Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00163

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж9 ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Шарын голын ¹ 55 тоотод оршин суух, 1997 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, Боржигон овогт Бадралын Заяажаргалын /РД:МЗ97021008/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, төмөр замын 45-4-43 тоотод оршин суух, 1967 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Галзууд овогт Сүх-Очирын Ганбаатард /РД:ЕЙ67011811/ холбогдох

             гэм хорын хохирол 15161000 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Заяажаргал, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хариуцагч С.Ганбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Бадраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Заяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ганбаатар нь 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний аав Бадралын бөгсөн тус газарт нь өндөр даралтын хийн шланкаар хатгаж үлээлгэснээс болж хагалгаанд ороод нас барсан. Би тэр үед 06 настай байсан. С.Ганбаатар нь манай эмээ Дуламжавт намайг 18 нас хүртэл нь тусалж дэмжиж байна гэж хэлж байсан юм билээ. Тэгээд С.Ганбаатар нь одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй өдий болтол туслаагүй. 2016 оны 11 дүгээр сард манай ээж Отгонзаяа өмгөөлөгч хөлсөлж аваад С.Ганбаатараас 20 сая төгрөг хувиараа нэхэмжилсэн байдаг ба С.Ганбаатар нь тэр үед 2 сая төгрөг өгсөн. Иймд би одоо сургалтын төлбөрийн үлдэгдэл 2381000 төгрөг, сургалтын төлбөрт 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1650000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байр түрээсэлсний сарын 350000 төгрөг, 31 сарын төлбөр болох 10850000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 280000 төгрөг, бүгд 15161000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би вагон депод хамт ажилладаг байсан Бадралын бөгс рүү өндөр даралтын шланкаар үлээлгэснээс гэмтэл авсан ба хагалгаанд орсон боловч нас барсан юм. Тухайн үед шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нь талийгаач Бадралын дүү Болормаа гэх эмэгтэй оролцож байсан. Хохирлыг би тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Мөн тэр үед талийгаач Бадрал нь Отгонзаяагаас гэрлэлтээ цуцлуулсан байсан ба охин Б.Заяажаргал нь эхийнхээ асрамжинд үлдсэн байсан. Би эмээ Дуламжавт нь 18 нас хүртэл нь Заяажаргалыг тусалж дэмжинэ гэж яриагүй. Харин боломж бололцоогоороо тусалж байя л гэж хэлж байсан. Заяажаргалын ээж Отгонзаяа нь тухайн үед буюу 2003-2004 онд хүүхэд сургуульд орох гээд байна гээд надаас 2 удаа 35000 төгрөгийг авч байсан. 2016 онд Заяажаргалын өмгөөлөгч Даваасүрэн гэх хүн над руу утсаар яриад Заяажаргалын сургалтын төлбөр 20 сая төгрөг нэхэмжилнэ төлбөрөө төлөхгүй байгаа учир сургуулиас нь хөөх гээд байна гэхээр нь би хүн чанар гаргаад тусалсан. Би Заяажаргал руу утсаар яриад сургуулийнхаа дансыг өгчих 2 сая төгрөг хийе гэхэд яах юм бэ миний данс руу хийчих гээд байхаар нь би Заяажаргалын данс руу нь хийсэн. Отгонзаяа нь өрх толгойлсон эмэгтэй гээд Заяажаргалын төлбөрийг Төрийн сангаар төлүүлдэг гэж ээж Отгонзаяа нь надад хэлж байсан. Тухайн үед Заяажаргал нь эхийнхээ асрамжинд байсан ба эцэг Бадралынх нь төлдөг байсан тэтгэлгээс тэжээгчээ алдсаны тэтгэмж нь илүү тогтоогдсон тул шүүх намайг Заяажаргалыг 18 нас хүртэл тэтгүүлэх шийдвэр гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Заяажаргал нь хариуцагч С.Ганбаатараас сургалтын төлбөр 2381000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн сургалтын төлбөр 1650000 төгрөг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Жаргалантын 3 дугаар гудамж ¹ 77 тоотын нэг өрөөг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын 350000 төгрөг, нийт 31 сарын төлбөр 10850000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 280000 төгрөг, нийт 15161000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Харин хариуцагч С.Ганбаатар нь 15161000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Хавтаст хэргийн 04 дүгээр талд авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ¹ 79 дугаартай шийтгэх тогтоолоор Галзууд овогт Сүх-Очирын Ганбаатарыг бусдын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Ганбаатард оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзжээ.

Уг шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг байх ба уг мэдүүлэгт….. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж зохих ёсоор үзүүлсэн байна. Талийгаачид учирсан гэмтэлд зайлшгүй мэс заслын эмчилгээ хийгдэх байсан, мэс заслын эмчилгээ хийсэн бол энэ хүний амь нас аврагдах боломжтой байсан. Зүүнхараа хотын эмнэлэг гэдэс эргэх гэсэн онош тавьсан байна, энэ онош заавал мэс засал хийгдэх онош юм. Мэс засал хийсэн бол хагалгааны явцад оношийг зөв тавьж, амь нас аврагдах боломжтой байжээ. Мэс засал хийнэ гэдэг нь нэгдүгээрт эмчилгээ хийх, хоёрдугаарт оношийг тодруулах зорилгоор хийдэг учир Зүүнхараа дахь эмнэлгийн оношийг буруу гэж үзэж болохгүй. Болор-Эрдэнэ эмч АУИС-ийг 2003 онд төгссөн, мэс заслын чиглэлээр сургалтанд хамрагдаж тусгай зөвшөөрөл лиценз аваагүй учир мэс заслын эмчилгээ үзүүлээгүй байна гэж хариуцлага хүлээлгэж болохгүй. Иймээс эмч Болор-Эрдэнэ нь мэс заслын эмчилгээ хийх эрхгүй юм…  гэжээ.

Мөн уг шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт шүүгдэгч Ч.Нарантуяаг Зүүнхараа дахь Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа гэрлийн эмч Б.Болор-Эрдэнийг мэс заслын эмчээр томилон ажиллуулж Эрүүл мэндийн хууль тогтоомж зөрчиж албандаа хайнга хандсаны улмаас хохирогч Б.Бадралд мэс заслын эмчилгээг үзүүлж чадаагүйгээс бусдад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг улсын яллагч яллахаас татгалзсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.3-д зааснаар Ч.Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хохирогч Б.Бадралын төрсөн охин Б.Заяажаргалыг шүүхийн шийдвэрээр эх З.Отгонзаяагийн асрамжинд үлдээж эцэг Б.Бадралаар тэжээн тэтгүүлж байсан ба тэжээгчээ алдсаны тэтгэлэг нь Бадралын төлж байсан тэтгэлгээс илүү тогтоогдсон байх тул иргэний нэхэмжлэгч Д.Дуламжаваас гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэлэг, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны ¹ 166 дугаартай шийдвэрээр Б.Заяажаргалыг эх З.Отгонзаяагийн асрамжинд өгч, 18 нас хүртэл эцэг Б.Бадралаас тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Ганбаатар нь 2003-2004 онд бусдыг болгоомжгүйгээр алах гэмт хэрэгт биш бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэгт шийтгүүлсэн байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2500000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Заяажаргалын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй, мөн 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Б.Заяажаргалд 2 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Заяажаргалын хариуцагч С.Ганбаатараас нэхэмжилсэн гэм хорын хохирол 15161000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Заяажаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233550 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ганбаатараас 15161000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч Б.Заяажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Заяажаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233550 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН

 

                                                ШҮҮГЧИД                     Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ.