Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1416

 

О.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2017/00763 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч О.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9 003 817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841 664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              О.Гантулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:              Б.Ариунбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бүх шатны шүүхийн шийдвэрээр намайг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн харилцааны хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа холбогдох хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч байгууллага буюу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичиг хүргүүлж намайг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн томилохыг даалгасан. Дээрх албан бичгийн хариуд хариуцагч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хариу хүргүүлэхдээ Засгийн газрын шинэ бүтцээс Хөдөлмөрийн яам хасагдаж, байгууллагын тамга, тэмдгийг шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хураан авсан тул манай байгууллага эрх зүйн чадамжгүй болж, шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал, шийдвэр гаргах боломжгүй байна гэсэн. Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдаж, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамтай нэгтгэж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамыг байгуулж түүний харьяанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулсан ба миний хуучин ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь бусад байгууллагатай нэгтгэсэн байсан. Гэвч шинээр байгуулагдсан яамнаас байгууллагын тамга, тэмдгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хурааж авсны улмаас байгууллагын захирал ямар нэгэн байдлаар тушаал, шийдвэр гаргаж намайг ажилд эгүүлэн томилох боломжгүй байдалд хүрсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг ирүүлсэн өдөр болох 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр намайг шүүхийн шийдвэрт заагдсан ажилдаа эгүүлэн томилогдох боломжтой байсан гэж үзэж байгаа. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдох боломжтой байсан тамга, тэмдгээ хураалгасан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговорт 7 320 489 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү. Мөн нийт ажилтнуудаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн буюу 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр эцсийн байдлаар чөлөөлсөн дээрх хугацаанд 2 сарын цалингийн олговорт 1 683 328 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнээс гадна нийт ажилтнуудаа чөлөөлөхдөө өгсөн 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж буюу 841 666 төгрөгийг гаргуулна. Иймд нийт 9 845 480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэргэд тохируулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Засгийн газрын бие даасан агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаж, зарим чиг үүргийг Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв, улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт болгож өөрчлөн зохион байгуулжээ. Иймд манай байгууллага О.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах байгууллага биш юм. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн эрх, үүрэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжээгүй, эрх залгамжлаагүй, мөн манай байгууллага нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн тамга, тэмдгийг хурааж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Гантулгын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9 003 817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 172 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Гантулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Би Баянгол,         Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/07793 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001 /ХТ2016/00308 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалдаа буюу Хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн Хөдөлмөрийн харилцааны хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойшхи буюу 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн тамга, тэмдгийг хууль бусаар хураан авч намайг шүүхийн шийдвэрт заагдсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй болгож надад гэм хорын хохирол учруулсан тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 9 003 817 төгрөг, олох ёстой байсан орлогод 841 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаар атал анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр Хөдөлмөрийн маргаанд хамааруулан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, хууль ёсны талаас нь үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр "Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай" 00539 дугаар захирамж гарган хуралдааны товыг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хийхээр товлосон. Шүүх хуралдаан товлосон өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би тус шүүхэд хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам"-ыг хамтран хариуцагч татан оролцуулах, мөн хэргийг гэм хорын хохиролд тооцон бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэтэл шүүх тус хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар "Нотлох баримт гаргуулах тухай" хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтээр хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай буюу шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон албан тушаалд ажиллаж байсан албан тушаалтныг хариуцагч байгууллага халсан, чөлөөлсөн аль болохыг тогтоохын тулд "Халсан, чөлөөлсөн тушаал"-ыг шүүхийн журмаар хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулахаар хүсэлт гаргасаар атал шүүх хүсэлтийг мөн шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэм хорын хохиролд нэхэмжлэлийн шаардлагаа хамааруулан урьдчилан улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр "Иргэний хэрэг үүсгэх тухай" 05016 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Тус захирамжийн 3-т Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай... гэсэн атлаа 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 00763 дугаар шийдвэрийн 2-т нэхэмжлэгч О.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 172 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй... гэсэн нь шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо авцалдаагүй болсон. Иймд хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зөв шийдвэрлээгүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч О.Гантулга нь хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9 003 817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841 664 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч О.Гантулга нь хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсон миний ажил албан тушаалыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/124 тоот тушаалаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн” гэсэн тайлбарыг гаргасан байна. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/07093 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч О.Гантулгыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хөдөлмөрийн харилцааны хэлтсийн хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, тус төвөөс 6 667 557 төгрөг гаргуулан О.Гантулгад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 тоот Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв”, улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн зохион байгуулсан байна.          /хх42/

 

Монгол Улсын Засгийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах бүрэн эрхтэй байдаг.

 

Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/671 тоот албан бичгээс үзэхэд татан буугдсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн чиг үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар шилжүүлсэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн чиг үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар шилжүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч О.Гантулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

 

Иймд хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг хамтран хариуцагчаар татсан болон хариуцагч байгууллагаас нэр бүхий ажилтнууд шилжсэн тухай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын хохиролд тооцон шийдвэрлэхийг хүссэн, шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл заасан байна.

 

Анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32017/00673 тоот захирамжаар нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг татсан хүсэлтийг шийдвэрлэсэн байна.                                                                 /хх58/

 

Мөн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 183/Ш32017/01475 дугаар захирамжаар хариуцагч байгууллагаас нэр бүхий ажилтнууд шилжсэн тухай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/671 тоот албан бичгээр шүүгчид захирамжид хариу ирүүлсэн байна.  

 

Нэхэмжлэгч О.Гантулга нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа өөрчилсөн, гэм хорын хохирол гаргуулах тухай шаардсан тухай нэхэмжлэл болон тайлбар хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар шүүгч маргааныг дангаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/Ш32016/05016 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрээр 172 487 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ үндэслэлээр давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэргийн 54-55, 96-99 дүгээр талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй баримт байгааг дурьдах зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2017/00763  дугаар шийдвэрийн

2 дахь заалтыг “Анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/Ш32016/05016 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч О.Гантулга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Гантулга нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО