Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00763

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/00763

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бүргэд овогтой, Оюуны Гантулгын нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 39Г байр, 27 тоотод оршин суух, регистрийн дугаар ЭЯ89040895/

 

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон, улсын бүртгэлийн дугаар 9070003087, регистрийн дугаар 5635926/

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9.003.817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841.664 төгрөггаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунбаяр, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр намайг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн харилцааны хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа холбогдох хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч байгууллага буюу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичиг хүргүүлж намайг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн томилохыг даалгасан. Дээрх албан бичгийн хариуд хариуцагч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хариу хүргүүлэхдээ Засгийн газрын шинэ бүтцээс Хөдөлмөрийн яам хасагдаж, байгууллагын тамга, тэмдгийг шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хураан авсан тул манай байгууллага эрх зүйн чадамжгүй болж, шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал, шийдвэр гаргах боломжгүй байна гэсэн. Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдаж, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамтай нэгтгэж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамыг байгуулж түүний харьяанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулсан ба миний хуучин ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь бусад байгууллагатай нэгтгэсэн байсан. Гэвч шинээр байгуулагдсан яамнаас байгууллагын тамга, тэмдэгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хурааж авсны улмаас байгууллагын захирал ямар нэгэн байдлаар тушаал, шийдвэр гаргаж намайг ажилд эгүүлэн томилох боломжгүй байдалд хүрсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг ирүүлсэн өдөр болох 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр намайг шүүхийн шийдвэрт заагдсан ажилдаа эгүүлэн томилогдох боломжтой байсан гэж үзэж байгаа. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдох боломжтой байсан тамга, тэмдгээ хураалгасан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговорт 7.320.489 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү. Мөн нийт ажилтнуудаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр эцсийн байдлаар чөлөөлсөн дээрх хугацаанд 2 сарын цалингийн олговорт 1.683.328 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнээс гадна нийт ажилтнуудаа чөлөөлөхдөө өгсөн 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж буюу 841.666 төгрөгийг гаргуулна. Иймд нийт 9.845.480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016  оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэргэд тохируулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Засгийн газрын бие даасан агентлаг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаж, зарим чиг үүргийг Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв, улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт болгож өөрчлөн зохион байгуулжээ. Иймд манай байгууллага О.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах байгууллага биш юм. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн эрх, үүрэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжээгүй, эрх залгамжлаагүй, мөн манай байгууллага нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн тамга, тэмдэгийг хурааж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Гантулгын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9.003.817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/07093 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00308 дугаар тогтоолоор О.Гантулгыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс 6.667.557 төгрөг гаргуулан О.Гантулгад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Гантулга нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсон миний ажил, албан тушаалыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн тул Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг хариуцагчаар татсан гэжээ.

 

Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгуулсан байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/671 дүгээр албан бичгээр “...Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв татан буугдсан тул уг татан буугдсан байгууллагад захиргааны чиг үүрэг буюу хуулийн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг, албан тушаал, орон тоо аль нэгэн байгууллагад шилжих боломжгүй” гэснийг үндэслэн нэхэмжлэлд дурдсанаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн эрх, үүрэг, хариуцлага, мөн уг байгууллагын Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал ньХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжсэн” гэж дүгнэх боломжгүй болох нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасантай нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9.003.817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841.664 төгрөг гаргуулах” тухайнэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9.003.817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841.664 төгрөг гаргуулах тухай О.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасныг баримтлан О.Гантулгын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох боломжтой өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9.003.817 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 841.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 172.478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД