Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2018/0015/З |
Дугаар | 118/ШШ2019/0024 |
Огноо | 2019-12-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 118/ШШ2019/0024
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхтайван даргалж, шүүх бүрэлдэхүүнд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Цэнд-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Лх-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга болон Жинст багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагч нарт холбогдох,
Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 1 сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Лх-, хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.Мөнхсайхан, Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, Жинст багийн Засаг дарга Д.Ариунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансолонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Лх- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгож, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн далд, зарлалгүйгээр хуралдсан хурлаас гарсан эрх зүйн чадамжгүй тогтоолыг үндэслэж миний биеийг иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлсөн дээрх үйлдлийг хууль зөрчөөгүй байна гэж Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.Мөнхсайхан тайлбарлан албан тушаалаа буруугаар ашиглан бусдад давуу эрх олгосон. Мөн ажил болон тамгаа хүлээлгэн өг гэж шаардан, улмаар цагдаагийн байгууллагад энэ талаар хандсан үйлдэлүүд нь миний хууль ёсны эрхийг зөрчиж хохироосон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.2, 23.4 дэх заалтуудыг зөрчсөн тул Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.Мөнхсайхан нар нь хариуцагч. 2. Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилсон тухай Улиастай сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гарсан хууль эрх зүйн чадамжгүй тогтоолыг үндэслэж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамж гарган Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг батламжилсан тул Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн тул хариуцагч. 3. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны миний иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг нөхөн олгуулах шийдвэр гаргуулах. 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр надад урамшуулал олгоогүй байгаа үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн учир Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар нь хариуцагч мөн. 4. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэдийг цуглуулан тухайн хурлыг удирдан явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.2, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтуудыг зөрчсөн тул одоо Жинст багийн Засаг дарга хийж байгаа Д.Ариунбаатарыг хариуцагч гэж үзэж байгаа. 5. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг даргалан явуулж хурлаас гарсан тогтоолуудад бусдын тамга ашиглан баталгаажуулж зөрчил гаргасан үйлдлээрээ Жинст багийн иргэн Гүсэнжав овогтой Должинсүрэн нь хариуцагч мөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жинст багийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлах, хуралдуулах аливаа үйл ажиллагаанд Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга бид нар албан ёсоор болон албан бусаар огт оролцоогүй тул нэхэмжлэлд ямар ч хамааралгүй болохыг мэдэгдье гэжээ.
Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус хурлын нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хууль бус хуралдааныг зохион байгуулсан хүмүүсийн нэг гэж ойлгоод байх шиг байна. Би багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох, нөлөөлөх бүрэн эрх байхгүй. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн асуудлын саналыг албан тоотоор хүлээн авсан. Түүнээс би энэхүү арга хэмжээнд иргэдийн Нийтийн Хуралд албан ёсоор оролцоогүй. Урамшуулал маань иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаа хийж байх явцад хийсэн ажлынх нь гүйцэтгэлтэй холбогдуулан олгодог урамшуулал байгаа. Гэтэл огт ажлаа хийгээгүй, өрөөндөө ч суухгүй цоожилж орхичихоод байгаа үйлдэлд манайхаас урамшуулал олгох боломж байхгүй байгаа гэв.
Хариуцагч Жинст багийн Засаг дарга Д.Ариунбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ариунбаатар миний бие Жинст багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал болж улмаар намайг Жинст багийн Засаг даргаар сонгосон. Улиастай сумын Жинст багийн Засаг даргаар томилон ажлуулах саналыг Улиастай сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн бөгөөд сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар албан ёсоор Жинст багийн Засаг даргаар томилсон. Багийн ажлыг авсанаас хойш Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал ажлаа хийдэггүй, нэг ч удаа хуралдаж байгаагүй, ямар тэргүүлэгч байдаг нь мэдэгдэхгүй байсан болно. Манай багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хийж байсан О.Лх-ыг томилсон 2013 оны багийн иргэдийн Нийтийн Хурал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон боловч ажлаа өгдөггүй, ажлын өрөөний хаалгаа түгжээд, түлхүүрээ аваад явчихсан, тамга тэмдэг аваад өгдөггүй, багийнхан цагдаад өгч тамгаа ав гэдэг гэж удаа дараа хэлж байсан. Энэ хүнээс болоод багийн ажил нилээд хугацаагаар гацаж, төрийн ажил завсардаж байсан. Багийн Засаг даргын ажлыг хийгээд явж байхад иргэдийн Нийтийн Хурал ажилдаггүй байдлаас болоод иргэд ихээр хохирч, аливаа хурлаас тодорхойлох, дэмжүүлэх зүйлсүүдээс байнга хоцорч иргэд хохирч байсан. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр багийн иргэддээ 2017 оны хийж бүтээсэн ажлын тайлангийн зарыг хүргэж хийсэн. Тус тайлангийн хурлын үеэр иргэдээс Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын бүтцийн асуудлыг хөндөн хурлаа хийхээр болж хурал удирдагчаа сонгох хурлыг зохион байгуулсан.Энэ хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, төлөөлөгчийг сонгосон хурал нь миний тайлангийн хурлын үеэр болсон ба иргэдийн саналаар хурал удирдах хүнийг Г.Должинсүрэнг сонгосон. О.Лх- нэхэмжлэл гаргасан байна. Миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрүүдэд гарын үсэг зураагүй. Энэ хүн багийн ажлыг огт хийдэггүй,. Шүүхийн шийдвэрээр өөрийг нь томилсон хурал хүчингүй болсон учраас Жинст багийн Засаг даргын ажлыг хийж байсан хүн. Би энэ хүнд цалин, урамшуулал олгодог эрх мэдэл бүхий хүн биш. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, иргэд орж ирээд бид нар гавъяа шагналд тодорхойлуулах, нэрээ дэвшүүлмээр байна. Танай хурал ажлаа хийхгүй байна. Тэргүүлэгч гишүүд чинь ямар хүмүүс байдаг юм гээд иргэд хохироод байгаа асуудал үүсээд байсан. Багийн Засаг дарга тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг эхний улиралдаа багтаан тайлангийн хурлаа багийн иргэддээ танилцуулдаг байгаа. Тухайн 2017 онд хийсэн ажлынхаа тайлан, өрхийн эмнэлэгийн тайлангийн хурал бас хамт хийх зарыг иргэддээ хүргээд хурлаа хийж байхад тэр дотроос дахиад санал гарч ирсэн. Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь ямар хүн байна. Ажлаа хийхгүй байна. Хурлын дарга байхгүй болохоор иргэд бид яах ёстой юм гээд иргэдээс өөрсдөөс нь санал гарсан. Миний хувьд тэр хурлыг даргалсан юм байхгүй. Би өөрөө Жинст багийн иргэн хүний хувьд тухайн хурал дотроос санал гарсан. Нэгэнт иргэд цугларсан байгаа тийм учраас тухайн хуралд ирсэн иргэдийн дундаас Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг дэвшүүлээд явсан. Би ч гэсэн өөрөө санал гаргаад тооллогын комиссыг томилоод иргэдээсээ санал аваад сонгосон байгаа. Тэгээд хурлын дарга, тэргүүлэгчдийг тэр хурлаас сонгож баталсан гэв.
Хариуцагч Улиастай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Жинст багийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилуулах саналыг Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга буюу Д.Эрдэнэбаатар надад хандан өргөн мэдүүлсэн. Уг тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Д.Ариунбаатарыг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Засаг даргаар томилсон захирамж гаргасан. Нэхэмжлэгч О.Лх-ыг томилсон Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2013 оны 9 дүгээр сарын багийн иргэдийн Нийтийн Хурал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон боловч ажлаа өгдөггүй, ажлын өрөөний хаалгаа түгжээд түлхүүрээ аваад явчихсан, тамга тэмдэгээ өгдөггүй гэсэн шүүмжлэл их байсан. Нэхэмжлэгч нь Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажил бус багийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад миний гаргасан захирамжаар Жинст багийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн боловч эс зөвшөөрч Жинст багийн Засаг даргын ажлыг хийх ёстой гэж үзэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж миний бие хариуцагчаар татагдаж байсан. Нэхэмжлэгч нь тухайн хэргийг шийдвэрлэж байх үед Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хийгээгүй, багийн Засаг даргын ажлыг хийж байсан. Би багийн Засаг даргын ажлыг хийх ёстой хүн гэж мэтгэлцэж байсан болно. Гэтэл энэ удаад эсрэгээр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хийж байсан, одоо хийх ёстой гэж үзэн мэтгэлцэж байна. Тухайн багийн хуралд миний бие оролцоогүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх, томилох, цалин олгох багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах нь миний бүрэн эрхэд хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл: Өнөөдрийн шүүх хуралдаанд Улиастай сумын Засаг даргыг төлөөлж оролцож байна. Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатар гэдэг хүнийг томилсон захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан тул манайх хариуцагчаар оролцож байгаа. Захирамжийг хүчингүй болгох боломжгүй байгаа. Нэгэнт хуулиараа багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосоны дагуу сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ дагуу энэ захирамжийг гаргасан. Энэ томилсон захирамжтай холбогдуулан иргэн О.Лх-ын эрх ашиг хөндөгдөөгүй. Зөрчих ямар ч боломж байхгүй. Энэ хүн нь өмнө нь тухайн багийн Засаг дарга байсан бол харин энэ тохиолдолд эрх нь зөрчигдөх боломжтой байсан гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагад гаргаад байгаа нь иргэн О.Лх-ын хувьд энэ эрхийг нь зөрчөөгүй гэжээ.
Хариуцагч Г.Должинсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Жинст багийн Хурал хуралдсан. Энэ хуралд ирсэн иргэдийн саналыг үндэслэн иргэдийн багийн хурлыг даргалж явуулсан. Иргэдээс багийн дарга, багийн Хурлын гишүүдийг сонгох санал гарсан. Үүнийг үндэслэн хурлын үйл ажиллагаа үргэлжилсэн. Би нэхэмжлэлтэй холбоотой эрх мэдэл бүхий хүн биш, энэ нэхэмжлэлд хамаарахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Лх- нь хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа:
1. Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Улиастай сумын Жинст багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах
2. Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн даргад холбогдох Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах
3. Улиастай сумын Засаг даргад холбогдох Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилох тухай 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэж тодруулсан байна.
Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч О.Лх- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчиж Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хууль бус хуралдааныг хуралдуулахад шууд нөлөөлж оролцсон.
Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-17.1.4, 17.2, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтуудыг зөрчиж эрх мэдлээ буруугаар ашиглаж, хурал зарлан хуралдуулах эрх бүхий албан тушаалтан биш мөртлөө иргэдийг цуглуулан тухайн хурлыг далд, зарлалгүйгээр хуралдуулсан.
Жинст багийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Должинсүрэн хурлаас гарсан тогтоолуудад бусдын тамга ашиглан баталгаажуулсан тул тус тус хариуцагч бөгөөд уг хуралдаанаас миний биеийг иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлж, миний төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхийг зөрчсөн тул тус хурлаас гарсан тогтоолууд нь хууль бус ба Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах гэж маргаж байна.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж[1] тус хурлаас Саналын хуудас тоолж дүнг танилцуулах тухай 01 дүгээр, Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 01 дүгээр, Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай 02 дугаар, Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай 04 дүгээр тогтоолууд үйлдэгджээ.
Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчиж 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хуралдсан Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахад шууд нөлөөлж оролцсон гэх нэхэмжлэгчийн дурдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Харин шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд Д.Ариунбаатарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр[2] Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунбаатар өөрөө болон түшмэл, нийгмийн ажилтнаараа дамжуулан иргэдэд утсаар 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Жинст багийн Засаг даргын тайланг иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ хэмээн зар тараан иргэдийг цуглуулж хурлыг хуралдуулсан, уг хуралдааныг даргалагч Г.Должинсүрэн хурлаас гарсан тогтоолуудыг Улиастай сумын Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгаар баталгаажуулсан[3] нь нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг Багийн ...Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 17.1.4 багийн ... Засаг даргын тайланг хэлэлцэх ..., 17.2 дахь хэсэг ...17.1.1-17.1.3-т ... зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт ... Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж ... гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, ... гаргасан захирамжилсан ... үйл ажиллагааг ойлгоно, 37.2 дахь хэсэгт Захирамжилсан үйл ажиллагаа гэж ...., зөвшөөрсөн, журамласан, тогтоосон үйлдлийг ... ойлгоно, 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.6 дахь заалт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт болон хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг өмнөх хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй тэргүүлэгчид зарлан хуралдуулах хуулийн зохицуулалттай байхад Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунбаатар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, амаар шийдвэр гарган иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах зар тараан 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хуралдуулсан нь илт хууль бус ба уг хуралдаанаас гарсан 01-04 дүгээр тогтоолууд нь хууль бус, түүнчлэн уг тогтоолуудыг хуралдаан даргалагч Г.Должинсүрэн Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгаар баталгаажуулсан болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан журмын дагуу зарлан хуралдуулахыг Жинст багийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэх нь зүйтээ байна.
2. Нэхэмжлэгч О.Лх-ын Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн даргад холбогдох Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно гэж заажээ. Нэгэнт 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль зөрчиж явагдсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх шаардлага үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч О.Лх-д 2017 оны 3 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд урамшуулал олгоогүй гэж, нэхэмжлэгч нь 2017 оны 1, 2 дугаар сард урамшуулал өгөөгүй гэж маргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирлын хэмжээний талаар маргаантай байх тул ердийн харьяалалын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг дурдан нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтээ байна.
3. Улиастай сумын Засаг даргад холбогдох Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилох тухай 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Лх- нь 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан бол тус хуралдаанд оролцож Жинст багийн Засаг даргаар өрсөлдөх байсан ба уг хуралдаанд оролцуулаагүй тул сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тул Улиастай сумын Засаг даргад холбогдох Жинст багийн Засаг даргаар Д.Ариунбаатарыг томилох тухай 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Нэгэнт 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан илт хууль бус, уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэх үндэстэй, мөн уг хуралдаанд нэхэмжлэгч О.Лх-ын багийн Засаг даргад өрсөлдөх, сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн байх тул Д.Ариунбаатарыг Жинст багийн Засаг даргаар томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон 04 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтээ байна.
4. Хариуцагч нарын зүгээс 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж нэхэмжлэгч О.Лх- нь хурлын даргаар сонгогдсон гэх асуудал нь эргэлзээтэй гэж маргаж байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэж хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн тул 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14/320 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дууссан тухай тогтоол[4] гарсан байна.
Улмаар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж уг хурлаар хэлэлцэх асуудалд 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааныг тов зарлаагүй гэх үндэслэлээр Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон тул шүүхийн шийдвэрийн дагуу Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулах асуудлыг хэлэлцэх асуудалдаа оруулах саналыг[5] нэр бүхий иргэд гаргаж тус хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар баталж хурлын тэргүүлэгчид, хурлын даргыг сонгосон байх тул хариуцагч нарын маргаж буй дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн О.Лх-ын нэхэмжлэлтэй Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр О.Лх- нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэж дүгнэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Мөн уг захиргааны хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс[6] үзэхэд О.Лх- нь 2017 онд Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалыг хэрэгжүүлж байсан байх тул хариуцагч нарын гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.6, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан Саналын хуудас тоолж дүнг танилцуулах тухай 01 дүгээр, Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 01 дүгээр, Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай 02 дугаар, Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай 04 дүгээр тогтоолууд, Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулахыг Жинст багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Лх-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт холбогдох Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Лх-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Жинст багийн Засаг дарга Д.Ариунбаатараас 23400, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлаас 23400, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатараас 23400 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Лх-т олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛБАДРАХ
Ч.ЦЭНД-ОЧИР
[1] хавтаст хэргийн 8-18-р хуудас
[2] хавтаст хэргийн 149, 150-р хуудас
[3] хавтаст хэргийн 44-528, 57-70-р хуудас
[4] хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 76-р хуудас
[5] хавтаст хэргийн 177-194-р хуудас
[6] хавтаст хэргийн 2 дугаар хавтас 23-36-р хуудас