Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1473

 

Д.Пүрэвдагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01179 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдагвын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох

 

Орхон аймгийн Авто тээврийн төвийн харуул, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний бие 2013 оноос Орхон аймгийн Авто тээврийн төвд харуул, сантехникчээр ажиллаж байсан. Гэтэл Авто тээврийн Үндэсний төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6/751 дугаартай тушаалаар орон тооны цомхотгол нэрээр менежер н.Золзаяа, касс н.Батцэцэг бид гурвыг ажлаас чөлөөлсөн. Орхон аймгийн Авто тээврийн төвөөс Авто тээврийн Үндэсний төвд надтай хамт ажилладаг н.Тэгшбаяр гэдэг хүнийг ажлаас чөлөөлүүлэх саналаа хүргүүлэхэд тэр хүний оронд намайг ажлаас чөлөөлсөн болно.

Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга нараас “Д.Пүрэвдага нь хариуцлагатай, ажилдаа сайн, шилдэг ажилтан. Тиймээс хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдэг саналаа гурван ч удаа албан тоотоор явуулахад Авто тээврийн үндэсний төв огт авч үзээгүй. Надтай хамт ажлаас чөлөөлөгдсөн мөнежер н.Золзаяаг эргүүлээд тээвэр зохицуулагч гэдэг орон тоон дээр, касс н.Батцэцэгийг ажиллаж байсан орон тоон дээр нь ажилд нь авсан. Дээр нь нэмж н.Мишиг, н.Отгонбаатар нарыг ажилд авсан. Би ажлаа сайн хийдэг, бид ардаа өвчтэй хүн асардаг, банкны зээлтэй амьдрал хэцүү байхад үндэслэлгүйгээр ажлаас халж байгаад гомдолтой байна.  

Нарийн бичгийн дарга н.Баасандулам хөдөлмөрийн гэрээний нэг хувийг манай нөхөрт өгсөн гэдэг. Би байгууллага дээр очоод н.Пүрэвдагватай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувийг авья гэхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг надад өгсөн. Тэгээд би энэ гэрээ биш, өөр гэрээ байх ёстой гэхэд 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ гаргаж өгсөн. Х.Баасандулам нь 12 сарын 26-ны өдөр надад тушаал өгөхдөө гарын үсэг зуруулаагүй бөгөөд 3 дугаар сарын 22-ны өдөр утасдаж тушаал дээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байсан. Би Батцэцэг рүү утасдаж бид хоёр цуг очиж гарын үсэг зурсан. Энэ байдлыг харахад хуурамч зүйл их хийдэг нь илт байна.

Энэ байгууллага 22 орон тоотой ажиллаж байсан, орон тоогоо цөөрүүлээд 19 болсон гэж байгаа ч очоод үзэхэд 22 орон тоо хэвээр байна. Орон тоог цөөрүүлж байгаа бол Д.Пүрэвдагвад 30 хоногийн өмнө ажлаас халах тухай мэдэгдлийг өгөх ёстой байтал ямар ч мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэл өгсөн гээд байхаар нь би дарга руу утасдаж асуухад өгөх ёстой л гэж хэлсэн. Хариуцагч ямар ч мэдэгдэл өгөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Д.Пүрэвдагвад 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөн гэж худал ярьж байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин буусан. Гэтэл цалин  дутуу орсон байсан. Тэгэхээр нь би захирал руу утасдаад асуутал ажлаас чөлөөлж байгаа тул 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож бодсон гэж хэлсэн. Ингэж би өөрөө утасдаж ажлаас халсан тухай олж мэдсэн. Иймд Орхон аймгийн Авто тээврийн төвийн харуул, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүд болон Замын-Үүд салбарын бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/145 дугаартай тушаалаар Орхон аймгийн Авто тээврийн төвийн орон тоог 22 байхаар тогтоож харуул, сантехникч 2 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Орхон аймгийн Авто тээврийн төвийн орон тоог 19 байхаар баталж харуул, сантехникч гэсэн орон тоог байхгүй болгож сантехникч 1 болгон цөөрүүлсэн болно. Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалаар Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулсантай холбогдуулан Авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх захиргааны хяналтын чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарт гэрээгээр ажиллаж байгаа нэр бүхий улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулахаар тогтсон тул хавсралтад заасан Т.Ариунболд, А.Мөнхчулуун нарыг байцаагчаар авч ажиллуулаад нийт 22 хүнтэй ажиллаж байгаа нь үнэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгөөгүй гэж байгаа боловч Д.Пүрэвдагвад өөрт нь зураад ир гээд өгснийг буцааж өгөөгүй болно. Иймээс мэдэгдэл өгснийг нотлох баримт байхгүй юм.

Одоо сантехникч гэсэн нэг орон тоон дээр н.Тэгшбаяр ажиллаж байгаа. Д.Пүрэвдагвыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр мэдлэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-нд өгч, 1 сарын тэттэмжийг өгөөд ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй юм. Харуул, сантехникчийн нэг чиг үүрэг нь үлдээд харуулын орон тоог цөөрүүлсэн тул Д.Пүрэвдагвын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69,1-д заасныг баримтлан Д.Пүрэвдагвыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Орхон аймгийн Авто тээврийн төвийн харуул, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2 328 981 төгрөг гаргуулан Д.Пүрэвдагвад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвдагва улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52 214 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад шүүх санаачлагаараа 2 328 981 төгрөг "Авто тээврийн үндэсний төв"-өөс гаргаж нэхэмжлэгчид олгохоор
шийдвэрлэсэн. Шүүх нь аливаа хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой байтал өөрийн санаачлагаар "Авто тээврийн үндэсний төв"-өөс 2 328 981 төгрөг гаргуулж байгаа нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна.

Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймгийн Авто тээврийн төвд бүтэц өөрчлөлт хийгдэж 2016 оны 10 сарын 28-ны өдрийн а/275 дугаар тушаалаар 19 орон тоотой байхаар, сантехникч-1 байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2016.11.03-ны өдөр чөлөөлөгдөх мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Пүрэвдагвад өгсөн боловч гарын үсэг зурж буцаан өгөхгүйгээр авч явсан. 2016.10.28 өдөр тус төвийн дарга нь хамт олны хурал хийж бүцийн өөрчлөлт орж байгаа ажилтануудад 2016.10.28-ны өдрийн А/275 дугаар тушаалыг танилцуулсан. Энэ нь гэрч н.Баасандуламын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон Орхон аймгийн авто тээврийн
төвийн даргын 2016.10.28-ны өдрийн 405 дугаар албан бичгээр тогтоогдоно.

Дээрх байдлаас үзвэл Авто тээврийн үндэсний төв нь Д.Пүрэвдагвыг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017.04.26-ны өдрийн 181/ШШ2017/01179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдагва нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр Д.Пүрэвдагвыг ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Д.Пүрэвдагва нь Орхон аймгийн Авто тээврийн төвийн харуулын ажилд тус төвийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай тушаалаар томилогдон, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн харуул-сантехникчээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/751 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх.44, 45, 117-118/

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдагватай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/751 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.10 дах хэсэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 дах хэсгийг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Орхон аймгийн Авто тээврийн төвийн орон тоог 19 байхаар баталж харуул, сантехникч гэсэн орон тоог байхгүй болгож, сантехникч 1 болгон цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан. Хариуцагч байгууллага мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид гардуулан өгсөн гэж мэтгэлцсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн Б.Баасандуламын “орон тооны цомхотгол болж байгаа талаарх мэдээллийг дарга хүн тус бүрээр дуудаж танилцуулсан, П.Пүрэвдагвад мэдэгдлийг дарга өөрөө танилцуулаад гарын үсэг зуруулна гэж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд тодорхой мэдсэн, харсан гэж тайлбарлаагүй байх бөгөөд уг гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг орон тооны цомхотгол болж байгаатай холбоотой мэдэгдлийг хүлээж авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан зохицуулалтад хамаарч байх тул ажил олгогч хуульд зааснаар 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. 

 

Хариуцагчийн “Нэхэмжлэгч Д.Пүрэвдагвад өөрт нь мэдэгдлийг өгч, гарын үсэг зураад ир гээд өгснийг буцааж өгөөгүй” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй,  Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Д.Пүрэвдагвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

Хэргийн 110 дугаар талд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа олговор гаргуулахаар дурьдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж мэдсэн байх /хх.114/ ба ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан буюу ажил олгогчийн хууль бус шийдвэрийн үр дагавар тул уг үр дагаварыг арилгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

   

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бодохдоо хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож, 4 сар 5 хоногийн цалинг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт   заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ