Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                     Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормааг оролцуулан, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 163 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Ганбаатарт холбогдох “Гэм хорын хохирол 15.161.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын         21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

 Нэхэмжлэгч Б.Заяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...С.Ганбаатар нь 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний аав Бадралын бөгсөн тус газарт нь өндөр даралтын хийн шланкаар хатгаж үлээлгэснээс болоод хагалгаанд ороод нас барсан. Би тэр үед 06 настай байсан. С.Ганбаатар нь манай эмээ Дуламжавт намайг 18 нас хүртэл нь тусалж дэмжиж байна гэж хэлж байсан юм билээ. Тэгээд С.Ганбаатар нь одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй өдий болтол туслаагүй. 2016 оны 11 дүгээр сард манай ээж н.Отгонзаяа өмгөөлөгч хөлсөлж аваад С.Ганбаатараас 20 сая төгрөг хувиараа нэхэмжилсэн байдаг ба С.Ганбаатар нь тэр үед 2.000.000 төгрөг өгсөн. Иймд би одоо сургалтын төлбөрийн үлдэгдэл 2.381.000 төгрөг, Сургалтын төлбөрт 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.650.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл байр түрээсэлсний сарын 350.000 төгрөг, 31 сарын төлбөр болох 10.850.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 280.000 төгрөг, бүгд 15.161.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

2.

 

Хариуцагч С.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    “...Миний бие нь энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би вагон депод хамт ажилладаг байсан Бадралын бөгс рүү өндөр даралтын шланкаар үлээлгэснээс гэмтэл авсан ба хагалгаанд орсон боловч нас барсан юм. Тухайн үед шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач Бадралын дүү Болормаа гэх эмэгтэй оролцож байсан. Хохирлыг би тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Мөн тэр үед талийгаач н.Бадрал нь н.Отгонзаяагаас гэрлэлтээ цуцлуулсан байсан ба охин Б.Заяажаргал нь эхийнхээ асрамжид үлдсэн байсан. Би эмээ Дуламжавт нь 18 нас хүртэл нь Б.Заяажаргалыг тусалж дэмжинэ гэж яриагүй. Харин боломж бололцоогоороо тусалж байя л гэж хэлж байсан. Б.Заяажаргалын ээж Отгонзаяа нь тухайн үед буюу 2003-2004 онд хүүхэд сургуульд орох гээд байна гээд надаас 2 удаа 35000 төгрөгийг авч байсан. 2016 онд Заяажаргалын өмгөөлөгч Даваасүрэн гэх хүн над руу утсаар яриад Б.Заяажаргалын сургалтын төлбөр 20 сая төгрөг нэхэмжилнэ төлбөрөө төлөхгүй байгаа учир сургуулиас нь хөөх гээд байна гэхээр нь би хүн чанар гаргаад тусалсан. Би Б.Заяажаргал руу утсаар яриад сургуулийнхаа дансыг өгчих 2 сая төгрөг хийе гэхэд яах юм бэ, миний данс руу хийчих гээд байхаар нь би Б.Заяажаргалын данс руу нь хийсэн. Н.Отгонзаяа нь өрх толгойлсон эмэгтэй гээд Б.Заяажаргалын төлбөрийг Төрийн сангаар төлүүлдэг гэж ээж н.Отгонзаяа нь надад хэлж байсан. Тухайн үед Б.Заяажаргал нь эхийнхээ асрамжид байсан ба эцэг Бадралынх нь төлдөг байсан тэтгэлгээс тэжээгчээ алдсны тэтгэмж нь илүү тогтоогдсон тул шүүх намайг Б.Заяажаргалыг 18 нас хүртэл тэтгүүлэх шийдвэр гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм...” гэжээ. 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 163 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ганбаатараас 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Заяажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Заяажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Миний бие Бадрал овогтой Заяажаргалын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.05.19-ний өдрийн 463 тоот шийдвэрээр хариуцагч С.Ганбаатараас нэхэмжилсэн гэм хорын хохирол болох 15.161.000 төгрөгний нэхэмжлэлийг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-

3.

 

ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл шүүх уг хуулийн зүйл заалт болон Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсгүүдийг баримталсан хирнээ яагаад эсрэгээр шийдвэр гаргав. Нэгэнт С.Ганбаатарын болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулснаас Б.Бадралын амь нас хохирсон нь тогтоогдсон учраас гэм хорын хохирлыг С.Ганбаатар болон түүнийг ажиллуулж байсан Улаанбаатар Төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо /Улаанбаатар төмөр зам/ хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Заяажаргал нь төмөр замыг хамтран хариуцагчаар татах, Б.Заяажаргалын эмээ Д.Дуламжавыг гэрчээр байцаалгах хүсэлтүүдийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоол гарсан. Ингэж хэргийг тал бүрээс нь нягт нямбай бодит байдлыг тодруулахгүйгээр шийдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодит байдлыг тогтоох үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч С.Ганбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Б.Заяажаргалын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч Б.Заяажаргалын 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба зөвшөөрөх ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1.Талийгаач Б.Бадралыг нас барах үед Б.Заяажаргалын эх З.Отгонзаяа нь талийгаачаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байсан ба охин Б.Заяажаргал нь эхийнхээ асрамжид үлдэж, эцэг Б.Бадрал нь шүүхийн шийдвэрийн дагуу охиндоо тэтгэлэг төлж байсан.

2.Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь Б.Заяажаргалын шүүхийн шийдвэрийн адгуу авч байсан тэтгэлгээс илүү тогтоогдсон тул зөрүү гаргуулах боломжгүй  гэж сум дундын II шүүхийн 2004 оны 06 сарын 29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Дуламжавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

3.Тухайн үед миний бие хэргийн хохирогчоор тогтоогдсон талийгаач Б.Бадралын дүү Б.Болормаад оршуулгын болон бусад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

4.Нэхэмжлэгч Б.Заяажаргал нь насанд хүрсэн хүн тул түүний сургалтын төлбөр болон бусад зардлыг би хариуцах үндэслэлгүй. Иймд сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 163 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч энэхүү тайлбарыг гаргав...” гэжээ.

Үндэслэх нь:

 

  Нэхэмжлэгч Б.Заяажаргал нь хариуцагч С.Ганбаатарт холбогдуулан  гэм хорын хохиролд нийт 15.161.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч Б.Заяажаргалын төрсөн эцэг Б.Бадрал нь  хариуцагч С.Ганбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан бөгөөд 

4.

 

тухайн үед  нэхэмжлэгч Б.Заяажаргал нь талийгаач Б.Бадралтай хамт амьдарч байгаагүй боловч  түүнээс шүүхийн шийдвэрээр тэтгэвэр авдаг байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн  шийдвэрээр  тогтоогдож байх тул  түүнийг Иргэний хуулийн  508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар  хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

 

  Хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр, төлбөр гаргуулах хэмжээ болон нөхөн төлөх хугацаа нөхцлүүдийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсэгт тодорхой заажээ.

 

 Хариуцагч С.Ганбаатарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх үед тухайн эрүүгийн хэргийн хохирогчоор талийгаач Б.Бадралын төрсөн дүү Б.Болормаа тогтоогдож, иргэний нэхэмжлэгчээр Д.Дуламжав /нэхэмжлэгч Б.Заяажаргалын эмэг эх/ оролцон хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах буюу Б.Заяажаргалд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл  гаргасныг  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 06 дугаар сарын        29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор  хянан шийдвэрлэж, нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж нь талийгаач Б.Бадралын түүнд төлж байсан тэтгэлгээс илүү тогтоогдсон гэсэн үндэслэлээр Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.  

 

  Дээрхи үйл баримтаас үзвэл талийгаач Б.Бадрал нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах, өөрөөр хэлбэл түүний охин Б.Заяажаргалд тэтгэлэг гаргуулах талаар урьд шүүхэд нэхэмжлэл гарган эрүүгийн хэрэгтэй хамт иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн  бөгөөд урьд гарсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

 

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Золжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг хариуцагч  С.Ганбаатарын болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулснаас Б.Бадралын амь нас хохирсон нь тогтоогдсон учраас гэм хорын хохирлыг С.Ганбаатар болон түүнийг ажиллуулж байсан Улаанбаатар Төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо /Улаанбаатар төмөр зам/ хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тус хэрэгт төмөр замыг хамтран хариуцагчаар татах, Б.Заяажаргалын эмээ Д.Дуламжавыг гэрчээр байцаалгах хүсэлтүүдийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоол гарсан нь хууль зөрчсөн гэжээ.

 

Нэхэмжлэгчээс гаргасан  хамтран хариуцагч татан оролцуулах болон гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 09 дугаартай шүүхийн тогтоолоор тус тус шийдвэрлэсэн, тухайн эрхийн актуудад зохигчдоос ямар нэгэн

5.

 

гомдол гараагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчий хүсэлтүүдийг  хангахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

  Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй байна. Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Нэхэмжлэгч Б.Заяажаргалын нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчийн  нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг  тус тус буцаан олгох  зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний  өдрийн  163 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх  заалтыг:

“Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ганбаатараас гэм хорын төлбөр 15.161.000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч Б.Заяажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.“  гэж,

2 дахь заалтыг “Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Заяажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот данснаас буцаан гаргуулсугай.” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Заяажаргалаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн  233.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН