| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2018/0004/З |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 07
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар *******- ХХК-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт холбогдох *******- ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах, *******- ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын орлогч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Манай компани Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцон АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот шийдвэрээр Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших Дааган дэл уул нэртэй XY-017981 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Энэ тусгай зөвшөөрлийг бид хуулийн дагуу авсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. XY-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн сунгалт хийлгэх хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа дуусахаас нэг сарын өмнө хуулинд заасан холбогдох материалыг бүрдүүлэн АМГТГ-т өгөх ёстой. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн дотор АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргаж өгөх юм. Иймээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай ажилтан М.******* биечлэн авч Завхан аймагт ирсэн. Энэ үед сумдын Засаг дарга нар Завхан аймгийн төвд хуралтай цугларсан байсан. Гэтэл Засаг дарга нар баталж өгөөгүй бөгөөд, суман дээр ирж уулз, иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байсан. 6-ны өдөр Дөрвөлжин сумын Засаг даргатай суман дээр очиж уулзахад иргэдийн хурлын дарга, байгаль орчны байцаагч нар байхгүй, эхлээд Ургамал сумаар шийдүүл гэсэн. Үүний дагуу Ургамал сум дээр ирж Засаг даргын орлогч болон байгаль орчны байцаагч нартай уулзахад манайх тусгай зөвшөөрлийг ер нь дэмжихгүй, хурлын дарга байхгүй, ярьж байж шийднэ гээд байгаль орчны байцаагч нь мал тооллогын ажлаар явсан байна. Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 17-ны өдөр хуралдахаар шийд гарсан, манай компаний асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр танилцуулж байж шийднэ гэж байсан тул манай ахлах геологич Д.******* Улаанбаатар хотоос гарч Ургамал, Дөрвөлжин сумдын хуралд оролцохоор явсан. Хэдийгээр асуудлыг Хурлаараа хэлэлцсэн боловч ямар нэгэн шийд гаргаагүй, тогтоол өгөөгүй ба тусгай зөвшөөрлийг дэмжихгүй гэсэн чиглэл барьж байгаа гэсэн нэг л зүйлийг аль аль сум хурлаараа ярьсан, Ургамал сум нь Засаг даргагүй байгаа, байгаль орчны байцаагч тамгагүй гэсэн тайлбар хийсэн, Дөрвөлжин сум болохоор Ургамал сум бичгээ хийж өгвөл бид хийж өгнө гэсэн байна. Манай компаний 2 ажилтан 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймаг, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин суманд асуудлаа шийдвэрлүүлэхээр томилолтоор ажиллаж, нааш цааш явсан бөгөөд нийт 2 сая орчим төгрөгийн зардал гаргасан. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэх. /АМТХуулийн 40.1/, Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр /АМТХуулийн 38.2/ хуульчлан үүрэг болгосон. Энэ нь Засаг даргад олгогдсон бүрэн эрх ба Засаг дарга нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй. /АМТХуулийн 12.1.1/ Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нар энэхүү үүргээ биелүүлэхгүй, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлж, үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, үндэслэлгүй шалтаг гаргаж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө 3 удаа 3 жилээр сунгуулах хуульчилсан эрх зөрчигдөж байна.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтөй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. Тоглойн худаг нэртэй 11200 Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хуулийн дагуу олгосон. Үүнээс хойш нийт 968.206.470 төгрөг зарцуулан хайгуулын ажил гүйцэтгэж ирсэн. Тухайн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр ордын нөөцийн тайланг боловсруулж 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нөөцөө баталгаажуулсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө онцгой эрхийн дагуу гаргах юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан. 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст сумын байгаль орчны байцаагч, Засаг дарга нар албан бичиг хэлбэрээр өгдөг. Мөн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ-г авч ирэхийг шаарддаг. Дээрх тодорхойлолтуудыг авчрахгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн авахгүй бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдах үр дагавартай юм. Манай компанид шаардлагатай байгаа тодорхойлолт бичгүүдийг хийж өгөхгүй байх ямар нэгэн хуулийн үндэслэл Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагч нарт байхгүй. Бид хуулийн дагуу хайгуулын ажлаа явуулж ирсэн, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө сумын дансанд байршуулж байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө ч төлж, орон нутагт хэрэгтэй байгаа хандив тусламжийг ч өгч ирсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичгүүдийг гаргаж өгөхгүй байгаагаас манай компаний хайгуулын тусгай зөвшөөрөлтөй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхийг /АМТХуулийн 24.1/ зөрчиж байна. Энэ олон жилийн туршид их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж хайгуул хийсэн, орон нутагт төлсөн төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг их хэмжээний зардлыг хэн хариуцах вэ гэдгийг Засаг дарга нараас асуумаар байна. Засгийн газраас олгож, орон нутаг саад тотгор болох хууль эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд харин хуулийн дагуу хяналтаа тавьж, зөрчил гаргавал таслан зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох яаманд гаргах эрх нь орон нутгийн удирдлагад нээлттэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд *******- ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тус компаниас хоёр шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт: Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах. Хоёрдугаарт: Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл тус компани нь Ашигт малтмалын газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд тэнцээд 2015 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-т зааснаар хугацаа нь дуусаад 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болсон. Үүнээс нэг сарын өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан байх шаардлагатай. Энэхүү төлөвлөгөөгөө батлуулахаар тус компанийн төлөөлөгч ******* биечлэн ирж уулзсан байдаг. Тухайн үед Дөрвөлжин сумын Засаг дарга аймаг дээр ирсэн байсан. Ингээд Дөрвөлжин сумын Засаг даргатай уулзахад сум дээр ирж уулз гэж хэлсэн байдаг. Тэгээд сум дээр очоод уулзахад нь Ургамал сумын шийдвэрийг нь харна гэж хэлсэн байсан. Харин Ургамал сум болохоор Хурлаараа хэлэлцүүлээд шийдвэрийг нь харна гэдэг. Энэ мэтчилэн тус компанийн төлөөлөгчийг удаасан. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу сумын Засаг дарга нар өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд батлах, өөрт байгаа баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Гэвч нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дээрх асуудлыг оруулж, боломжгүй гэдэг хариу өгсөн нь хуульд нийцэхгүй байна. Ийм учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёрдугаар шаардлагын тухайд гэвэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т зааснаар холбогдох материалыг бүрдүүлдэг. Гэтэл хоёр сум нь боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад сумын Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй болон Байгаль орчны яаманд тухайн талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн хоёр бичиг өгдөг. Гэтэл Дөрвөлжин, Ургамал сумын Засаг дарга нар дээрх бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан. Ямар үндэслэлээр татгалзсан юм бэ? гэхээр тус компанийг ажил хийгээгүй гэдэг. Мөн тухайн компанитай холбогдуулан хоёр сумаас Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байгаагүй мөртлөө татгалзаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******- ХХК нь аймгийн кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Ургамал, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрийг дамнасан ХҮ-017981 тоот тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж байна. Тус компанийн нэхэмжлэлийн агуулгатай танилцаад хууль эрх зүйн хувьд үндэслэл муутай, компанийн эрх ашиг сонирхлыг түрүүнд тавьсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ ноцтой зөрчсөн байна гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: *******- ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутагтай харилцан боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 3 жил тутамд сунгалт хийлгэн зөвшөөрөл орон нутгаас авах журмыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гаргавал мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж болно гэж заасныг зөрчиж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэн хайсан, 38 дугаар зүйлийн 38.1.1-д Тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхитэй ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээр гаргасан Дөрвөлжин сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Дөрвөлжин сумын Засаг даргад даалгах, *******- ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг АМГТГ-ын кадастрын хэлтэс, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхийг сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан нэхэмжлэлийг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.
Хариуцагч Ургамал сумын Засаг даргын орлогч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******- ХХК нь аймгийн кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Ургамал, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрийг дамнасан ХҮ-017981 тоот тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж байна. Тус компанийн нэхэмжлэлийн агуулгатай танилцаад хууль эрх зүйн хувьд үндэслэл муутай, компанийн эрх ашиг сонирхлыг түрүүнд тавьсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ ноцтой зөрчсөн байна гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: *******- ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутагтай харилцан боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 3 жил тутамд сунгалт хийлгэн зөвшөөрөл орон нутгаас авах журмыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гаргавал мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж болно гэж заасныг зөрчиж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэн хайсан, 38 дугаар зүйлийн 38.1.1-д Тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхитэй ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээр гаргасан Ургамал сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал сумын Засаг даргад даалгах, *******- ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг АМГТГ-ын кадастрын хэлтэс, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхийг сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан нэхэмжлэлийг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.
Хариуцагч Ургамал сумын Засаг даргын орлогч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой саналууд ирсэн. Ийнхүү саналаа ирүүлэхдээ өмгөөлөгчийн хэлсэн хугацаанд ******* нь материалаа авч ирсэн. Энэ авч ирсэн материалтай нь танилцаад, байгаль орчны мэргэжилтнээсээ мэдээллийг авсан. Ийнхүү мэдээллийг авахад тус компани нь хамгийн сүүлд 2014 онд хайгуулын ажил хийсэн байдаг. Харин 2014 оноос хойш тус компани нь байгаа, байхгүй нь мэдэгдэхгүйгээр сумтай харилцаагүй байсан. Энэ компани нь ямар учиртай юм бэ? гэхээр нэг талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл, нэг талбай дээрээ хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахаар ирсэн гэж тайлбарласан. Үүний дагуу сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд асуудлыг шийдвэрлэх байсан гэж хэллээ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар сумын иргэд болон иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь мэдээллээр хангагдсан байх ёстой гэж үзсэн. Тухайн үед сумын хурлууд давхцаж байсан учраас уг хуралд компанийн саналыг оруулсан. Ийнхүү хуралд санал оруулахад иргэдийн Төлөөлөгч нар дэмжээгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт тус компани нь үйл ажиллагаа явуулдаггүй, хоёрдугаарт сум орон нутгийн үл хүндэтгэсэн гэж үзсэн. Татгалзсаны гол үндэслэл бол тус компани нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, 2015, 2016 онд хайгуул хийгээгүй байж хоосон маягт дээр гарын үсэг зураад, тамга дараад өгөөч гэсэн. Ийм учраас гарын үсэг зурахаас татгалзсан. Тус компани нь 7 дугаар маягт бөглуулж байж л тухайн жилдээ хайгуул хийсэн юм шиг харагдана гэж тайлбарлаж байсан. Дээрх үндэслэлүүдээр татгалзсан шийдвэр гарсан. Хайгуулын компани нь жил болгон хайгуулын нөхөн сэргээлттэй холбоотой барьцаа хөрөнгийг сумын дансанд байрлуулах ёстой. Гэтэл тус компани нь барьцаа хөрөнгө байршуулсан зүйлгүй. Ийнхүү тус компани нь ямар нэгэн харилцаа хамааралгүй байж байгаад гэнэт асуудал ярихаар ард түмэн ч ойлгохгүй, хүмүүс ч ойлгохгүй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******- ХХК нь Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас тус компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. *******- ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг дарга нар *******- ХХК-ийн XV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд зааснаар батлахгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж, хариуцагч нар нь нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тус хуулийн 37.2, 38.1.1, 40.1 дэх заалтыг зөрчсөн гэж тус тус маргаж байна.
Хариуцагч нарын эс үйлдэхүйн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайхыг ... хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно гэж заажээ. Уг зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхдээ хариуцагч нарын тайлбарлаж байгаачлан сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй байна. Нэхэмжлэгч нь XV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд авч 2015, 2016, 2017 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулж 2015, 2016 оны хайгуулын ажлын тайланг гаргаж хянуулсан байх ба уг хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд холбогдох гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад гарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан эс үйлдэхүй үндэслэлгүй байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших, сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдоогүй, мөн уг үндэслэлд холбогдох баримтыг шүүх нэхэмжлэгчээс удаа дараа шаардахад ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч *******- ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумдын нутагт орших Дааган дэл уул нэртэй XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр 3 жилийн буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар авсан байна. Улмаар нэхэмжлэгч компанийн XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж байсан тул XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17/07 дугаар, Ургамал сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17/08 дугаартай хүсэлтээр биечлэн хандаж, тэдгээр хүсэлттэй Дөрвөлжин сумын байгаль хамгаалагч М.*******, Ургамал сумын Засаг даргын орлогч Г.******* нар танилцан гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн уг хүсэлтүүд нь шүүхийн үзлэгийн явцад Дөрвөлжин, Ургамал сумдын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд байхгүй байх ба нэхэмжлэгч компаний төлөөлөгч нар уг хүсэлтээ танилцуулж гарын үсэг зуруулаад буцаан авч явсан гэж хариуцагч Ургамал сумын Засаг даргын орлогч Г.******* тайлбарлаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар Ургамал сумын Засаг дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээх заалтын дагуу тус сумын Засаг даргын бүрэн эрхийг орлогч Г.******* хэрэгжүүлж байгаа ба нэхэмжлэгч компани хариуцагчаар Г.*******ыг тодорхойлсон ба хэргийн оролцогчид энэхүү асуудлаар маргахгүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байхаар, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд мөн зүйлийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ мөн зүйлийн 40.3-т энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг дарга нарт батлуулахаар хүргүүлэх, батлуулахаар хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх зохицуулалттай байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд өргөдөл хүлээн авах, бүртгэх журмыг зохицуулсан ба 12.3-д бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдлийг ... тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ гэж заажээ. Гэвч нэхэмжлэгч компани нь XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг даргад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйн үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж .... сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэх нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгчээс удаа дараа энэ талаарх баримтыг шаардаж, мөн хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд үзлэгийн ажиллагаа хийсэн боловч *******- ХХК-иас XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч нарт хүргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч *******- ХХК-иас хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг дарга нарт батлуулахаар хүргүүлээгүй тул мөн хуулийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг дарга нар хүлээн авч, хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигч *******- ХХК-д хүргүүлэх боломжгүй байсан ба уг үндэслэлээр гаргасан хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
2. *******- ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг дарга нар *******- ХХК-ийн 11200Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтөй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолт, саналыг холбогдох байгууллагуудад гаргаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж, хариуцагч нар нь нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн гэж тус тус маргаж байна.
Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших Тоглойн худаг нэртэй 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх 2006 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Магнайдаваа ХХК-д олгогдож түүнээс хойш Голден тайга ХХК-д шилжиж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******- ХХК-д шилжсэн байна. *******- ХХК нь уг хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр 2018 оны оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал буюу 3 дахь удаагийн 3 жилийн сунгалт хийлгэсэн байна.
Улмаар 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байх тул нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7-д заасан баримт, саналыг авахаар Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17/07, 17/08 дугаартай хүсэлтээр, мөн Завхан аймгийн Ургамал сумын нутагт орших Тоглойн худаг-ийн алт-зэсийн үндсэн орд бүхий талбайнуудын товч танилцуулгыг Дөрвөлжин сумын байгаль хамгаалагч М.*******эд, мөн уг баримтыг болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Дөрвөлжин сумын Засаг даргаас гэсэн агуулга бүхий албан бичгийн төслийн хамт Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.*******д гэрийнх нь гадаа хүлээлгэн өгч, холбогдох танилцуулгыг Дөрвөлжин сумын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанд танилцуулсан байна. /Уг хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэхэмжлэгч компаний эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцэх асуудал тусгагдаагүй/ Харин Ургамал сумын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нэхэмжлэгч компани 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд А7-р маягтыг бөглүүлэх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн байна. Хэдийгээр тухайн хуралдаанаар нэхэмжлэгч компаний зүгээс өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар танилцуулга хийсэнтэй холбоотойгоор хурлаас ямар нэгэн тогтоол шийдвэр, чиглэл гаргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрх нь нутгийн захиргааны байгууллага болон өөрөө удирдах байгууллага тухайлбал Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд мөн зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж заажээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д төсөл хэрэгжүүлэгч нь ... тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, ... дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ, тайлан гаргах үүргийг зохицуулжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх, мөн зүйлийн 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах үүргийн талаар зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7-д заасан баримт, саналыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хавсаргахаар заасан байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан дээрх баримт, саналыг авахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авснаас хойшхи болон 2015 онд шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан байх хуулийн шаардлага тавигдаж байна.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө байх ба тус компани нь 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нараар батлуулсан болох нь хэрэгт авагдсан 11200 Х Хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтанд заагдсан сунгалтаар нотлогдож байна. Гэвч 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нэхэмжлэгч компани нь дээрх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухайгаа хариуцагч нарт тайлагнаж хүргүүлсэн, төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийг хариуцагч нараар батлуулсан буюу төлөвлөгөөг дүгнүүлсэн гэх нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдоогүй, мөн уг үндэслэлд холбогдох баримтыг шүүх нэхэмжлэгчээс удаа дараа шаардахад ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар тус хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6 дахь заалтад заасан үүргийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайлан гаргаж сумын Засаг даргад хүргүүлэх, уг тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, байгаль орчинд нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг тусгаж уг өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй байхад хуульд заасан энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч *******- ХХК нь 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дээр дурдсанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг гаргаж сумын Засаг даргад хүргүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлтийг тусган сумын Засаг даргаар батлуулах, бусад байдлаар 11200 Х хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авнаас хойшхи болон 2015 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ биелүүлж, дүгнүүлсэн нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6-д заасан баримт, 25.1.7-д заасан саналыг хариуцагч нар гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч компани хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхээс удаа дараа хариуцагчийн маргаж буй үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримтыг нэхэмжлэгч *******- ХХК-иас шаардсан ба нэхэмжлэгч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтээ байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******- ХХК-ийн Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан *******- ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******- ХХК-ийн Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргад нарт холбогдуулан гаргасан *******- ХХК-ийн Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР