Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 188/2020/0920/Э

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

Улсын яллагч С.Энхням,         

Шүүгдэгч В.Б, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :       

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г, В.Б, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Б-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008017071019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :    

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын16-ны өдөр Улаанбаатар отод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,ээж, ах, эгчийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойт ** гудамж, *** тоотод оршин суух бүртгэл хаягтай, урьд : Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дyraap зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216   дyraap зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 6 сарын баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 406 цугаар захирамжаар түүний  эдлээгүй үлдсэн 18 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт В-гийн Б, РД:***********;  

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойт ** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /хх-98/, Х овогт Ж-ны Г /РД:***********/,   

            Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч В.Б, Ж.Г нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Ц-гийн Хуавай Вая 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 280 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Б нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ********* тоотод хохирогч Д.Б-тай “мөнгө төлөх” асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүнийг нүүр, шанаа хэсэгт цохих байдлаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь :  

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

            Шүүгдэгч В.Б, Ж.Г нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Ц-гийн Хуавай вая 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан...Ц.Ц-гаас СХД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт бусдад дээрэмдүүлсэн...гэх тэмдэглэл /1хх-04/,

            - хохирогч Ц.Ц-гийн... Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өглөө ажлаасаа буугаад байж байтал манай найз Ч 11 цагийн үед над руу залгаад манай бид 2 СХД-ийн 2 дугаар хороо Толгойтын хуучин эцсээс дээш өгсөөд Б ахынд ирсэн. Тэгээд Ч, Б ахынд байсан танихгүй 50 гаран насны ахыг дэлгүүр лүү тамхи архинд явуулсан. Тэгээд нөгөө ах архи тамхи аваад танихгүй 30 гаран насны залуутай хамт ирээд би нар 1 шил 0,75 гр Хараа нэртэй архи уусан. Удалгүй архи дуусаж бид нар мөнгө нийлүүлж 1 шил 0.75 архи авсан тэр архинаас уугаагүй. Тэгээд удалгүй байж байсан чинь гаднаас танихгүй 2 залуу нэмэгдээд ороод ирсэн байсан. Хэсэг байж байгаад би шууд гараад гэр лүүгээ явахаар хашаанаас гараад 30 метр явж байтал сүүлд орж ирсэн 30 орчим насны 2 эрэгтэй миний куртикний халааснаас Хувай вая-6 гар утсыг аваад зугтаад явсан. Тэгээд би  буцаж ороод Ч-т сүүлд орж ирсэн 2 залуу миний утсыг булаагаад явлаа гэсэн чинь цагдаа дуудлаа гэсэн гэх мэдүүлэг /1хх-10, 14/,

             - гэрч С.Б-ын...2020 оны 04 дугаар сарын 04-ны өдөр манайд Ц ирсэн би гэртээ гэрийн тэр хавьд  байдаг хүмүүстэй архи уусан. Ц манай гэрт ирээд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглээд байж байтал гаднаас монхор гэж дууддаг Г нэг найзынхаа хамтаар орж ирсэн. Тэгээд Ц манайхаас гэртээ харилаа гээд гартал манайд сүүлд орж ирдэг монхор найзтайгаа араас нь гараад явсан. Тэгтэл удалгүй Ц гаднаас орж ирээд би гар утсаа түрүүнд орж ирдэг хоёр залуу аваад зугтаачихлаа цагдаа дуудаарай гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1хх-24/,

          - Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан...Huawei Y6 гар утас нь 280,000 төгрөг /1хх-25-26/,

          - Таньж олуулах ажиллагаа явуулсан...хохирогчийг оруулж зургуудыг харуулахад №1, №3 дугаарыг тойруулж зураад энэ хүмүүс мөн байна би хараад царай төрхөөр шууд таньж байна гэснийг тусгаж хохирогч Ц.Ц-гаар гарын үсэг зуруулав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-37-41/,

           - шүүгдэгч В.Б-ийн...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г-тай Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн ойролцоо таарч нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр 42 дугаар сургуулийн зүүн урд талд гэр нь байдаг Г-ын таньдаг Батаа гэдэг айлд очсон, тэнд хүмүүсийн архинаас Г бид хоёр ууж байтал танихгүй нэг эмэгтэй гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь Г бид хоёр араас нь гартал танихгүй эмэгтэй утсаар ярьж байсан. Утсаар ярьж дуусаад гар утсаа баруун талынхаа куртикний халаасанд хийхээр нь тэр эмэгтэйн куртикний баруун талын халааснаас гар утсыг нь аваад зугтаасан араас Г гүйж ирсэн, 42 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр хойд талд очоод Г-д хандан түрүүний утсаар ярьж байсан эмэгтэйн гар утсыг халааснаас авчлаа гэж хэлсэн...Г бид хамт явж зарсан. Бид хоёр 40,000 төгрөгөөр хоёр ширхэг 0,75 тай Хараа нэртэй архи авч хоёулаа уусан...гэх мэдүүлэг /1хх-83-84/,

          - шүүгдэгч Ж.Г-ын... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б-тэй хамт нэг шил архи хувааж ууж дууссаны дараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Батаа гэдэг хуурай ахынд очсон. Тэнд таван эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тэр хэд архи ууцгаагаад сууж байсан. Батаагийнд ороод удалгүй байж байтал танихгүй нэг эмэгтэй нь гарсан. Тэгтэл Б араас нь гарч намайг дуудсан,  хойд зүг рүү чиглээд гүйсэн, би араас гүйж очоод Б-тэй уулзахад саяны утсаар ярьж байсан эмэгтэйн утсыг куртикний халааснаас нь авчихлаа гэж хэлсэн..Бид хоёр цааш гудамжаар алхаж явж байхад тааралдсан хүнд 40,000 төгрөгөөр зарсан, бид хоёр уг мөнгөөр архи авч уусан.../1хх-92-94/ болон тус хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,   

             Шүүгдэгч В.Б нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 70-161 тоотод хохирогч Д.Б-тай “мөнгө төлөх” асуудлаас үүдэн маргалдаж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан...2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Толгойт *** тоотод намайг хүн зодоод байна...гэх тэмдэглэл /1хх-226/,

            - Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх-227/,

            - хохирогч Д.Б-ын...2020.06.02-ны өдөр би СХД-ийн 2 дугаар хороонд байдаг найз Т-гийн гэрт сууж байхад Б орж ирээд шууд миний нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон, бас миний баруун талын гуяны хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд Б гараад явчихсан...гэх мэдүүлэг /1хх-218-219, 235, 2хх-62/, 

             - гэрч О.Б-ийн...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би авто тээврийн үндэсний төвд ажил дээрээ байхад манай төрсөн ах Б над руу залгаад ах нь хүнд зодуулаад бие муу байна гэсэн би болсон асуудлыг тодруулж асуухад хойд айлын залуу Б намайг СХД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт айлд байхад зодсон...нүүр рүү нь цохиод байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-220-221/,  

              - шинжээчийн дүгнэлт...Д.Б-ын биед зовхи, хацар, шанаа, хүзүү,  уруулд цус хуралт, баруун нүдний алимад цус хуралт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /1хх-240-241/,

            - Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан...Д.Бын эвдүүлсэн гэх хаалга, гэрийн бүрээс нь нийт 170,000 төгрөгөөр тогтоогдож байна /1хх-243-244/,  

              - шүүгдэгч В.Б-ийн...2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр би СХД-ийн 1 дүгээр хороо толгойтын 14-125 тоотод байх гэртээ найз Д, Онарын хамт архи уусан. Тэгээд дараа нь манай урд гудамжинд байдаг Б ахын гэрт бид 3 ороод Б ахтай хамт архи ууж байгаад найз О-той маргалдаад Д намайг гэр лүү оруулсан. Тэгээд би буцаад Б ахын гэрт орох гэж байгаад гэрийнх нь хаалгыг татаад эвдчихсэн гэж найз Д хэлсэн. Маргааш нь 2020 оны 06 сарын 02-ны өдөр би Б ахтай таараад найз нь болох Т-д очиж архи ууж байсан чинь Б чи манай гэрийн хаалга болон цагаан бүрээс урсан гэж надаа хэлсэн. Тэгэхээр нь би Б ахад би төлөөд өгнө гээд архи ууж байсан жижиг аягаар баруун шанаа хэсэгт нь цохисон тэр үед Б ах орон дээр хойш саваад хэвтсэн. Тэгсэн Г намайг боль гээд Б дээр дараад хэвтсэн тэгэхээр нь би Б-ын нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиод хөлөөрөө хөл хэсэгт нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /1хх-225, 238, 2хх-47/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч нар тухайн холбогдох гэмт хэргийг тус тус үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.           

Иймд шүүгдэгч В.Б, Ж.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч В.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч В.Б, Ж.Г нар нь хохирогч Ц.Ц-д  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн /1хх-140/, шүүгдэгч В.Б нь хохирогч Д.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн гомдол саналгүй талаар мэдүүлсэн /2хх-62/ байх тул шүүгдэгч В.Б, Ж.Г бусдад төлөх төлбөргүй байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч В.Б урьд 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх-56, 59-60, 61-63, 2хх-19, 21-31, 27-28, 29-31/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.        

Шүүгдэгч Ж.Г, В.Б нар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч В.Б нь ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-48, 49, 52, 56, 67, 69, 71, 249-250, 2хх-09, 10-12, 32, 33, шүүх хурлын тэмдэглэл/,  

шүүгдэгч Ж.Г нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-44, 45, 71, 72, 74, шүүх хурлын тэмдэглэл/ тус тус судлагдсан байна.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч В.Б, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар В.Б, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар : шүүгдэгч В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Шүүхээс Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд  гүйцэтгэх хуудас бичсэн гэх баримт байх боловч тус шүүгдэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоогүйгээс биелэгдээгүй болохыг үгүйсгэх боломжгүй /1хх-116, 117, 119/ байх ба нэгэнт 2021 оны Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байх тул өршөөн хэлтрүүлсэн болохыг тэмдэглэв.       

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч В.Б  2020.08.21-ний өдрөөс 2021.07.28-ны өдөр хүртэл /1хх-145-154, 173, 184, 189, 196-197, 202-204 /2хх-66, 70-73/, 2хх-66-67, 74, 79-80, 83-86, 101-103, 124, 132-139, 150-155/ нийт 341 хоног, шүүгдэгч Ж.Г 2021.01.29-ний өдрөөс эхлэн 2021.07.28-ны өдрийг хүртэл нийт 180 хоног /1хх-188-189, 2хх-148, 149, 152-155, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус цагдан хоригдсон байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

            1. Шүүгдэгч В.Б, Ж.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч В.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б, Ж.Г нарыг тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,        

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар :      

В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,     

Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.      

4. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг,  

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.11-ний өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бийн цагдан хоригдсон 341 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 84 хоног буюу 2 сар 24 хоног зорчих эрх хязгаарлах ялаар,   

шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон 180 хоногийг зорчих  эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 245 хоног буюу 8 сар 5 хоног зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.          

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.          

7. Шүүгдэгч В.Б, Ж.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэднийг даруй суллаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.         

8. Шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.            

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч В.Б, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР