Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1597

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 06 сарын 05 өдөр     Дугаар 181/ШШ2017/01597         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, 53 байрны 10 тоотод оршин суух, Бор Ононгууд овогт Юрагийн Байгалмаа /РД:ЕЮ76032544/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, С.Зоригийн гудамжид байрлах, “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль” /РД:5845459/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ю.Байгалмаа нь Дорноговь аймгийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны даргаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, харин шагнуулж байсан. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/02 тоот тушаал гаргаж, тушаалын 11 дэх заалтаар Ю.Байгалмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эх барих эмэгтэйчүүдийн багшаар томилсон.

Энэ тушаал үндэслэлгүй. Захирлын зөвлөлд Ю.Байгалмаа байсаар байтал түүнийг уг хуралд оролцуулаагүй байж уг хурлаас гарсан тэмдэглэлд үндэслэн Ю.Байгалмааг ажлаас чөлөөлсөн нь илт үндэслэлгүй. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Б/35 тоот тушаал гэж байхгүй, нэхэмжлэл гаргахдаа техникийн алдаа гаргаж буруу бичсэн байна.

Иймд Ю.Байгалмааг сургалтын албаны даргын ажилд эгүүлэн томилж, бага цалинтай ажилд үндэслэлгүй шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл, хураамжийг их цалингаас нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ю.Байгалмааг сургалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, сургуулийн багшаар томилсон тушаал хуулийн хүрээнд гарсан. Энэ нь захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, атестатчилалын талаар гаргасан багш нарын санал, шүүмжлэл, сургалтын албаны даргын ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдоно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалыг зөвшөөрөхгүй талаар бичсэн байсан тул өнөөдөр яригдаж байгаа 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалтай холбоотой шаардлагыг өмнө нь биш, харин өнөөдөр нэмж гаргаж байна гэж үзэж байна. Хэрэв ингэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ю.Байгалмаа нь багш болсноор харин ч илүү цалин авах болсон харагдаж байхад зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг өмнө авч байсан цалингийн хэмжээнээс нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан. 

 

Нэхэмжлэгч нь захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд үндэслэн сургалтын албаны даргын ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлоо 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан Ю.Байгалмаагийн гомдлын дагуу ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/02 тоот тушаал гаргаж, тушаалын 11 дэх заалтаар Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирлын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хурлын шийдвэрийг үндэслэж, нэхэмжлэгч Ю.Байгалмааг Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эх барих эмэгтэйчүүдийн багшаар томилжээ.

 

Ажил олгогч нь өөрийн санаачилгаар хуульд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөр ажил албан тушаалд томилох, албан тушаал бууруулах шийдвэр гаргахдаа зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд тодорхойлон заасан нөхцөл, үндэслэл бүрдсэн тохиолдолд хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн актыг гаргасан байх учиртай.

 

Гэтэл хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргахдаа Ю.Байгалмааг хуульд заасан ямар үндэслэл, журмын дагуу ажлаас чөлөөлж, өөр ажилд томилж байгаагаа тушаалдаа тодорхой тусгаагүй, зөвхөн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэсэн нь шүүх уг тушаалыг хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэхэд хүргэж байна.

 

Ажилтны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр, эсхүл үндэслэлгүйгээр халдах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй тул хууль зүйн үндэслэл тодорхойгүй тушаалаар Ю.Байгалмааг сургалтын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, эх барих эмэгтэйчүүдийн багшаар томилсныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн гаргасан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох хуульд заасан үндэслэлийг тодорхойлж, баримтлаагүй тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн факт болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргын ажлын байранд сарын 878,299 төгрөгийн цалинтай ажилладаг байсан, одоо эх барих эмэгтэйчүүдийн багшийн ажлын байранд 827,782 төгрөгийн цалин авч байгаа нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалын 11 дэх заалтаар сарын цалингийн хэмжээг 827,782 төгрөгөөр тогтоосон баримт зэргээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан тушаал гарснаас хойшхи  хугацаа /2017.01.25-2017.06.05/-ны зөрүүтэй тэнцэх олговорт 213,816 төгрөг /(50,517x4)+(50,517:21,5x5)/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Ю.Байгалмаагийн урьд авч байсан цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 гэсэн тушаал байхгүй, нэхэмжлэлд техникийн алдаа гаргаж буруу бичсэн гэх тайлбар гаргаж, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг үндэслэлгүй гэж гомдож байгаагаа тодруулсныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэж хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах ажиллагаа хийх үндэслэлгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ю.Байгалмааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас цалингийн зөрүүд 213,816 төгрөгийг гаргуулж Ю.Байгалмаад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны Ю.Байгалмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг урьд авч байсан цалингийн хэмжээнээс тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас 7,065 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА