Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00133

 

N ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар            Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,                                                                                                           

N ийн нэхэмжлэлтэй,

О  ид холбогдох

Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 оны 07 сарын 10-ны өдөр О  ид зодуулсны улмаас нүүрний хэвийн төрх алдагдаж, хамрын ясаа цөмлүүлж, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, О   гэм буруутай болох нь тогтоогдон, шүүхээр шийдүүлсэн. О   миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд 5,660,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг дараа өгөхөөр 2017 оны 09 сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2017 оны 10 сарын 20-ны өдөр хагалгааны төлбөрт 5,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөг буюу 3 см-ийн 4 м урттай 285 ширхэг банз өгөхөөр тохиролцсон. Эвлэрлийн гэрээ байгуулсны дараа эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 2017 оны 09 сарын 25-ны өдөр шийдвэрлүүлсэн. Гэтэл гэрээнд тохирсон үлдэгдэл мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Би 2017 оны 11 сард Улаанбаатар хот орж, “Төгс Ялгуун” эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж, дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Иймд 6,000,000 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би N т хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Би N ийг Улаанбаатар хот руу эмчилгээнд дагуулж явсан. Эм тарианы болон гарсан бүх зардлыг төлж байсан. Бид найз нөхөд учир N  надад гомдол санал байхгүй, чи миний эмчилгээний зардлыг төлөхөд л болно гэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2 сар шахам болоод ирэхэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авахад гомдол гаргасан байна гэдгийг мэдсэн. N ийн өмгөөлөгч надад эвлэрлийн гэрээ байгуулбал ял хөнгөрч, эрүүгийн хэрэг чинь хурдан шуурхай шийдэгдэнэ, хэрэв үгүй гэвэл дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг хүндрүүлнэ гэсэн тул эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял авч эрүүгийн хариуцлага хүлээсэн. Тогтоолд N т эмчилгээний зардал 5,660,000 төгрөг төлсөн баримт байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч О  аас 1,502,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч N т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 4,497,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч N ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,550 төгрөг, бүгд 129,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д" гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д" гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар” гэж, “улсын орлогод хэвээр үлдээж,” гэснийг "улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар” гэж, “нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюуннямын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэгдүгээрт. Шүүхийн шийдвэр, магадлал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр боллоо. Учир нь хуулийг буруу хэрэглэснээр хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолтой. Хоёрдугаарт. Эрүүгийн хэргээр бүрэн дүүрэн үнэлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр нотлох баримттай /ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан/ Гуравдугаарт. 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 01232 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн 6 сая төгрөгийг хариуцагч О   гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Дөрөвдүгээрт. Нэг нотлох баримтыг 2 өөр талаас нь зөв, буруу гэж дүгнэсэн. Шийдвэр хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гарсан. 6 сая төгрөг гаргуулах боломжгүй байтал түүнээс 1,502,500 төгрөг гаргуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдол гаргаж байна.   

                                                                 ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюуннямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.                                   

Нэхэмжлэгч N  нь хариуцагч О  аас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5,000,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 6,000,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр N ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан эмчилгээний зардалд нийт 5,660,000.00 төгрөг өгсөн, шүүхээр гэм буруутайд тооцогдож, 800,000.00 төгрөгийн торгуулийн ял авч, эрүүгийн хариуцлага хүлээсэн, шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О   нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр N ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О   нь хохирогчид учирсан хохирол, эмчилгээний зардалд 11,660,000.00 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 5,660,000.00 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000.00 төгрөгийн хохирол, эмчилгээний зардлын талаар урьдчилан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд эвлэрлийн гэрээний талаар дурдаж, хохирол төлсөн байдлыг харгалзан хариуцагчид ял шийтгэл оногдуулсан байх тул “...шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж заасан учир 6,000,000.00 төгрөгийг төлөхгүй” гэсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч N д хийгдсэн эмчилгээний зардал болох “Төгс ялгуун” эмнэлгийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 486 дугаартай ...мэс заслын өмнөх шинжилгээ 72,500 төгрөг төлсөн, Хамрын мэс засал 1,400,000 төгрөгийг төлсөн тухай тодорхойлолт, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн эмчилгээний төлбөр тооцоо тасалбар 30,000 төгрөгийн баримтуудыг үнэлж, нийт 1,502,200.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардлагаа “эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг” гэж тодорхойлсон ч   нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хариуцагчаас гэм хор учруулснаас үүрэг үүссэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул   магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюуннямын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч О  ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,990.00 /гучин найман мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН