдэгч Э.Х-ын... 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр...Тухайн үед миний архи гүйцэт гараагүй байсан. Тэгээд Н бид 2 таксинд суугаад Зуүн салааны Түвшин дэлгүүрийн гадаа замынхаа ертөнцийн зүгээр баруун талд нь буугаад Хайрханы 15-р гудамж руу орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарч байхад замынхаа ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар нэг согтуу хүн 2 тийшээгээ найгасан байдалтай хөл дээрээ тогтож чадахгүй алхаад ирж байсан. Тэр хүнийг харсан чинь өмдний зүүн талын халаасанд нь юм байгаа бололтой түнтийгээд байхаар нь би гар утас байна гэж бодоод гар утсыг нь авах зорилгоор гартаа барьж байсан пиво Н-т өгөөд би энэ хүнтэй уулзаадахъя гэж хэлээд өөдөөс нь очоод тэр хүнийг над руу дөхөөд ирэхээр нь би эхлээд зүүн гараараа тэр хүний зүүн талын мөрнөөс татсан чинь тухайн хүн бүтэн эргэхдээ баруун гараараа Н-аас зуураад салах үед нь би баруун гараараа тухайн хүний зүүн мөрнөөс татаад хойшоо унагаасан...Анх хараад өөдөөс нь очих үед амандаа нэг юм яриад байсан ганцаараа яриад байгаа юм шиг яг юу гэж ярьж байсныг нь ойлгож сонсоогүй ээ. Намайг татаад газар унах үедээ юу ч яриагүй гар утас байгаа өмдний зүүн талын халаасаа гаднаас бариад байхаар нь би гарыг нь хүчээр тавиулаад халааснаас нь утсыг авсан...Тэгээд 2 ширхэг хар өнгийн /маркийг нь мэдэхгүй байна/ гар утас аваад шууд тухайн Хайрханы 15-р гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд алхсан, тэр үед Н миний урд надаас түрүүлээд алхаж байсан. Тэгэхээр нь би хөөе байж бай гэж дуудаж зогсоогоод араас нь гүйцэж очоод ийм 2 гар утас байна авчихлаа чин энийг халаасандаа хийчих гэж хэлээд өгсөн...Тэр үед хохирогчийн хөлөөс цээж хэсэг хүртэл машины урд 2 дугуйны голоор оруулчихсан зогсож байсан. Тэгээд жолооч машиныхаа доогуур хүн байгааг хараад сандраад буцаж машиндаа суугаад хойшоогоо ухрахад хохирогчийн бие бүхэлдээ ил гарахад машин зогсоод жолооч бууж ирээд машины зүүн хойд хаалганаас дахиад нэг эрэгтэй хүн бууж ирээд хохирогчийг талын суганаас өргөөд машиндаа оруулсан. Тэр үед би эмнэлэгт хүргэж өгөөчээ гэсэн жолооч нь за гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд Н бид 2 Зүүн салааныхаа замын баруун талын явган хүний замаар хойноосоо урагшаа чиглэлд алхаж байхдаа би Н-т чи наад 2 гар утсаа эхнэртээ зарчих 2-лаа дэлгүүр хаахаас өмнө дахиад пиво авъя гэсэн чинь Н Баянхошууны тойрог дээрээс авсан пивоо бариад гэр лүү гэсэн явсан, би Одонт-ЗО нэртэй автобусны буудал дээр үлдсэн. Тэгсэн удалгүй Н нөгөө авч явсан пивоо гэртээ үлдээчихсэн эхнэрээсээ 20,000 төгрөг аваад хүрээд ирэхээр нь дэлгүүр ороод 2 литрийн пиво 2-г аваад нэг хайрцаг Улаан шонхор нэртэй тамхи аваад Н-ын гэрт хувааж уугаад унтаад өгсөн...Түүнээс хойш 3-4 хоног өнгөрч байгаад би Н-ын эхнэр О-гаас 50,000 төгрөг, дараа нь 10-20 мянга төгрөгөөр хэд хэдэн удаа авсан...бэлнээр 70,000 төгрөг авсан.../2хх-18-19, 21-22/...урдаас нь харах үед тэр хүний өмдний зүүн талын халаасанд утас байхаар нь тэр утсыг авах санаатай өөдөөс тулж ирэх үед нь ямар нэгэн үгийн зөрөөгүй барьж авсан. Би тэр хүний цамцнаас нь татаж унагаасан, намайг унагаахад тэр хүн биеийнхээ зүүн талаар, мөрөөрөө унасан. Тэр үед 2 ширхэг утсыг нь өмдний халааснаас авч чигээрээ явсан...гэх мэдүүлэг /2хх-125-128/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогч нас барсан үйл явдлын хооронд объектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон, харин хохирогчийн амь нас хохирсон нь автомашинд мөргөгдсөн эсхүл өөр бусдын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл, үйл баримт огт тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Э.Х нь тухайн цаг үед Я.Э согтуурсан байдалтай буюу “2 тийш найгаж, хөл дээрээ тогтож чадахгүй” байдалтай явж байсныг мэдсэн атлаа түүний гар утсыг нь авах зорилгоор шууд хүч хэрэглэсэн үйлдлүүд хийж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагаасны улмаас тухайн хохирогч амь тасрах байдалд орсон буюу суман заадасаас дух яс рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн эдийн няцрал зэрэг амь насанд аюултай гэмтлийн шууд шалтгаанаар төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагаа гүн сааталд орж, ухаангүй болчихсон байсан, дахин ухаан ороогүй, сэхэл аваагүй болох нь шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв бөгөөд тухайн тохиолдолд нэг гэмт хэрэгт 1 удаа шийтгэх зарчим, төсөөтэй гэмт хэрэг зүйлчлэх шалгуур үндэслэлийн хүрээнд “дээрэмдэх” гэмт хэргээр давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.         

Харин эмч нар үүргийнхээ дагуу амь насны заалтаар сэхээн амьдруулахад чиглэсэн эрчимт эмчилгээний арга хэмжээг шуурхай явуулж, боломжит бүхий л эмчилгээг зохих ёсоор хийснээр түүний амь бүрэн тасрах үе буюу биологийн үхлийн хугацаа саатаж, уртассан байх нь хүнийг алах гэмт хэргийн шинжид хамааралгүй бөгөөд нөлөөлөхгүй болно.    

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд гэрчээр : “тухайн хохирогч анх зодуулж унасан байрлал, чиглэл огт өөрчлөгдөөгүй, тус хохирогчийг  автомашин мөргөөгүй, зөвхөн цээжин биеэс дооших хөл хэсэг нь машины урд 2 дугуйн дундуур орсон байсан” тухай мэдүүлсэн байхаас гадна тухайн үед автомашины жолооч нарт болсон бодит асуудлыг яриагүй ба хэлж болохгүй гэж Х хэлсэн тухай мэдүүлсэн, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байх боловч шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.   

Шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт Ч.Н хамтран оролцсон гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлгүй боловч тус гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг мэдсээр атлаа амь хохирогчийн 2 ширхэг гар утсыг авсан нь тусдаа гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэгдсэнийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсанд хамаарах нотлох баримт байсаар атал тус тус орхигдуулсан байгааг анхааруулан, жич шийдвэрлэхийг эрх бүхий мөрдөгч, прокурорт даалгах нь зүйтэй байна.       

Мөн тус хэрэгт авагдсан камерын бичлэг, тус бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч нарын дүгнэлт, шинжээч, гэрч нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр жолооч Р.А нь хохирогч Я.Э-ыг автомашинаар мөргөн дайрсан үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх боловч жолооч Р.Агийн хувьд...”ерөөсөө юм ярихгүй байхаар нь нэлээн согтуу хүн байна, гудамжны хүн шиг биш байхаар нь гэртээ авчирсан, маргааш өглөө яваг гэж бодсон, одоо хөл хорио тогтоосон явуулахгүй байх гэж бодоод эмнэлэг рүү аваачиж өгөөгүй” гэх тухайн үйлдэл нь авто осолд холбогдсон байх жолоочийн хүлээх үүргийг зөрчсөн гэж үзэхээр байх тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар, мөн гэмт хэрэг зөрчлийн хохирогч байж болох эсхүл тухайн иргэн гэмтэж бэртсэн, бусад шалтгаанаар бие хамгаалж чадахгүй байж болохыг илтэд мэдсэн бол энэ тухай мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, мэдэгдэх талаарх хууль тогтоомжоор хүлээсэн иргэний үүргийг зөрчсөн байж болох баримтын хүрээнд мөрдөн шалгаж ажиллагаа явуулж зохих хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтэдээ: “...шүүгдэгч Э.Х-ыг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн нь үндэслэлтэй байна.  

Дээрх үйл баримт, үндэслэлийн хүрээнд тус хүнийг алах гэмт хэргийн зүйчлэлийг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй.    

Иймд шүүгдэгч Э.Х-ыг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж өөртөө эдийн, үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8.028.299 төгрөгийг баримтын /1хх-41-51/ хүрээнд нэхэмжилсэн, шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн байх хангаж, харин хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :             

Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /2хх-28, 56-63, 70/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.        

Шүүгдэгч нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй зэрэг түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдлын талаарх бусад нотлох баримт авагдсан /2хх-19, 28, 30, 31, 78, 79, / шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.7-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт хураагдсан Самсунг А51 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг А5 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хохирогчийн төлөөлөгчид олгож, 2 ширхэг компакт дискийг тус хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч 2021.04.20-ны өдрөөс баривчлагдаж, цагдан хоригдсон /2хх-02-04/, 2021.07.30-ны өдрийг хүртэл нийт 101 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Э.Х-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Э.Х-ыг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5, 2.7-д зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар  Э.Х-д оногдуулсан 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар Э.Х-аас 8.028.299 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Н.Л-д олгосугай.   

7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг А51 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг А5 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн төлөөлөгч Н.Л-д буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.   

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

9. Шүүгдэгч Э.Х-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.07.30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

 

                                             ШҮҮГЧИД                           С.СЭРЖМЯДАГ

 

                                                                  М.МӨНХБААТАР