Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0356

 

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0356

Улаанбаатар хот

 

 

                         Н.О***, М.Б*** нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.О***, М.Б***,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сан,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сан, нийслэлийн Засаг даргад даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0244 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч М.Б***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,

Хэргийн индекс: 128/2022/0683/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О***, М.Б*** нараас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх санд холбогдуулан “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сан, нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0244 дүгээр шийдвэрээр “Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а,б-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О***, М.Б*** нараас Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд /хуучнаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгаж, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

    1. Анхан шатны шүүх Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 5.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Н.О***ийн өмчлөлийн газрын хэмжээ тус журмын 4.1.5-д нийцэхгүй тул урьдчилгаа санхүүжилт авах эрхгүй, охин  М.Б*** нь урьдчилгаа санхүүжилт олгох талаар хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй тул Сангийн удирдах хорооноос түүнд урьдчилгаа санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй,
    2. Урьдчилгаа санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Зээл авах эрхгүй этгээдийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх шийдвэр гаргахыг даалгаж шийдсэн нь хууль бус,
    3. Хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсон. Сангийн өмнөөс Орон сууцны дэд бүтцийн газар хариуцлага хүлээх боломжгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

                   3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 5.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Н.О***ийн өмчлөлийн газрын хэмжээ тус журмын 4.1.5-д нийцэхгүй тул урьдчилгаа санхүүжилт авах эрхгүй, охин  М.Б*** нь урьдчилгаа санхүүжилт олгох талаар хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй тул Сангийн удирдах хорооноос түүнд урьдчилгаа санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй” гэх гомдлын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-г баталсан.

Журмын 1.2-т “Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж, өмчлөл буюу эзэмшил, ашиглалтад нь байгаа газрыг тэдгээрийн хүсэлтээр Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэх авах”-тай холбоотой үүсэх харилцааг тус журмаар зохицуулахаар, 3.3-т “Сангийн хөрөнгөөс олгох урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн иргэний худалдан авч байгаа орон сууцны үнийн 30 хүртэлх хувиас ихгүй байна”, 4.1-т “Сангийн хөрөнгөөс ипотекийн  зээлийн урьдчилгаа төлбөрийг нь төлөх иргэн дараах шаардлагыг хангасан байна”, 4.1.1-т “Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн байх, эрх зүйн бүрэн чадамжтай байх”, 4.1.2-т “орон сууцгүй байх /өмч/”, 4.1.3-т “нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд сүүлийн 1-ээс доошгүй жил оршин суусан байх”, 4.1.4-т “өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа байгаа газрыг Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх”, 4.1.5-д “энэ журмын 4.1.4-т заасан газрын хэмжээ 0.04 га-аас багагүй байх...”,  5.2-т “Сангийн Удирдах хорооны Ажлын алба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг ажлын 14 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан тохиолдолд асуудлыг Сангийн Удирдах хорооны хуралдаанд оруулна” хэмээн тус тус заасан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Н.О*** болон түүний охин М.Б*** нараас 2017 оны 7 дугаар сард Нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх санд хандан “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн өргөдөл”-г холбогдох баримтын хамт гаргасан.

Улмаар нэхэмжлэгчээс “Ю** Э**” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсны дагуу нийслэлийн Засаг даргаас 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр  нэхэмжлэгч Н.О***т санхүүжилт олгох шаардлага хангасан болохыг илэрхийлж, “байрны түлхүүр”-ийг гардуулж өгсөн бөгөөд хариуцагчаас нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар /хуучин нэрээр/-ын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр “иргэн М.Б*** танаа “Таны өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот 641 м.кв газар нь нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн дэмжлэг авах нөхцөлийг хангасан байна” гэх хариуг өгч байсан болох нь, 

Арилжааны банкнаас ипотекийн зээл олгоход тавигдах насны шалгуурыг хангахгүй болсон шалтгаанаар нэхэмжлэгч Н.О*** нь өөрийн өмчлөлийн 641 м.кв газраас 400 м.кв газар болон өвлийн сууцаа /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот/ охин М.Б***д шилжүүлэн өмчлүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Г-220*** бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн болох нь,

Нэхэмжлэгч Н.О***, М.Б*** нараас гаргасан “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн өргөдөл”-ийг хариуцагч Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн Удирдах хорооны Ажлын алба нь журамд заасан хугацааны дотор хэлэлцэн шийдвэрлээгүй,

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/646 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Н.О***т “...газрын хэмжээ нь тус газрын кадастрын мэдээлэлтэй зөрүүтэй байсан тул сангийн удирдах хорооны хурлаар хэлэлцэгдээгүй... дараа оны төсөвт санхүүжилт тусгагдан төсөл цааш хэрэгжсэн тохиолдолд таны хүсэлтийг “Орон сууцны ипотекийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох тухай” журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлж байсан болох нь тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, хэдийгээр нэхэмжлэгч Н.О*** болон М.Б*** нараас “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн өргөдөл”-г гаргаж байсан нь хариуцагч байгууллагын архив, бичиг хэрэгт хадгалагдан үлдээгүй хэдий ч захиргааны байгууллагаас  2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр “иргэн М.Б*** танаа” хэмээн тухайлан тодруулга мэдээллийг хүргүүлж байсан. Нэхэмжлэгч Н.О***ээс өөрийн өмчлөлийн 641 м.кв газраас 400 м.кв газрыг нь банкны зээлийн шаардлага болон Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 4.1.5-д заасан шаардлагад нийцүүлэн охин М.Б***гийн өмчлөлд шилжүүлсэн. Тухайн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот хаягт байрлах 400 м.кв газар нь журамд заасан Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

                   3.2. “Урьдчилгаа санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Зээл авах эрхгүй этгээдийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх шийдвэр гаргахыг даалгаж шийдсэн нь хууль бус”  гэх гомдлын тухайд:

 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” хэмээн заасан.

Тухайн тохиолдолд нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар /хуучин нэрээр/-ын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр “Таны өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот 641 м.кв газар нь нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн дэмжлэг авах нөхцөлийг хангасан байна” гэх хариуг хүргүүлсэн. Улмаар тухайн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь арилжааны банкнаас ипотекийн зээлийг авсан байхад хариуцагчаас “...шууд урьдчилгаа олгоно гэж мэдэгдээгүй, ... шийдвэр гараагүй байхад орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь буруу" гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ үйл баримттай холбогдуулан “...шийдвэр болон орон сууцны түлхүүр гардуулах зэргээр нэхэмжлэгчид орон сууц худалдан авахад нь зориулж урьдчилгаа төлбөрийг олгоно гэх итгэлийг төрүүлсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

                   3.3. Хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсон. Сангийн өмнөөс Орон сууцны дэд бүтцийн газар хариуцлага хүлээх боломжгүй” гэх гомдлын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/449 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа олгох журам”-ын 2.1-д “Сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг Сангийн удирдах хороо хэрэгжүүлнэ”, 2.5-д “Сангийн ажлын албаны чиг үүргийг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хэрэгжүүлнэ” хэмээн заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/618 дугаар “Удирдах хорооны бүрэлдэхүүн батлах тухай” захирамжаар сангийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг “Дарга-нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Гишүүд-нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, нийслэлийн Газрын албаны дарга, Нарийн бичгийн дарга-нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга” гэсэн бүрэлдэхүүнтэй байхаар баталсан.

Журмын 5.3-т “Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох саналыг Сангийн удирдах хороо гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулан ажлын 3 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж тухайлан зааснаас үзэхэд “... нэхэмжлэгч нарын хүсэлтийг нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хуралд огт оруулаагүй, сангийн хорооны гишүүд энэ асуудлаар огт хэлэлцээгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

         3.4 Мөн нийслэлийн Гэр хорооллын дэд газрын нэр, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж Орон сууцны дэд бүтцийн газар болж өөрчлөгдсөн болох нь нийтэд илэрхий үйл баримт болохыг дурдах нь зүйтэй.

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                          Г.БИЛГҮҮН

 

                                        ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА