Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1489

 

 “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01068/ дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 404 970 614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд, өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Б.Баатарсайхан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад: “Үндэсний барилга консерциум” ХХК нь 2013 оны 10 сараас эхлэн Хан уул дүүрэгт цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэн 2014 оны 4 сард үндсэн ажлууд дуусч, мөн оны 8 сараас эхлэн туршилтын журмаар бохир ус хүлээн авч, цэвэрлэж эхэлсэн. 2014 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиалагч болох Барилга, хот байгуулалтын яам, техникийн хяналтыг хэрэгжүүлэгч УСУГ-ын нэмэлт шаардлагаар байгууламжийг хүйтний улиралд ашиглах боломжоор хангах шаардлага тавьсан. Тэр дагуу уг байгууламжийг сэндвичэн барилгатай болгосон ба уг байгууламж нь уур ихээр ялгаруулдаг тул хүйтний улиралд ашиглахын тулд иж бүрэн халаалт, агааржуулалт, салхивч, дотор болон гадна гэрэлтүүлгийг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн уг барилгын газрын, суурийн, хаалга цонхны, заалны шалны, хүчитгэх төхөөрөмжийн, шүүрүүлэх сувгийн цутгалтын зэрэг ажлууд нэмэлтээр хийгдсэн. Байгууламжийг барихад үндсэн гэрээгээр 3 000 000 000 төгрөгийн ажлыг хийсний зэрэгцээ нэмэлт ажлуудыг гүйцэтгэхэд Барилга, хот байгуулалтын яамнаас холбогдох хуулийн дагуу үндсэн гэрээний зөвхөн 15 хувь буюу 450 000 000 төгрөгийг санхүүжүүлсэн. Байгууламжийг барих үед ТОСК-ийн захиалгаар баригдаж байсан. Буянт-Ухаа 1 ба 2 хорооллууд ашиглалтад орох болсон тул яаралтай дуусгах шаардлага тавигдсанаас уг байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахын тулд ТОСК-оос нэг тэрбум төгрөгийн зээл авч, 252 000 000 төгрөгийг нь хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна дулааны шугам, бетон хийц, дулаан узелийн ажил, гадна бохир усны шугам, гадна цахилгааны шугам, дэд өртөөний төхөөрөмжийн угсралтын ажлын материалуудыг зээлээр авч зарцуулсан. Захиалагч байгууллагын төлөөлөл газар дээр очиж танилцан, нэмэлтээр гарсан санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэж өгнө, тиймээс ТОСК болон бусад эх үүсвэрээр хийгээд дуусгачих гэсний дагуу ажлаа зогсолтгүйгээр гүйцэтгэж, Барилга, хот байгуулалтын яаманд нэмэлтээр гаргасан санхүүжилт болох 1 252 300 000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэсний дагуу албан тоотуудыг удаа дараа явуулсан хэдий ч шийдвэрлэж өгөөгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02563 дугаар шүүгчийн захирамжаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГазарт 1 152 633 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Тус байгууллагад учирсан бодит хохирол болох 1 404 970 614 төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргуулж авна, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас шүүхэд гаргасан тайлбарт: “Үндэсний барилга консерциум” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/ХХ1-38/260 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив, ТОСК-ийн барьж буй орон сууцнуудын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламж /2000 мЗ/-ийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх 3 000 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан сунгаж, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3 450 000 000 төгрөг болгосон ба улмаар 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгасан. Нэмэлт ажлууд нь цэвэрлэх байгууламжийг хүйтний улиралд ажиллах нөхцөлийг хангах зорилгоор сэндвичэн барилга барих, барилгын дотор дулаан, халаалт, цахилгааны шитний өрөө угсралт, дотор гэрэлтүүлэг, дотор салхивчийн ажлыг гүйцэтгэх байсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Барилга, хот байгуулалтын яам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3 450 000 000 төгрөгийг "Үндэсний барилга консерциум" ХХК-д бүрэн шилжүүлсэн. Гэтэл гэрээнд тусгагдаагүй, харилцан тохиролцоогүй зардлыг нэмэгдүүлэн 1 404 970 614 төгрөгийг яамнаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 344.1 дэх хэсэгт "ажил гүйцэтгэх гэрээнд хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасны дагуу гүйцэтгэх ажлын үнийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул ямар үндэслэлээр 1 400 000 000 төгрөгөөр захиалагчийн зөвшөөрөлгүйгээр төсвөө нэмэгдүүлснийг  зөвшөөрөх боломжгүй, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч Барилга, хот байгуулалтын яам"-нд холбогдох 1 404 970 614 төгрөг гаргуулах, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох тухай “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “Үндэсний барилга консерциум” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 11 800 000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 182 804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага нь цэвэрлэх байгууламжийн үндсэн бетон хийцийг цутгаж гүйцэтгэх, захиалагчийн хүсэлтээр Турк улсын SPG ARITIM компани цэвэрлэх байгууламжийн бүх зураг төсөл, тоног төхөөрөмж, технологийн ажиллагааг хариуцан хийж гүйцэтгэхээр болсон. Ажлыг гүйцэтгэхэд дараах хүндрэл болон захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс нэмэлт ажил хийх шаардлагууд тавигдаж, тэдгээр байгууллагын төлөөлөгч нартай тохиролцон ажиллаж байсан. Үүнд:

Хан-Уул дүүргийн нисэхийн орчимд баригдаж ашиглалтад ороход бэлэн болсон 1765 айлын орон сууцны бохир усыг хүлээн авахад нисэхийн хуучин цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахгүйн улмаас хүлээн авах боломжгүй байсан тул шинэ 2000 метр.куб бохир ус хүлээн авах цэвэрлэх байгууламжийг 2013-2014 оны өвлийн улиралд барьж ашиглалтад оруулах шаардлага,

Шинэ цэвэрлэх байгууламжийн байршил нь нисэх сонгины хамгийн хүйтэн бүс нутагт баригдах болсон тул ил задгай биологи цэвэрлэгээний байгууламж өвлийн улиралд ажиллах боломжгүйг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргасан бөгөөд үүний дагуу дээр нь барилга барьж битүүмжлэн барилгын дулаан, цахилгаан, агаар сэлгэлтийн бүх системийг цогцоор нь шийдэх шаардлага,

Нисэхийн хуучин цэвэрлэх байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан ХТП-469-ийн хүчин чадал нь шинэ цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид шаардагдах эрчим хүчний ачааллыг даахгүй болсон тул 400 КВт-н хоёр ширхэг трансформаторыг томруулж 630 КВт болгон шинэчлэх шаардлага,

Шинэ цэвэрлэх байгууламжийн гадна инженерийн шугам сүлжээг иж бүрнээр нь барьж байгуулах шаардлага тус тус тавигдаж, үүний дагуу гүйцэтгэх ажил нэмэгдэж, захиалагч байгууллагын зүгээс эхний ээлжинд 450 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хийсэн. Ийнхүү хүндрэл, нэмэлт ажлын улмаас бид гэрээнд тухай бүрт нэмэлт оруулж, гэрээг шинэчилж явсан. Энэ нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын протоколоор нотлогдож байгаа. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт "... нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3 450 000 000 төгрөг болгосон ба улмаар 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгасан. Нэмэлт ажлууд нь цэвэрлэх байгууламжийг хүйтний улиралд ажиллах нөхцөлийг хангах зорилгоор сэндвичин барилга барих, барилгын дотор дулаан, халаалт, цахилгаан шитний өрөө угсралт, дотор гэрэлтүүлэг, дотор салхивчийн ажлыг гүйцэтгэх байсан" гэж тайлбар гаргасныг шүүх буруу дүгнэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрт "... Үндэсний барилга консерциум ХХК нь захиалагчид нэмэлт 1 404 970 614 төгрөгийн зардал гарах талаар Иргэний хуулийн 345.2-т "Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" байх ба энэ үүргээ хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотолж чадахгүй байна" гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.

Зохигчид нэмэлт ажил хийх болсон, нэмэлт ажлын хөлс, төсвийн хэмжээ нэмэгдэх болсон талаар маргаагүй бөгөөд гүйцэтгэгч нь захиалагчид мэдэгдэх үүргээ биелүулж байсан.

Тухайн үед захиалагч Барилга хот, байгуулалтын яамны зүгээс эхний ээлжинд бидний боломж хуульд зааснаар гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой гээд 450 000 000 төгрөгөөр нэмэгдүүлээд, үлдэх төлбөрийг дараа улсын төсвөөс шийдвэрлэж өгнө гэж тохиролцсон. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.4 дэх хэсэгт "нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол" гэж заасан. Энэ нь дахин тендер зарлахгүйгээр гэрээг шууд байгуулах аргыг л хэрэглэсэн явдал юм. Ингэж дараагийн нэмэлт ажлыг төсвийн 15 хувьд нэмэгдүүлсэнээр тохиролцон хэлэлцсэн асуудал биш бөгөөд тухай үеийн нөхцөл байдапд тохируулан ажилласан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, мөн хуулийн 344.2 дахь хэсэгт "Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө" гэж, хуулийн 345.3 дах хэсэгт "Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй" гэж тус тус хуульчлан заасан. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу нэмэлт ажлуудыг хүлээн авсан тул зохих хөлсийг төлөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр төсвийн хэмжээ нэмэгдсэнийг захиалагч хүлээн зөвшөөрч эхний ээлжинд санхүүжилтийг 15 хувиар хийсэн бөгөөд захиалагч Барилга хот, байгуулалтын яам нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлээгүй тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК нь хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1 404 970 614 төгрөг    гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, төсвийг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн, гэрээний үнийн дүнг 15 хувиар буюу 450 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн шилжүүлсэн гэж маргажээ.

 

 Барилга, хот байгуулалтын яам, “Үндэсний барилга консерциум” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/ХХ1-38/260 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив, ТОСК-ийн  барьж буй орон сууцнуудын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламж /2000 мЗ/-ийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх 3 000 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан сунгаж, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3 450 000 000 төгрөг болгож, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгасан. Барилга байгууламжийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001 дугаар актаар ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдож байна./хх-6-13/

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах  үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, маргааны зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Хариуцагч байгуулагын хүсэлтээр шүүхээс томилсон Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн шинжээчдийн гаргасан үнэлгээ, дүгнэлтэд "Барилга, хот байгуулалтын яам, “Үндэсний барилга консерциум” ХХК-тай  2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/ХХ1-38/260 дугаар бүхий гэрээ, нөхцөлийн дагуу Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэсэн төсөвт өртөг 4 717 237 876 төгрөг, төлбөр төлсөн гүйцэтгэл 3 450 000 000 төгрөг, төлөгдөөгүй гүйцэтгэл 1 267 237 876 төгрөг болохыг тогтоожээ. /хх-68-115/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл гэрээгээр гүйцэтгэж буй ажлын төсөв, өртөг нэмэлт ажил хийгдэхтэй холбоотой нэмэгджээ. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт заасны дагуу ийнхүү төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргийг ажил гүйцэтгэгч хүлээнэ. Хэргийн 132 дугаар талд авагдсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл /протокол/-д ажлын өртөг нэмэгдэн 4,7 тэрбумын санхүүжилт шаардлагатай байгаа талаар танилцуулж мэдэгдснээр эхний ээлжинд 3 450 000 000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, уг хуралд тухайн гэрээний хувьд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд тухайлбал, захиалагч байгууллагын төрийн нарийн бичгийн дарга, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга зэрэг хүмүүс оролцсон талаар тусгажээ. Иймд төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгаа талаар мэдэгдэх энэ үүргээ ажил гүйцэтгэгч биелүүлсэн гэж үзнэ. Дээрх хамтарсан хурлаас шийдвэрлэсний дагуу ажил гүйцэтгэх уг гэрээний үнийг 450 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн, ажлыг бүрэн дуусгахыг “Үндэсний барилга консерциум” ХХК-д үүрэг болгон нэмэлт гэрээ байгуулан гэрээний хугацааг сунгасан./хх-10,132/ Ийнхүү талууд гэрээнд нэмэлт оруулахдаа нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч хариуцагч талд мэдэгдсэн хэмжээгээр буюу нэмэгдэх 4.7 тэрбум төгрөгөөр бус 450 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр заасан нь нэхэмжлэгчийн хуульд заасан мэдэгдэл өгөх үүргээ биелүүлснийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.    

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дах хэсэгт "Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй" гэж  зохицуулсан боловч  захиалагчийн зүгээс гэрээт ажлын хөлсний хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан гэрээг дуусгавар болгох бус харин үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож байсан үйл баримт дээрх хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд хөлсөө Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дах хэсэгт зааснаар ажлын үр дүнгээр тооцож шаардах эрхтэй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 267 237 876 төгрөгийн хэмжээнд төлөгдөөгүй ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01068/ дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Барилга хот байгуулалтын яамаас 1 267 237 876  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Үндэсний барилга консерциум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 137 732 738 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “төгрөгийг” гэснийг “төгрөгийн 10 643 600 төгрөгийг Барилга хот байгуулалтын яамаас, 1 156 400 төгрөгийг “Үндэсний барилга консерциум” ХХК-иас тус тус гаргуулж” гэж, 

3 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Барилга хот байгуулалтын яамнаас 6 494 139  төгрөгийг гаргуулж “Үндэсний барилга консерциум” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 182 804 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Ч.ЦЭНД

                                                                           

                                                                                          Б.НАРМАНДАХ