| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 175/2018/0116/Э |
| Дугаар | 2018/ДШМ/60 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2018/ДШМ/60
Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар,
А.Гэрэлт-Од
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батцэцэг, Т.Аззаяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваасүрэн, Р.Атарцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар, Тайж нар овогт Аззаяагийн Гэрэлт-Од нарт холбогдох эрүүгийн 1831000000084 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 06 дугаар сарын 06-нд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж аав ах 2 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 135 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн сургалттай 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10-в ангид суралцдаг, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар /Регистрийн дугаар: МЮ02260612/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 10 дугаар сарын 14-нд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 11 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн сургалттай 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10-в ангид суралцдаг, найрал дууны улсын аваргын алтан медаль шагналтай, ял шийтгэлгүй, Тайж нар овогт Аззаяагийн Гэрэлт-Од /Регистрийн дугаар: МЮ02301419/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь 2018 оны 04 дүгээр сарын 2.0-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг 029 тоотод оршин суух иргэн З.Наранбаатарын гэрийн цонхыг түлхэж онгойлгон гэрт нь нэвтрэн орж гэр дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг зэрэг бусад эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарт тус тус 02 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан ялтан Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарт тус тус оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэн, ялтан А.Гэрэлт-Од, Ж Мөнхбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дуныд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний 2018/ШЦТ/119 тоот шийтгэх тогтоолоор Ж.Мөнхбаатарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.3-р зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Ж.Мөнхбаатар нь буслын орон байранд хуульбусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бөгөөд төрийн хуулиар ял шийтгэл хүлээх нь гарцаагүй гэдгийг ойлгож байна. Гэвч одоогийн даган мөрдөж байгаа хуульд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага”-ыг тусгай бүлэг болгон оруулж, 8.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэх үедээ14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ... хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. 8.1 дүгэр зүйлийн 2-т “шүүх өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулна”, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийн талаар заажээ. Дээрхихуулийн заалтуудаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Ж.Мөнхбаатарын гэнэн болчимгүй насны байдал, өөрийн хүсэл сонирхолтой тэмцээн уралдаандаа явахын тулд мөнгө хэрэгтэй болсон, гачигдал /өөрийнх нь бодлоор/ зэргийг нь харгалзан үзэж өөртөрлийн ял оногдуулах боломж байна гэж ойлгож байна. Ж.Мөнхбаатарын хувийн байдал, хичээл сурлагандаа болон сургууль олон нийтийн ажилд оролцож байдаг идэвх, шагнал урамшил мөн багш сурган хүмүүжүүлэгчийн үнэлэлт дүгнэлтээс үзэхэд заавал хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй байна. Ж.Мөнхбаатарын холбогдсон хэрэг нь хүнд гэмт хэргийн төрөлдхамаарах боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 буюу нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүнд гэмт хэрэгт оногдуулж болохгүй гэсэн заалт бас байхгүй байгаа билээ. Иймд дээрх шүүгдэгч нарын цаашид сурч боловсрох, нийгэмд өөрийн байр суурийг нь олоход тусалж, мөн сэтгэцийн онцлогийгнь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хорихоос өөр төрлийн өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж өгөхийг хүсье. Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нар нь хохирлоо бүрэн буцааж өгсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болсныг харгалзан үзэж, эдгээр шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрээгүй байсныг анхаарч, туслахыг хүсч гомдол гаргав гэжээ.
Шүүгдэгч А.Гэрэлт-Одын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018\ШЦТ\119 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзлээ. Үүнд
1. ЭХХШТХ-ийн 39.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч А.Гэрэлт-Од нь 2018 оны 04 сарын 20-ны шөнө 22 цагийн үед З.Наранбаатарын гэрт орж эд зүйл хулгайлан 1065000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтаар шийдвэрлэгдсэн байдаг. Эрүүгийн хэргийн материалд авагдсан яллагдагч нарын мэдүүлэгт өмгөөлөгч асуулт тавьж хариулт авахад буцаагаад авсан зүйлээ тавих гэхэд хажуу айлын хүн хэн бэ гэсэн тул аваад явчихсан гэх мэдүүлэг байдаг. Энэ асуулт хариулт нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн хуулийн зохицуулалтийг хэрэглэх боломжтой байдлыг илтгэж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтанд... гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан бол гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалтаар хулгай хийж болохгүй гэдгийг мэдэх боловч нийгмийн аюул, цаашилбал ялын хувьд хүнд гэмт хэргийн төрөлд ордог, гэдгийг ухамсарлах хууль эрх зүйн мэдлэг боловсрол 15 нас 6 сартай хүүхдийн хувьд ямар байх вэ гэдгийг бид анхаарах ёстой.
2. Эрүүгийн хуулийн 8-р бүлэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгайлсан зохицуулалт орсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 8.1-р зүйлийн 3 дахь заалтаар Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, эсвэл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн байгаа. Харин энэ зүйл ангийн 8.1-р зүйлийн 4 заалтаар дангаар нь хэрэглэж болохгүй гэсэн зохицуулалт байгаа боловч мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 заасан нийтэд тустай ажил хийлгэх ялтай давхар оногдуулж болохоор зохицуулалт байгаа. Үүнийг шүүх хэрэглэж болохоор байвч энэ заалтыг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 8.3-р зүйлийн 1 дэх заалтанд Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас биед тохирсон эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна гэжээ. Энэ зүйл ангид гэмт хэргийн ангилалын талаар тусгайлан заагаагүй тул Өсвөр насны шүүгдэгч А.Гэрэл-Одод энэ хуулийн заалтаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой. Энэхүү хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй тул дээрх 3-н үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс
1. А.Гэрэлт- Од нь гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх.
2. А.Гэрэлт Одод шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өсвөр насны 15 настай хүүхдүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдож 01 жилийн хорих ялаар шийтгэгдсэн нь үнэхээр хүндрэлтэй байсан. Хүүхдүүдэд холбогдох гэмт хэргийн ял шийтгэлийг хатуу чангаар шийдвэрлэж байсан гэж үзэж Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тийм учраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсан заалтуудыг барьж анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолд оногдуулсан ялыг зохих хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч А.Гэрэлт-Одын хууль ёсны төлөөлөгч Г.Аззаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ цагаас хойш хүүхдээ байнга хараа, хяналттай байлгаж байна. Дахин ийм алдаа гаргуулахгүйн тулд сайн харж хандана. Хүүхдүүдэд маань хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр, эсвэл ялыг хойшлуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын хууль ёсны төлөөлөгч Ч.Батцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүйн тулд хүүхдээ сайн харж хандаж, анхаарал тавих болно. Хүүхдүүдийг минь харж үзээч гэж дахин дахин гуйж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу анхан шатны шүүхийн шйитгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг 029 тоотод оршин суух иргэн З.Наранбаатарын гэрийн цонхыг түлхэж онгойлгон гэрт нь нэвтрэн орж гэр дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг зэрэг бусад эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарыг “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт тус тус 02 жилийн хорих ял шийтгэж, 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэн, ялтан А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од болон тэдний өмгөөлөгч Д.Даваасүрэн, Р.Атарцэцэг, Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нар нь дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Наранбаатар /хх-ийн 14-15-р ху/, гэрч Б.Батхуяг /хх-ийн 22-23-р ху/, Л.Отгонзаяа /хх-ийн 28-р ху/, Б.Цэцэгмаа /хх-ийн 29-р ху/, Ч.Алтантуяа /хх-ийн 30-р ху/, иргэний хариуцагч Т.Аззаяа /хх-ийн 17-р ху/, Х.Жаргал /хх-ийн 19-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05-р ху/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 08-11-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул анхан шатны шүүх тухайн үед мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар тэдэнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байжээ.
Харин 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д …Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно…” гэсэн өөрчлөлт орсон тул А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өсвөр насны хүмүүсийн хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй байна.
Иймд Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од болон тэдний өмгөөлөгч Д.Даваасүрэн, Р.Атарцэцэг, Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 5 дугаар заалтуудад өөрлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:
2 дугаар заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарыг тус тус 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, тэдний эдлэх ялыг тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,
3 дугаар заалтыг:
“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01/ нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар тэднийг нэгдсэн тоо бүртгэлд хамруулан, тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэж,
5 дугаар заалтыг:
“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ