Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0332/З |
Дугаар | 221/МА2023/0326 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2023/0326
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д,
Нэхэмжлэгч: “Д” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д” ХХК-ийн XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 128/2022/0332/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д” ХХК-ийн XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д” ХХК-ийн XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийг 7-д “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001/-ийн 15 дугаар зүйлийн 15.15-д зааснаар ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд хамаарч байх тул” гэж дүгнэсэн. Гэтэл 2001 онд батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь хүчингүй болж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж энэ төрлийн харилцааг зохицуулж байна. Хүчингүй болсон хуулийг үндэслэсэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн.
3.2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан ...” гэж мөн хvчингүй болсон хуульд үндэслэсэн тул шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчлөө.
3.3. Шүүх Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “... Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг бүдүүлгээр зөрчлөө. Иймд 246 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл “Д” ХХК-ийн XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байсан, нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хугацааг сунгуулахаар хүсэлтээ гаргасан боловч хүсэлтдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хавсаргаагүй, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэж үзээд “Д” ХХК-ийн XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан”, эдгээр үйл баримттай талууд маргаагүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.2. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс “... хүчингүй болсон хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэн, энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх гомдлын хүрээнд шийдвэрийг хянасан болно.
3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдөлд хавсаргах үүрэгтэй, 22.4-т зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр хуульчилсан.
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар /2001 оны / нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж зохицуулсныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор байна.
Тодруулбал, Тусгай зөвшөөрлийн тухай хуульд мөн хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх тул мөн өдрийг хүртэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж ойлгоно, өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэр гарах үед Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 оны/ дээрх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тухайн хугацаанд үйлчилж байсан хуулийг баримтлан шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.4. Мөн нэхэмжлэгчээс “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой уг маргаан үүссэн, шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй” гэх боловч энэ тохиолдолд шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийн хүрээнд хянах эрхтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч уг төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахаасаа өмнө боловсруулж, батлуулж, хүсэлтдээ хавсаргах үүрэгтэй талаар анхан шатны шүүх тодорхой зөв дүгнэжээ.
3.5. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН