Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0359

 

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0359

Улаанбаатар хот

 

 

“Ш*** з****” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч улсын ахлах байцаагч М.Д****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*** нар,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д****ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002292 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0260 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.О***, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д****, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***, У.Х*** нар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/1072/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Ш*** з****” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д****д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д****ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002292 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0260 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ш*** з****” ХХК-ийн гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний 0002292 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс “Ш*** з****” ХХ нь “М*** о*** н*** х***” НҮТББ-ын гишүүн хуулийн этгээд биш гэж, “байгууллагын гишүүн аж ахуй эрхлэгчид” гэсэн эрх зүйн этгээд байхгүй, ... зөрчлийн хэргийг эрх зүйн этгээд биш “М*** о*** н*** х***” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид гэсэн нэрээр нээж, шийтгэл оногдуулсан нь эрх зүйн зөрчилтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй,

3.2. Хариуцагчийг Оюуны өмчийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж картель үүсгэсэн гэдгийг нотолж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

3.3. Холбогдогчид 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг гарган ирүүлээгүй тул “Ш*** з****” ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын /цэвэр/ орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгууль ногдуулсныг анхан шатны шүүх буруутгаж хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

  4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 0002292 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

3. Хариуцагчийн “Ш*** з****” ХХК-ийг “М*** о*** н*** х***” НҮТББ-ын гишүүн хуулийн этгээд биш ... “М*** о*** н*** х***” НҮТББ-ын нэрээр гүйцэтгэх удирдлага Ч.О***ээс тайлбар авсан атлаа “Ш*** з****” ХХК-д шийтгэл ногдуулсан нь буруу, ... “Ш*** з****” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн болон “Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” ойлгохоор, 23 дугаар зүйлийн 23.5-т “Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна” хэмээн,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т "зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно, 6.1 дүгээр зүйлийн 1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, ... байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн тохиолдолд  эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна хэмээн тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар, “М*** о*** н*** х***” НҮТББ-ын дүрмийн 1.1-д зааснаар “М*** о*** н*** х***” НҮТББ нь “... гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага” бөгөөд дүрмийн 5.2.2-т “Удирдах зөвлөлд гишүүн байгууллагаас (хуулийн этгээд, хувь хүн) таван төлөөлөгч сонгогдоно” хэмээн заасан. 

М*** о*** н*** х***” НҮТББ-ын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай” 3/02 дугаар тогтоолын хавсралтаар “М*** о*** н*** х***” НҮТББ-ын УЗ-ын бүрэлдэхүүнийг дараах 5 гишүүнтэйгээр баталсугай. Үүнд: Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн “Ш*** з****” ХХК – захирал Ч.О***” хэмээн баталсан. Гомдол гаргагч “Ш*** з****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох бусад баримтаар тус компанийн гүйцэтгэх удирдлагаар Ч.О*** 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болох нь,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь “Засгийн газрын “1111” төвөөс ирсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны чанар болон үнийн өсөлттэй холбоотой гомдол, мэдээлэл”-ийн дагуу Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “М*** о*** н*** х***” НҮТББ-ын гишүүд аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн 2202000255 дугаар хэрэг нээж, холбогдогчид энэ талаар мэдэгдэн, “Ш*** з****” ХХК-ийн ерөнхий захирал Ч.О***ээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тайлбар, мэдүүлэг авсан болох нь тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, “зөрчлийн хэрэг нээх үед хэн, ямар зөрчлийг гаргасан болохыг баттай тогтоох боломжгүй байсан тул хэрэг нээж, холбогдох ажиллагааг явуулсны үндсэн дээр зөрчилд холбогдох этгээдэд шийтгэл ногдуулсан” гэх болон “Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Улсын байцаагчаас “Ш*** з****” ХХК-ийн ерөнхий захирал Ч.О***т хуульд заасан холбогдогчийн эрх, үүргээс танилцуулж, түүнээс тухайн зөрчлийн талаарх тайлбар, мэдүүлгийг авсан байхад “Ш*** з****” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн байна гэж үзэв.

4. “Хариуцагчийг Оюуны өмчийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй”, “Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... картель үүсгэсэн гэдгийг нотолж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: 11.1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3-т “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно” хэмээн тухайлан хуульчилсан.

Тухайн тохиолдолд,М*** о*** н*** х***” НҮТББ-ын Удирдах зөвлөл 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсүгэй, “Дээр дурдсан үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасугай” хэмээн шийдвэрлэж, шийдвэрийн хавсралтаар сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг нэг бүрчлэн тогтоосон. Холбогдогч “Ш*** з****  ХХК нь дээрх шийдвэрээр тогтоосон үнээр 2022-2023 оны хичээлийн жил сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “М*** о*** н*** х***” НҮТББ-ын Удирдах зөвлөл 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Хурлын проткол, “Ш*** з****” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22/38 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул “картель үүсгэсэн гэдгийг нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

“Ш*** з****” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцасны оюуны өмчийн эрхийг хууль ёсны дагуу эзэмшдэг гэх үйл баримт нь түүнд Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулах эрхийг олгохгүй.

5.  “... “Ш*** з****” ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын /цэвэр/ орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгууль ногдуулсныг анхан шатны шүүх буруутгаж хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийслэлийн Прокурорын газарт хандан “Ш*** з****” ХХК-иас мэдээлэл, баримт бичиг гаргуулах санал гаргасны дагуу нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар прокурорын зөвшөөрлөөр “Ш*** з****” ХХК-иас “...сурагчийн дүрэмт хувцас”-ны 2021 оны борлуулалтын орлогын  мэдээллийг” гаргуулах авах зөвшөөрлийг олгосон.

Гэвч хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдогчоос тухайн баримт, мэдээллийг бүрэн гүйцэт гаргуулан авалгүй, “холбогдогчоос дээрх мэдээллийг гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Ш*** з****” ХХК-ийн 2021 оны борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй.

“Ш*** з****” ХХК-ийн 2021 оны “...сурагчийн дүрэмт хувцас”-ны борлуулалтын орлогыг тодорхойлох асуудал нь шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас тухайн асуудлыг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0260 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002292 дугаар шийтгэлийн хуудсын биелэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,

2 дахь заалтыгЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар гомдол гаргагч “Ш*** з****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан “Ш*** з****” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь дахин шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002292 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ

                  ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА