Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1451

 

 

 

 

 

 

     2020            12             3                                        2020/ДШМ/1451                            

 

 

В.Б, Ж.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг үндэслэн В.Б, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 2008 01707 1019 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн В.Б, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 14 дүгээр гудамжны 125 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2        дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 6 сарын баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 406 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

 2. Х овогт Ж.Г, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 5 дугаар гудамжны 446 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

В.Б, Ж.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Цгийн “Huawei Y6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Б, Ж.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч В.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бэд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Бэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Гын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд “гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ойлгохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би гэр лүүгээ явахаар хашаанаас гараад 30 метр явж байтал сүүлд орж ирсэн 30 орчим насны 2 эрэгтэй миний халааснаас “Huawei Y6” загварын гар утсыг аваад зугтаад явсан. ... Би тэр хоёр залууг харвал танина.” гэх мэдүүлэг, гэрч С.Батболдын: “... Ц манайхаас гэртээ харилаа гээд гартал манайд сүүлд орж ирдэг Монхор найзтайгаа араас нь гараад явсан. Тэгтэл удалгүй Ц гаднаас орж ирээд миний гар утсыг түрүүнд орж ирдэг хоёр залуу аваад зугтаачихпаа, цагдаа дуудаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 613 дугаар тайланд “Huawei Y6” загварын гар утас 280.000 төгрөг” гэх дүгнэлт, Ж.Гын мөрдөн байцаалтад гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Батаагийнд ороод удалгүй байж байтал танихгүй нэг эмэгтэй нь гарсан. Тэгтэл Б араас нь гарч намайг дуудсан. Намайг Батаа ахын гэрээс гарахад хойд зүг рүү чиглээд гүйж байсан би араас нь гүйж очоод Бтэй уулзахад надад хандан саяны утсаар ярьж байсан эмэгтэйн утсыг куртканы халааснаас нь авчихлаа гэж хэлж байсан. Хариуд нь би юм дуугараагүй. Тэгтэл миний өөдөөс “би авсан хоёулаа архи ууя ямар нэгэн асуудал болбол би арыг нь даана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цааш...алхаж явж байхад тааралдсан хүнд 40.000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. ...утас авсныг би мэдээгүй байж байгаад Бийн араас гүйж очоод мэдсэн. Тэгээд бид хоёр уг утсыг зарж архи авч уусан...” гэх мэдүүлэг, В.Бийн мөрдөн байцаалтад гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Батаагийнд очиход таван эрэгтэй, нэг эмэгтэй нийлээд зургаан хүн байсан. Тэр хүмүүсийн архинаас Г бид хоёр ууж байтал танихгүй нэг эмэгтэй гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь Г бид хоёр араас нь гартал танихгүй эмэгтэй утсаар ярьж...дуусаад гар утсаа баруун талынхаа халаасанд хийхээр нь тэр эмэгтэйн куртканы баруун талын халааснаас гар утсыг нь аваад зугтаасан. Араас Г гүйж ирсэн. Г бид хоёр Батаагийнхаас зайдуу 42 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр хойд талд очоод би Гд хандан түрүүний утсаар ярьж байсан эмэгтэйн гар утсыг халааснаас авчихлаа би өөрөө арыг нь даана гэж хэлсэн. Тэгтэл Г юу ч дуугараагүй. Тэгээд би уг утсыг Орбитын тойрог орчим танихгүй хүнд 40.000 төгрөгөөр Г бид хоёр явж зарсан... Би утсыг аваад хажуугаар алхаад өнгөрсөн тэгээд булан эргээд гүйсэн тэгтэл Г надаас яасан юу болсон гэж асууж байсан. Би утсаар ярьж байсан эмэгтэйн гар утсыг авчихлаа гээд харуулсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь В.Бийн үйлдэлтэй үйлдлээрээ нэгдсэн, зугтаарай гэхэд нь дагаж зугтаасан, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж В.Бтэй хамт бусдад 40.000 төгрөгөөр зарж борлуулан архи авч уусан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Г, В.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, гэм буруу дээр маргаангүй байр суурьтайгаар шүүх хуралд оролцсон болохыг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг бүхэлд нь хянахад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр тодорхойлогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч Ж.Гын үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Г нь В.Бийг хохирогчийн гар утсыг аваад зугтаахад дагаж зугтаасан, дээрэмдэж авсан гар утсыг мэдсээр байж бусдад 40.000 төгрөгөөр зарж борлуулан архи авч уусан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ж.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол; ...” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэсэн хууль ёсны зарчимд нийцнэ.

Прокурор Х.Анхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаартай “... Ж.Гыг шүүгдэгч В.Бийн үйлдэлтэй үйлдлээрээ нэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Б, Ж.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай тусгана.” гэж заасан байхад шүүх Ж.Гд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт тусгаагүй байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б, Ж.Г нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч В.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ